sonin.mn
Дархан хотын сонинд мэдээ хэвлүүлэх гэж орж гарсаар байгаад би хэвлэлийн ажлын дөртэй болсон ухаантай. Дунд сургуулийн сурагч, дэл сул яваа бандийг гарын үзүүрт хөдөлгөх хүн мундахгүй. Тэрийг ч ингээд өг, үүнийг ч ингээд өг гэж зарах бүрт нь би хэвлэлийн ямар нэг ажилд суралцаад л байж. Бичгийн машинаар тачигнуулна, гараар үсэг өрнө, тухайн үедээ “Ту” онгоцтой адил хүчин чадалтай гэгдэн магтагдаж байсан линотип машинаар ч ойр зуурыг өрчихнө, цаас зүсэгч, дэвтэрлэгч, нугалагч гээд тухайн үеийн хэвлэх үйлдвэрийн сонины бүх шат дамжлагад бага боловч ажиллаж, хамгийн гол нь сонинд материал хэрхэн байрлуулах, сонины дардас уншиж үг, үсгийн алдаа олоход шимтэх. Тэнд миний бичсэн мэдээ байгаа тул ингэж унших нь надад нэн сонирхолтой, тэгж тэгсээр хэвлэх рүү донтсон би сэтгүүлч мэргэжил эзэмшээд сонины редакцын босго алхлаа. 
“Улаан од” сонинд ажиллах сурвалжлагчийг хэвлэх үйлдвэрт хянагч, нийлэгч хийлгэж, хэвлэлийн будаг үнэртүүлж, хэдэн хурууг нь халтартуулж, сонин яаж төрдгийг мэдрүүлдэг бичигдээгүй хуулийн төгсгөлд би ирж байгаа юм. Надаас өмнөх нөхдүүд тодорхой хугацаанд хэвлэх үйлдвэрт хянагч, нийлэгч хийсэн байдаг. Миний үед албан ёсоор хянагч, нийлэгч хийгээгүй ч сонины ажилтнууд цомхотголд орсны дараа хүссэн ч хүсээгүй ч өнөө хянагч, нийлэгчийн ажлыг хийх болсон доо. Тугалгаар үсэг өрж сонин гаргах нь гар ажиллагаа ихтэй, хэвлэлийн технологи нь тийм байсан л даа. Газетчик гэсэн мэргэжил хүртэл байлаа шүү дээ. Сонины материалыг бүрдүүлж бичдэг хүмүүсийг сэтгүүлч гэнэ. Харин сонинг тугалган үсгээр өрж, дардас гаргаж, үг үсгийн алдааг засварлаж, боолтыг уншиж, хэвлэдэг хүмүүсийг газетчик гэдэг байлаа. Энэ газетчик гэдэг ажлыг би Дархан хотын сонин, Львовын сургуулийн хэвлэх үйлдвэрт бага зэрэг эзэмшсэн ч нэгэнт сэтгүүлч болсон тул бичих, нийтлэх нь мэдээж үндсэн ажил л даа. Яагаад чи дээр үеийн болхи бүдүүлэг хэвлэх арга хэрэгслийг сурталчлаад байна вэ гэж надаас асуух хүмүүс олон гарах байх.
Зах зээлийн харилцаанд шилжсэнээс хойших он жилүүдэд манай улсад хамгийн сайн хөгжсөн салбарын нэг бол хэвлэлийн салбар юм. Хэвлэлийн орчин үеийн технологи хаа сайгүй нэвтэрсэн. Харин монгол хэлний зөв бичгийн дүрэм, үг үсгийн алдаа, өөрөөр хэлбэл хариуцлага эрс суларсан. Нэг үсэг илүү юм уу, дутуу хэвлэсний төлөө ажлаасаа хөөгдөх хүртэл арга хэмжээ тооцуулж байсан тэр цагийн хариуцлагыг л ярих гэсэн хэрэг л дээ. Хэвлэн нийтлэх гэдэг бол нийгмийн өмнө хүлээж байгаа хариуцлага. Бүр тодруулбал монгол үндэстний оршин тогтнохын тулгуур багана эх хэлнийхээ өмнө хүлээж байгаа хариуцлага юм. Сонин хэвлэлд байнга буруу бичсээр байгаад хэвшил болсон үгийг зөв бичгийн дүрэмд тэр чигээр нь тусгах хандлага байна. Эх хэл, бичгийн соёл гэдэг нэг үгийн, нэг үсгийн алдаанаас гажууддаг. Эх хэлийг цэвэр ариун байлгах хамгийн том хана хэрэм бол сонин хэвлэл юм. 
Би сурвалжлагч хэдий ч редакцын бүрэлдэхүүнд багтаад 2 ч хоноогүй байхдаа хэвлэх үйлдвэрт сонин хийх үүрэг авлаа. Энэ ажил нь туршилт, тандалт гэдгийг би мэдэж байсан ч сандарч л байлаа. Улс даяар 50 мянган захиалагчтай төвийн сонины дугаар эрхлэн гаргахаар болж байна шүү дээ. Тэнд чухам ямар ажил өрнөхийг би шат дамжлага бүрээр нь тооцож байв. Хариуцлагатай нарийн бичгийн дарга Х.Шагдарын мөр шад, үг, үсгийн тэмдэгтээр тооцож хийсэн макет зураг бүхий сонины эхийг аваад Улсын хэвлэх үйлдвэрт очлоо. Төвийн бүх сониныг энд л хэвлэдэг байсан юм. Тэнд цэргийн сонины хянагчийн өрөө байх. Өтгөн бас урт содон хөмсөгтэй бор хүн сонины эхийг үсэг өрөгч нарт тараан өгч, би түүнийг даган сонины өрөгч нарын дундуур хэвлэлийн содон танил үнэр бүхий өрөөгөөр явж байх даа, энэ нөхөр өнөө нийлэгч нь юм байхдаа гэж бодохоос цаашгүй л явсан даа. Нийлэгчийн өрөөнд өдөржин суудаг юм. Үдээс хойш өнөө эр сонины шинэхэн дардас барьсаар ирлээ. Ингэж би ясны газетчик хүнтэй хамтран ажиллаж эхэлсэн дээ. 
“Улаан од” сонин үг, үсгийн алдаагүй гардаг байсны нэг нууцыг би нээсэн юм. Тэр нь онол монол, хэд хэдэн дээд сургууль бүр академийн боловсрол энэ тэр ердөө байгаагүй, Т.Баянжаргал ахын мэргэжлийн дээд ур чадвараар илэрхийлэгдэнэ. Түүнтэй хамт сонины боогч, редактор хийдэг Доржханд, Д.Отгонсүрэн нар миний өмнөхөн цомхотголоор халагдсан байлаа. Үсэг өрж сонин хийх гар ажиллагаанд дадсан Т.Баянжаргал ах мэргэжлийн газетчик байв. Дүнсэн тамхийг хуруу дайтай ороож зуугаад, бүдүүн хошуутай бандгар үзгэнд хар бэх дүүртэл соруулаад, сонины эхийг сурвалжлагчид бариулаад дардсыг тод дуугаар уншиж эхэлнэ. Үүнийг нийлэх гэж нэрлэнэ. Сонины 8 нүүрийг үг үсэгчлэн эх, дардас 2-ыг тулгаж уншихад хөөрхөн чилнэ шүү дээ. Гарч тамхи татчихаад орж ирээд л дуржигнатал уншина. Түүний үзэгний үзүүр дороос илүү үсэг өндийж байгаагүй, дутуу үсэг навтайж байгаагүй. Харахад хээ шаагүй, болхидуу ч байж мэдэх Т.Баянжаргал ах ажилдаа тун махруугийн дээр маш хариуцлагатай. Энэ талаар би олон үглэхгүй. Т.Баянжаргал ах нэг удаа ажилдаа ирээгүй юм. Одоо ч эрхлэгч бууж гарах байхдаа гэтэл, хурандаа А.Баярмагнай “Баянжаргал ажил хийхийн нууцыг мэддэг, төрөлхийн хөдөлмөрч хүн, яах вэ маргааш л ирнэ биз. Харин чи сониндоо алдаа гаргалгүй шиг нийлэхийг бод. Чамайг шалгаж байгаа байлгүй” гэсэн сэн.
Сонины эхийг өглөө эрт хэвлэх үйлдвэрт өгөх боловч үсэг өрөгдөх гэж өдрийн ажил болно. Уншиж, нийлэх бидний ажил оройхон л эхэлнэ. “Чи сурвалжлагч хүн, очиж бичиж байгаад оройхон л ир. Би бүх нүүрийг өрүүлчихээд байж байя” гэнэ. Тэр үнэхээр хэдэн өрөгч нарын наагуур цаагуур гүйж, бололцоотой хэсгийг нь өөрөө өрөөд орой сонины бүх нүүрийг уншихад бэлэн болгочихсон л байна. Хэвлэх үйлдвэрт хамгийн олон хоног хоносон хүн гэвэл энэ Т.Баянжаргал ах. Би түүнтэй хамтран ажиллаад Улсын хэвлэх үйлдвэрийн сонины цехийн үйл ажиллагаатай сүрхий танилцаж байтал цаасны гачаалаас болоод зарим сонин хэвлэгдэхээ болилоо. Манай сониныг Цэргийн хэвлэх үйлдвэрт хэвлэхээр болов. Хэдийд нь амжуулдаг юм, сонины эхийг өөрөө хамтран өрөөд дардсыг миний өрөөнд аваад ирнэ. Цэргийн хэвлэх үйлдвэрийн хаана, ямар үсэг дэл сул байгаа, тугалга хэрхэн хайлуулах гээд түүнд мэдэхгүй юм байхгүй. Тугалга дууссан байсан ч энд тэндээс хаягдал, үлдэгдэл олж ирээд хайлуулан сонины нүүрийг өрчихнө шүү дээ. Т.Баянжаргал цэргийн хэвлэх үйлдвэрийн дамжлага, үйлдвэрлэл, цаасны нөөц зэргийг ахаасаа илүү мэднэ. Түүний ах нь Цэргийн хэвлэх үйлдвэрийн дарга, хурандаа Т.Бадамсэд л дээ.
Илүү, дутуу араншингүй, байгаагаараа байхыг Т.Баянжаргал ах төгс төгөлдөр харуулна. Албан тушаалд санаархах, авилгад автах гэдгийг мэдрэх нь байтугай мэдэх ч үгүй, өмнөх ажлаа хийсэн шиг хийдэг, өөрийн болон өрөөлийн сэтгэлд сүүдэр тусгаагүй, өнөө цагт ховорхон хүний нэг нь энэ нөхөр байгаа юм. Ийм хүмүүст танил олон байдаг уу, цөөхөн байдаг уу гэдгийн хариултыг ч би мэднэ л дээ. Т.Баянжаргал ахын гарын арван хуруунд багтан тоологдох ч мөс чанар нь монголоо хадгалсан хэдэн найзыг нь би мэдэх юм. Аливааг амжуулах гэж аргаа баран амьтан хүний ар өвөрт гүйхгүй, болохгүй юмыг болохгүй л гэнэ. 
Т.Баянжаргал ах нанчид хэтрүүлэн хүртэж, шууданд хүргэж өгөх 1 боодол сонинг таксинд мартаад буучихжээ. Тэр үед сонинд унаа тэрэг гэж байсангүй, 2 гартаа хоёр боодол сонин бариад Төв шуудан руу хэд хэд явах ч энүүхэнд байлаа. Нэг боодол сониноо алдсан Т.Баянжаргал ах ихэд гэмшиж байгаа нь илт. Би түүнийг энэ хүнд байдлаас гарах нэг арга оллоо шүү.
-Т.Бадамсэд хурандаад хэлээд дахиад хэвлэчихгүй юу гэж намайг хэлэхэд Т.Баянжаргал ах урт өтгөн хөмсгөө хөдөлгөн над руу жартайтал харж:
-Хүүе, ингэсэн гэж ахад хэлж болохгүй шүү, айж байна. Би өөрөө хэвлүүлнэ гээд гарч одсон. Улсын хэвлэх үйлдвэрээс цаас худалдаж аваад, өрөгдсөн эхээс дардас авч дахин уншаад хэвлэгчийг гуйж байгаад үдэш нь л дутуу сониноо хэвлээд шууданд хүргэж өгсөн дөг. Цэргийн хэвлэх үйлдвэрийн даргын дүү гээд дахин хэвлэвэл хэвлэхээр л байсан, гэвч тэр тэгж зүрхлэх хүн биш. Хэрвээ тэр танил тал гэж зүрхлэх л юм бол Т.Баянжаргал биш болно гэсэн үг юм л даа. Ийм хүний дэргэд ажиллахад эхлээд гайхах сэтгэл төрнө, дараа нь хүндлэх сэтгэл төрж байгаа юм.
Хувийн, чөлөөт сонинууд шил шилээ даран мэндэлж байсан 1990-ээд оны дундуур зохиолч Ч.Нацагдоржийн санаачлан хэвлүүлсэн “Хорвоогийн сонин хачин” сонины анхны дугаар хэвлэгдэн гарлаа. Хувийн сонинуудыг ихэвчлэн Цэргийн хэвлэх үйлдвэрт хэвлэдэг байлаа. Би дээрх сониноос нэгийг олж аваад үг, үсэгчлэн уншлаа. Нэг хүн хийсэн гэхэд үг, үсгийн алдаагүй гарчээ. Зохиолч Ч.Нацагдорж ахтай тааралдаад:
-Та сониноо сайн уншжээ, үсгийн алдаа олж харсангүй гэхэд:
-Миний унших гэж юу байх вэ, улаан эрээн л юм болно. Танай Т.Баянжаргал уншсан юм гэдэг байгаа. Бидэнд хэлэхгүйгээр халтуур хийсэн болоод явчихлаа.
-Та их мөнгө авсан уу? гэж асуухад Т.Баянжаргал ах:
-Юуных нь мөнгө авах вэ, таньдаг хүний гуйсныг алдаа мадаггүй хийх гээд үйлдвэрт хоносон шүү. О.Баясгалан бас сонин боогоод өг гэсэн, эртхэн шиг амжуулах минь гээд үйлдвэр рүү орсон дог. Хувийн хэд хэдэн сонины эзэд Т.Баянжаргал ахыг гуйж сониноо боолгоно, уншуулна. Түүн шиг сонинг алдаа мадаггүй уншдаг хүн тэр цагт хэвлэлийнхэн дотор ховор байсан, бас хүний аясаар за л гэнэ. Зах зээл гэдэг хэн хүнд санхүүгийн бэрхшээл учруулдаг харилцаа. Энэ үед Т.Баянжаргал ах хөөрхөн мөнгө олчихож байсан шүү. “Энэ хүүхнүүд үү”, “Гайхмаараа” зэрэг сонинд гуйлгаар, гэхдээ зохих хөлстэйгөөр ажиллана. Одоогийн хэллэгээр бол барлаг хийнэ. Өрөх, боох, нугалах, тоолох багцалж боох, шууданд хүргэж өгөх, бүр гудамжинд худалдаалах ажлыг хийнэ. Тэр ясны хэвлэлийн ажилтан учраас түүнийг царайчилсан, хэдэн төгрөг амласан хүнд за л гэж хэлсэн бол тун найдвартай. Өөрийнх нь хийж чаддаг, бас сэтгэл гаргадаг ажилдаа тун хариуцлагатай л хандана. Энэ байдлыг нь манайхан мэднэ л дээ. Хурандаа А.Баярмагнай тэтгэвэрт гарахдаа надад “Цаад Баянаагаа олон хүнд битгий зарцлуулаад байгаарай, сурвалжлагч чинь нийлэгчээ хариуцдаг юм шүү дээ” гэж захиж билээ.
Сонины үсгийг гараар өрөх, боолт хийх үед үсгийн алдаа их гарна. Тэр бүхнийг эх болон дардсыг нийлж унших үед л залруулна. Сонин хэвлэгдсэн хойно үсгийн алдаа олж харвал засварлана. Хөгтэй, инээдтэй алдаа ч их гарна. Зарим гарчиг, өгүүлбэрийн дунд найруулгын алдаа гарахад Т.Баянжаргал ах засварлаад л хэвлэчихнэ. Нэг удаа “Хоёр цэргийн дарга харилцан ярилцахдаа...” гэснийг уншаад мань эр муухан жуумалзаж:
-Хоёрхон цэрэгтэй дарга байх гэж, цэргүүд тэгтлээ цөөрөө юу гээд нуг нуг хөхөрч суусан даг. Зүй нь цэргийн хоёр дарга гэж бичих байж. Батлан хамгаалахын сайд, дэслэгч генерал Ш.Жадамбаа агсны 3 шүлгийг би сонинд хэвлэхээр авсан юм. Т.Баянжаргал ах “Сайдынхаа шүлгийг сайхан хэвлэнэ ээ л” гээд байсан. Сонин хэвлэгдсэний дараа уншсан чинь “Морьд” шүлгийн эхний мөр сох дутаж шууд л 2 дахь мөрөөсөө эхэлдэг байгаа. Би анхны эхийг хуулахдаа эхний мөрийг хаясан байв. Шүлгийн нэр, эхлэл мөрийн завсар багахан зай үлджээ. Т.Баянжаргал ах уг шүлгийн эхний мөрийг тугалгаар цутгаж, хэвлэлийн будганд дүрж, 5 мянган сонинд шөнөжингөө дарсан юм даг. Сонинд гарсан ийм алдааг засварлах нь маш нарийн чимхлүүр ажил байдаг. Үүнийг Т.Баянжаргал ах “мэс ажилбар” гэнэ. Т.Баянжаргал ахыг тэтгэвэрт гарахтай зэрэгцэн сониныг тугалган үсгээр өрж хэвлэдэг нүсэр их гар ажиллагаатай хэвлэлийн технологи өөрчлөгдсөн юм. Ингэж сүүлчийн газетчикт хийх ажил багасах нь тэр.
Т.Баянжаргал ах хүнд, хортой нөхцөлд 20 гаруй жил ажиллаад идэрхэн насандаа тэтгэвэрт гарч, эхнэрийн хамт Солонгос улсад олон жил ажил хөдөлмөр эрхэлсэн дээ. Нэг удаа ирэхдээ “Миний ажилладаг үйлдвэрийн захирал намайг эргэж ирээрэй гэсэн, би сэтгэлд нь хүртэл ажиллаж чадсан” гэж яриад буцаад л явчихсан. Ясны хөдөлмөрч, цагийг ягштал баримталдаг, ажлыг эхэлсэн л бол төгсгөж санаа амардаг Т.Баянжаргал ах хилийн чанадад ч хөдөлмөрч, ажилсгаараа үнэлэгдэж, харийн хүний итгэлийг хөдөлмөрөөрөө олж чадсан нэгэн. Түүний амьдрал товчхондоо ийм. Одон, тэмдэг, албан тушаал, цол хэргэмээр үнэлэхгүй хүн чанар, үнэнч байхын ердийн агаад давтагдашгүй ер бусын жишээ болсон Т.Баянжаргал ах шиг хүн надтай ховорхон тааралдсан шүү. Тэр хэнд ч хар санаагүй, наашаа гэсэн хүн бүрт тусалж байсан, түүнийг элдвээр хэлэх хүн байхгүй. Бусдад муу санаж, элдвээр хэлэгдэнэ гэдэг хараалгаж, зүхүүлж байна гэсэн үг. Энэ тойргоос тэрбээр ангид, бүр дээд гарлын хүн. Түүнд төрийн зарлигаас хамаагүй хүндтэй, хамгийн том шагнал, том үнэлгээ бол сайн хүн, үүнээс өөр тодорхойлолт зохихгүй. Нэгэн насны амьдралын чимэг нь хүн чанар юм даа.
 
 
Цэргийн мэргэжлийн сэтгүүлч П.БАТНАЙРАМДАЛ
Эх сурвалж: "Соёмбо" сонин