sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн II дайны дараахан, Солонгосын хойгийн умарт хэсэгт БНАСАУ байгуулагдсаны сарын дараахан буюу 1948 оны аравдугаар сарын 15-нд манай улс тус улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч дипломат харилцаа тогтоосноос хойш 70 жил болж байна.
Дээрх ойд зориулан өнөөдөр ГХЯ-нд болсон уулзалт, соёлын өдрийн нээлт дээр үг хэлсэн хүмүүс хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш хамгийн урт хугацаанд үргэлжилсэн хамтын ажиллагааны уламжлал, түүхийн талаар олон сайхан дурсамжийг онцолж байлаа. Тодруулбал, Солонгосын дайны хүнд бэрх өдрүүдэд буюу 1951 онд манай хоёр орон ЭСЯ-даа харилцан нээж, АИХ-ын дарга Ж.Самбуу манай улсаас анхны Элчин сайдаар ажиллаж байв. Тэрээр Солонгосын хойгийн ид дайны үед Пхеньян дахь гадаадын орнуудын дипломат нар болно төлөөлөгчдийн газруудын аюулгүй байдлыг ханган нүүлгэн шилжүүлэхэд Монгол Улсаас Ж.Самбуу дарга Ким Ир Сен даргад хань болж нуувчинд нь шатар хамт тоглож үлдсэн тухай, хожим нөхөр Ким Ир Сен 1988 он манай улсад айлчлахдаа Ж.Самбуу гуайн хүүхдүүдийг сураглан уулзаж, нутагтаа урьж айлчлуулан, ач нарыг нь БНАСАУ-ын Их сургуульд сургаж байсан түүхийг Элчин сайд асан Ж.Ломбо өнөөдөр дурсаж байв.
 
 
Хоёр орны харилцааны талаар мөн Элчин сайдаар сууж байсан дипломатч Д.Бямбаа хэлэхдээ, Манай хоёр орны харилцаа эхэн үедээ Солонгосын дайны үеэр Солонгос хүүхдүүдийг Монголд хүлээн авах зэргээр харилцан туслалцааны шугмаар эхэлж дараа худалдаа өргөжиж, сүүлд харин жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх, эмийн ургамлын чиглэлээр хамтарсан ААН байгуулах, химийн үйлдвэрийн шугмаар оюутан сургах зэрэг ажлууд эхэлж байсан.
1990 оны шилжилтийн үед 2 орны харилцаа дахин сэргэж, төр, засгийнхан харилцан айлчлалууд хийж, БНАСАУ-ын иргэд өнөөдөр манай улсад барилга, зам, хөнгөн үйлдвэрийн салбарт ажиллаж байна. Цаашид хамтын ажиллагаа өргөжин тэлэх олон боломж бий. Ийм ирээдүй биднийг хүлээж байна. Манай улс чинь хуучин ЗХУ-ын дараагаар БНАСАУ-ыг хүлээн зөвшөөрч, дипломат харилцаа тогтоосон хоёр дахь орон нь юм. Хамгийн урт удаан хугацааны найрсаг харилцаатай орон” гэв. Дипломатч Д.Бямбаа БНАСАУ-д 10 гаруй жил, Ж.Ломбо 6 жил Элчин сайдаар тус тус ажиллаж байсан юм.
Ойн хүрээнд өнөөдөр ГХЯ-ны Их танхимд хоёр орны хамтын ажиллагаа, харилцааны түүхийг өгүүлсэн гурал зураг, барим бичиг, түүхийн холбогдох номын үзэсгэлэн нээгдээд байна.
 
 
Тодруулга: Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд БНАСАУ-ын удирдагч Ким Ир Сен Монгол Улсад айлчилсны 30 жилийн ойг тохиолдуулан өнгөрсөн есдүгээр сарын 26-нд БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо Mонгол Улсаас БНАСАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Цоггэрэлийг хүлээн авч хүндэтгэлийн зоог барьсан юм. Зоогт БНАСАУ-ын ГХЯ-ны холбогдох албан тушаалтнууд болон Монгол Улсын ЭСЯ-ны ажилтнууд оролцжээ. Мөн БНАСАУ-ын Ерөнхийлөгч Ким Ир Сен Монгол Улсад айлчилсны 30 жилийн ойг тохиолдуулан есдүгээр сарын 28-нд “Тэдонган” дипломат клубт кино өдөрлөг болсон байна.
 
Б.Болд
Эх сурвалж: Монцамэ агентлаг