Түм бужигнасан их хотын амьдралаас түр амсхийж, холын аялал, хүлээж буй адал явдлын тухай бодох нэг л сайхан. Галт тэрэгний хүнгэнэх чимээ, хажуу өрөөний бүсгүйн цангисан инээд, хааяахан хаалгаар шагайх үйлчлэгч бүсгүйн дотно төрх. Энэ бүхэн нэг л сонин бас шинэхэн. Сэтгүүлч мэргэжил сайхан. Олон газар очиж, олон хүнтэй танилцах гэгээн зам, адал явдлыг надад бэлэглэсээр байдаг. Тийм л нэг томилолт. Хамгийн урт, хамгийн хөгжилтэй, хамгийн адал явдалтай үргэлжиллээ. МСНЭ болон ӨМӨЗО-ы Ардын Засгийн газар, Багшийн их сургуулийн хамтран зохион байгуулсан “Дэлхийн монгол сэтгүүлч” мэргэшсэн сэтгүүлч бэлтгэх 18 хоногийн сургалтад хамрагдахаар бид аян замд гарсан юм. Галт тэргэнд суусан цагаас бие биетэйгээ танилцаж, ӨМӨЗО-ы тухай өөрсдийн мэдлэгээ хуваалцсаар нэг л мэдэхэд үүрийн гэгээ татсан байв. Их холын бодол тээж, богц дүүрэн ургац хураахаар гарсан 17 сэтгүүлч Эрээн хотод очив. Энд монгол хэлээр ойлголцох тун амархан. Гэхдээ бид энэ хотод удсангүй. Зорилго, тэмүүлэл минь өөр байлаа. Эрээн хотын галт тэрэгний буудлаас нүдэнд дулаахан нэгэн багш биднийг угтаж авсан нь аяллын турш гэгээн дурсамж үлдээсэн, 18 хоногийн турш биднийг ахлах, ангийн багш Ундрахбулаг байсан юм. Багшийнхаа тухай дор өгүүлье.
“ПАСПОРТАА КАНОНДААД НОТАРИАТААР ОРООД ИР”
Хөх хотын дэлхийд 10-т Азидаа хоёрдугаарт ордог сүүний үйлдвэр.
Бид Эрээн хотоос Хөх хот орох аяллын автобусандаа тухаллаа. Туулах зам уртаас урт зурайна. Хөх хотод налгар, урт намар үргэлжилж байна. Бүсгүйчүүд нь зуны шаахай, нимгэн даашинзаар гоёх. Харин сургуулийн сурагчид нь өнгө ижил хослолоор жигдэрдэг юм байна. ӨМӨЗО тэр дундаа Хөх хотод бүтээн байгуулалт өрнөж байна. Энд тэндгүй зам, барилгын ажил явагдаж, өндөр барилгууд дүнхийнэ. Үүнээс гадна өвөрмонголчууд ногоон байгууламж, цэцэрлэгжилтэд ихээхэн анхаардаг нь хотын захаас эхлээд ажиглагдаж байсан юм. Хот тэр чигээрээ ногоон өнгөөр гоёжээ. Хөх хот дөрвөн сая гаруй хүн амтай. Өвөрмонголчуудын үндэсний бахархал нь босоо монгол бичиг. Дэлгүүр хоршоо, сургууль гээд бүхий л хаягаа монгол бичгээр бичдэг. Харин монгол хаягийн араас заавал хятадаар бичих ёстой байдаг тухай Ундрахбулаг багш хуучиллаа. Хятад үгийг хэзээ ч монгол бичгийн өмнө бичдэггүй. Албан ёсны дэлгүүрийнх нь салбар л биш бол худалдааны төв, дэлгүүрийн хаягт гадаад үг оруулахгүй гэсэн бодлоготой юм байна. Тэд аль болох монголоор ярихыг эрхэмлэдэг аж. Харин ар монголчууд монгол хэлээ гадаад үгтэй хольж хэрэглэдэгт шүүмжлэлтэй ханддаг тухай ярьж байсан юм. Манай ангийн ахлах Ундрахбулаг багш МУБИС-д докторт сурдаг юм байна. Анх сургуульдаа бүртгүүлэхээр ирэхэд угтаж авсан багш нь “Паспортоо канондоод нотаритаар ороод ир” гэхэд нь юу ч ойлгоогүй тухайгаа хуучилж байсан юм. Монгол хүн бол “Иргэний үнэмлэхээ хуулбарлаад баталгаажуулаад ир” гэх ёстой. Хэдийгээр биднийг хөгжөөж, өөрийн бяцхан түүхээ ярьсан боловч энэ бас боддог л бодол. Бид тусгаар улс хэвээр үлдэхийн тулд эхлээд эх хэлээ л хайрлах ёстой. Өвөрмонголчуудыг бид ташаа бодож явсан үе бий. Хятадад уусчихсан гээд л. Гэвч өөрийн нүдээр харж, өөрийн биеэр уулзаж, ярилцсаныхаа дараа энэ том гүрний дунд өдий зэрэгтэй оршин тогтнож чадсан элэг нэгтнүүдээрээ бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрж байсан юм. Тэд бидний адил “Амархан сайн байна уу” хэмээн мэндэлдэг, их элгэмсүү, найрсаг түмэн юм. Бид Хөх хотод 10 хоногийн турш тус улсын түүх соёл, зан заншил, эдийн засаг, хэвлэл мэдээллийн салбарын өнөөгийн байдлын тухай судалж, Өдрийн сонин, Одон телевиз, Үндэсний түүхийн музейгээр зочилсон. Цаашлаад эртний түүхийн толь болсон Ши Ань, Ян Ань хотоор аялсан нь амьдралын минь нэгээхэн дурсамж болон үлдэх нь лавтай. Энэ үед бидэнд Багшийн сургуулийн эрдэмтэн мэргэн багш нар хичээл заасан юм. Тэд Монголын тухай өөрийн дурсамжтай. Хятадын эртний түүхийн тухай хичээл заасан Хөгжил багш “Би Монголд жил бүр очдог. Олон монгол найзтай. Тэдэнтэйгээ сайхан байгальд аялах дуртай. Монголчууд их элгэмсүү. Хөдөөний ямар ч айлд орсон өөрийн дотны хүн шиг дотно сэтгэлээр хүлээж авдаг” гэж байв. Харин хоолны соёл, ёс уламжлалын тухай ярьсан Оч багш бидэнд монгол үндэсний уламжлал, түүх, соёлоо түгээн дэлгэрүүлж, хайрлаж, хамгаалж яваарай гэж чин сэтгэлээсээ захиж байсан нь сэтгэлд нэгийг бодогдуулж байв.
Монгол сургуулийн өмнө Чингис хааны хөшөөг сүндэрлүүлжээ.
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ НАМУУХАН, НАМУУХАН …”
Манай сургалтын баг Багшийн сургуулийн харьяа “Сурган хүмүүжүүлэх буудал”-д төвхнөсөн юм. Зам талбай нь саруулхнаас гадна цэвэр цэмцгэр байдал нь энэ хотын өнгө төрх гэлтэй. Монголчууд бид дуу хуурт дуртай ард түмэн. Найранд гурван дуутай гэсэн сайхан үг ч бий. Монгол дууг биднээс өөр хүн сонсдоггүй гэсэн хуучинсаг үзэл нэгэнт ард хоцорчээ. Өнөөдөр анх удаа цацагдсан дуу тэр дороо Хөх хотод хит болох жишээтэй. Манай Ундрахбулаг багш “Овоо тахилгатай бол тэр монгол нутаг. Одтой хийморьтой явбал тэр монгол хүн шүү. Хоолой зангируулан омогших монголчуудын сэтгэл. Хотол олноороо эвлэхийн учиртай” гээд чин сэтгэлээсээ дуулахыг нь сонсоход сэтгэл уярам. Ойрд Хөх хотод “Улаанбаатарын үдэш” дуу ихээхэн хит болж байгаа гэнэ. Тааралдсан хүн бүр амандаа “Улаанбаатарын үдэш намуухан, намуухан. Учралын болзоонд залуус яаруухан” хэмээн аялах. Харин ар монголчуудыг “Халуун элгэн нутаг”-аа дуулаач гэх нь цаанаа л нэг элгэмсүү. Энэ тэмдэглэл ӨМӨЗО тэр дундаа Хөх хотод очсон анхны сэтгэгдэл минь билээ. Цаашлаад бид олон адал явдалтай учирсан. Үүнийг цувралаар хүргэх учир энэ өдрийн тэмдэглэлээ энд хүргээд өндөрлөе. Эцэст нь хэлэхэд энэ 10 өдөрт харь оронд байна гэсэн сэтгэгдэл яагаад ч төрөөгүй юм. Харин ч өврийн биш өөрийн монголоор аялсан мэт нэг л дотно мэдрэмж намайг ээрч байлаа.
Үргэлжлэл бий.
Ч.Гантулга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Hyatad tarhi ugaaltaa gej.........
Чингис хааны хөшөөний энэ загвар хэний оюуны өмч вэ, манайх Төрийн ордныхоо өмнө залсан, хятадад байгаа энэ загвар хоёул маш адилхан юм шигээ. Манайх хуулаа юу, хятадууд хулгайлаа юу?
Эцэст нь хэлэхэд энэ 10 өдөрт харь оронд байна гэсэн сэтгэгдэл яагаад ч төрөөгүй юм. Харин ч өврийн биш өөрийн монголоор аялсан мэт нэг л дотно мэдрэмж намайг ээрч байлаа-их л "эвгүй"сэтгэгдэл төрж дээ,тэгээд тодорхойдоо Монгол хятадыг нэгтгэсэн юм шиг үү эсвэл хятад Ар Монголыг нэгтгэсэн юм шиг сэтгэгдэл үү,ер нь бол үүнийг "Зөөлөн Хүчээр"эрхшээлдээ оруулах бодлогын үйлчлэл гэдэг юм,удахгүй дээ,хятадад сургууль төгссөн залуучууд Төрд гарч ах дүү Өвөр монголтойгоо нэгдэе гээд эхэлнэ дээ
“Паспортоо канондоод нотаритаар ороод ир” - Армонгол ийм орос-монголын эрлийз инвалид монгол хэлтэй болж тэрнийгээ төрийн хэл гэх болсон юм. У-баатарынхаа хаяг рекламыг хар даа. Пүүс компаниудынхаа нэрийг сонс доо.