sonin.mn
ВАШИНГТОН./ТАСС/. Есдүгээр сарын сүүлээр Америкийн Өмнөд Каролина муж улсад “F-35B” сөнөөгч онгоц сүйрсэнтэй холбоотойгоор сөнөөгч онгоцуудын хөдөлгүүрүүдийн ажиллагааг шалгах зорилгоор тус улсын Батлан хамгаалах яам тав дахь үеийн сөнөөгч-бөмбөгдөгч “F-35” онгоцуудаар нисэхийг хориглосон байна. Энэ тухай Блүүмберг агентлаг пүрэв гарагт мэдээлжээ.
Тус агентлагийн мэдээлснээр, “Өмнөд Каролина муж улсын Бьюфорт тойрогт сүйрсэн “F-35B” сөнөөгч онгоцны ослын шалтгааныг мөрдөн шалгах ажлын явцаас хүлээж авсан мэдээлэлд үндэслэн шалгалтыг эхлүүлжээ”. Хяналт шалгалт “ойрын 24-48 цагт дуусах төлөвтэй байна” гэж Пентагоны төлөөлөгч хэлсэн байна.
“F-35B” сөнөөгч онгоц есдүгээр сарын 28-нд Өмнөд Каролина муж улсад АНУ-ын Зэвсэгт хүчний Тэнгисийн явган цэргийн корпусын агаарын баазаас холгүй газарт унасан бөгөөд нисгэгч нь онгоцноос шидэгдэж /катапульт/ амжжээ.
Телевизийн “CNN” сувгийн мэдээлснээр, энэ нь шинэ үеийн “F-35” загварын бүх сөнөөгч онгоцоор нислэг үйлдэх үед нисэх онгоц сүйрсэн анхны тохиолдол аж. Гэхдээ туршилтын нислэгийн үед хөдөлгүүр шатах зэрэг янз бүрийн гэмтэл нэг бус удаа гарч байжээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг