sonin.mn
Бээжин хотын Хайдень дүүрэгт орших Сяншань буюу Анхилуун уулын зүүн хярд, VII зууны нангиадын Тан улсын үед баригдсан Арван зүгийг гийгүүлэгч ашид амгалан сүм оршдог. Юань улсын үед энэ сүмийг ихээр засч өргөтгөж, тэр цагаас хойш Вофөсы буюу Хэвтээ бурхны сүм, Нойрсож буй бурхны сүм гэж нэрлэх болжээ. Сүмийн гадна үүдэнд алтадмал өнгөт паалан хавтангаар чимсэн пайлуур хаалга буй. Сүмийн дотор Аглаг даяаны дуган, Махранзын дуган, өнгөрсөн, одоо, ирээдүй Гурван цагийн бурхдын дуган, Хэвтээ бурхны дуган ба Судар шасдирын асар зэрэг барилга байгууламж байх нь хол ойрын аялагч жуулчид хийгээд шашин номын ёс жаяг үйлдэн яваа сүсэгтэн олны сэтгэл бишрэлийг даллан дуудсан үзэмж төгс, сүрлэг гайхамшигтай авай.  
Махранзын дуганд суугаа байдалтай, их гэдэстэй, тарган биетэй, нүүр дүүрэн инээмсэглэл цацалсан дүртэй Майдар бурхны том сэрэг дүр залаастай бий. Ийм дүртэй, хүзүү энгэртээ олон хүүхэд наадуулсан шаазан бурхныг манайхан Энх-Амгалан хаан гэдэг. Майдар бол өнөөдөртөө яг бурхан биш, харин ирээдүйд бурхан болох бодьсатва гэнэ. Тиймээс түүнийг бас ирээдүй цагийн бурхан гэдэг. Майдар бурхныг ихэвчлэн ийм дүрээр үйлддэгийн учир нь энэ бол Майдар бурхны хувилсан дүр нь агаад бүр IV-V зууны үеийн хятад ламтны төрх гэнэ. Тэрээр лагс тарган биетэй, найрсаг наргианч үгтэй, хайлсан сайхан ааштай хүн байсан агаад уут үүрээд олны хөлийн зах зээлийн газарт явж, өөрийгөө Майдар бурхны хувилгаан хэмээдэг байжээ. Тэр цагаас хойш хятадууд Майдар бурхны сэрэг дүрийг урлахдаа түүнийг дуурайлган хийх болсон гэдэг. Харин монгол, түвд зүгийн Майдар бурхан бол огт өөр дүртэй байдгийг манайхан андахгүй. 
Гурван цагийн бурхад, гурван ертөнцийн бурхдын дуган ч гэдэг дуганын голд Шигмуни бурхан, зүүн гар талд нь Оточ манал бурхан, баруун гар талд нь диваажингийн орны эзэн Амитаба бурхан заларч байдаг. Дуганын тотгон дээр “Бурхны сургаал сарны гэрэл мэт ертөнц дахиныг ашид гийгүүлмой” хэмээсэн манжийн Цыси хатан хааны мутрын бичээс өлгөөтэй бий. Энэ хэллэгийг хүмүүс янз бүрээр тайлбарладаг. Мөхөс би бээр ч бас цэцэрхэн бодохул Бурхны сургаалыг яагаад сарны гэрэлтэй зүйрлэв, яагаад Бурхан багшийг нартай, сургаалыг нь нарны гэрэлтэй эс зүйрлэв? хэмээн бодохул бас учиртай мэт. Сарны гэрэл бол илч гэрэлгүй, хүйтэн, хоосон зүйл. Бурхны сургаал хэмээгч нь түүн лүгээ адил баригдах барьцгүй, үл үзэгдэж, үл мэдрэгдэх, дан гагц сэтгэлийн юм гэдгийг нь хэлсэн мэт ээ. “Бурхан ч сэтгэлээс үүднэ, буг ч сэтгэлээс гарна” хэмээн ноён хутагт Данзанравжаа нэгэнтээ алдсан билээ. Сүмд үзүүштэй өөр олон зүйл буйн дотор сүмийн баруун хүрээнд манжийн үе үеийн хаад ирж тухлан саатдаг асан Нүүдэл орд гэж байсан бөгөөд тэнд хаад дээдэс бясалгал үйлдэн, ном хаялцаж, байгалийн сайханд шүлэг найраг тэрлэн хэлэлцэж явсан гэдэг.  
Нойрсож буй бурхны сүм, Хэвтээ бурхны сүм, Хэвтээ зуу ч гэж нэрлэгддэг энэ сүмийг Монголын Юань гүрний Содбал гэгээн хааны үед 1320-1322 оны хооронд барьж байгуулсан юм. Мөн онд хаан ор суусан Содбал хаан намар нь зарлиг буулган, Бээжин хотын баруунтайд агч Анхилуун ууланд байсан эртний Түшидийн сүмийн хуучин буурин дээр шинэ сүм байгуулах шийдвэр гаргажээ. “Юань улсын судар” дахь Содбал гэгээн хааны цадигт энэ тухай тодорхой өгүүлсэн байдгаас товчлон дурдвал ийм буюу:
 
“1320 оны намрын сүүл сард энэ сүмийг бүтээх зарлиг буулган арван сая зоос гаргаж, эл үйлийг Байжуу түшмэлд оноон хариуцуулавай. 1321 оны өвлийн сүүл сард тавин түмэн жин гууль цутган бурхны хөрөг бүтээв. Энэ бол хотын баруун этгээдэд орших уулнаа агч Хэвтээ зуу хэмээх сүмд залаастай буй Хэвтээ зуу бурхан мөн болой” гэсэн байна. 
 
Удаахь оны намрын дунд сард энд байгуулах сүмийн ажилд нэмэр болгохоор долоон мянган цэрэг ардыг нэмж гаргажээ. 1321 оны хавар Содбал хааныг багаас нь бараадан нөхөрлөсөн үнэнч анд, төрийн их түшмэл соёр Хатмиш, мөн Гуулианбао түшмэл, бас хоёр хятад түшмэлийн хамт хаанд Айлтгал бичиг өргөж, энэ сүмийг бүтээн байгуулах үйл хэргийн төлөөнөө улсын сан хөмрөг асар ихээр сүйдэн дундарч, ард иргэд зовлон гачигт унан үгүйрч байгаа нь харинч буянаа барж буй хэрэг болж байгааг аюумшиггүйгээр илтгэн дуулгажээ. Харамсалтай нь залихай зусарч түшмэдийн явуулгаар эл хэрэг өөрөөр эргэж, хоёр их түшмэл хилсээр цаазлагдаж, хоёр хятад түшмэл нь эрүү ялд унан албан тушаалаасаа зайлуулагдсан байдаг. 
 
1223 оны намар Содбал хаан Шандуд ахудаан бусдад хорлогдон нас барж, түүний орыг залган хаан ширээнд суусан Эсэнтөмөр, бас удалгүй нас нөгчсөн түүнийг залган хаан ширээнд суусан Түгтөмөр заяат хааны үеийг дамжин сүмийг барьж байгуулах ажил үйлийг үргэлжлүүлэн хаан төрийн сан хөмрөгөөс асар их хөрөнгө мөнгө гарган олон мянган хүнийг дайчлан арван оны туршид ажиллуулж байж энэ сүм сая баригдаж дууссан болой.  
 
Сүмийн гайхамшигт үзмэрүүдээс Монголын түүх, соёлд холбогдох нандин чухаг нандин үзмэр шүтээн нь аль хэмээхүл Хэвтээ бурхны дуганд агч цул хүрлээр цутган үйлдэж амилуулсан 22 тонн жинтэй, 5.3 м урт, 1.6 м өндөр найрсож буй Бурхан багшийн сэрэг дүр болой. Эл хосгүй гайхамшигт урлалыг 1321 онд Юань улсын Содбал гэгээн хааны зарлигаар долоон мянган урчуул таван түмэн жин зэс, хүрлээр цутган бүтээсэн гэдэг. Хэвтээ бурхныг бүтээсэн үйл явдал ихээхэн ээдрээтэй өрнөсөн тул 1331 онд сая цутгаж дуусч аравнайлан залжээ. “Юань улсын судар, Инзун хааны цадиг”-т энэ тухай тодорхой бий. Энэ бол дэлхий дээр байгаа хамгийн том хүрэл цутгамал бурхны сэрэг дүр мөн бөгөөд энэ ч үүднээс түүнийг Хятад улс ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний хосгүй нандин өв соёлын жагсаалтад бүртгүүлсэн юм. 
Хэвтээ бурхны эл дүр байдал гайхамшигтай. Тэргүүнээ баруун тийш хандуулан, нүүрээрээ өмнө зүгт харж, хоёр хөлөө шулуун жийж, зүүн мутраа хөлийн чигт сунган талбиад, баруун мутраа тохойгоороо нугалан, алгаараа тэргүүнээ тулан тухалсан Бурхан багшийн эл төрх байдал нь цаглашгүй их амар амгалангийн илрэл, илэрхийлэл агаад, зургаан зүйл хамаг амьтан зовлонгийн далайд живсэн энэ эгэл орчлонгоос эгүрид гэтлэн одож, нирваан дүрийг олон, энхжин диваажингийн оронд одохын өмнөх тэр л агшинг бэлгэдэн илэрхийлсэн гүн их утга агуулгатай гэж судар номонд тайлбарласаар иржээ. Бас Бурхан багш Шагжмуни таалал болохынхоо өмнө олон шавь нараа цуглуулан сүүлчийнхээ сургаал номлолыг айлдаад, тийн амгалангийн дүрд хувилан амсхийж буй нь тэр хэмээн тайлах нь ч бий. Тийм ч учраас түүний тэргүүнийг тойрон хамгийн дотнын арван хоёр шавь нь хүрээлэн, сургаал номлолыг нь сонсч байгаагаар дуганын доторх төрх байдлыг зассан байдаг. 
Бурхан багшийн арван хоёр шавийн дүр төрхийг ажихад дуугаа хурааж, гүн бодол, хязгааргүй их эмгэнэлд автсан байх агаад үүгээр бас эгэл хүмүний энэ дорд орчлонгийн аж төрөл чухам ямархан болохыг бясалган сэтгэн байх мэт ээ. Учир нь Бурхан багш тэнгэрт залрахын өмнө шавь нартаа сурган айлдсан сүүлчийнх нь сургаал номлол бол “Энэ ертөнцийн юм бүхэн хоосон. Үүдсэн бүхэн үгүй болно. Тиймээс аль болох их буян үйлдэгтүн!” хэмээсэн тэр үгийг нь шавь нар нь сонсч гүн бодол бясалгалд автан, “Энэ юутай үнэн бэ?...” хэмээх мэт ээ. Тийм ч учраас дуганын хаалганы дээр “Нирваан дүрийг олсон хойно сая туйлын амгаланд хүрмой” гэсэн манжийн дайчин гүрний Тэнгэрийг тэтгэгч эзэн хааны мутрын үгс бичээстэй байдаг.  
Хэвтээ бурхныг яг зургаан зууны дараа 1933 онд нэг удаа алтдан өнгөлснөөс үзэхэд ур хийц, чанар чансаа нь ямархан сайн болох нь харагдана. Түүнчлэн Бурхан багшийг тойрон зогссон арван хоёр шавийнх нь хүрэл баримлын 5 нь Юань улсын үеийн хийц агаад 1955 онд нөгөө 5 нь, 1973 онд үлдсэн 2 нь үймээн самууны хөлд эвдэрч хэмхэрсэн тул дахин модоор урлан бүтээснээс үзэхэд саяхан болтол хэвээр байсаар ирсэн, аргагүй сайн хийцтэй байжээ. 
Долоон зууны тэртээд монголчууд ийнхүү суугуул орны урчууд дархчуулын тусламжтайгаар ийнхүү шашин, төрийн зориулалтаар соёл, урлагийн ийм гайхамшигт бүтээл хийж байсныг бахдам биширмээр. Дээдсийн бүтээсэн туурвисан энэ мэт гайхамшгуудыг өнөөдөр бид чадвал буй аснаар нь, ядвал багашиг байдлаар нь дахин үйлдэж залууштай. Дэлхийд тэргүүлэх аварга том зэс, алтны уурхай Оюу толгойд удахгүй ашиглалтад орно. Түүний дэргэдхэн говийн ноён хутагт Данзанравжаагийн дүвлэж асан Өвөр хамрын хийд буй. Хамрын хийдийг урьдын буй аснаар нь сэргээн засварлаж, сүсэгтэн, мөргөлчин олны их хөлийн газар, шашин ном, түүх соёлын их хөгжлийн орон болгохоор зорьж буй энэ үед Оюу толгойн зэсээр Хэвтээ бурхан цутган үйлдэж залах аваас чухам нандин буянт үйлс тэр болох буй заа.  
Хэвтээ бурхны сүмийн дэргэд Бээжин хотын ургамлын цэцэрлэг байдаг бөгөөд энд ихэвчлэн халуун дулаан бүс нутагт ургадаг гурван мянга шахам төрлийн мод бут, цэцэг ногоог үржүүлэн үзмэр болгосон байдаг нь тэр олон өнгө өнгийн ургамал цэцэгс өнгө алаглаад үнэхээр гайхамшигтай сайхан орчныг бий болгодог юм.      
 
 
Хэвтээ бурхан. Түүний дээр “Нирваан дүрийг олсон хойно сая туйлын амгаланд хүрмой” хэмээсэн бичээс
 
Хэвтээ бурхны сүмийн хятад, англи танилцуулга
 
 
Хэвтээ бурхны дуган
 
Хэвтээ бурхны сүмийн гэрэлт хөшөө
 
 
Хэвтээ бурхны сүмийн нэг дуган, түүний тотгон дээрх бичээс: “Бурхны сургаал сарны гэрэл мэт ертөнц дахиныг ашид гийгүүлмой”
 
Я.Ганбаатар