sonin.mn
ВАШИНГТОН. /CNN/. Мексикийн хилээр дамжин АНУ руу орох зорилготой Төв Америкийн цагаачдын цувааг зогсооход тусламж үзүүлэх 800 цэргийг Мексикийн хил рүү илгээх тушаалд АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жеймс Маттис гарын үсэг зурах төлөвтэй байна.
Цэргүүдийг хаанаас татах, тэдний даалгавар юу байх вэ гэх зэрэг тушаалын нарийвчилсан мэдээлэл дээр ажиллаж байна гэж албаны хүмүүс мэдээлжээ.
Цэргүүдийн зардлыг Пентагон гаргана гэж Д.Трампын Засаг захиргааны албаны хүмүүс мөн мэдэгджээ. Гэвч АНУ-ын Дотоод хэргийн яам энэ зардлыг Пентагонд нөхөн олгох нь тодорхойгүй байна.
“Эдгээр цэрэг нь иргэний асуудал хариуцсан албаны хүмүүст дэмжлэг үзүүлэх бөгөөд цагаачидтай шууд холбоо тогтоохгүй. Цэргүүд зэвсэглэсэн бол энэ нь өөрийгөө батлан хамгаалах үндэслэлтэй байх болно” гэж албаны хүмүүс онцолжээ.
Үүний зэрэгцээ АНУ-ын Ерөнхийлөгч цэргийн хүч ашиглахыг уриалсны дараа Мексикийн хил рүү цэрэг илгээ гэж Цагаан ордноос Пентагонд шахалт үзүүлж байгааг албаны хүмүүс мэдэгдээд, хууль сахиулах ажиллагаанд цэргийн хүч ашиглахыг хориглох одоогийн хуулийг энэ ажиллагаа зайлшгүй дагаж мөрдөх шаардлагатай байгааг дурдсан байна.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг