sonin.mn
Их эзэн Чингис хаан нэгэнтээ дэлхийн талыг эзэлж, ирт сэлэмний үзүүрээр дэлхийн цээжинд “Монгол” хэмээн сийлэхдээ монгол хүн монголоороо байх ёстойг тунхагласан билээ. Бид монгол ёс, уламжлал, түүх, соёлоо мартах учиргүй. Үеийн үед хайрлан хамгаалж, үр хүүхдэдээ өвлүүлэн үлдээх үүрэгтэй. Харин энэ ухаан Өвөрмонголчуудад дэндүү их байдаг юм байна гэсэн бодол аяллын 18 өдрийн турш уяатай явсан юм. Учир нь тэдэнд “монгол” гэсэн бүх зүйл үнэтэй юм. Ялангуяа ар Монголоос ирсэн айлчин бүхнийг хоёр алгаа дэлгэн тосч монгол хүний найрсаг зангаар угтах нь цаанаа л нэг сэтгэлд дотно ажээ. Тэд монгол дээлээрээ гангарах, монгол дуугаа дуулах, монгол хүнтэйгээ ярилцах дуртай. Хүүхдүүддээ багаас нь эх оронч үзлийг төлөвшүүлж, монгол хэл заадаг нь цаанаа учиртай. Хятад хэмээх их гүрэнд уусахгүй юмсан, монголоороо үлдэхсэн гэсэн алсын хараа нь энэ ажээ. Тиймдээ ч Хөх хотод зөвхөн монгол хүүхдүүд сурдаг цэцэрлэг, сургууль бий. “Дэлхийн монгол сэтгүүлч” сургалтын хөтөлбөрийн дараагийн зогсоол монгол хүүхдүүдийн хүсэл мөрөөдлийн гүүр болсон “Монгол сургууль” байв.
 
МОНГОЛООС ИРСЭН 86 ХҮҮХЭД СУРЧ БАЙНА
 
 
Хөх хотын бага сургууль гаднах тохижилтоос эхлээд монгол уламжлалаа агуулсан, өвөрмөц загварын байртай ажээ. Сургуулийнхаа гадна талбайд их эзэн Чингис хааны хөшөөг байруулж, тулах баганаа морин хуур хөгжмийн дүрсээр урлажээ. Хаалгаар нь ороод дээш харахад мөнх хөх тэнгэр, тал сайхан нутгийг бэлгэдсэн нь Их эзэн Чингис хаан мөнх хөх тэнгэрийн шүтлэгтэй байсныг илтгэх шиг. Биднийг ногоон дээлээр гоёсон нэгэн бүсгүй угтсан нь тус сургуулийн дэд захирал Нарангэрэл байсан юм. Тэрээр “Манай сургуульд 2000 гаруй хүүхэд сурдаг. Бид зөвхөн бага ангийн суурь боловсрол олгож байна. Хүүхдүүд манай сургуульд сурснаар монгол түүх, ёс заншил, өв соёлын тухай түлхүү мэдлэгтэй болно. Багш нар бид хүүхдүүдээ монголоо гэсэн сэтгэлтэй болгоход бүхнээс илүү анхаардаг. Учир нь монгол хүүхэд монголоороо л өсөх учиртай” гэсэн юм. Тус сургууль 1985 онд байгуулагдсан аж. 30 гаруй жилийн хугацаанд 100 гаруй багш ажилтантай болж өргөжсөн байна. Одоогоор энэ сургуульд 86 Монголоос ирсэн хүүхэд сурдаг юм байна. Тэднийг гурван анги болгож хуваасан тухай монгол хэл, уран зохиолын багш Болор ярьж байсан юм. Сургуулийн үүдний танхимд Монголын их хаадын зураг, намтрыг байрлуулжээ. Эдгээр хаадын түүхээс хүүхдүүд Чингис хаан болон Юань гүрнийг үүсгэн байгуулсан Хубилай хааны тухай илүү сонирхдог гээд багш нар нь инээмсэглэж байсан юм. Багш нар ч Монголын их хаадын түүхийг хүүхдүүддээ заахдаа үргэлж бахархдаг тухайгаа хуучилаа. Үүнээс гадна нэгдүгээр давхарт монгол бичиг үсгийн түүхэн хөгжлийг харуулжээ. Соёмбо үсгээс эхлээд уйгаржин монгол бичиг хүртэлх бидний туулж өнгөрүүлсэн түүх нүдний өмнө жирэлзэж байв.
 
БУХИМДЛАА ГАРГАХ ӨРӨӨТЭЙ “ЖИШИГ” СУРГУУЛЬ
 
Өвөрмонголд ерөнхий боловсролын бүх хичээлийг монгол хэлээр заадаг юм  байна. Харин сургуулиа төгсөөд их сургуульд орсныхоо дараа хятад хэлийг судалж эхэлдэг аж. Хөх хотын бүх сургууль цогцолборын зохион байгуулалттай аж. Хүүхдүүд сургуулиасаа гараад хол явах шаардлагагүй. Сургуулийнхаа хашаанд номын сан дотуур байр, спорт талбай нь бэлэн. Дотуур байр нь 3-4 хүүхэд байх зориулалттай. Үүнээс гадна тус сургуулийн нэг онцлог нь мэргэжлийн сэтгэлзүйч болон бухимдлаа гаргах өрөө ажээ. Өдөр бүр хүүхдүүдийн байр байдал, зан араншинг сэтгэлзүйч эмч хянаж байдаг. Хэрэв хүүхдэд ямар нэгэн өөрчлөлт ажиглагдвал ярилцаж, тайвшруулдаг юм байна. Харин бухимдлаа гаргах өрөө нь их хөгжилтэй. Хүүхдүүд хоорондоо маргалдах, буруу ойлголцоход багш нар нь энэ өрөөнд оруулдаг гэнэ. Ханыг нь зөөлөн материалаар бүржээ. Хүүхэд энэ өрөөнд орж ирснээр хана руу хүссэнээрээ цохиж, бухимдлаа гаргаж болно. Мөн таазнаас нь мишок унжуулж, тавцан дээр хүүх­дүүдийг хөгжөөх тоглоом байрлуулжээ. Харин Монголд эсрэгээрээ. Бухимдал гаргах өрөө битгий хэл сэтгэлзүйч эмч ховорхон. Бид жинхэнэ эх орондоо эрх дураараа амьдарч байгаа хэрнээ монгол ёс уламжлалаа тодот­госон ӨМӨЗО-ны бага сургууль шиг жишиг сургуультай бил үү. Тус сургуулийн хүүхдүүд хичээлээ өөрсдөө сонгодог тухай дэд захирал Нарангэрэл багш сонирхуулсан юм. Тэрээр “Бид хүүхдүүдийнхээ сонирхлыг хүндэтгэдэг. Дургүй хичээлд нь шавдуулахыг хүсдэггүй” гэсэн юм. Хүүхдүүд хичээлээс гадна 55 төрлийн дугуйлангаас сонгон суралцдаг аж. Сургуулийн таван давхрыг тэр чигт нь дугуйлангуудад зориулан тохижуулжээ. Үүнд шатар, компьютер, гар урлал, уран бичлэг, морин хуур гээд олон танхим байх. Бид гар урлалын өрөөгөөр ороход охидын оёсон гоёмсог цэцэг, нэхмэл ороолт, хөөрөгний даалин гээд монгол охидын үйлийн урныг гайхуулсан бүтээл олонтой таарсан юм. Харин уран бичлэгийн дугуйлангийн хүүхдүүд ӨМӨЗО-ны газрын зураг дээр шүлэг бичсэн нь анхаарал татаж байв.
 
“ОЮУНЛАГ НОМЫН САН”, НОМОО АРИУТГАДАГ СТАНДАРТ 
 
 
ӨМӨЗО-ы монгол сургуулийн нэг бахархал нь “Оюунлаг номын сан” юм байна. Тус номын санд ороход номын ертөнц хэрнээ түүхийн музейд орж ирсэн юм шиг шинэлэг мэдрэмж төрж байв. 30000 гаруй номын фондтой номын сан орчин үеийн цахим номын санг эрхэмлэдэг болжээ. Хүүхдүүд хүссэн номоо цахимаар унших боломжтойгоос гадна номын агуулгатай төстэй өөр зохиолын тухай мэдээллийг ч хайх боломжоор хангажээ. Үүнээс гадна хүүхдүүд номоо гар дамжуулан уншдаг учир номын хуудсаар дамжин халдварт өвчин тусах магадлал өндөр байдаг аж. Тиймээс сургуулийн номын санд номыг ариутгадаг төхөөрөмж байрлуулжээ. Номын санч хүүхдээс номыг буцааж авахдаа заавал ариутгаж байж дараагийн хүүхдэд шилжүүлэх үүрэгтэй. Сурагчид монгол ёс заншлын тухай ном уншсан бол номын санд байрлах гэр музейгээр зочилж, илүү их мэдлэг хуримтлуулдаг аж. Гэрт ороход араг савраас эхлээд монголчуудын амьдралын онцлогийг харуулсан эдлэл хэрэглэл олон байсан юм. ӨМӨЗО-ы монгол сургуультай танилцах хугацаандаа энд сурч буй хүүхдүүд яасан азтай юм бэ гэсэн бодол төрсөн юм. Монголд сурч буй хүүхдүүд ишиг, хурга битгий хэл монгол гэрийнхээ бүтцийг, хэрхэн барьдгийг мэдэхгүй байхад өвөрмонгол жаалууд өдөр тутмын оюун ухаан хөгжүүлэх хичээлээр монгол гэрээ барьж байна. Монгол хүн болж төлөвших ухаан их энгийн зүйлээс эхэлдэг гэдгийг энэ сургуулиар аялсан хоёрхон цагийн туршид ухаарах шиг болоод гарсан юм.
 
 
 
 
Ч.Гантулга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин