sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олив, наранцэцгийн тосноос бусдыг дотооддоо үйлдвэрлэх боломжтой манай улсын улс одоогоор хүнсний хэрэглээнийхээ 40 орчим хувийг гадаадаас импортоор авч буйд мэргэжлийн байгууллагууд хүнсний аюулгүй байдалд онцгой анхаарахыг ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле “Хүнсний аюулгүй байдал, хүнсний экспорт-2018” эрдэм шинжилгээний бага хурлын үеэр онцлов.
Тэрбээр, “Бид хамгийн түрүүнд малынхаа эрүүл мэндэд анхаарах нь чухал.  Учир нь манай улс бэлчээрийн мал аж ахуйтай, дэлхийд энийг химийн бордоогүй эрүүл хүнс гэж үздэг. Бид малынхаа махыг эрүүлжүүлж нэмүү өртөг шингэсэн байдлаар экспортод гаргах бүрэн боломжтой. Одоогоор хоёр хөршид экспортлож байгаа ч цаашдаа үүнийгээ өргөжүүлэх нь чухал. Тиймээс ч бид мал нь эрүүл бол хүнс эрүүл гэсэн уриан дор ажиллаж байна. Мөн манай улсын хувьд эрс тэс уур амьсгалтай учир иргэдийн дуртай жимс тэр бүр байдаггүй учир гаднаас жимс жимсгэнэ нэлээн орж ирдэг. Зарим орнуудад хүнсний ногоо, жимс жимсгэнийг химийн аргаар бордож, өнгийг нь хувиргадаг. Хүнсний аюулгүй байдал гэдэг бол зөвхөн хүнсний яамны ажил биш. Энэ асуудалд бусад бүх байгууллага хүнсний аюулгүй байдалтай хамтран тэмцэж байж амжилтанд хүрнэ. Иргэд ч өөрсдөө мэдлэгтэй, хяналттай байх хэрэгтэй" гэлээ.
Хүнсний үйлдвэрлэлтийн бодлого зохицуулалтын газрын дарга Т.Гантогтох “Засгийн газраас 3 тулгуурт хөгжлийн бодлогыг батлан гаргасан. Үүнд  дотоодынхоо хүнсний хэрэгцээг хангаад зогсохгүй, хүнс экспортлогч орон болох зорилт дэвшүүлсэн.
Бид махны экспортоо нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Өнгөрсөн онд 29.000 тонн мах экспортолсон бол энэ оны 9,10 сартай харьцуулахад 20.000 орчим тонн мах экспортолсон дүн мэдээ бий. Цаашид ч энэ хандлага өсөх магадлалтай.
Хүнсний аюулгүй байдлын хувьд хэрэглэгчид ч мэдлэгээ дээшлүүлэх шаардлагатай. Өнөөдрийн хурлаар бид цаашид хүнс экспортлогч орон болоход ямар шийдэл байгааг оюутан залуус, эрдэмтэн судлаачидтай зөвлөлдөж, төрийн бодлогод оруулахыг зорьж байна” хэмээв.
МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдал, ХАА-н хяналтын газрын дарга Ч.Энх-Амгалан: "Манай байгууллагаас дэлхийн хүнсний өдрийг угтаж хүнсний аюулгүй байдлын сарын аян зарласан. Эндээс хүнсний бүтээгдэхүүний зохистой хэрэглээнд хэрэглэгчдийн  мэдлэг дутмаг гэсэн судалгаа гарсан. Мөн хот хөдөөгийн хүнсний хэрэглээ их зөрүүтэй, дотоодын хүнсний үйлдвэрлэл ихэсч байгаагийн хэрээр хадгалалтын хугацааг уртасгах бодис нэмдэг. Үүнтэй холбоотой гомдол хэрэглэгчдээс гомдол нэлээн гардаг" гэв.
НҮБ-ын ХХАА-н байгууллагаас “Дэлхийн хүнсний өдөр”-ийг 1981 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 16-нд тэмлэглэж ирсэн уламжлалтай. Харин энэ өдрийг Монгол Улсад үр бүтээлтэй тэмдэглэн өнгөрүүлэхээр “Хүнсний аюулгүй байдал” эрдэм шинжилгээний бага хурлыг 2017 оноос хойш тогтмол зохион байгуулж байна. Хуралд ирүүлсэн 35 илтгэлээс хянан үзэж, оюутан судлаачдын 20 илтгэлийг өнөөдөр хэлэлцүүллээ.
 
Г.Өлзийхутаг
Эх сурвалж: Монцамэ агентлаг