sonin.mn
Эгэл даруухнаар шаргуу хөдөлмөрлөж, зорилго, зүтгэлийнхээ үр шимээр олон хүний аюулгүй байдлыг хангаж, алдар нь Монголын цагдаагийн алба төдийгүй улс даяар түгсэн эрхэмтэй Орхон аймагт уулзаж “Монгол Улсын төлөө” буландаа урьсан юм.
 
МӨРДӨГЧИЙН ГУРВАН ЖИЛД ХИЙХ АЖЛЫГ НЭГ ЖИЛД ГҮЙЦЭТГЭЖЭЭ 
 
Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Захиргаа удирдлагын тасгийн дарга, хурандаа Д.Мөнхбатыг ингэж тодотгосны учир нь сонсогч байхаасаа л сумын хэсгийн төлөөлөгчийн амаргүй ачааг үүрч, үүрэг хариуцлагыг биеэр мэдэрч, түүнээс хойшх он жилүүдэд мянгаар тоологдох гэмт хэрэг, зөрчлийг илрүүлсэн ясны мөрдөгч аж. Мөрдөгчийн гурван жилд хийх төлөвлөгөөт ажлыг нэг жилд гүйцэтгэж Монголын цагдаагийн байгууллагын хошой аварга шилдэг мөрдөн байцаагч, байгууллагын Хөдөлмөрийн аварга ажилтнаар зургаан удаа шалгарч байжээ. Мөрдөн байцаагч жилд 44 хэрэг мөрдөх нормтой байсан бол 1999 онд 131, 2000 онд 144 хэрэг мөрдөж байсан гэнэ.
Хурандаа Д.Мөнхбат өнөр өтгөн гэр бүлээс гаралтай, мөн баялаг түүх намтартай. Архангай аймгийн Жаргалант суманд айлын 12 хүүхдийн найм дахь отгон хүү нь болж энэ хорвоод мэндэлсэн тэрээр сургуулиа төгссөнөөс хойш  сумын хэсгийн төлөөлөгчөөр хоёр жил, мөрдөн байцаах албанд 10 гаруй жил ажиллажээ. Цагдаагийн сургууль төгсөөд  Архангай аймгийн цагдаагийн газарт томилогдсон ч суманд ажиллах хүсэлт гаргаснаар Цэцэрлэг суманд нэг жил хэв журам сахиулж сайн ажилласан учраас аймгийнхаа цагдаагийн газарт мөрдөн байцаагчаар дэвшсэн байна. Мөн Архангай, Орхон аймаг, Сүхбаатар дүүрэгт ахлах мөрдөн байцаагч, Хүний нөөц, сургалт эрхэлсэн дэд даргаар томилогдож ажилласан. 2014 оноос өнөөг хүртэл Орхон аймгийнхаа цагдаагийн газарт Захиргааны удирдлагын тасгийн даргаар ажиллаж байгаа юм.
Харин хурандаагийн цагдаа мэргэжлийг сонгосон түүх содон.  Тэрээр “Тухайн үед сум нэг л хэсгийн төлөөлөгчтэй. Ээлжийн амралттай юм уу эзгүй тохиолдолд сумын Нарийн бичгийн дарга тодорхой хэмжээнд дэг журам сахиулдаг байлаа. Аав маань Нарийн бичгийн дарга учраас хэрэг, зөрчлийг зохицуулах тохиолдол гарна. Би ч ажил дээр нь очоод дагаад л явдаг байлаа. Манай сумын хэсгийн төлөөлөгч ч надад ажил мэргэжлийнхээ сайхныг ярина. Энэ мэргэжлийн сайхныг багаасаа мэдэрч өссөн болохоор  сонголт хийсэн” гэлээ.
Тэрээр 1996 онд ХСИС-ийг  Цагдаагийн дээд сургууль байхад нь дөрвөн жил сурахдаа орон нутагт III курсын оюутнуудад хэсгийн төлөөлөгчөөр ажиллах эрх өгөх бодлогын дагуу  Цэцэрлэг суманд хуваарилагдсан байна. Энэ тухайгаа “Миний өдий зэрэгтэй ажиллах эхлэл бол сумын хэсгийн төлөөлөгчөөр ажилласны хүч. Тэр үед сурсан бүхэн минь юм. Анх сумандаа очоод хулгайн хэрэг илрүүлсэн нь одоо бодоход өчүүхэн мэт харагдавч сэтгэлд тод байдаг. Айлын хашаанаас гэрийн хуш модон шал алдагдаад, үхэр тэргээр зөөж сумаас таван км-т айлын өвөлжөөнд хураасан байсныг 2-3 хоног мөрдөж  илрүүлж байсан. Сумын хэсгийн төлөөлөгч  хэргээ илрүүлнэ, хэв журмаа сахиулна, хамгаалалт, авто тээврийн үзлэг хийнэ, паспортын олголт, сунгалт, галт зэвсгийн тооллого, бүртгэл гээд оролцохгүй зүйлгүй. Энэ бүхнийг хийхэд дэргэд зөвлөх хүн байхгүй учраас багшийн заасан эрдэм, номоо эргүүлж байж тухайн нөхцөл байдалд тохирсон зөв шийдвэрийг бие дааж гаргана. Сумын 4000 хүнийг ганцаараа хариуцаж ажиллана гэдэг амаргүй” гэсэн юм.
 
ХЭРЭГ МӨРДӨХ ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ КАЛЕНДАРЧИЛЖ ГАРГААД ХУГАЦААНД НЬ БИЕЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ
 
Д.Мөнхбат хурандаа удамдаа анхных нь ч хойноосоо олон төрийн цагдаа “төрүүлжээ”.  Түүнийг энэ албанд ажилласнаас хойш төрсөн ахынх нь хүүхэд цагдаагийн сургууль төгсөөд эрүүгийн цагдаагийн газарт ажиллаж байгаа бол хүү М.Доржтовуу офицеруудын эгнээнд шилжиж, аавынхаа ажил мэргэжлийг залгамжилж байгаа аж. Мөн эхнэр Ц.Тунгалагтамир нь багш мэргэжилтэй ч мөн л цагдаагийн албанд зүтгэх болсноор гэр бүлээрээ энэ албанд “урвасан” байна. Энэ талаар “Хүү анагаахын чиглэлээр сурахаар болсон юм. Гэтэл санаандгүйгээр хотод ажлаар явж байхдаа ХСИС дээр дагуулж очсоноос хойш цагдаа болохоор шийдсэн. Өөрийнх нь хүсэл эрмэлзлэл чухал учраас хүүгийнхээ сонголтыг хүндэтгэж, дэмждэг. Энэ жил IV курсын оюутан. ХСИС-ийн цагдаагийн сургууль босго өндөртэй учраас 2014 онд ЕБС-аа төгсөөд шалгалт өгсөн ч тэнцээгүй. Заавал цагдаагийн сургуульд орно гээд нэг жил гэртээ бэлтгэж өнжөөд дараа жил нь тэнцэж орсон. Гэр бүлийн хүн багш мэргэжилтэй ч намайг дагаж олон газар шилжиж явсан учраас мэргэжлийн ажил тэр бүр олддоггүй. Тэгээд Дотоодын цэргийн ахлагч бэлтгэх дамжаанд суралцаж төгсөөд цагдаагийн байгууллагад тоо бүртгэлийн чиглэлээр ажиллаж байна” гэв.
Д.Мөнхбат хурандаа хэсгийн төлөөлөгчөөр хоёр жил ажиллахдаа эрүүгийн 24 хэрэг, мөрдөн байцаах албанд 10 жил ажиллахдаа 1204 хэрэгт мөрдөн байцаах ажиллагаа явуулсан байна. Ийм амжилт гаргахдаа гэр орноо умартаж, шөнө дөлөөр ажиллаж ажлын ширээнээс “уяатай” явсангүй. Түүний арга барил, ажлын зарчим нь аливааг нарийн төлөвлөж хугацаанд нь биелүүлэх гэнэ. Энэ тухайгаа “Бүх хэрэг дээр төлөвлөгөөтэй байх ёстой. Мөрдөн байцаагчийн түүвэр болон календарчилсан төлөв­лөгөө гэж байдаг. Хэрэг мөрдөх төлөвлөгөөгөө цаг хугацаатай, календарчилж гаргаад хугацаанд нь биелүүлэхийг хичээдэг. Аль болох ажлынхаа найман цагт амжуулахыг боддог ч зарим үед уртасгасан цагаар ажилладаг тохиолдол гарна. Дуудлагаар явахдаа мөрдөж байгаа бусад хэрэгтэй холбоотой нэмэлт ажлаа цэгцлээд ирдэг. Ер нь мөрдөн байцаагч хүнд харилцааны ур чадвар чухал. Шалгагдаж байгаа хүнийхээ онцлогт нь тохирсон сэтгэлзүйчийн үүргийг гүйцэтгэхээс гадна хуулиас гадна анагаах, техник, эдийн засаг зэргээр бусад мэргэжлийн онцлогийн талаар наад захын мэдлэгтэй байх ёстой. Тиймээс  мэргэжлийн номуудыг бие даан судалдаг байсан. Мөн өмнө нь ажиллаж байсан ахмадуудаасаа их зүйл асуудаг. Хэрэг хийсэн хүн ямагт ул мөр үлдээж байдаг учраас хэргийн газрын үзлэгийг сайн хийж бай гэж ахмадууд захидаг байсан. Хэрэг тухайн үедээ биш ч  заавал илэрдэг. 2000 онд Өндөр-Улаан сумын иргэн гэртээ 13 удаа хутгалуулж амиа алдсан. Хэрэгт олон хүнийг шалгаж, хэрэг гарсан 100 км-ийн зай сумын төвийн хооронд байнга шахуу явсны эцэст жилийн дараа илрүүлж ХЗДХЯ-ны хамгийн том шагнал “Цагдаагийн алдар” медаль хүртэж байлаа” гэсэн юм.
Тэрээр 1999, 2000 онд улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэдэг бүх мөрдөн байцаагчаа манлайлж ЦЕГ-ын Хөдөлмөрийн аварга мөрдөн байцаагч, 1999, 2000 онд Улсын мөрдөн байцаах газрын шилдэг мөрдөн байцаагчаар шалгарсан бол  2017 онд зэрэг дэв дээгүүр хурандаа цол хүртжээ. Түүний хурандаа цол онцлогтой талаар “Цагдаагийн хурандаа цолыг хуульд заасан хугацаа, мөн заавал хэлтэс, газрын даргын алба хашиж байж авах журамтай. Гэхдээ газар, хэлтсийн даргын албан тушаал эрхлээгүй ч зэрэг дэв дээгүүр цагдаагийн хурандаа цол хүртсэн. Монголын цагдаагийн байгууллагын Хөдөлмөрийн аваргыг хоёр ба түүнээс дээш авсан нөхцөлд албан тушаалын ангилал харгалзахгүй олгоно гэсэн Засгийн газрын тогтоол бий. Энэ цолыг авсны дараа хамт олон, найз нөхөд баяр хүргэхдээ “Хурандаа цолныхоо болзлыг ахлах дэслэгч, ахмад байхдаа хангасан шүү. Улсад хоёр удаа Хөдөлмөрийн аварга мөрдөн байцаагчаар шалгарахдаа хурандаа цолныхоо эрхийг давхар авчихсан байсан” гэж хэлэхэд нь албаараа бахархах сэтгэл төрсөн. Өргө­сөн тангарагтаа үнэнчээр ажиллах юм бол үр дүн нь ирнэ гэдгийг залуучууддаа хэлье” гэсэн юм.
Ийнхүү цагдаагийн албанд тод мөртэй, гялалзсан амжилттай яваа эрхэм хурандаагаас ярилцлагынхаа төгсгөлд одоогийнх нь албаны талаар асуухад “12 жил гэмт хэрэг илрүүлэх чиглэлийн ажил хийсэн бол одоо байгууллагын хүний нөөцийн бодлогод анхааран ажиллаж байна. Цагдаагийн албыг чадварлаг хүний нөөцөөр хангах, сургах, сахилга ёсзүйг төлөвшүүлэх, архив, алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхаардаг. Орхон аймаг хүн амын тоогоороо Улаанбаатарын дараа ордог. Энэ утгаараа цагдаагийн албан хаагчдын тоо ч мөн адил их. Эрдэнэтэд хулгай, залилан өсөх хандлагатай байна. Манай хамт олон тогтмол албаны хэмжээнд  сайн үнэлгээ авч ирсэн. Алба хаагчдынхаа сургах хүсэл эрмэлзлэлийг бүрэн дэмждэг. Цагдаагийн сургуулийн оройн ангийг жилд 6-10 албан хаагч тогтмол төгсч, мэргэжил дээшлүүлэх давтан сургахад хүмүүсийг аль болох олноор нь хамруулахыг хичээдэг. Өнгөрсөн жил нийт бие бүрэлдэхүүний 16 хувь нь ЦЕГ-ын сургалтад 7-14 хоног хамрагдсан. Мөн гадаад руу явуулж туршлага хуримтлуулдаг. Гэмт хэрэг үйлдэж байгаа хүмүүсээс л илүү сэтгэж  байж хэргийг илрүүлнэ” гэлээ.
 
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин