sonin.mn
Хөдөө аж ахуйн салбарт мал аж ахуйн үйлдвэрлэл 80 гаруй хувийг эзэлдэг бөгөөд Монгол Улсын газрын нэгдмэл сангийн 73.8 хувийг хөдөө аж ахуйн эдэлбэр газар, түүний 97.7 хувь нь бэлчээр хадлангийн газар юм.
Мал аж ахуй нь хөдөөгийн хүн амын орлогын эх үүсвэр, нийгмийн баталгаа болж байна. Гэвч малын тоо толгойн хэт өсөлт, уур амьсгалын нөлөөтэй хавсарснаас бэлчээрийн даац хэтэрч, улмаар газрын доройтол, цөлжилтийг эрчимжүүлэх үндсэн шалтгаан болж, эрс доройтолд орсон есөн сая га-гийн 98.0 хувь нь бэлчээр, хадлангийн талбай гэж бүртгэгджээ.
2017 оны жилийн эцэст 66.2 сая мал тоологдож, манай улс олон сая малтай боллоо гэж бахархалтайгаар ярьж байгаа ч түүний ашиг шимийг төдийлөн гүйцэд ашиглаж чадахгүй, малаа бэлчээдэг бэлчээрийн даац нь хэтэрч цөлжилт, ган зудын давтамж ойртож, дан бэлчээрийн мал аж ахуй эрхлэхэд хүндрэл, бэрхшээл нүүрлэх боллоо.
Ус цаг уур, орчны хүрээлэнгийн судалгаагаар сүүлийн 15 жил гандуу болон гантай бүс нутгийн хэмжээ жил бүр нэмэгдэж, нийт бэлчээрийн 40-50 хувьд хүрч, даац нь гурав дахин хэтэрчээ. Үүнээс шалтгаалан мал аж ахуйн салбарын бүтээмж, өрсөлдөх чадвар сүүлийн 30 жил буурч байна. Тухайлбал, улсын дунджаар борлуулсан үхрийн амьдын жин 1990 онд 250 кг, оны эхний нэг үнээнээс саасан сүү 320 л, хонины амьдын жин 48 кг, ямааных 35 кг байсан бол 2010 онд үхрийн жин 215 кг, үнээний сүү 260 л, хонины жин 44 кг, ямааных 33 кг болж буурчээ. Байгаль орчноо хамгаалах, цөлжилтийг сааруулах зорилгоор байгалийн хадлангийн ашиглалтыг зохистой хэмжээнд барьж, таримал тэжээл тариалах шаардлага амьдралаас зүй ёсоор урган гарч байна. Мал хувьд очсоноор тоо, толгой нь өссөн хэдий ч нэг малаас авч буй ноос, ноолуур, мах, сүүний хэмжээ нэмэгдсэнгүй. Харин ч нутгийн шилдэг үүлдэр, омгийн баяд, говь алтай, торгууд, керей, сартуул, үзэмчин, илүү нугаламт хонь, говь гурван сайхан, уулын бор, өнжүүл ямааны тоо цөөрч, ашиг шим нь 1990 оныхоос 30 гаруй хувиар буурсан байна.
Монгол улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогод малыг ашиг шимийн чиглэлээр нь төрөлжүүлэн бүс нутгийн хязгаарлалттай өсгөнө, өөрөөр хэлбэл тухайн бүс нутагт л тохирсон малыг үржүүлнэ. Эрчимжсэн мал аж ахуйг тэжээлийн хангамж сайтай газар тариалангийн бүсэд түлхүү хөгжүүлнэ гэж сүүлийн дөрвөн жил ярилаа. Гэвч энэ талаар гаргасан ямар ч шийдвэр алга. Харин хувийн хэвшлийн хуруу дарам ганц нэг аж ахуйн нэгж гаднын улс орнуудаас цөөн тооны герефорд, лимузин, ангус, монбильярд зэрэг үхэр оруулж ирсэн байна. Гэтэл орон нутагт эрчимжсэн аж ахуй эрхлэх сонирхолтой иргэд, аж ахуйн нэгж олон байдаг. Эдгээрийг зөв чиглүүлээд заавар, зөвлөмжөөр хангаад өгчихвөл тэд өөрсдөө юмаа хийгээд явчих дүр зураг харагдаж байна. Иймээс л эрчимжсэн мал аж ахуй буюу цөөн малаас ахиу ашиг шим өгдөг мал, амьтантай болох шаардлага амьдралаас урган гарч байгаа юм.
 
Нөгөө талаар эрчимжсэн мал аж ахуй эрхлэх бүс нутгийг яаралтай тогтоож өгөх шаардлагатай байна. Аль бүс нутагт ямар үүлдэр, омгийн мал үржүүлэхийг нь заагаад өгчихвөл хэн нэгэн тухайн бүс нутагт зохицож үржин төлжиж, үр төл ашиг шимээ өгч чадах эсэхийг нь мэдэхгүй байж УИХ-ын зарим гишүүн сонгогдсон тойрогтоо, бизесмен, нутгийн зөвлөлийнхөн нутагтаа хаанаас ч хамаагүй сайн гэж сонссон дуулснаа зөөж, мал үржлийн ажлыг будилаантуулж байна.
Малын генетик нөөцийн тухай хууль батлагдаад есөн сар өнгөрч байхад орон нутагт олигтой хийсэн ажилгүй, аймаг, сумдын түвшинд яамныхаа амыг харсан байдалтай байна. Энэ ажлаа эрчимжүүлж ажил хэрэг болгох үүрэг өгснөөс хойш багагүй хугацаа өнгөрч байгаа боловч ямар ч ахиц өөрчлөлт гарсангүй. Иймэрхүү байдлаар ажилд хандаад байвал хууль нь цаас болж үлдэхээс хэтрэхгүй бололтой.
Манай монголчууд хээлтүүлэгч мал нь сүргийн тал гэж ярьдаг нь түүний чанараас нийт малын чанар шалтгаална гэдгийг онож хэлсэн үг л дээ. Малын чанар муудаад байгаагийн гол шалтгаан нь хээлтүүлэгчийг (хуц, ухна) удам гарвалаар нь шилж сонгон тавьж үр төлийн чанарт нь үнэлгээ өгдөг малчин, мал аж ахуйн мэргэжилтэн ховорджээ. Сүүлийн жилүүдэд мал хөнгөлөх үед засаагүй үлдсэн хурга, ишиг хуц, ухна болж байгаагаас ашиг шимээ үр төлдөө баталгаатай дамжуулдаг, үржин төлжих чадваргүй хээлтүүлэгч олширсноос цус ойртож эцгийн давамгайлах чадваргүй хээлтүүлэгчтэй болсон нь ч нөлөөлсөн. Хууль бол хэдэн даргын амаараа ярьж хэлж байгаагаар хэрэгждэг асуудал огт биш. Хуулийг орон нутагт хэрэгжүүлэх мэргэжилтэн, мэргэжпийн байгууллага онцгой үүрэгтэй байх ёстой. Гэтэл 120 гаруй сум малзүйчгүй байх юм.
Бэлчээрийн даац хэтэрлээ, мал багтахгүй байна гэж сүүлийн 10 жил ярилаа. Энэ асуудлыг шийдэхийн тулд эхний ээлжид Бэлчээрийн тухай хуулийг яаралтай хэлэлцэж батлах, хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм. Хуулийн гол сүнс нь бэлчээр ашигласны төлбөртэй болгочихоод хоршоо, нөхөрлөл, иргэдэд гэрээгээр ашиглуулах, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд цөөн жилээр эзэмшүүлэх эрхзүйн орчин бүрдүүлэх явдал юм. Ер нь яамд алс хэтийг харсан, улс орныхоо хөгжил, иргэдийнхээ амьдралд хэрэг болох, үр дүн гарахуйц ажлыг төлөвлөгөөтэй, үе шаттай хэрэгжүүлэхгүй байгаагаас цаг үеийн /өдөр тутмын/ аар саар ажилтай зууралдаад л цаг нөхцөөж байх шиг байна. Дорвитойхон бодлого чиглэл, төлөвлөгөө, зорилтгүйгээр улс орны хөгжил урагшлахгүй шүү дээ.
Миний харж байгаагаар аль ч шатанд боловсон хүчний бодлого алдагджээ. Мэргэжлийн чадварлаг мэргэжилтэн нь гадагшаа гараад явчихсан, эсвэл намын харьяаллаас болж ажилгүй гэртээ, урьд нь ажиллаж байсан мэргэжилтнүүдээ хөгширсөн, хуучирсан гээд тоодоггүй, үгийг нь сонсдоггүй, сонссон ч ажил хэрэгтээ авч хэрэгжүүлдэггүйгээс боловсон хүчний залгамж халаа тасарч байгаа нь харагдаж байна. Иймд мэргэжлийн хүнээр мэргэжлийн ажлыг нь хийлгэх, мэргэжилтэн бэлтгэхэд төр, засаг онцгой анхаарахгүй бол "дарга нарын цүнх баригчид" цаг нөгцөөхөөс өөр ямар ч тус болохгүй л болов уу. Малчдын үйлдвэрлэсэн эцсийн бүтээгдэхүүн мах, сүү нь НӨАТ-аас чөлөөлөгдсөн байдаг хэдий ч түүнийг үйлдвэрлэхэд хэрэглэж буй тэжээл нь НӨАТ-тай байдаг нь малчдад хүнд дарамт болж байна. НӨАТ-аас чөлөөлчихвөл хүчин чадлаасаа үл хамаараад тэжээлийн үйлдвэрүүд бие дааж үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломж бүрдэн малчдын тэжээл худалдан авах чадамж нэмэгдэнэ. Тэжээлийн үйлдвэрлэл нэмэгдсэнээр эрчимжсэн мал аж ахуй хөгжиж, мах, сүүний үйлдвэрлэл, хангамж одоогийнхоос 30 хүртэл хувиар нэмэгдэх боломжтой. Тэжээл нэмэгдэхийн хэрээр хэрэглээ өсч, тэжээлийг үр ашигтай зарцуулж, ашиглаж сурахаас гадна малын ашиг шим 10 хүртэл хувиар нэмэгдэх юм. Тэжээлийн үйлдвэрлэл нэмэгдвэл малчид олон тооны мал барих бус ашиг шим ахиутай цөөн малтай болох сонирхол нэмэгдэнэ. Иймд Монгол Улсын нутаг дэвсгэрт тарьж ургуулсан, үйлдвэрлэсэн бүх төрлийн малын тэжээлийг НӨАТ-аас чөлөөлж өгөх шаардлагатай байна. 2017 оны жилийн эцсийн байдлаар найман аж ахуйн нэгж 837.8 мянган шувуутайгаар үйлдвэрлэл явуулж Улаанбаатар хотын хөдөлмөрчдийн хэрэгцээнд өдөрт 500.0 мянган ширхэг өндөг нийлүүлж байна. Монгол Улсад жилд 200 сая ширхэг өндөг шаардлагатайгаас 55-60 хувийг одоогоор дотоодоосоо хангаж байна. 2012-2017 оны хооронд 38 аж ахуйн нэгж шувууны аж ахуй эрхэлж байсан бол өнгөрсөн оны жилийн эцэст найм болж цөөрчээ. Үүний гол шалтгаан нь сургууль, цэцэрлэг тарж, ихэнхи хүмүүс ээлжийн амралтаа эдэлж төв суурин газраас зайдуу явдаг үе буюу 6-9-р сард өндөгний борлуулалт зогсонги байдалд орж аж ахуйн нэгжүүд алдагдалд ордог, яг энэ хугацаанд ОХУ-аас их хэмжээний өндөг импортоор оруулж ирдэгтэй холбоотой юм. Иймд импортоор оруулж ирж байгаа өндөгний татварыг 20 хувь болгож, 2019 оноос эхлэн оруулж ирэх өндөгний сар, улирал, жилийн хуваарийг нарийвчлан тогтоож, мөрдүүлэх шаардлагатай байна.
 
 
Д.САМДАНЖАМЦ /Монгол Улсын зөвлөх мал зүйч/