Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Хүүхдийн хорих” гэх тодотголтой ШШГЕГ-ын харьяа “Сургалт хүмүүжлийн тусгай байгууллага”-д хүмүүжиж байсан өсвөр насны 20 хүүхдийг хугацаанаас нь өмнө тэнсэн суллав.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Одонтуулын даргалсан хуралдааны шийдвэрээр тэдгээр хүүхдийг сулласан юм. Ял эдлэх хугацаанаасаа өмнө суллагдсан хүүхдүүд шүүхэд баярласан сэтгэгдлээ илэрхийлж, дахин алдахгүй хэмээн амлалт өгч байв.
 
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3.1, 17.2.2-т заасан гэмт хэрэг үйлдэж ял эдэлж байсан Ш сэтгэгдлээ хуваалцав.
 
-Яаж яваад гэмт хэрэгт холбогдчихов?
 
-Би ээж, аавынхаа хайр халамжид эрх дураараа өссөн. Тэднийхээ үэнд ордоггүй, зөрүүдэлж, гадуур тэнэж байсан нь миний алдааны эхлэл байжээ. Хичээл номдоо зарцуулах цагаа PC тоглож өнгөрөөнө. Тоглох, тэнэх мөнгө олдохгүй болохоор дээрэм, залилан хийж гэмт хэрэг үйлдсэн. Үйлдсэн гэмт хэрэгтээ ял шийтгүүлсэн. Энэ алдаа миний амьдралд том сургамж болсон. Дахиж хэзээ ч алдахгүй гэж өөртөө амлалт өгсөн.
 
-Ял эдлэх хугацаанаас чинь өмнө суллах шийдвэрийг шүүх гаргалаа. Их сургуульд элсэх чухал алхам чиний өмнө байна?
 
-Ерөнхий шүүгч их итгэл хүлээлгэж эдлээгүй үлдсэн 4 сар 4 хоногийг тэнслээ. Цаг мөч бүхэн хайран байгаа болохоор шүүгчийн шийдвэр үгээр хэлэхийн аргагүй итгэл найдвар, баяр баяслыг өгсөн. Хурдхан аав ээждээ үнсүүлэхсэн гэж бодож байна.
 
Би багаасаа жүжигчин болохыг мөрөөддөг байлаа. Гэртээ хариад элсэлтийн ерөнхий шалгалтад бэлдэж хүссэн сургуульдаа орно гэж бодож байна.
 
Хүн эцэг эхийнхээ үгэнд орох л хамгийн чухал гэдгийг ойлголоо. Тэд маань хэзээ ч буруу зүйл хэлдэггүй. Бидний сайн сайхны төлөө байдаг. Харин бид зөрүүдэлж  буруу замаар ордог гэдгийг ойлгосон. Үеийн найзууддаа хандаж хэлэхэд “Хамгийн сайхан зам гэртээ харих зам” гэдэг үгийг ойлгож ухамсарлаарай.
 
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2.3.2-т заасан гэмт хэрэгт ял эдэлж байгаад суллагдсан Б ийнхүү ярив.
Тэрбээр “Ээж минь нурууны хүнд хагалгаанд орох болж манайхан мөнгө хайж байсан. Би тэнэг, болчимгүй зүйл сэдэж хялбар аргаар мөнгө олох гэж дээрэм хийсэн нь миний амьдралын хамгийн том алдаа болсон. Өвчтэй ээж, гэрийнхнийгээ сэтгэл санаа, эд материалын том хохиролд унагасан. Уг нь би 12 дугаар ангиа төгсөөд ХСИС-д орохоор төлөвлөсөн байв. Өөрийнхөө буруугаас хүссэн сургуульдаа орж чадаагүй. Гэхдээ хоригдож байх хугацаандаа ЭЕШ өгч МУБИС-д элссэн. Суллагдаад шууд хичээлдээ сууна. Оюутан болсныг минь харгалзаж хугацаанаас өмнө сулласан шүүгчиддээ маш их баярлалаа.
Энд ар гэрийн хайр халамж, хараа хяналт сайн хүүхдүүд яаж хурдан хүмүүжиж гараад хэрхэн зөв амьдрах талаар хичээнгүйлэн ярьдаг. Ар гэрээс нь эргэлт ирэхгүй, эцэг, эх нь хайхардаггүй хүүхдүүд эсрэгээрээ хэн нэгнийг буруутгаж, амьдралд гутранги үзэлтэй болсон ажиглагддаг. Хууль хяналтын байгууллагууд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор өсвөр насны хүүхдэд ийм гэмт хэрэг үйлдвэл ялд унана гэдгийг сайн ойлуулах нь чухал санагдсан. Тэд үр дүнтэй сургалтуудыг хангалттай хийдэг бол олон хүүхдүүд өнөөдөр гэрэл гэгээтэй амьдралтай, алдаж хазайх нь бага байхсан.
Эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 27 хоногийг хугацааны өмнө сулласан шүүх бүрэлдэхүүнд дахин баярлаж талархснаа илэрхийлье. Гараад зөв амьдрана та бүхэн итгээрэй" гэв.
 
Эх сурвалж: Шүүхийн Ерөнхий зөвлөл