sonin.mn
Чингис хааныг "Ертөнцийг байлдан дагуулагч", "Ази, Европын өргөн уудам газар нутгийг байлдан нэгтгэсэн суут жанжин" хэмээн гадаад, дотоодын судлаачид үнэлсэн байдаг. Гэвч үнэн хэрэгтээ Чингис хааны хүрээгүй газарт түүний үр удам нь хүрч гайхамшигт аян дайныг эхлүүлсэн бөгөөд энэ бол Өгөдэй хааны үед Европт, тэр дундаа Польшид явуулсан их аян дайн юм. Чухамхүү Ази, Европыг нэгэн зэрэг хамарсан монгол цэргийн аугаа их байлдан дагуулалт Өгөдэй хааны үеэс л эхэлжээ.
 
Өгөдэй хаан 1235 онд нийслэл Хархорум хотноо Их хуралдайг хуралдуулж, баруун зүгт Батын удирдлагаар их цэрэг илгээх шийдвэр гаргаснаар монголын цэрэг Орост, улмаар Европт томоохон хэмжээний аян дайныг эхлүүлсэн юм. Европт байлдсан монгол цэргийг Бат захирч, зөвлөхөөр нь алдарт жанжин Сүбээдэй томилогджээ. Тэд их цэргээ 3 чиглэлээр давшуулахаар шийдвэрлэжээ.
 
Үүнд, умард ангийг хан хөвгүүн Хайду толгойлж Польш, Силезийн цэргийг тогтоон барих учиртай байв. Өмнөд ангийг Хадаан удирдан Унгарыг өмнөөс нь дайран орох, гол хүчийг Сүбээдэй, Бат нар удирдан Унгарын нийслэл Пешт, мөн Гран хотыг дайлахаар шийджээ. Европт цөмрөн орсон монгол цэргийн тоо 150000-д хүрч байв.
 
Монгол цэрэг 1240 оны сүүлчээр өнөөгийн Украйны нутгаас Попьшид довтлон оржээ. Польшийн ван III Болеслав нас барахдаа улс орноо 4 хан хөвгүүндээ хуваан өгсний улмаас энэ үед Польш орон үндсэндээ 4 вант улсаас бүрдэж байв. Үүнд:
1. Их Польшийг II Болеславын хойч үе II Генрих захирч байв. Түүний захирсан нутаг нь Гош, Познань, Калиш орчим буюу Вроцлав төвтэй Дээд Силезийг хамарна.
2. Бага Польшийг IV Болеслав захирч байсан бөгөөд түүний мэдэлд Краков, Сандомирын хот улс багтаж байв. Төв нь Краков.
3. И Генрихын ач Мичислав Доод Силез буюу Ополе, Ратибор хот улсыг захирч байв.
4. IV Болеславын авга ах нь өнөөгийн Варшав хот орчмыг тус тус захирч байжээ.
 
Монгол цэргийн жанжин Байдарын удирдсан цэрэг эхлээд Польшийн нутагт алгинчлах байлдаан явуулав. Тэрбээр 1240 оны сүүлчээр Галичас цэргээ хөдөлгөж, Люблин хотыг эзлээд буцжээ. Улмаар өвөл болж голын ус хөлдмөгц дахин их цэргээ хөдөлгөж Висла мөрнийг гаталж, Сандомир хотыг эзэлсэн байна. Судлаачдын бичсэнээр түүний удирдсан цэрэг 2 дугаар сард Польшийн нутагт цемрөн орж, Сандомир хотыг эзлэн авчээ.
 
Монгол цэргүүд 1941 оны 3 дугаар сард Европт 3 чиглэлээр зэрэг довтлон ороход Хайдугийн удирдсан цэрэг Польшид цөмрөн орсон бөгөөд түүний өөдөөс сөрөн байлдсан 3 арми бүгд ялагдал хүлээн ухарчээ. 
 
1241 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Байдар жанжин баруун гарын 8-9 мянган цэргийн хүчээр Сандомир орчмоор Вислаг гатлаад Хайдугийн захирсан манлай цэргийг Караковын чиглэлд хөдөлгөв. Монгол цэргүүд Висла мөрнийг гаталсан сургаар IV Болеслав ван -Краков, Сандомир мужийн цэргийг дайчлан өмнөөс нь хөдөлжээ. Түүнийг Хайдугийн цэрэг Хмельник орчимд тосож байлдаад 1241 оны 3 дугаар сарын 18-ны өдөр бут цохив. Ялагдал хүлээсэн ван Болеслав Мажарт зугатан гарсан байна.
Монголчууд 1241 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Польшийн эртний алдарт Краков хотыг эзэлсэн юм. Польшуудын яриагаар бол, 1241 оны 3 дугаар сарын 24-ний өдөр монголчууд Краков хотын зүг довтлон ирэхэд харуулын цэрэг нь хотынхондоо мэдээ өгөхөөр бэхлэлтийн цамхаг дээр гарч бүрээ үлээжээ. Гэтэл түүнийг монгол цэргүүд харван хөнөөж бүрээн дуу гэнэт зогссон аж. Краков хотынхон өнөөг хүртэл энэ үйл явдлыг дурсан санаж дараах байдлаар тэмдэглэдэг байна. Үүнд, цаг тутам Краков хотын гэгээн Мариягийн сүмийн хонхон дээр бүрээч гарч ирэн тэртээ дундад зууны түгшүүрийн дохио болж байсан аялгууг эгшиглүүлдэг аж. Тэрбээр ертөнцийн 4 зүгт хандан 4 удаа бүрээгээ үлээхдээ бүрээн дуугаа гэнэт зогсоодог заншилтай. Харин 1927 оноос бүрээн дууг өдөр болгон жин үдээр Польшийн радиогоор дамжуулдаг болсон.
Монгол цэргүүд Польшийн нутгийн гүнд цөмрөн орж, цааш давшсаар Ополег дайрч Одер мөрнийг гаталж, 4 дүгээр сарын эхээр Вроцлав хотод тулж очжээ. Энэ үед Мичислав вангийн цэрэг ухарсаар Легницийн орчимд II Генрихийн удирдсан цэрэгтэй нийлсэн байна. Генрих ван нийт 30000 цэрэг дайчлан 5 зам болгон хувааж, мөн Чехээс тусламж гуйсан байна. Генрихийн удирдсан 1 дүгээр замын цэрэг 1241 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Легницийн ойролцоох тал нутагт монгол цэрэгтэй тулгаран байлдав. Монголын манлай цэрэг дайсантай тулгарч байлдахдаа ялагдсан дүр үзүүлэн  зугтжээ. Польшийн цэрэг монгол цэргүүдийг Нейс гол хүртэл нэхэн хөөсөн боловч монгол цэргүүд гэнэт эргэн дайрч бут цохисон байна. Польшийн 2 ба 3 дугаар замын цэрэг араас нь очиж хүч нэмэгдүүлэн байлдсан ч мөн л ялагдал хүлээв. Дараа нь 4, 5 дугаар замын цэргүүд дайсныг мөрдөн хөөж байгаа монгол цэргийг упган байлдсан боловч мөн адил ялагдал хүлээсэн юм. Ийнхүү Польшийн арми монгол цэрэгт хиар цохиулж, Генрих цөөн тооны цэрэгтэйгээ тулалдааны талбараас зугтан гарсан хэдий ч монголчууд түүнийг араас нь нэхэн хөөж устгасан байдаг.
 
Легницийн талд 2 талаас олон мянган хүн оролцсон маш том тулалдаан болсон юм. Ийм ч учраас Легницийн тулалдаан монгол цэргийн төдийгүй дэлхийн цэргийн урлагийн түүхэнд томоохон байр суурь эзэлдэг. Монголчууд Легницийн талд байлдаанд орохдоо юуны түрүүнд Польшийн армийн байлдааны байрлалын эхний 4 эгнээнд мөндөр мэт сум буулгав. Гэнэтийн суман мөндөрт цохиулсан дайсны арми сандралд орж зугтсан байна. Польшийн армийн удирдлага хүчээ нэмж хүнд зэвсэг, төмөр хөө хуяг бүхий рыцаруудыг байлдаанд оруулав. Монголчууд тэднийг хэсэг хугацаанд эсэргүүцэн байлдсаны дараа гэнэт эргэн зугтаажээ. Гэвч энэ бол ялагдал хүлээн зугтсан хэрэг биш, харин дайснаа хууран мэхлэх арга байв. Рыцарууд монгол цэргийн хойноос ялалтын уухай цууриатуулан нэхэн хөөсөн боловч удалгүй монгол цэргийн отоонд орох нь тэр. Монголын морьт цэрэг догшин хуй салхи мэт дайран довтолж, тэднийг тал талаас нь бүчиж аваад улмаар хэд хэдэн хэсэг болгон тасалж бут цохисон байна. Хүнд хуяг бамбайтай рыцарууд Монголын хуй салхи мэт хурдтай морьт цэргийн өөдөөс олигтой эсэргүүцэл үзүүлж чадахгүй байв. Европын он дарааллын бичигт тэмдэглэснээр энэ байлдаанд Польшийн тал 30000-40000 хүнээ алдсан байна.
Хээр талын байлдаанд ялалт байгуулсан монголчууд Легницийн цайзад очоод Генрихийн толгойг жадны үзүүрт өлгөн сүр үзүүлж, бууж өгөхийг шаардав. Монгол цэргүүд цайзад хоргодсон дайсан бууж өгөхгүйг мэдээд ойр орчмынх нь газруудыг байлдан түйвээж, Нейс гол дахь Одмуховд очиж ,15 хоног цэргээ амраав. Дараа нь Ратибар гүнгийн улсыг байлдан цохиж, Болесисикод хүрч 8 хоног цэргээ амраажээ. Энэ үед Бат хаан Дунай мөрнөөс хойш байрласан Чехийн цэргүүдийн замыг хааж таслахыг тушаасны дагуу Байдар жанжны удирдсан монгол цэрэг 4 дүгээр сарын 16-ны өдөр Польшоос хөдөлж, Морави (Дорнод Чех)-ийн нутагт цөмрөн орсноор Польшид явуулсан монгол цэргийн байлдаан төгсгөл болжээ.
Монгол цэргүүд Польшийн нутагт богино хугацаанд аялан байлдахдаа гайхамшигт ялалт байгуулсаар байв. Ялангуяа, Легницийн талд болсон байлдаан нь 2 талаас оролцсон хүн хүч, цар хүрээ, цэргийн урлагийн хувьд монгол цэргийн Европт хийсэн хамгийн том байлдааны нэгэнд зүй. ёсоор тооцогддог. Өнөөгөөс бараг 800-аад жилийн өмнө болсон энэ түүхэн үйл явдал өнөөдөр ч дэлхий дахины түүхч, судлаачдын анхаарлыг татсаар байна.
 
Доктор (Ph,D), профессор, бэлтгэл хурандаа Г.МЯГМАРСАМБУУ
Эх сурвалж: "Соёмбо" сонин