sonin.mn
Анагаах ухааны доктор, профессор С.Ямаахайтай ярилцлаа.
 
–Таныг хөгжмөөр хүнийг эмчилдэг гэсэн?
 
-Би эмч мэргэжилтэй. Хөгжмийн бүтээл хүний эрүүл мэнд болон хүүхэд, залуучуудын хүмүүжил төлөвшил, хөдөлмөрийн насныхны болон хөгшид настнуудын сэтгэлийн амар амгалан байдлыг тогтуун байлгадгаараа гаргуун сайн эм болохыг мэдэрч нийтийн хүртээл болгоход хувь нэмрээ оруулахаар зүтгэж байна.
Хөгжим хүнийг тайвшруулж, идэвхжүүлэх, бие махбодийн булчин  шөрмөсийг сулруулан зөөлрүүлэх эсвэл чангаруулж эрчимжүүлдэг гэсэн ерөнхий ойлголтоор зөвхөн сэргээн засах, сэтгэл зүйн заслын хэмжээнд хэрэглээд зогсох бус хүний бие эрхтэн тогтолцооны үйл ажиллагааны өөрчлөлт, тэдгээрийн янз бүрийн өвчний үед эмчилгээний бусад аргатай хамтатган хэрэглэхэд эрүүлжүүлэх нөлөө үзүүлдэг болох нь шинжлэх ухааны үндэслэлтэй нотлогдсон. Өөрөөр хэлбэл, хөгжмийн авиа хүний сонсголын мэдрэхүйн эрхтэн чихээр дамжин төв мэдрэлийн тогтолцоонд хүртэхүйн замаар хүрч улмаар эрүүлжүүлэх үйл ажиллагаанд ач холбогдолтой.
Мөн хүн өдрийн дэглэмдээ оруулан бие махбодь, сэтгэл санаагаа амраах, өдрийн ажлын ачааллаас шалтгаалсан алжаал ядаргааг тайлах, хамт олны харилцааг эерэгжүүлэх, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, гэр бүлийн тав тухыг бүрдүүлж хүүхэд, хөгшдийн сэтгэлд баяр баясгалан нэмэх, хэн нэгний уур уцаар, сэтгэлийн түгшүүрийг хөөн зайлуулах, унтаж амрахад хөгжмийг хэрэглэж болно.
 
–Та эмчилгээндээ ямар хөгжим ашигладаг юм бэ?
 
-Хөгжим эмчилгээ гэдэг нь ямар нэгэн хөгжим сонсгоод эмчилдэггүй. Би дэлхийн сонгодог хөгжмийг сонгосон. Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлийг хэрэглэж болох ч зохиогчийн эрхийн асуудал яригдана. Тэгэхээр тэр хүмүүсээс зөвшөөрөл авч мөнгө өгөх болж байгаа юм. Тиймээс дэлхийн сонгодог хөгжмүүдийг ашиглахаар шийдсэн. Дэлхийн сонгодог бүтээлийн эзэн нь нас барснаас хойш 50 жилийн дараа хэн ч ашиглаж болдог. 
Тиймээс Монголд хөгжмөөр хүнийг эмчилдэг аргадаа дэлхийн сонгодгийн хэний ч бүтээлийг авч хэрэглэж болно. Одоо орчин үед хаана, юу хэрэглэж байна тэр сонгодгуудыг хэрэглэж байна. Түүнээс одоо ажиллаж байгаа хүний бүтээлийг авахгүй.
 
–Хөгжмийн эмчилгээ бусад эмчилгээнээс ялгаатай юу?
 
-Хөгжим эмчилгээ нь өөрийн гэсэн арга барил, намтар түүхтэй. Үүнийг нэвтрүүлэх ном манайд байдаггүй болохоор ОХУ-д охин дээрээ очиж ном уншиж судалсан. Хүний сэтгэлийг засаж байж эрүүлжүүлдэг. Тэгэхээр сэтгэлийг эрүүлжүүлэхгүйгээр хэчнээн хутгаар зүсэж, тариа хийгээд эмчлэгдэх ч дутагдалтай байдаг. Манайх хөгжмийн боловсролын талаар европын оронтой зүйрлэхийн аргагүй. Тиймээс өөрийнхөө аргыг боловсруулсан. Яагаад гэвэл хөгжмийн боловсрол хэрэгтэй байдаг юм байна.
Хөгжмийн боловсролыг анхан шатнаас нь заасан газар хөгжмөөр эмчлэх аргыг манайд авчирч нутагшуулахад хүндрэлтэй, цаг хугацаа их шаардах болохоор монгол хүнд яаж хүргэх вэ гэж бодсон. Тэгээд ХСҮТ-ийн 200 гаруй өвчтөнд туршсан. Дараа нь тэтгэвэрт гарсан өөрийнхөө үе тэнгийнхэнтэй хамтарсан.
 
–Анхны туршилтынхаа талаар хуваалцахгүй юу?
 
-Анх хоолойн дасгал хийлгэсэн. Хоолойн дасгалыг сэтгүүлч нар хийж байх ёстой. Яагаад гэвэл дуу хоолой их ач холбогдолтой. Энэ дасгалыг хийгээд ирэхээр хоолойноос гарах авианы өнгө өөрчлөгддөг. Энэ бол эрүүл хүний хийх дасгал. Өглөө бүр дуулах хэрэгтэй. Дуу хоолой ч гэсэн хүнд нөлөөлдөг. Ярьж байхдаа хүртэл дуу хоолой залуу байх хэрэгтэй. Би энэ аргыг өөр дээрээ хэрэглэж байгаа.
 
–Хөгжмийг тухайн өвчтний биеийн байдалд тохируулж сонгодог уу?
 
-Үзүүлж байгаа хүнээсээ хоёр хуудас асуулт авахын тулд хоёр цаг хэртэй ярина. Тухайн ирэхдээ III шатлалын эмнэлгийн оноштой байх ёстой. Би өөрөө онош тавихгүй. Гэхдээ эмчийн оношийг ашиглана. Ингээд орой гэртээ хариад асуулт, онош хоёроо харж байгаад хөгжмийн зохиолчдынхоо жагсаалтаас харж байгаад тохируулна. Зарим хүн хоёр өвчинтэй байдаг. Ходоод муу, нойр хүрдэггүй гэдэг. Тэгэхээр энэ хоёрын аль нь их байна. Нойр нь хүрэхгүй байгаад ходоод нь өвдөө юү эсвэл ходоод нь өвдөөд нойр нь хүрэхгүй байна уу гэдгийг нь олно.
 
–Хөгжмөөр эмчлэх аргыг дэлгэрүүлэхэд юу саад болж байна?
 
-Өнгөрсөн онд Японы Токио хотод хөгжмөөр эмчлэгчдийн нийгэмлэг, холбоодын XV их хурал болсон. Энэ нь дөрвөн жилд нэг удаа хуралддаг. Үүнийг үржүүлэхээр 60 жилийн түүх байгаа биз. Энэ холбоо, нийгэмлэг байгуулагдаад 60 жил болсон байна. Гэтэл манайд алга. Миний ийм юм хийж байгааг сэтгүүлчдийн буянаар мэддэг болсон. Үүнийг шүүрч аваад цааш нь нэвтрүүлье гэсэн мэргэжлийн байгууллага гарч ирэхгүй байна. Би эмч нарыг нэвтрүүлээгүй, муу гэж хэлэх гээгүй. Өмнөх захирлын шийдвэрийг дараагийн захирал нь биелүүлдэггүй. Зарим хүний хэлсэн үг надад эвгүй санагддаг. “Манай оюутнууд баргийн юмыг тоодоггүй” гэж хэлэх дэд захирал байна.
 
Эхийн хэвлий дэх ураг хөдөлж эхлэх үеэс хөгжим сонсговол тохиромжтой гэж үздэг.
 
–Сонгодог хөгжмөөс гадна монгол хөгжмөөр эмчилж үзсэн үү?
 
-Надаас мөнгө нэхээд орж ирэх вий гэж айгаад чаддаггүй юм. Тохиолдлоор нэг хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл CD-гээ бэлэглэсэн юм. Нэг өдөр миний зүрх хачин болоод болдоггүй. Зүрх ганцхан бөөрөнхий ч олон өвчин байдаг. Тэр CD дээр морин хуураар тоглосон хөгжмийг өдөр бүр сонсоод миний зүрхэнд нөлөөлсөн. Ингээд түүнтэй уулзаад учраа хэлж баяр хүргэхэд “Танд туслах юм байвал тусалъя” гэсэн.
Тэгээд гурван жилийн өмнө өөрийнхөө дөрвөн хөгжмийг CD-нд бичүүлээд “За май, та үүгээр хэнийг ч эмчилсэн би таниас мөнгө нэхэхгүй” гээд өгсөн. Ийм л дөрвөн хөгжим байгаа. Н.Жанцанноров, Б.Шаравын гайхалтай хөгжмүүд хүнд нөлөөлнө гэдгийг мэдээд байгаа хэр нь ашиглаж чаддаггүй. Хэрэв буруу хэрэглэчихвэл яах билээ. Үүнд бодлого явах хэрэгтэй.
 
–Таны “Хөгжмөөр анагаахуй” номонд жирэмсэн эмэгтэйчүүдэд хөгжим сонсгох нь гэж байсан?
 
-Эхийн хэвлий дэх ураг хөдөлж эхлэх үеэс хөгжим сонсговол тохиромжтой гэж үздэг. Үүний тулд юуны өмнө ээж болох бүсгүйд хөгжим ямар ач холбогдолтойг сайн ойлгуулах, үнэн зөв мэдээллийг өгч итгэл үнэмшил төрүүлэх явдал чухал. Энэ талын тусламж үзүүлэх саналыг өөрийн амьдардаг хорооны нийгмийн ажилтан, өрхийн эмнэлэгт удаа дараа хүсэлт тавьсан ч хэрэгжүүлэх боломж олдоогүй. Гэвч эх хүүхдийн эрүүл мэндэд ач холбогдол бүхий энэ аргыг олон улсад хэрэглэсээр байгаа.
Сайн үр дүн гардгийг унших бүрт монгол ээж нарт хэрэглэх аргыг нь зааж, туслах гэсэн сэтгэл байнга төрдөг. Иймээс өөрийнхөө зээ охидод хэрэглэсэн аргыг бичиж үлдээвэл бусдад буян болно гэж үзсэн. Тухайлбал, жирэмсэн бүсгүйчүүд цаг зав гаргаж дуулах хэрэгтэй. Дуулж байгаа хүн зөв амьсгалж чаддагаас ургийн хүчилтөрөгчийн хангамж сайжирна. Нөгөөтээгүүр өөрийнх нь дотор эрхтнүүд авианы доргионоор үйл ажиллагаа нь идэвхэждэг.
Хоёрдугаарт, Хүүхдийн тархи мэдээллийг загварчилсан хэлбэрээр илүү сайн хадгалж сэргээн санадгаас хөгжим сонссоны ач холбогдол заавал гарна. Хөгжмийг чичиргээн доргионы нэг хэлбэр гэдгээс хүүхдийг төрсний дараа тохирсон хөгжийг сонгох явдал тархинд зохих хэмжээгээр нөлөөлнө.
Гуравдугаарт, хүүхдээ хөдөлснөөс хойш анхаарлыг нь татахын тулд гэдсэн дээрээ алгаараа 1-2 удаа зөөлөн алгадах маягаар чимээ гаргаарай. Үүний дараа ураг хөдлөхгүй бол чимээ мэдэрч байгаагийнх. Тиймээс ээжийнхээ аялсан дууг сонсож чадна.
Дөрөвдүгээрт, жирэмсний таван сартайгаас ураг сонсож, мэдээлэл хүлээн авч чаддаг энэ үеэс түүнд зориулан хөгжим сонсгож болно. Сонсох хөгжмийг сон­гох хэрэгтэй. Сонголтод хөгжмөөр эмчлэгч эмчийн туслалцаа хэрэгтэй.
 
–Ямар өвчний үед хөгжмийг хориглодог юм бол?
 
-Одоогийн эрүүл мэндийн байгуул­лагуудын эмчилгээний мэргэжлийн чиглэлтэй уялдуулан, батлагдсан оношийн дагуу хийдэг эмчилгээний үндсэн төрлүүдтэй хөгжмийг зэрэгцүүлэн хэрэглэхийг хориглосон заалт гэвэл хордлогын байдалд орсон, үе үе таталт өгч биеийн байдал хүнд, чихний өвчтэй, тархины даралттай оноштой хүүхэд, түүнчлэн бүх насныханд гэнэт буюу цочмог эхэлсэн өвчний бүх тохиолдол, төлөвлөгөөт бус буюу яаралтай мэс засал эмчилгээ, архагшсан өвчин гэнэт идэвхэжсэн, ухаан алдсан, уналт таталттай,  бусадтай харьцах чадваргүй, өөрийгөө илэрхийлэх боломжгүй эмчлүүлэгч, жирэмсний хордлоготой болон хүндрэлтэй төрөлтийг хөгжмөөр эмчлэх шаардлагагүй.
Мөн сэтгэцийн өвчний оношийн дагуу хөгжмийг хэрэглэхдээ найдвартай батлагдсан үндсэн оношийг баримтлахаас гадна эмчлүүлэгчийн аль нэг эрхтэн тогтолцоонд өвчин эмгэгтэй эсэхийг анхаарч сонсгох хөгжмийг тохируулна.
 
–Та хөгжим эмчилгээгээр оюуны өмчийн эрх авчээ?
 
-Хөгжмийг түүний дотор сонгодог хөгжмийн бүтээлийг эрүүл мэндийн зориулалтаар ашиглах аргыг боловсруулан зохих журмын дагуу бүрдүүлэлт хийж Оюуны өмчийн газарт 2014 онд албан ёсоор хүргүүлсэнд зохиогчийн эрхийн гэрчилгээ олгосон. Хөгжмийн урлагийн бүтээлийг хүний эрүүл мэндэд хэрэглэх мэргэжлийн  асуудал манай нөхцөлд анх удаа зохиогчийн эрхийн хэмжээнд бүрдсэн.
 
 
Р.Оюун
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин