sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Боксчин Нэргүйн Энхбат 30 жилийн өмнө 1988 оны 10 дугаар сарын 02-нд боксын 60 кг-д олимпийн хүрэл медаль хүртэн, Монголын спорт, боксын түүхэнд шинэ хуудас нээсэн.
Монголын боксчдын олимпийн анхны медаль, Сөүлийн олимпоос манай баг тамирчдын авсан цорын ганц медаль байснаараа үнэ цэнэтэй шагнал юм. Гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан энэ үйл явдлыг тохиолдуулан “Тамирчны алдар”-аа зохиосон нь спортын сүлд дуу болж түгсэн. Н.Энхбат Кубын Орта, Эррера зэрэг олимп дэлхийн аваргууд, бөмбөрцгийн хамгийн шилдэг боксчдыг олон удаа, илт давуу буулган авч, ур чадвараараа шагшигдаж явсан билээ.
Дэлхийн шилдэг боксчдыг бүгдийг нь илүүрхэн хожиж явсан Н.Энхбат үүнээс ч илүү амжилт гаргаж, олимп, дэлхийд түрүүлэх боломжтой байсан юм. Ид торгон иртэй үедээ буюу 23 настайдаа 1985 оны дэлхийн аваргад визний асуудлын улмаас өрсөлдөж чадаагүй бол 1984 оны олимпод социалист улсууд оролцохоос татгалзсанаар онцгой чухал мөчлөгөө алдсан юм. Олимпийг орлуулж соц орнуудын дунд зохион явуулсан “Найрамдал-84” тоглолтын аваргын төлөө олимпийн хошой аварга Анхель Эррератай энэ тэнцүү тоглосон ч шүүгчдийн 2:3 саналаар мөнгөн медаль авсан.
 
 
Сөүлийн олимпийн мөнгөн медалийн төлөөх тоглолтонд Шведийн Георг Крамнег хурд, техникээр илүүрхсэн ч Германы боксчинд түрүүлэх замыг нь засч, өрсөлдөгчийнх нь гарыг өргөсөн. Н.Энхбат олимпийн аварга болсон Германы боксчныг нутагт нь биедээ нэг ч хүргэлгүй шахам 5:0-оор илт давуу ялсан түүхтэй. Н.Энхбат БНМАУ-ын Спортын гавъяат мастер хэмээх цол, тэмдгийн хамгийн сүүлчийнх нь эзэн, хоёр нийгэм шилжих хүнд хэцүү үед ёстой л борцтой шөлөө буцалгасаар бор зүрхээрээ ийм амжилтанд хүрсэн. Азийн аварга, А зэрэглэлийн “Химийн цом”, “Алтан бүс” тэмцээнд тус бүр 2 удаа түрүүлсэн, улсын 6 удаагийн аварга, дэлхийн шилдэг боксчдын жагсаалтанд 7 удаа бичигдсэн.
Н.Энхбат булган сүүлтэй байж, Монголын боксчид олимпоос 1 алт, 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртээд байна. Тэрбээр МУИС-ийг төгссөн, эдийн засагч мэргэжилтэй, Америкт олон жил аж төрж байгаад эх орондоо буцаж ирсэн юм.
“Хүлэг” брэнд/Khuleg Mongolian Brand/-ээс дурсгалын футболкоо Сөүлийн олимпийн бэлгэдэл дээр үндэслэн Нэргүйн Энхбатын ид үеийн зураг, хүрэл медаль, онцлох тоглолтын агшнуудаар чимэглэв. Гавьяат тамирчин Н.Энхбатад өөрт нь дурсгал болгон гардуулсан байна.
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг