sonin.mn
БЭЭЖИН. /РИА Новости/. Терроризм, хэт давруу үзлийн нөлөөнд автсан хүмүүсийг дахин хүмүүжүүлдэг “мэргэжил-техникийн төвүүд” Хятадын Шиньжаан-Уйгурын өөртөө засах дүүрэгт байдаг тухай тус дүүргийн засаг захиргааны дарга Шохрат Закир анх удаа ярьжээ.
Шиньжаан-Уйгурын өөртөө засах дүүргийн хууль тогтоох байгууллага урьд нь бүс нутагт хэт давруу үзэлтэй тэмцэхтэй холбоотой дүрэм журамд өөрчлөлт оруулж, хэт давруу үзэлтнүүдэд зориулсан дахин хүмүүжүүлэх төвүүдийг байгуулах эрхийг орон нутгийн эрх баригчдад олгосон байна.
Шохран Закир мягмар гарагт Синьхуа агентлагт ярилцлага өгөхдөө, Шиньжаан-Уйгурын өөртөө засах дүүрэгт “мэргэжил-техникийн боловсрол олгох байгууллагууд” бий болгосон тухай дурджээ. Уг төвүүдийн гол чиглэл нь нийтээр хэрэглэдэг хэлийг заах, хуулийн зүйл заалтуудыг танилцуулах, мэргэжлийн ур чадварт сургах аж. Түүний хэлснээр, ийм төвүүдэд “терроризм, хэт давруу үзлийг эсэргүүцэх чадварыг” бэхжүүлэх мөн хэт давруу үзлийн нөлөөнд автсан хүмүүсийг дахин хүмүүжүүлэх ажлуудыг явуулдаг.
НҮБ-ын Арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг устгах хорооны шинжээчид наймдугаар сарын сүүлээр нийтэлсэн тайлан мэдээндээ Хятадын Шиньжаан-Уйгурын өөртөө засах дүүрэгт нэг сая хүртэл уйгур үндэстэн “дахин хүмүүжүүлэх газруудад” хоригдож байж болзошгүй тухай дурджээ.
Уйгуруудыг “дахин хүмүүжүүлэх газарт” хорьж байна гэх энэ мэдээлэлд Хятадын Гадаад хэргийн яам тайлбар өгөхдөө, энэ нь баримт нотолгоогүй бөгөөд худал мэдээлэл гэжээ. Хятад улс Арьсний өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг устгах олон улсын конвенцийн гишүүн орны хувиар олон улсад хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж байгаа гэж тус улсын эрх баригчид мэдэгдсэн байна. 
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг