sonin.mn
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн "Зергер интернешнл" компани ирэх сараас Иран Улсад  малын дайвар бүтээгдэхүүн буюу толгой, таван цул эрхтэн экспортод гаргахаар болжээ.
 "Манай компани 2009 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн ч тодорхой шалтгаанын улмаас 2018 оноос  ажил жигдэрсэн юм. Энэ онд Иран Улсын "Donia tejerat ilya" компанид 1000  тонн буюу 150 мянган толгой хонины мах нийлүүлэх гэрээ байгуулсан бөгөөд өнөөдрийн байдлаар 20500 толгой хонь нядалж, 230 тонн махыг экспортолсон.
Төлөвлөгөө 25 орчим хувийн гүйцэтгэлтэй бөгөөд ирэх оны хоёрдугаар сар хүртэл бүрэн дуусгахаар ажиллаж байна. Малаа зөвхөн Баян-Өлгий болон хөрш зэргэлдээ Ховд, Увс, Говь-Алтай аймгаас зах зээлийн үнээр худалдаж авч байгаа. Дараагийн сараас малын дайвар бүтээгдэхүүнийг хагас боловсруулан экспортод гаргахаар бэлтгэлээ хангаж, Иран болон  Оросын Холбооны Улсаас холбогдох тусгай зөвшөөрлөө аваад байна" гэж компанийн гүйцэтгэх захирал М.Нурбол хэлэв.
Дашрамд дурдахад, тус компани нь хоногт 750 толгой мал нядалж, ангилан савлах хүчин чадалтай үйлдвэртэй бөгөөд бүтээгдэхүүнээ стандартын дагуу олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн технологиор бэлтгэдэг байна. Мөн 60 иргэнийг тогтмол ажлын байраар хангаж байгаа ажээ. 
 
Ө.Нурболат
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг