sonin.mn
Өндөр хөгжилтэй улс орнууд хувь хүний хөгжил, төлөвшлийг дан ганц IQ-оор хязгаарлахаа больсон. Өөрөөр хэлбэл нийгмийн эрэлт хэрэгцээ, шаардлагаас хамаарч хувь хүний практик ур чадварт суурилсан EQ (Emotional qoficient)-ын тухай ойлголт өргөн дэлгэр тархаад байна. Чухам энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар “Отгонтэнгэр” их сургуулийн сэтгэл судлалын багш, сэтгэл судлаач, докторант Б.Энхбаяртай ярилцлаа.
 
Сүүлийн жилүүдэд EQ хувь хүний хөгжлийг тодорхойлох хэмжүүр болоод байна. EQ-ын тухай ойлголт хэзээнээс яригдаж эхэлсэн бэ? Мөн манай улсад?
 
-EQ гэх ойлголт цоо шинэ зүйл биш. EQ нь одоогийн томьёолол, ач холбогдлоор яригдаж байгаагүй ч бидний амьдралд их, бага хэмжээгээр хөндөгдөж байсан. Яг энэ асуудлаар анх АНУ-ын судлаачид байр сууриа илэрхийлж, ном бүтээлүүд нь хэвлэгдэж, олон нийтэд чухал гэж ойлгогдож эхэлснээс 20-иод жилийн нүүр үзэх гэж байна. Манайд бол харьцангуй шинэ ойлголт. Гэсэн ч энэ чиглэлээр судалгаа, шинжилгээ хийж, тодорхой бүтээлүүд хэвлүүлсэн эрдэмтэн судлаачид байгаа. Монголчууд дэлхийд IQ-оор манлайлж, оюун ухааны потенциалаараа шагшигдах цаг ирэх үед нийгэм ЕQ-оор цангаж эхэлсэн нь зайлшгүй энэ талын судалгааны явцыг лавшруулахад хүргээд байна.
 
Ер нь энэ талын ойлголт нийгэмд тийм ч хүртээмжтэй биш юм л даа. Та энгийнээр тодорхойлбол? Практикт суурилсан чадвар уу?
 
-EQ бол нийгэм болоод хувь хүмүүсийн амьдралд ахиц өөрчлөлтийг авчрах асар чухал ойлголт. Энэ талын асуудал чухал гэдгийг гэр бүл, албан байгууллагын хүний нөөц, хувь хүмүүс аль хэдийн мэдрээд эхэлчихсэн. Харин хэрэгжүүлэх, хэрэглэх арга зам нь бидэнд чухал. Жишээ нь зарим улс орнуудад сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын хөтөлбөрүүддээ хүүхдийн EQ-г дэмжин хөгжүүлэх багц хөтөлбөрүүдийг нэвтрүүлээд хэрэгжүүлж байна. Хүний хэт их академик мэдлэгт суурилсан амьдралын хэмжүүр нь хувь хүмүүсийг амьдралдаа болоод ажил мэргэжилдээ амжилт гаргахад чухал нөлөөтэй ч илүү их амжилт гаргах, аз жаргалтай байх, амьдралаа зөв зүйтэй залан жолоодоход нөлөө багатай юм. EQ-г энгийнээр тодорхойлбол хувь хүн өөрийн сэтгэлийн хөдөлгөөнөө таньж мэдэх, ойлгох, удирдах, бусад хүмүүсийн сэтгэлийн хөдөлгөөн, мэдрэмжийг ойлгож танин мэдэх, удирдах гэсэн үндсэн хүрээлэлд багтааж болох юм. Бид өнөөдөр өөрийн сэтгэл хөдлөл, мэдрэмжид үүсч байгаа асуудал бэрхшээлийг даван туулаагүйгээс үүдэлтэй асар олон бүтэлгүйтэл, сэтгэл зовнил, түгшүүр, стресс бухимдал дунд амьдарч байна. EQ-ын нэг онцлог нь сургалт, хүмүүжлийн явцад хөгжүүлэх боломжтой зүйл гэдгээрээ ач холбогдолтой юм. EQ буюу сэтгэлийн хөдөлгөөний ухаан нь хүний амьдралын бүхий л нөхцөл байдалд илэрч, үр дүнгээ өгч болохуйц зүйл юм.
 
Манай улсад энэ талын судалгаа ямархуу байдаг вэ? Та EQ-тэй холбоотой хувь хүний хөгжил, төлөвшил рүү чиглэсэн судалгааны ажил хийж байгаа шүү дээ?
 
-Манайд энэ чиглэлээр судалгаа хийдэг судалгааны байгууллагууд байдаг хэдий ч боловсролын салбар зэрэг чухал хэсгүүдэд EQ-ын боловсролыг олгох бодлого, хөтөлбөр зарим талаараа дутмаг. Харин зарим нэг томоохон бизнесийн байгууллагууд хүний нөөцөө бэхжүүлэх үйл ажиллагаандаа EQ-ын асуудлыг анхаарч үздэг болсон.
 
Ийм төрлийн бусад судалгаанаас таны судалгаа юугаараа онцлог вэ?
 
-Миний хувьд боловсролын салбарт ажилладаг учраас оюутан, бие хүний сэтгэлийн хөдөлгөөний оюун ухаан буюу EQ-г судлахыг хичээдэг. Боловсролыг олж авах үйл явц нь хувь хүний EQ-той салшгүй холбоотой юм. Нэг хэсэг IQ өндөр хүмүүс илүү амжилттай суралцах юм гэсэн үндэслэл, дүгнэлтүүд байсан ч одоо EQ-оо хөгжүүлснээр илүү амжилттай суралцах, цаашлаад хувийн амьдрал болоод нийгмийн хөгжилд чухал хувь нэмэр оруулах бололцоотой. Энэ нь IQ-г үнэгүйдүүлээгүй бөгөөд IQ-той эн зэрэгцэхүйц магадгүй түүнээс ч илүү ач холбогдолтой зүйл нь EQ байж болох юм гэсэн дүгнэлтүүд томоохон эрдэмтэн судлаачдын дунд байдаг.
 
Хувь хүний EQ-г үнэлж, тодорхойлж чадвал түүнийг дээшлүүлэх тухай асуудал орхигдохгүй байх?
 
-Мэдээж өмнөх түвшинг тодорхойлж чадвал хүрэх үр дүн, шийдвэрлэх арга замуудыг тодорхой болгох боломжтой. Хэрэгжүүлэх арга зам, үр нөлөө нь л хамгийн чухал.
 
Хүн бие дааж шийдвэр гаргахад EQ-ын хөгжил яаж нөлөөлдөг вэ?
 
-Сүүлийн жилүүдэд их яригдах болсон “Soft Skill” буюу уян ур чадвартай EQ нь нягт уялдах юм. Тэр дундаа хувь хүний асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргах чадваруудтай ч холбоотой байдаг. Асуудлаа шийдэх, зөв шийдвэр гаргах чадварын суурь нөхцөл нь хувь хүний тухай асуудалтай холбоо бүхий өөрийн мэдрэмж, сэтгэлийн хөдөлгөөнөө удирдах, хянан зохицуулахаас эхэлнэ.
 
Дэлхий дахинд EQ-г судлах хэрэгцээ шаардлага яаж үүссэн юм бол? Зайлшгүй нөхцөл бүрэлдсэн гэж ойлговол бодит байдалтай харшлахгүй биз?
 
-Мэдээж хүн төрөлхтний хөгжлийн чиг хандлага, хүсэл эрмэлзэл нь одоо болон ирээдүйд тулгамдаж байгаа асуудлаа зөв шийдвэрлэхэд чиглэгдэнэ. Өөрөөр хэлбэл тухайн цаг үед хамгийн чухлыг сонгох зүй тогтолтойгоор явагдаж байдаг. EQ-ын боловсрол, чадвар нь өнөөдөр хамгийн чухал хэрэгцээтэй зүйлсийн 1 болсон учраас дэлхий нийтээр ч үүнийг ач холбогдолтой гэж үзэн цаг алдалгүй хэрэгжүүлэх нь чухал болоод байна.
 
Сүүлийн жилүүдэд их, дээд сургуулиудад сэтгэл судлаачдыг бэлтгэх хөтөлбөр нэмэгдэж байна. Энэ нь нийгэмд эрэлттэй байгаагаас гадна тухайн шинжлэх ухааны ач холбогдол, үр өгөөжийг хүмүүс ойлгож эхэлсний илрэл юм болов уу?
 
-Ер нь хувь хүний сэтгэл зүйн эерэг үзүүлэлтүүдийг чухалчилдаг болсон. Бүтээгдэхүүн, технологийн хөгжил хурдацтай явагдсанаар хувь хүний сэтгэл зүйн давтагдашгүй онцлог, мөн чанарын асуудал хурцаар яригдах болсон. Бидний хүүхэд аль 1 хичээлдээ тааруухан сурах, эсвэл манай хүүхдэд гар утас байхгүйгээс технологиос хоцрогдлоо гэх айдсаас илүүтэй хүмүүжил, төлөвшлийн асуудал ээж, аав, багш сурган хүмүүжүүлэгчдийн санааг зовоох болсон шүү дээ.
 
Манай улсад ашиглагдаж байгаа сургалтын арга барил, тогтолцоо дэлхийн жишгээс хэр зөрүүтэй вэ? Өөрөөр хэлбэл чанарын тухай асуудал хөндөгдөх гээд байх шиг?
 
-Улс орнуудын боловсролын чанар, үр дүн харилцан адилгүй л байдаг байх. Манай оронд хэрэгжүүлж байгаа академик боловсрол муугүй гэж боддог. Харин уян ур чадвар, EQ-г хөгжүүлэхэд чиглэсэн хөтөлбөрүүд дутмаг, хүмүүжил, төлөвшлийг нь математик, монгол хэлний хичээлүүд шиг үнэлж хэрэгжилтийг системтэйгээр хянадаггүйд асуудал бий болов уу.
 
ОХУ эсвэл Австрали зэрэг энэ талын шинжлэх ухааны эцэг гэгдэх суурь сайн тавигдсан орнуудын туршлагаас манай улсын хөрсөнд буулгаж, нэвтрүүлсэн зүйл бий юу? Тийм бол хэр нийцтэй, зохицолдлогоотой вэ? Монгол хүний зан төрх, физиологиос хамаараад шүү дээ?
 
-Энэ бол боловсролын системээс хамаарах асуудал л даа. Зигмунд Фрэйд зэрэг онолчдын судалгаа, туршилтыг монгол хүний зан төрхөд тохируулж дахин нэвтрүүлэхийн тулд судлаачид ахиад л судалгааны эрэлд гардаг. Үүнээс гадна манай судлаачдын дэвшүүлж байгаа таамаг тэр дороо батлагдчихгүй. Мөн судалгааны үр дүн бодит байдалтай нийцэхэд тодорхой цаг хугацаа шаардлагатай гэж харж байна. Энэ талын дэлгэрэнгүй судалгааг Сэтгэл судлалын хүрээлэн шат дараатайгаар хийж байгаа.
 
Сүүлийн үед хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгээс сэтгэл зүйн тусламж үйлчилгээг хэрэглээ талаас нь олон нийтэд ойлгуулж, ухуулбал илүү үр дүнтэй гэсэн санал зөвлөмжийг нийгэмд хүргүүлээд байна. Энэ нь үнэхээр олон нийтэд хүртээмжтэй, ашиг тустай, тэдэнд цогц ойлголт өгөхийн зэрэгцээ тухайн шинжлэх ухааныг хүлээж авах иргэдийн хандлага, төсөөлөл эерэг байх уу?
 
-Надад сэтгэл зүйн туслалцаа, дэмжлэг хэрэггүй гэж боддог бүлэг хүмүүс байдаг. Гэхдээ энэхүү шинжлэх ухааны талаар зөв зохистой мэдлэг, мэдээлэлтэй байх нь таны ойр дотнын хэн нэгэнд хэрэгтэй байж болно шүү дээ. Тиймээс ерөнхий боловсролын сургуульд сэтгэл судлаачдын орон зай үгүйлэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл тэнд хэрэгцээ, шаардлага үүсч байна гэсэн үг.
 
Сэтгэл судлалын шинжлэх ухаан хүнийг хүмүүжүүлэхэд зориулагдсан юм уу, аль эсвэл зүгээр л тархины хөгжлийг л судалдаг уу? Чиг үүрэг нь...?
 
-Хамгийн энгийн томьёолол нь хүний сэтгэц, ухамсрын хөгжлийг судлан шинжилдэг юм. Тодруулбал, шинжлэх ухаан болон практикийн асуудлыг шийдвэрлэх, нээлт, ололт хийх замаар хүний болоод нийгмийн амьдралд ахиц дэвшил авчрахад л чиглэгдэх байх.
 
Нийгэмд үүсч байгаа сэтгэцийн шинэ өвчлөлүүдээс хамаараад тухайн шинжлэх ухаанд өөр судлагдахуун бий болохоос аргагүйд хүргэж байх шиг?
 
-Хүн өөрөө их хувьсамтгай амьтан. Сэтгэцийн амьтан шүү дээ. Тиймээс сайн сэтгэл заслын үр дүнд эдгэрэх боломжтой. Шинэ өвчлөлүүд бий болж байгаа нь олон янзын хүчин зүйлээс хамаарах болов уу. Тэгэхээр судлаачид эх үүсвэрийг нь тогтоогоод өвчнийг явцад нь судлаад л явна.
 
Ер нь дотооддоо бэлтгэгдэж байгаа боловсон хүчний асуудал сүүлийн жилүүдэд сайн, муугаар яригдах болсон шүү дээ. Таны байр суурь?
 
-Боловсролын тогтолцоо, түүнийг хэрэгжүүлэх механизм чухал. Гэхдээ хувь хүний амьдралын зорилго, чиглэл, сурах хүсэл тэмүүлэл, хичээл зүтгэл, чармайлт, оролдлого нь хаана сурснаас илүү чухал.
 
 
Ярилцсанд баярлалаа.
 
Сэтгүүлч Ц.ЭНХ-ОРГИЛ
Эх сурвалж: "Соёмбо" сонин