sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 12-ны өдрөөс хоёр сарын хугацаатай Гэлт зэвсгийн тооллого эхэлж буйтай холбогдуулан Цагдаагийн байгууллагаас мэдээлэл өгөв. Бичиг баримтгүй, эх сурвалжгүй галт зэвсгийг ямар нэгэн хуулийн хариуцлага тооцохгүйгээр бүртгэж байгааг онцлов.
Лицензийн төвийн дэд дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбат, “Монгол Улсын галт зэвсгийн тухай хуульд заасны дагуу уг хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, иргэн хуулийн этгээдийн эзэмшилд байгаа галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгслийн тооллогыг жил бүр цагдаагийн байгууллага хийнэ хэмээн заасан. 
Энэ хүрээнд улсын хэмжээнд Галт зэвсгийн тухай хууль, холбогдох журмын хэрэгжилтийг хангах зорилготой ЦЕГ-ын даргын энэ оны А/245 дугаар тушаалаар ажлын хэсэг гарч энэ сарын 12-ноос 12 дугаар сарын 12 хүртэл галт зэвсэг түүнтэй адилтгах хэрэгслийн тооллогын ажлыг эхлүүлсэн.
Тооллогын хүрээнд галт зэвсгийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, бүртгэлгүй галт зэвсгийг бүртгэх, галт зэвсгээр үйлдсэн гэмт хэргийг илрүүлэх, эрэн сурвалжилж буй галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгслийг илрүүлэх, бүртгэх, ажлыг зохион байгуулна.
Тооллогод хамрах иргэд галт зэвсгийн аюулгүй байдлыг ханган, галт зэвсгийн гэрчилгээ, өөрийн иргэний үнэмлэх эсвэл хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хамт тухайн орон нутгийнхаа цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтанд ирж бүртгүүлнэ.
 
Шинээр бүртгэхдээ тухайн галт зэвсгийн эх үүсвэрийг шаардахгүй, иргэдэд хүндрэл учруулалгүй, шуурхай бүртгэж үйлчилж байгаа. Мөн бүртгэлгүй галт зэвсэг эзэмшигчид ямар нэгэн хуулийн хариуцлага тооцохгүйгээр гэрчилгээжүүлнэ" гэв.
 
НЦГ-ын ахлах мэргэжилтэн, ахмад С.Лхагвадорж, "Бичиг баримтгүй, эх сурвалж нь тодорхойгүй галт зэвсгээ бүртгүүлэхдээ галт зэвсгийн тухай хуульд заасны дагуу тухайн иргэн галт зэвсэг ашиглах, хэрэглэх, аюулгүй ажиллагааны сургалтад хамарсан гэрчилгээ болон иргэний үнэмлэх, оршин суугаа хорооны тодорхойлолт, зохих төлбөрийг төлсөн байх бөгөөд шүүхийн шинжилгээний хүрээлэнд уг галт зэвсгийг шинжилсэн дүгнэлтийг хавсаргаад тухайн иргэн нийслэлд оршин суудаг бол Нийслэлийн цагдаагийн газарт, орон нутгийн иргэн тухайн харьяа нутаг дэвсгэрийнхээ цагдаагийн байгууллагад хандана” гэв.
Иргэд энэхүү тооллого бүртгэийн ажилд идэвхтэй оролцохыг цагдаагийн байгууллагаас уриалав.
 
С.Мөнхбаатар
Эх сурвалж: Монцамэ агентлаг