sonin.mn
Уртын дууны судалгааны нэгэн шинэ бүтээл та бидний гарт хүрч байна. Энэ эрдэмтэн, судлаач Д.Оюунцэцэгийн "Монголчууд Америк тивийн уугуул иргэдийн угсаа гарвалыг дуу хөгжмөөр мөшгөхүй" хэмээх шинэхэн бүтээл юм. Төрийн хошой соёрхолт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч, урлаг судлалын ухааны доктор профессор Н.Жанцанноров түүний энэхүү шинэ бүтээлийг уншиж судлаад "Бие жижиг ч бэлчээр томтой судалгааны бүтээл" хэмээн тодорхойлжээ. Бид шинэ бүтээлээ уншигчдад өргөн барьсан урлаг судлалын ухааны доктор, хөгжим судлаач Д.Оюунцэцэгийнд нэгэн өдөр зочилж шинэ бүтээлийнх нь талаар ярилцсан юм.
Нэг өдөр машиндаа явж байгаад "Тоска" дуурийг сонссон. Тэггэл их зөөлөн өнгөөр дээш гарахад нь би манай уртын дууны шуранхай байна гэж бодсон. Эндээс л уртын дуу дэлхийн хөгжмийн урлагт хэрхэн нөлөөлснийг судлахаар шийдсэн. Уртын дуу бол дэлхийн хөгжмийн анхдагч гэж хэлэхийн тулд судалгаа хийж эхэллээ. Уртын дуу дэлхийн хөгжмийн анхдагч юм бол хүн хаана бий болсныг судлах шаардлагатай. Энэ асуудлыг археологи, антропологи ээрэг олон талаас нь судлах хэрэгтэй болсон. Хүн хаана үүссэн бэ гэхэд эрдэмтэд хоёр янзаар тайлбар хэлж байна. Зарим нь Монголын алтай нутагт хүн үүссэн гэдэг бол зарим нь Африкт хүн бий болсон гэх зэргээр олон янзын байр суурь байдаг.
 
-Индиан болон монголчууд угсаа гарвал нэг гэдгийг батлан харуулахын тулд та олон эрдэмтний судалгааны бүтээлийг уншиж танилцсан болов уу?
 
-Би өмнөх докторын зэрэг хамгаалах бичвэртээ монголчууд Берингийн хоолойг дамжаад Америк руу орсон гэдгийг цухас дурдсан байдаг. Энэ судалгааны ажлыг бичихдээ миний бие түүх археологийн чиглэлээр гарсан олон арван бутээлийг уншиж судаллаа. Бидний өвөг дээдэс монголчууд үнэхээр 40 мянга гаруй жилийн өмнө Америк тив рүү нүүдэллэн одсон уу, индианчууд болон монголчуудын угсаа гарвал нэг уү гэдэг асуудалд монгол болон гадаадын судлаач эрдэмтэд хоёр талын байр суурьтай байдаг. Дээрх асуудлыг археологич Д.Дорж, Д.Цэвээндорж, газар зуйч О.Намнандорж, Ч.Эрдэнэ, Д.Хэрлэн, оросын археологич А.П.Окладников, нэрт зураач Н.К.Рерих нар судлан тогтоож "Тийм" гэсэн хариултыг өгсөн байдаг. Гэтэл Америкийн судлаач, Нанви Хатавэй, Курт Кёглер болон манай судлаач Г.Армаа нар "Үгүй" гэсэн хариулт өгч, судалгааны бүтээл гаргасан байдаг. Монгол, индианчууд угсаа гарвал нэг гэдгийг судлаачид өвөг дээдсийн үлдээсэн хадны зураг, буган чулуу, Хүний гарвалын /генетикийн маркер/ нэрлэмж код, ДНК, монголчуудын шүд, чихний хулхи, хөх толбо, хоол хийх арга, хээ угалз гэх мэт олон аргаар харьцуулсан судалгаа хийж хэлхээ холбоотойг нь баталсан байдаг. Ийм хоёр янзын гаргалгааны аль нь зөв, буруу болохыг цаг хугацаа л бидэнд харуулна. Индиан, монголчууд угсаа гарвал нэг болохыг эрдэмтэн судлаачид олон талаас нь судлан баталсан байдаг. Гэвч хөгжмийн талаас нь судалж байгаагүй юм билээ. Миний хувьд эрдэмтэн мэргэдийнхээ дуу хоолойд судалгааны бүтээлээрээ дамжуулан хувь нэмэр оруулж байгаа нь энэ. Энэ дашрамд, улс эх орныхоо ирээдүй хойч үеийн төлөө судалгаа шинжилгээ хийдэг эрдэмтэн судлаачдадаа халуун талархал илэрхийлье. Би тэднийгээ их өрөвддөг юм. Халуунд халж, хүйтэнд хөрж археологи, түүхийн олдворыг судлан шинжилдэг тэд бол үнэхээр бахархам хүмүүс шүү.
 
-Монгол уртын дуу, индианчуудын эртний дуутай ямар зүйлээр ижил төстэй байна гэж та үзэж байна вэ?
 
-Индианчуудын нэн эрт үеийн дуу хөгжмийг сонсоход бидний мэдэх монгол уртын дууны тулгуур аялгуу бүгд байгааг харьцуулан судадж баталсан. Тухайлбал, монгол уртын дуу бараг бүгд "сөхөлт" аргаар эхэлдэг бөгөөд энэхүү аргаар индианчуудын дуу ч эхэлдгийг судалгааны явцад анзаарсан юм. Мөн утгалт, давхилт гэх зэрэг уртын дууны аялгууны аргууд индианчуудын эртний дуунд ч хэрэглэгдэж байна.
 
-Индианчуудын хэчнээн дууг монгол уртын дууны аялгууны зүй тогтол аргууд индианчуудын эртний дуунд байгааг илрүүлсэн. Судалгааны материал надад бэлэн байсан гэж хэлж болно. Монгол уртын дууны хувьд алдарт уртын дууч Ж.Дорждагва гуайн "Уртын дуу" түүвэр, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Алтантуулын "Эртний сайхан", Ж.Төмөрхуяг, А.Шагдарсүрэн нарын "Баруун монгол ардын дуу хөгжим" гэх зэрэг номд буй дууг ашигласан. Ж.Дорждагва гуай манайх хоёр нэг байранд амьдардаг байлаа. Их азтай хүн шүү би. Бид хоёр уртын дууны талаар их зүйл ярьж хөөрдөг байлаа.
 
-Энэ бүх судалгааны ажлаа хэн нэгэнд өгч шивүүлсэн үү. Таны насны хүн компьютероос их хол байх болов уу?
 
-Би бүх зүйлээ эхлээд балын харандаагаар бичиж тэмдэглэдэг. Тэгээд компьютерт өөрийн гараар шивдэг юм. Их хурдан бичнэ. Энэтхэгт бичээч хийж явсны минь ач тус. Мөн төгөлдөр хуурч болохоор гар их хурдан хөдөлнө. Манай нөхөр бол нэг хуруугаараа цохино шүү дээ. Би бол тэгэхгүй. Хүсвэл интернет орж мэдээлэл хайна, фэйсбүүкт сэтгэгдэл үлдээнэ.
 
-Судалгааны материал яагаад танд бэлэн байсан юм бол?
 
-Би хорт хавдар тусч байсан юм. Тухайн үед бага хүү минь Нью-Йорк дахь Монголын байнгын төлөөлөгчийн газарт хоёрдугаар нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байлаа. Ингээд л Америкт очиж эмчлүүлсэн. Тэнд жилийн турш хорт хавдрын эсрэг маш үнэтэй химийн тарианд орж байлаа. Тухайн үед тэнгэр байдаг гэдэгт гүнээ итгэсэн дээ. Би их азтай хүн. Гурван сайхан хүүхэдтэй. Хүүхдүүд минь намайг ганц ч зовоож байсангүй. Тэд нараараа үргэлж бахархдаг. Нэг удаа эмчилгээгээ хийлгэчихээд Нью-Йоркийн гудамжаар бага хүүтэйгээ алхаж явтал хоёр индиан залуу индианчуудын дууны цомог зарж байхтай таарсан юм. Индианчууд бүх талаараа манай өвөрмонголчууд шиг өрөвдмөөр улс. Тэгээд би тэднийг өрөвдөөд хоёр цомог худалдаж авсан юм. Бас биеэ тэнхрүүлээд Нью-Йоркийн номын сангаар их ордог байлаа. Тэгж явахдаа нэг өдөр "Индианчуудын дуу" гэх дан дууны ноот бүхий зузаан ном худалдаж авсан. Ингээд тохиолдлоор ч юм уу хувь тохиолоор энэхүү судалгааны ажлын материалууд надад бараг бэлэн байсан.
 
-Таны номыг уншиж байхад их олон зүүлт, эшлэл харагдсан.Тэр дундаас Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, сэтгүүлч, доктор Л.Түдэв гуайн номын зүүлт, эшлэл олон байна. Энд ямар нэгэн учир шалтгаан байна уу?
 
-Энэ судалгааны ажлыг бичих хорхойг төрүүлсэн хүн бол Л.Түдэв гуай юм. Тэр дундаа энэ агуу хүний бичсэн "Чулуужсан буга", "Чулуужсан хүн", "ЭС" гэх ном нь их нөлөөлсөн юм. Мөн Го.Аким гуайн судалгааны материалуудыг их уншиж судалж ашигласан. Л.Түдэв гуайн зохиол бүтээлийг уншихаар би монгол хүн болсондоо их баярлаж бахаддаг. Залуу байхдаа тэгж боддог байсан гэвэл худлаа. Энэ агуу хүний зохиол бүтээлийг шимтэн уншдаг нэгэн. Л.Түдэв гуай 40 боть номтой. Хамгийн сүүлд 40 дэх ботио гаргасан байсан. Надад Л.Түдэв гуайн олон ном зохиол бий. Манай анхны Ерөнхийлөгчөөр Л.Түдэв гуайг сонгосон бол бид өнөөдөр их өөр хөгжиж цэцэглэсэн байх байсан даа гэж боддог. Яг л арабууд шиг амьдарч чадах байсан.
 
-Та бага залуудаа гадаадад суралцахаар явсан. Монгол хэлээрээ зохиол бүтээл туурвихад хэцүү байсан уу?
 
-Амьдрал гэж их сонин шүү. Би энэ номоо анх удаа монгол хэлээрээ бичлээ. Үг хэллэгийн хувьд зарим хүнд сонин байж магад. Гэхдээ би албаар тэгж бичсэн юм. Хүн бүхэн уншаад миний номыг ойлгох ёстой. Ийм учраас мэргэжлийн нэр томъёог ч энгийн хүнд ойлгомжтойгоор тайлбарлан бичсэн байгаа. Уг нь орос хэлээр бичих надад их эвтэйхэн байдаг. Гэхдээ би чинь монгол хүн шүү дээ. Хэлд орохдоо л орос хэлээр ярьж сурсан. Дөнгөж хэлд орж байх үед аав, ээж хоёр Орост намайг Катя гэх орос асрагчаар асруулдаг байсан. Монголдоо зургаан настай ирээд монгол хэл сурч эхэлсэн хүн л дээ, би. Тийм болохоор монгол хэлнийхээ чадварт бүрэн итгэдэггүй. А.Барбола гэх унгар эмэгтэй Атилла хааны тухай монгол хэлээр бичсэн номыг би уншсан. Ингээд л миний "шар гозойж" монгол хэлээрээ ном бичих болсон. Эхэндээ өгүүлбэрүүд оросоор ундардаг байсан бол одоо монголоор л хөвөрнө. Энэ олон мундаг хүний сайн зохиолуудыг уншсаны ач тус гэж бодож байна. Тэгээд ч генээрээ би монгол хүн юм чинь. Миний ээж Хэнтий аймгийн халх хүн. Аав бол Сүхбаатар аймгийн Онгон сумынх. Монголчууд үнэхээрийн агуу давтагдашгүй ард түмэн гэдгийг би энэ хүмүүсийн зохиол бүтээлийг олж уншсанаар мэдэрдэг.
 
-Хүнд гадаад хэлний мэдлэгээс гадна төрөлх хэл гэдэг их чухал юм шиг санагддаг?
 
-Би саяхан фэйсбүүк хуудастаа сэтгэгдэл бичиж оруулсан юм. Яагаад гэвэл, гудамжаар алхаж явах, телевиз үзэхэд хүртэл уур хүрээд байдаг юм. Саяхан нэг телевиз үзэж байтал "Friday night with Chuka" гээд гарч байгаа юм. Ганц ч монгол үг, өгүүлбэр байхгүй шүү. Бид сайхан босоо монгол бичгээ кириллээр сольчихсон. Одоо бүр цэвэр англи болох гээд байна. Албан байгууллагын хаяг, зар сурталчилгаа нь ч англи хэлээр байх юм. Гэтэл хөдөөнөөс нийслэл рүү орж ирж байгаа хүн бүр англи хэл мэддэггүй биз дээ. Одоо хятадаар бичих л дутаад байх шиг байна. Тэгвэл би лав ойлгохгүй. Намайг Японд очиход бүх зүйл япон, Солонгост ч тэр байдал ижил байсан. Харин өвөрмонголд очиход босоо монгол бичгээр бичсэн байдаг юм билээ. Кирилл бичгээр бичдэг надад монгол бичиг минь гадаад бичиг шиг л санагддаг. Одоо ч олон хүн ингэж хардаг болсон байх. Эрдмийн зэрэг хамгаалахдаа би монгол бичгээр уншиж сурсан. Одоо ч мартаж дээ. Босоо монгол бичгийг үгүй хийчихээд одоо кириллийг ч гэсэн устгах гэж байна. Ингэж болохгүй. Хэл, хөгжим бол тусгаар тогтносон үндэстэн байх боломжийг бидэнд олгож байдаг юм. Хөгжим устаж эрлийзжиж, хэл нь устаж мөхөхөд монголчууд бид дэлхийн хөрснөөс алга болно.
 
-Хэл мөхөхөд гадаад хэлний хэрэглээ нөлөөлж байна гэлээ. Тэгвэл танай байгуулсан "Хобби" сургуульд хүүхдүүд англиар их сайн ярьдаг шүү дээ?
 
-Би яагаад гадаад хэлний сургууль нээсэн бэ гэвэл хүүхдүүдээ дэлхий ертөнцтэй холбохыг хүссэн. Гадаад хэл бол ертөнц рүү харах цонхыг нь нээж өгч байгаа юм. Англи хэлээр их олон судалгааны материал, ном хэвлэгдсэн байдаг юм билээ. Миний хувьд тэр бүр англиар ном уншиж судалдаггүй. Орос хэлээр л авч уншдаг. Харин шаардлага гарвал англи хэлээр толь бичиг барьж байгаад үзнэ. Надад олон шавь байна. Тэд нар сайндаа л орос хэлтэй. Гэхдээ над шиг биш. Судалгааны ажил дан ганц хэлээр материал судалж хараад нэмэргүй. Дэндүү дутмаг судалгааны ажил болно гэж би хэлдэг юм. Манай сургуулийн хүүхдүүдийн хувьд англи, монгол хэл хоёуланд нь сайн. Манай сургуульд нэгдүгээр ангиас монгол хэлээ үздэг. Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрийн дагуу үйл, ажиллагаа явуулдаг. Орох ёстой бүх хичээлийг зааж байна. Нэг ч хичээлийн цагаас хасч үзээгүй. Үүний оронд бүх хичээлийг англи хэлээр давхар ордог байсан юм. Үнэндээ жаахан ачаалалтай байдаг ч хүүхдүүд хэзээ ч гомдоллож байгаагүй.
 
-Танай сургуулийн хүүхдүүд англи хэл дээр жүжиг тавьдаг шүү дээ?
 
-Манай сургууль дээр би монгол хүн шүү гэх бахархал омогшил төрүүлэх олон үйл ажиллагааг зохион байгуулдаг. Жил бүр урлагийн үзлэг зохионо. X ангиас нь эхлээд хүүхдүүддээ монгол гэр барихыг зааж, ахлах ангийн охид монгол дээлээ оёж өмсч хонхны баяртаа ордог. Мөн охидод хонины гэдэс цэвэрлэхийг заадаг. Би өөрөө багаасаа гадаадад сурч боловсорч явсан учир над шиг хүн болох вий гэсэндээ энэ бүхнийг хүүхдүүддээ зааж сургахыг хүссэн. Би гэдэс цэвэрлэж мэдэхгүй, дээл оёж чадахгүй. Ээж минь надад энэ бүхнийг зааж өгөөгүй. Гэхдээ заах боломж ч хомс байсан юм. Намайг номтой их зууралддаг, хөгжимчин хүн ядарна гээд гэрийн ажил огт хийлгэдэггүй байсан. Эгч минь миний өмнөөс бүх зүйлийг хийдэг байж билээ.
 
-Дээр дурдсан том судалгааны ажлынхаа талаар та танилцуулаач?
 
-Надад болон миний хүндэлдэг хүмүүст цаг хугацаа их бага үлдээд байгаа юм шиг санагддаг. Тиймээс яарах ёстой. Энэ том судалгааны ажлаа 70 хүрэхээсээ өмнө дуусгах төлөвлөгөөтэй байгаа. Илүү дэлгэрүүлж ярих цаг нь болоогүй байна. 
 
-Төрийн хошой соёрхолт, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч,урлаг судпалын ухааны доктор, профессор Н.Жанцанноров гуай таны номын өмнөтгөлийг бичсэн байсан. Энэ тухай сонирхуулна уу?
 
-Би амьдралдаа ганцхан даргатай байлаа. Тэр нь Н.Жанцанноров гуай юм. Номын эх бэлэн болмогц би нөхрөөрөө дамжуулж Н.Жанцанноров даргад өгсөн Дарга хараад "Өө ийм жижиг юм уу" гэсэн байсан. Гэхдээ уншиж дуусаад миний номыг "Бие жижиг бэлчээр том" гэж үнэлсэн байна билээ. Энэ номоо аль болох олон хүнд хүрээсэй гэж хүсч байгаа. Залуу судлаач, эрдэмтдэд хэрэг болох болов уу гэж бодож байна.
 
-Танд ямар төрлийн дуу хуур таалагддаг вэ?
 
-Би их олон төрлийн дуу сонсдог. Зохиолын дуу ч сонсоно. Бүх зохиолын дууг муу гэж зарим хүн ярьдаг. Энэ худлаа шүү. Одоогийн зарим зохиолын дуу үнэхээр мундаг юм. Би үнэхээр сонсох дуртай. Их гоё. Зарим нь ичмээр юм байна. Орос монгол дуу нь ялгагдахгүй юм. Тэнд монгол гэсэн үнэр, орос гэсэн ч донж ч алга. Нэг л хачин эрлийзэжсэн, сэтгэлээсээ биш толгойноосоо зохиосон дуу шиг санагдаад байдаг. Гарцаагүй монгол хүн дуулж байгаа нь л мэдэгдэх юм. 
 
Г.Нямсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин