sonin.mn
ДАЛАЙН ДАШЖАМЦ ГЭЖ ХЭН БЭ?
 
Энэ хүнийг Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, академич, профессор цолтой нэгэн гэдгийг олон хүн мэдэх бизээ. Тиймээ энэ хүн барилгын салбарын эрдэмтэн дундаас төрсөн цорын ганц академич нь. Тэгэхээр бид сониныхоо “Хүмүүн судар” буландаа зочноор урьсан юм. Ярианыхаа эхэнд зочныхоо намтрыг товч танилцуулъюу.
Уугуул нутаг нь гэвэл Архангай аймгийн Эрдэнэмандал сум. Нутагтаа арван жилээ төгсөөд тухайн үеийн ЗХУ-ын Уралын политехникийн дээд сургуульд барилгын инженер мэргэжлийг сонгон суралцсан. Энд зочин маань нэг тайлбар хэлсэн нь бий.
–Би сонголтоо хийчихсэн байлаа л даа. Гэтэл намайг 10 дугаар ангиа төгссөн жил барилгын инженерийн хуваарь ирээгүй юм. Өөр төсөөлөөгүй нэг мэргэжлээр суралцах хуваарь надад өгсөөн. Би сонголтдоо үнэнч байсан тул татгалзсан. Тэгээд Улаанбаатар хотод Тоосгоны үйлдвэрт ажилчин болдог юм. Нэг жил ажилласан. Дараа нь аз тохиож хүссэн хуваарь маань ирж би барилгын инженер болсон доо гэж. 1974 онд дээд сургуулиа улаан дипломтой төгсч ирээд МУИС-д багшаар томилогдсон. Ингээд багшилж байгаад 1980-1983 онд ЗХУ-д суух Монголын ЭСЯ-ны эвлэл, оюутны байгууллага хариуцсан хоёрдугаар нарийн бичгийн даргаар ажилласан. Дараа нь 1983 оноос МХЗЭ-ийн Төв Хорооны нарийн бичгийн дарга болсон байдаг.
1990 онд нэг үгээр хэлэхэд Эвлэлийн байгууллага татан буугдахад ШУТИС-ын барилгын салбар сургуульдаа багшаар ажиллах болсон нь өөрийнх нь чин сэтгэлийн хүсэл зорилгын биелэл байж.
Ингээд 30-аад жил тус сургуульдаа багш, тэнхмийн эрхлэгч, проректор, ректор, тэргүүлэх профессор гээд цөөнгүй албан томилгоотой явсан гэдэг. Одоо Барилга архитектурын сургуульд зөвлөх багш, хичээл заахын зэрэгцээ эрдмийн ажлаа хийсээр байгаа.
1980 онд Москвагийн Барилга инженерийн сургуулийн аспирант болж улмаар “Монгол орны хөлдүү хөрсний барилгын шинж чанар” сэдвээр дэд докторын зэрэг хамгаалсан бол 1988 онд Монголдоо “Тогтворгүй бүтцийн ул хөрсөнд барилгын суурийн шийдлийг төлөвлөх онолын үндэс” гэсэн сэдвээр докторын зэрэг хамгаалсан хүн юм. Эрхэм зочинтойгоо Монголын барилгын салбарын үүсэл, замнал Улаанбаатар хотын хөгжлийн талаар хүүрнэн ярилцлаа.
 
ЭРДЭМТЭД БИД ИНГЭЖ Л АЖИЛЛАДАГ
 
 
Д.Дашжамц оросын эрдэмтэн Яков Александрович Крониктой хамтарч Основания и фундамент на мерзлых и пучинистых грунтах” нэртэй ном бичиж 2009 онд Москвад хэвлүүлсэн юм. Уг номоо хэлэлцэж байх үе.
 
–Таны эрдмийн ажлын гол чиглэл нь юу вэ?
 
-Монгол орны газрын хөрс, чулуулгын онцлог, уур амьсгалын нөхцөлд үндэслэн барилга байшингийн зураг, төслийг зохиох, тооцоо судалгааг бэлэн болгоход миний эрдмийн олон арван жилийн ажил, хөдөлмөр зарцуулагдаж байгаа гэж болно. Эрдмийн зэрэг цол хамгаалсан сэдвээс ч энэ бүхэн тодорхой байх болов уу? Дэлхий даяарт баримталдаг онолоор бол барилга бат бэх байх ёстой.
Барилга бат бэх, он удаан жил ашиглагдаж байхын нэг үндэс нь барилгын суурь бүтээц юм. Иймээс энэ талын судалгаа түүндээ суурилсан онол, дүрэм журмыг боловсруулахын төлөө ажиллаж ирлээ л дээ.
Эрдмийн ажлын гол нь судалгаанд үндэслэгддэг. Дэлхий дахинд барилга байгууламжийн эвдрэлийн 60-70 хувь нь сууриасаа шалтгаалж байдаг юм билээ.
Монголд ч тийм. Бид 10-аад жилийн өмнө Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт орших 1500 гаруй барилгад үзлэг шалгалт хийсэн л дээ. Тэгэхэд уг барилгын 60 орчим хувь нь ямар нэг эвдрэлтэй байсан. Хана туурга нь цуурсан, хагарсан, суулт үүссэн зэрэг. Улаанбаатарт ер нь монголд овойж хөлддөг цэвдэг хөрстэй газар нутаг элбэг бий. Энэ нь барилгын чанарт их нөлөөлж буй. Ийм жишээ хэлбэл 1970 онд Орхон, Сэлэнгийн сав нутагт олон Сангийн аж ахуйн төв барьсан даа. Тэдгээрт судалгаа хийж үзэхэд маш олон барилга нь нурж эвдэрсэн.
Уг нь чулуулагтай, хатуу хөрс байх боловч усанд норхоороо дэвтэж уярамтгай болдог хөрс Монголын нутагт бий. Судалгааныхаа үр дүнд үүнийг бид нотлосоон.
 
–Эхлээд судлаад дараа нь шинжлэх ухааны үүднээс онол чиглэл боловсруулдаг юм байна л даа эрдэмтэд. Үүнийгээ үйлдвэрлэлд нэвтрүүлэхийн тулд хэрхэн ажилладаг вэ?
 
-Барилга байгууламжийн зураг төсөл зохиох норм, дүрэм гэж бий. Тэгэхээр эрдэмтэд бид хийсэн судалгааныхаа үндсэн дээр ямар томъёогоор, ямар схемээр зураг төслийг зохиохов, ямар өгөгдлүүдийг ашиглахав гэсэн чиглэлийг боловсруулж өгдөг юм. Нэг бодох юм бол гадаад орны барилгын норм дүрэм манайд тохирохгүй. Зарим нөхөд аль нэг орныхыг орчуулж хуулаад хэрэглэчих юм ярьдаг. Тухайлбал Канадын норм дүрэм манайд тохирно гэж. Энэ буруу л даа. Барилгад хөрснөөс гадна уур амьсгалын онцлог их нөлөөлнө.
Канад чинь манайхыг бодвол тогтвортой зөөлөн уур амьсгалтай. Өдөр шөнийн температурын зөрүү нь бага. Тэгвэл манай орны уур амьсгал эрс тэс. Халаана, тас хөлдөөнө. Өдөр шөнийн температурын зөрөө гэж ярьвал хол шүү дээ. Иймээс өөрийн нөхцөлтэй уялдуулсан норм хэм хэмжээнд зохицуулж барилгын зураг төсвийг хийх шаардлагатай.
 
–Тэгвэл таны хэлж байгаачлан Монголд барилгын норм дүрэм гэж тогтсон нэг юм байнаа даа.
 
-Манайхан анх Оросын барилгын норм нормативыг хуулан мөрддөг байсан үе бий. Тэгвэл барилгын өөрийн гэсэн норм дүрмийг 1970-аад онд бий болгож мөрдсөн. Дараа нь материал, түүхий эдийнхээ онцлогт тохирсон Үндэсний норм дүрмийг 1990-ээд онд хийж авч мөрдөж ирлээ. Энэ нь эрдэмтэд бидний хийсэн судалгаа шинжилгээ, боловсруулсан онол-арга зүй үйлдвэрлэлд биелэлээ олж ирснийг харуулж байна гэж ойлгогдох байх л даа.
Миний хувьд өнгөрсөн жилүүдэд зарим томоохон барилгын төслийг удирдаж байлаа. Мөн 10-аад стандарт, бас тийм тооны норм дүрэм, баримт бичгийг боловсруулалцсан.Энэ нь зөвхөн судлаад дүрэм нормын чиглэл гаргаад суух биш хэрэгжилтэнд нь эрдэмтэн хүний хувьд биечлэн оролцсон гэсэн үг юм шүү дээ.
 
–Таны хувьд уншигчдад гар дээр нь тавьсан, оюутнуудын ширээний ном гээд бүтээл арвин биз?
 
-Байнаа байна. Дөч гаруй ном бүтээсэн, бүтээлцсэн байдаг юм. Тэр бүхэн ямар ашиглалттай байдгийг ч хэлж болох.Манай сургууль дээр багш нарын бичсэн ном, сурах бичиг хэнийх нь илүүтэй хэрэглэгддэг вэ? гэсэн судалгаа хийхэд миний бүтээлүүд хамгийн өндөр үзүүлэлттэй гарсан байсан… Зөвхөн нэг жилд 4500 хүн миний номыг үзсэн судалгаа байж л дээ. Тэгээд хамгийн эрэлттэй номтой багшаар шалгаруулж тэр /заав/ өргөмжлөлийг өгсөн юм.
Их, дээд сургуулиудын хэмжээнд шилдэг судлаач багшаар ч шалгарч байлаа. Саяхан даа  сургуулийнхаа шилдэг судлаач багшаар шалгарч таван сая төгрөгийн грант дагалдсан бас нэг өргөмжлөлийн эзэн боллоо. Миний өрөөний хананд буй энэ олон өргөмжлөл, гэрчилгээ эрдмийн ажлын маань нэг талын үнэлгээ юм л даа. Би энд нэг дурсамж хэлмээр санагдлаа. Миний суралцаж төгсгөсөн Уралын Их Сургууль бол Кировын нэрэмжит дэлхийд нэртэй сургууль юм шүү дээ. Энэ сургуулийн хананд нэг том лоозон бий. Үг нь “Зөвлөлтийн инженер бол дэлхийд хамгийн шилдэг инженер байх ёстой” гэсэн бий. Тэгэхээр энэ сургуулийг төгссөн юм чинь бид ч дэлхийн хэмжээний инженер байхнээ гэж омогшин бодогддог юм.
 
МОНГОЛЫН УРАН БАРИЛГЫН ТҮҮХ ГЭР СУУЦНААС ЭХТЭЙ
 
–Би энд жирийн иргэн хүний хувийн бодлоо хэлье л дээ. Монголын барилгын түүх хэдийнээс эхлэх вэ? гээд бодоход эртний ямар улбаатайв гэдгийг нэг их анзаардаггүй. 1900-гаад онд орчин үеийн барилгын үүссэн гэж хариулам санагддаг.
 
-Эрдэмтэн хүний хувьд би монголын барилгын түүхийг бүр эртнээс эхлэлтэй гэж хэлнэ л дээ. Монголын хот байгуулалт, уран барилгыг манай эриний өмнөх үеэс үүсэлтэй гэж үздэг. Яагаад гэвэл хадан агуй зэрэг оромжид амьдарч байсан эртний монголчууд гэр сууцыг анх бий болгосон байдаг. Энэ нь барилгын архитектурын түүхийн эхлэл яах аргагүй мөн юм.
Д.Майдар гуай номдоо “Монголын барилгын архитектурын өв нь гэр” гэж тодорхойлсон байдаг. Нөгөө талаасаа барилга барих хот байгуулалтын ухаан Монголын эзэнт гүрнүүдийн үед үүссэн. Баримт гэвэл Хүннүгийн үед хот балгад олон байсан нь археологийн судалгаанаас мэдэгдсэн. Лав 15 хот байсан нь тодорхой болсон юм шүү дээ.
Тэр дотроос Их Монгол улсын үеийн Хар Хорум хот байна. Дайн байлдааны хөлд бас он удаан жилийн явцад баларч сүйдсэн ч Хархорумыг маш том хот байжээ гэж гадаадын эрдэмтэд, археологчид бичсэн бий. Хувилай хааны ордон, мөнгөн мод энэ тэр гээд л судалсан байдаг. Бас тэндээс хойших нь Уйгарын хар хотын туурь бий. Энэ хотын балгас дээр очиход үнэхээр том хот байсан ул мөр ажиглагддаг.Арабын нэг жуулчин юу гэж бичсэн бэ? гэвэл энэ Хар хот нь баян тансаг, сүрлэг хот байжээ гэж дурссан байдаг.
Археологийн малтлагаас дан чулуугаар барьсан барилгатай, газар доогуур ус дамжуулах хоолойтой, шалнаасаа дулаанаар халдаг төхөөрөмжтэй байсан нь судлагдсан гэдэг. Хар хорумд ч ялгаагүй. Тэнд барилгын материалын үйлдвэрүүдтэй байж газар дор тоосго шатаадаг байсан ул мөр олдсон гээд.
Бас манай Архангайн нутагт Хар хул хааны балгас гэж байдаг. Энэ нь Монголын сүүлч үеийн Элбэг даян хаан зургаахан жил засаглах цагт боссон хот гэдэг юм билээ. Сүүлд баруун монголын довтолгооны үед Галданбошигтын Манжтай хийсэн тэмцлийн явцад олон хот сүйдсэний нэг нь энэ хот гэж түүхэнд тэмдэглэсэн байгаа. За тэгээд зүүн талд Аураг /Аварга тосон/ Хэрлэн барс гээд том хотууд байж л дээ.
 
–Бүр эртний түүх ийм байж. Тэгвэл монголчууд байшин барилга гэж мэдэхгүй үе бас байсан шиг. Тухайлбал 1900-гаад оны эхэнд Богдын хүрээ сүүлдээ Нийслэл хүрээ гэж байх үед орчин үеийн барилга гэж байсангүй. Ганц хоёр сүм дуганаас өөр юмгүй. Дан гэр байсан түүхэн зургууд бий.  Ямар сайндаа “Эсгий хот” нэртэй байсан үе ч байдгийг түүх гэрчилдэг.
 
-Тийм л дээ. 1921 оны Ардын хувьсгалаас өмнө Нийслэл хүрээ чинь шашиныхан голдуу төв хэсэг Гандан орчим, Амгаланбаатар буюу Наймаа хот, Дамбадаржаагийн хэсгээс л бүрдэж байж.
Тэгвэл 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний дараагаас гадаадын худалдаачид, пүүсийнхэн байшин барилга барьж эхэлсэн. Үүнийг орчин үеийн барилгын эхлэл гэж үздэг.
 
–Монголын барилгын түүхээс үзэж байхад дан мод, шавраар барьсан байшин анх боссон гэж бичсэн байна л даа. Анхны байшин гэхэд цахилгаан гэрлийн хорооны байшин. Консулд Европ хийцийн анхны хоёр давхар байшин гэсэн байдаг. Үүнээс хойш жижиг ч гэсэн олон байшин баригдсан. Харин тэдгээрээс одоо бараг ганц хоёрхон байшин үлдэж. Уг нь уран барилгын дурсгал гээд хадгалж байсангүй дээ. Манай монголчууд…?
 
-Ер нь бол барилгыг жижиг гэлгүй хадгалж хамгаалж байх нь зөв юм шүү дээ. Улаанбаатар хот 370 гаруй жилийн түүхтэй гэж байна. Гэтэл анхны барилга байгууламж энэ гээд хүнд үзүүлэх юм тун цөөн үлдээд байна. Би жишээ хэлье. Австралийн Брисван гэдэг хотод очиж үзлээ л дээ. Энэ улс Английн колончлолоос гараад бие даасан  байхын тулд анхны засаглалаа тогтоож захирагч /амбан/-аа томилсон байна. Түүнийхээ дурсгалд зориулсан том хаалга босгосон нь одоо хүртэл байгаа бөгөөд энэ хотын нэг билгэдэл нь юм билээ.
Уг нь модон барилгыг ч сайн хамгаалбал он удаан жил хадгалж болдог юм байна. Японд 3600 жилийн настай модон сүм бий. Скандинавын орнуудад бас 5000-6000 жилийн өмнө баригдсан барилга байна. Хоёр мянган жилийн настай салхин тээрэм хүртэл тэнд түүхийн дурсгалт зүйл гэгдээд хэвээр байж байна шүү дээ.Гэтэл монголчууд тийм дурсгалт байшинг эвдэж нураагаад л суурь дээр нь шилэн байшин босгож байгаа юм. Байшин барилга түүхийн жинхэнэ бодит дурсгал мөн.
 
БАРИЛГЫН ХӨГЖИЛ 1970-1990 ОНД ӨНДӨР ТҮВШИНД ХҮРСЭН
 
Нийслэл хүрээ 1910-аад он.
 
Улаанбаатар 1980-аад оны эхэнд.
 
Өнөөгийн Улаанбаатар.
 
–Орчин цагийн барилгын тухай яръя гэвэл Ардын Хувьсгалын дараахнаас эхлэх учиртай байх. Нийслэл хүрээ нь хувьсгалын өмнө Ази, Европдоо хамгийн хоцрогдсон хот гэгдэж байлаа. Тэгвэл 1923 онд хуралдсан Намын II их хурлаас барилгын анхан шатны ажлыг улсын сангаас эрхлэх тусгай газар байгуулах чиглэлийг гаргасан бол 1926 оны VI сард Аж Ахуйн Явдлын Яамны харъяанд барилгын ажлыг хариуцах Монголын хувь нийлүүлсэн хоршоог буман төгрөгийн хөрөнгөтэйгөөр байгуулсныг Монголын барилгын байгууллагын үүсэл гэж үздэг юм билээ. Цааш нь мөн оны X сард Барилгын хэлтэс 1927 онд Зураг төслийн контор, 1930 онд Аж үйлдвэрийн комбинатыг барихтай холбогдуулан “ПромМонголстрой” хэмээх хувь нийлүүлсэн байгууллага бий болсон. Ер нь 1926-30 онд барилгын байгууллага цогцоороо бүрдсэн гэж түүхийн бичлэгт байхыг уншлаа л даа.
-За тиймээ. Тухайн үеийн хөгжлийн суурь дэвсгэр монголд байсан уу гэвэл байсаан. 1921 оны хувьсгал ялах үед 4000 гаруй сүм дугана, 700 гаруй хүрээ хийдтэй байсан гэдэг шүү дээ.  Богдын өргөөг барихаас эхлээд барилгын ажил багагүй байж.  Өмнө нь Амарбаясгалант хийдийг Өндөр гэгээний дурсгалд зориулж Манжийн талын хөрөнгөөр барьж томоохон хот бий болсон байв.  Энэ бүхэн Монгол барилгын их уламжлалтай холбоотой юм.
Харин хувьсгалаас өмнө баригдсан барилга, байшингуудын түүхийн баримт тод биш боловч гадаадын жуулчдын авсан зураг сэлтэд үлдсэн. Нийслэл хүрээ буюу Улаанбаатарын түүх ч мөн адил. Анх барилга барих хүн хүч юу байв гэвэл бас л сонин л доо. Шийтгэгдсэн лам нар, олзлогдсон Японууд 505-ынхан гэж нэрлэгдэж байсан Власовын ангийн орос хоригдлууд гол хүч байсан.Тэдний хүчээр ноос болон түүхий эд боловсруулах үйлдвэр төмөр зам баригдаж эхэлсэн. Тухайлбал Хатгалын ноос угаах үйлдвэр байв.
Мөн Япончууд Дуурийн театр, Элдэв-Очир кино театрыг, Монгол банкны барилгыг Германууд барьсан гэдэг.Энэ уламжлал дээр тулгуурлан барилгын байгууллагууд үе шаттай бий болж үйл ажил нь өрнөн хөгжсөн.
1930-аад онд Улаанбаатар гэхэд сургууль соёлын болон үйлдвэр, уурхай олноор баригдаж орчин үеийн хот байгуулалтын эхлэл тавигдсан бол Төв эмнэлэг, хотын намын хороо, Багшийн сургууль, Сангийн яам, Улсын Их Сургууль, Засгийн газрын ордон гээд эхний үеийн барилга олон боссон байдаг. Багцалж хэлэхэд социализмын үед барилгын байгууллагыг өргөтгөж, барилгыг шинжлэх ухааны үндэстэйгээр хөгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөөтэй болсон. Хот, аймгийг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө хүртэл зохиож хэрэгжүүлснээр аймаг, сумын төвийг тохижуулж 1960-70-аад онд бригадын төв хүртэл барилгажиж контор, улаанбулан, халуун устай болж байлаа.Улаанбаатарт хүн амын суурьшил нэмэгдсэнтэй холбоотойгоор 40,50 мянгатын орон сууц баригдсан.
 
–Их барилгын тухай түүхийг товчоор хэлэхэд ийм юм байна. Ер нь Монголын барилгын хөгжлийн оргил үе хэдийд байсан бэ?
 
-Би багцлаад ойлголт өгөх гэж оролдъё л доо. Барилгын хөгжлийн үсрэлт болсон гэх үе бол 1970-1990 он л доо. Дархан, Эрдэнэт хотууд баригдсан. Өндөр хүчдлийн шугамд нутгийн төв хэсэг бүрэн холбогдсон. Хатуу хучилттай зам, гүүрүүд баригдсан, газар тариалангийн үйлдвэрлэл өргөжснөөр САА, үр тарианы үтрэм, гурилын үйлдвэрүүд гээд бүтээн байгуулалт их өрнөсөн.Барилгыг хөгжүүлнэ гэдэг чинь үйлдвэрлэлтэй зэрэгцүүлж материалаа, бүтээцээ хөгжүүлэхийг хэлдэг.  Иймээс барилгын трестүүд, байшин үйлдвэрлэх комбинат гээд мөн байгуулагдаж байлаа.
 
–Тэгэхээр бид хоёр барилга хэрхэн хөгжсөн тухай тоймлон ярьлаа. Одоо барилгатай холбоотой, Улаанбаатартай холбоотой зарим асуудалд жаахан анхаарвал ямар вэ. Хуучны барилга байшинг сэргээнэ гэж манайд байхгүй юм. Нурааж хаяад л өөр юм барьчих юм. Сая хуучин хэвлэх үйлдвэрийн байшингийн нэг хэсгийг сэргээлээ. Гэтэл огт өөр шилэн байшин болгочихлоо. Уг нь энэ байшинг Улаанбаатарын таних тэмдгийн нэг байсан шүү дээ.
 
-Тиймээ. Цоо шинэ бүтээц, материал хэрэглэж байгаа ч гэсэн өнгө төрхийг хэвээр хадгалах нь зөв юм. Хотын түүхтэй холбоотой онц чухал байшинг хуучин хэв маягийг өөрчлөхгүйгээр сэргээж барина гэдэг нэг талдаа соёл. Гэтэл манайд үг зүггүй л буулгаад хаячихдаг. Тэгэхийг зөвшөөрч байгаа удирдах хүмүүсийн соёл ахуйн мэдлэг ч дорой байгаа хэрэг.
 
–Таны эрдмийн ажлын сэдэв бас мэргэжилтэй чинь холбоотой нэг асуулт байна. Нийслэлийн Сэлбэ голын сав, Ногоон нуур орчимд цэвдэгтэй барилга барьж болохгүй мэт  яригддаг үе байлаа. Гэтэл одоо тэнд барилга бариад хороолол босгоод байна. Үүний учир юу вэ?
 
-Ер нь бол голын хөндий болон намагжсан газарт барилга барихад хүндрэл бий.  Гэхдээ барилга барьж болохгүй юм биш. Харин бид судалгааныхаа үндсэн дээр тэр газруудад таваас дээш давхартай барилга барьж болохыг тогтоосон. Газар 4-5 метрт овойж хөлддөг. Тэр овоолтын хүчийг дааж чадах даац таваас дээш давхар барилгад байдаг юм. За тэгээд тийм барилгын суурь нь ямар байхав, усыг хэрхэн зайлуулхав гээд олон талын тооцоо судалгааг бид хийсэн, зөвлөмжөө гаргасан. Үүний дүнд энд барилга барих зам нээгдсэн гэсэн үг. Би энд нэг зүйлийг дурсаж яръя. ЗХУ-ын тусламжаар гурав, дөрөвдүгээр хорооллыг барих болоход бид Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт барих санал гаргасан. Дээдчүүл зөвшөөрөөгүй тэр баруун дэнжид барьсан. Яагаадав гэхээр тэр долдугаар хороонд барилга барьж болох тооцоо судалгаа онолын үндэслэл нь бэлэн байсан ч найрамдалт нөхдийн бэлгийн хорооллыг барьчихдаг. Эвдэрч гэмтвэл асуудалтай гэж бодсон шиг байгаа юм.
 
ӨНӨӨГИЙН УЛААНБААТАР ХОЛИМОГ ХУУРГА ШИГ ХОЛИЛДСОН ХОТ БОЛСОН
 
–Улаанбаатар хотыг барилгажуулах хөгжүүлэх анхны ерөнхий төлөвлөгөөг 1954 онд анх хийсэн. Түүнээс хойш бас 4-5 удаагийн төлөвлөгөөг гаргасан байдаг. Эдгээр хэтийн чанартай төлөвлөгөөнүүд хэр хэрэгжсэн юм бэ?
 
-Хэтийн чанартай төлөвлөгөө бол шинжлэх ухааны маш нарийн үндэслэл, судалгаа тооцоотой байх ёстой. Чиглэл нь хот ямар барилга байшинтай байхаас эхлээд хүчин чадал, багтаамж нь хэдэн мянган хүнд үйлчлэх юм. Ямар ямар үйлдвэртэй, хэсгүүдтэй байх юм гэдэгт хамаарна л даа.
Эхний гурван удаагийн төлөвлөгөө бол тун гайгүй хэрэгжсэн.  Харин сүүлийн төлөвлөгөөний үед хот ч өргөжсөн, зах зээлд шилжсэн цагт хотыг удирдаж байгаа хүмүүсийн алдаанаас болоод хэрэгжих нь саарсан.
Удирдах хүмүүсийн алдаа юу байсан бэ? гэвэл уг төлөвлөгөөг хэ­рэг­жүүлэхийн гол утгыг ойлгоогүйгээс хотод газрыг ухаалаг бусаар хувьчилчихсан. Үүнээс болоод дур дураараа барилга барьж хот төлөвлөлт учир замбараагаа алдсан. Мэргэжлийнхэн бид урьд нь төлөвлөгөөнд заасан зурвасуудаа хувьчлахгүй байгаач гэж сануулсан. Огт тоогоогүй. Уршиг нь буруу хувьчилсан газраа зам барих гэж өндөр үнээр худалдаж авч байгаа юм л даа. Барилга гэдэг чинь ерөөсөө эцсийн эцэст аюулгүй орчинг бүрдүүлсэн байх учиртай. Гэтэл барилга барина гэсэн ганц бодлоос болж Улаанбаатарт олон барилга, төрийн болон үйлчилгээний газрууд орох гарцгүй, машины зогсоолгүйгээр баригдчихсан.Энэ нь Төрийн байгууллага яг тодотгож хэлбэл хотын газрын албадын бодлого буруугийнх л даа.
 
–Одоо зургадугаар ерөнхий төлөвлөгөө хийнэ гэж байна. Тийм боломж бий юу?
 
-Нэгэнт барьчихсныг нь нураалтай биш сайжруулах арга замыг зөвөөр олж урьдчилан сайн судалгаан дээр суурилж хийх ёстой л доо.
 
–Хотын захиргааг Яармаг руу нүүлгэнэ гээд л байна. Үүнийг эхэлж сэдсэн хүн нь Э.Бат-Үүл. Энэ зөв үү. Бусад орны хотуудад ийм жишиг байдаг юм уу?
 
-Манайхан туйлшраад л байдаг жишээ энэ. Хотын захиргаа гэдэг чинь иргэддээ үйлчлэх байгууллага учир хотын төвдөө л байдаг жишиг дэлхийд бий.
 
–Бас их, дээд сургуулиудыг хотоос гаргана гээд л ярьдаг. Энэ бас нэг асуудал байх?
 
-Тийм яриа бүр эртнээс яригдсан. Манай сургууль хотын зах руу суурьшихаар Найрамдал зуслангаас наашхи нь Баянголын аманд 20 гаруй га газар авч цогцолбороо барихаар болсон. Зураг төслөө хийгээд барилгаа барьж эхлэх гэтэл “Өө танайх тэгэхгүй. Налайх нүүлгэнэ” гэсэн. Ингээд гацаачихсан. Сүүлд Багануурт аваачих ч юм дуулдсан бүтээгүй. Тэгсэн одоо ямар яриа байнав гэвэл одоогоор “эхийнхээ хэвлийд байгаа” Майдар хот гээчид их, дээд сургуулиудыг төвлөрүүлнэ гэх боллоо. Уг нь улсын брэнд гэхээр сургуулиуд нийслэлдээ байх нь зохимжтой байдаг.  Нөгөө талаар оюутан гэдэг бүлэг чинь соёл дамжуулагчид юм шүү дээ. Бидний үед оюутнуудаар нь тухайн улсын соёлыг төсөөлдөг байсан даа.
 
–За тэгвэл Улаанбаатарыг метротой болгоно гэсэн яриа бас бий. Ийм боломж байгаа юу?
 
-Боломж  бол бий. Ер нь Улаанбаатарт метроны урьд хойд, баруун зүүн гэсэн хоёр шугам байхаар бодож төлөвлөж байсан удаа бий. Амгалан-Толгойт, нөгөө нь Долоон буудал-Төв аймаг гэж. Богд уулыг нүхлэх төсөл ч яригдаж байлаа. Зайсангийн амыг барилгажуулахгүй байсан нь үүнтэй холбоотой.  Харин одоо бол зөвхөн хотын баруунаас Зүүн тал руу метро барьж болно. Мөнгө хөрөнгө нь байвал болохгүй асуудал биш.
 
–Газар дорхи дулааны болон цахилгааны шугам сүлжээг зайлуулж байж барих уу?
 
-Үгүй шүү дээ. Барилгын суурь тэр шугам сүлжээнүүдээс доогуур 30-40 метрийн гүнд метрог барина. Асуудалгүй. Японд хоёр арлыг холбосон метрог далай доогуур 140 метрийн гүнд барьчихсан бий. Оюутолгойн уурхайд 1300 метрийн дор метро бий болчихоод үйлдвэрлэл явуулаад байна шүү дээ.
 
–Улаанбаатарт орчин үеийн өндөр барилгууд баригдаж байна. Тэдгээр нь газар хөдлөлтийг даах чадвар нь хэр байдаг юм бэ? Улаанбаатар чинь газар хөдлөлийн идэвхтэй бүсэд багтдаг гэдэг …
 
-Барилга, байгууламжийн газар хөдлөлтөд тэсэх чадварыг тооцох төсөл, норм дүрэм гэж байдаг юм. Түүнийг 2009 онд хийсэн шиг санагдаж байна. Тэрнээс өмнө баригдсан барилгууд нь одоогийн шаардлагыг хангахгүй гэсэн үг. Тэгвэл тэдгээрийг паспортжуулаад ангилалд оруулаад хүчитгэх ёстой.  Монголд 51 метрээс дээш өндөртэй 16 давхар барилгыг өндөр барилгад тооцдог. Энэ нь олон улсын эрдэмтдийн судалгааны дүнд тогтоогддог.
Энд сонин жишээ хэлье. Өндөр барилга газар хөдлөлийн эсрэг савладаг савлууртай байдаг. Жишээ нь Тайванийн  “Тайпай 101” нэртэй барилга зуун нэгэн давхар. Энэ байшингийн 83-86 давхар нь  ашиглалтгүй.  Зөвхөн тэр дүүжин савлуурт зориулагдсан байдаг юм гэсэн. Барилга өндөрсөөд л байвал ийм механизмтэй байх нь чухал юм.
 
–Барилгын үйлдвэр­лэлийн явцад хийх хяналт манайд хэр чанартай байдаг вэ?
 
-Дутагдал бий. Энэ нь жинхэнэ хяналтын мэр­гэ­жилтэн байх­гүйтэй холбоотой. Зарим оронд барилгын хяналтын инженерийг тусад нь бэлтгэдэг. Жирийн инженерүүдээс илүүтэйгээр барилгын хууль дүрэм, эрх зүйг су­дал­сан, барилгын бүтээц юмыг  зураг төслөөс нь эхлээд хянаж чадах чадвартай хяналтын инженер байх ёстой. Тийм инженер бэлтгэгдээгүй учир технологи зөрчигдөж байна уу үгүй юу гэдэгт бүрэн дүгнэлт хийж шаардлагаа зөв тавьж чаддаггүй юм л даа. Манай хяналт хийж буй инженерүүд зургийн дагуу л гээд байдаг. Зураг алдаатай байвал яахав мэдэхгүй л байгаа.
 
–Улаанбаатар хот орчин үеийн олон барилга хороололтой болж өргөжиж байна. Үүнийг гадныхан юу гэж дүгнэдэг бол. Таны танил мэргэжлийн хүмүүс.
 
-Гадны танилууд хэлэхдээ танай Улаанбаатар сайхан хөгжиж гоё болжээ л гэдэг. Жаахан үг яриа халаад мэргэжил нь санагдахаараа зохион байгуулалтгүй хөгжсөн байна гэх юм билээ. Аргагүй юм даа. Хаана очиж юу үзэж болох нь мэдэгдэхгүй, зам гудамжны тэмдэглээ байхгүй. Төөрдөг байшин шиг л болчихсон. Ингэж дүгнэдэг юм байна лээ дээ.
 
–Улаанбаатар хотыг ер нь хаанахын хот гэж нэрлэвэл зохистой вэ? Азийнх уу, Европынх уу бүр барууны гэсэн тодотгол таарах болж байна уу?
 
-Алиных нь гэж хэлэх аргагүй. Үлгэрлээд хэлбэл холимог хуурга шиг л юм юм холилдчихсон шинжтэй.
Уг нь гадны хотууд бол хуучин хэсэг нь хуучнаараа,  шинэ хороолол барилга нь тусдаа төрөлжсөн байдалтай байдаг юм. Тэгвэл манайх Улаанбаатар шинэ хуучнаа холиод хаячихсан. Гэр хороолол дунд шилэн байшин байж ч магадгүй.Цыгануудын хувцас шиг алаг эрээн юм байх болж. Хуучны өнгө төрхийг олж харах хэсэг ч алга.
 
–Сүхбаатарын талбайг яаж тов тогтоосон тухайд Ю.Цэдэнбал даргын дурсамжид:
 
–Нэг өдөр Х.Чойбалсан биднийг дагуулаад театрын үүднээс баруун тийш яг 300 алхам яваад нийслэлийн төв талбайн хэмжээг хааш хааш нь 300 метр байлгахаар шийдвэрлэсэн гэж. Тэгээд Сүхбаатарын талбайн тэр хэмжээ одоо ч хэвээр байгаа.
 
-Манай төв талбай боломжийн сайхан талбай шүү. Даанч эргэн тойрныг нь авах юмгүй болгочихлоо. Париж хотын төв талбайгаас жишээ авсан юм гэдэг.
 
–Төрийн ордны ойр өндөр барилга бариулах нь буруу гэдэг юм билээ.
 
-Тиймээ. Уг нь аюулгүй байдалтай холбоотойгоор тийм санаа байдаг юм гэсэн. Гадаад орнуудад ийм зарчмыг баримталдаг.Японы хааны ордон ямар билээ. Бүр зайдуу ердөө хоёр давхар байшин л байдаг. Манай хуучны архитекторчдын нэг санаа бий. Төрийн ордноос урагш задгай харагдаж байлгахын тулд өндөр барилга бариулахгүй гэдэг байсан. Гэтэл одоо яав. Утга санаа нь ойлгомжгүй муу архитектуртай, хэлбэр дүрсгүй өндөр барилгууд барьчихсан байгаа. Миний бодол бол төрийн ордон бусадтай уусаад сүрлэг байдал нь дорой харагдах боллоо гэж санадаг.
 
–Архитектур гэснээс улбаалж асуухад Улаанбаатарт 1980-аад онд өвөрмөц хийц донжтой барилгууд боссон юм шиг санагддаг. Мэдээллийн төв, Лениний музей, Соёлын төв өргөө мэт.
 
-Ер нь бол дэлхийн II дайны дараа буюу 1948-1949 оноос сонгодог хэлбэрийн өвөрмөц архитектуртай барилга баригдаж эхэлсэн байдаг. Тухайлбал Дуурийн театр, МУИС, Төв номын сан, Элдэв-Очир кино театр, Төрийн ордон гээд л. Энэ хуучин барилгууд их тансаг харагддаг юм шүү дээ. Иймэрхүү барилгад хүн ороод өндөр сэтгэгдэлтэй гардаг гэдэг.
Түрүүнд төв талбай орчимд өндөр барилга барих нь зөв эсэх тухай ярилаа. Бодь цамхаг гэж барилга байна шүү дээ. Энэ барилгын төслийн удирдагч нь би. Тэгээд зургийг хийхэд зөвлөхдөө Элдэв-Очир кино театр гэдэг дээр үеийн байшингийн дэргэд шууд өндөр шилэн байшин зохихгүй шүү дээ гэж.  Тэгээд нүүрэн талд нь ердөө дөрвөн давхар үндэсний маягийн чимэглэлтэй байшин, ард нь өндөр барилга баригдсан. Энэ зөвдсөн. Тэгвэл одоо Централ тауэр, талбайн урд талын заазуур шиг гэгддэг байшин гээд хотын ансамбль эвдсэн байгууламжууд бий болсон. Энэ бол хамгийн бүдүүлэг зүйл гэж би боддог. Улаанбаатарын уламжлалтай юм гэж бараг устлаа. Оросын Томск гэж хотод 16-17 зууны үеийн модон байшингууд яг хэвээрээ хадгалагдаж байгааг харахад сайхан л юм билээ.  Нэг байшинд “Л.Н.Толстой энд “Галош” гэдэг шүлгээ бичжээ” гэсэн бичээс байх жишээтэй. Түүх гэдэг энэ. Энэ мэтээр бусад орны хотуудад хуучин барилга байгууламжийн хувьд орчин үеийн хороолол, барилга нь тус тусдаа байдгийг үзэж л явлаа.
 
 
Д.Цэрэннадмид
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин