ОХУ-ын Буриад улсын ардын жүжигчин Дарима Линховоин Улаан-Үдийн театртай холбоотой цахим ертөнцөд өрнөсөн дуулианы талаар "Новая Бурятия" сайтад ярилцлага өгснийг хөрвүүлэн хүргэе.
 
-Театртаа үлдсэнд баяр хүргэе. Ийм сонголт хийхэд амаргүй байв уу?
 
-Манай театрын шинэ захирал Эржена Жамбалова надад уран сайхны удирдаачаар үлдэх хүсэлт тавихад нь хүлээн авсан. Түүний дараа Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатарын хамт Брюссель хотноо болсон АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын соёлын арга хэмжээнд оролцлоо. Бидний тоглолт нэг цаг үргэлжилсэн. Гэтэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл нийгмийн сүлжээнд миний талаар янз бүрийн мэдээлэл гарч эхэллээ. Тэд миний цалин, урамшууллыг тооцож "Дарима Линховоин театрын  зардлаар Брюссельд зугаалсан" мэтээр бичсэн. Үнэндээ энэ тоглолтыг зохион байгуулагчид Г.Ариунбаатарыг онцолж урьсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Бидний зардлыг Монгол Улсын Засгийн газраас олгосон. Г.Ариунбаатар бол энгийн уран бүтээлч биш, дэлхийн хэмжээний дуучин гэдгийг манайхан хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэр ч байтугай Баяр Жамбалов, Булыт Раднаев тэргүүтэй театрын гоцлол бүжигчид миний тухай гүтгэлгийн шинжтэй ярилцлага өгсөн байна лээ. Энэ бүхэн миний хэлсэн урлагийн шүүмжтэй холбоотой. Театрт үүссэн энэ муухай явдлаас болж би ажилдаа очихоос ч эмээх болсон.
 
-Дуурийн дуучид бага цагаар ажилладаг атлаа илүү цалин авдаг гэж танай театрын балетын бүжигчид гомдол гаргасан байна лээ. Энэ үнэн үү?
 
-Үнэндээ Булыт Раднаев зарим гоцлол дуучнаас өндөр цалин авдаг. Тэрбээр дэлхийн дуурийн шилдэг дуучин Г.Ариунбаатартай ижил хэмжээний цалин, урамшуулал авдаг. Гоцлол дуучид 16-25 мянган рублийн цалинтай. Гэтэл С.Батчимэг гайхалтай дуучин атал бусдаас бага цалин авдаг. Бид цалингаа нэмүүлэхийг хүссэн боловч театраас хөөгдөхдөө хүрсэн. Дэлхийн хэмжээний дуурийн дуучдыг урилгаар ажиллуулдаг Европ, Ази, Америкийн театрынхантай харьцуулахад бид "инээдтэй" цалингаар алдартай солистуудыг ажиллуулж байна. Би шударга байхыг хүссэн. Балетын бүжигчдийн ур чадвар, хөдөлмөрийг үгүйсгэхгүй. Гэхдээ Буриадын театрын гоцлол балетчид Г.Ариунбаатартай барьцах шаардлагагүй. Оросын хэмжээнд ч танигдаагүй байж дэлхийн дуучинтай эн зэрэгцэхийг хүсэх нь утгагүй. Кардифф хотод болсон "ВВС" олон улсын уралдаанд түрүүлсний дараа дуурийн ертөнцөд Г.Ариунбаатарыг л онцлох болсон.
Тэрбээр П.Чайковскийн уралдаанд түрүүлж өөрийгөө  дэлхийд баталсан. Гэтэл Г.Ариунбаатар Буриадын бус Монголын дуучин зэргээр сонин, хэвлэлд бичсэнийг би ойлгоогүй. Тэр бол дэлхийн дуучин.
 
-Дуучин Г.Ариунбаатар Буриадын театрт ажиллах болсон түүхээс хуваалцана уу? 
 
–Г.Ариунбаатар Монгол Улсын Соёл, урлагийн их сургуулийг төгссөн, мэргэжлийн дуучин атал "Консерваторийн боловсролгүй" гэж бичсэн байна лээ. Би Монгол Улсад болсон, Г.Банди багшийн нэрэмжит уралдааны үеэр Г.Ариунбаатарын дуулахыг анх сонссон. Тэрбээр сонгодог арийг төвөггүйхэн  дуулж, тайзан дээр гайхалтай харагдаж байв. Г.Ариунбаатарын хоолой намайг бишрүүлсэн.
 
 
Тэгээд би Соёл, урлагийн их сургуулийн багш нараас "Энэ залуу Дуурь, бүжгийн эрдмийн театрт яагаад ажилладаггүй юм бэ" гэж асуухад тэд "Яагаад  Дуурь, бүжгийн эрдмийн театрт ажиллах ёстой гэж. Түүнд гайхалтай хоолой байна гэж үү" хэмээсэн. Би маш их гайхсан. Тэгээд Г.Ариунбаатартай уулзсан юм. "Та Улаан-Үдийн театрт ажиллах уу" гэж асуухад тэрбээр зөвшөөрөөгүй. Энэ явдлаас зургаан сарын дараа Монголын морин хуурын чуулгын уран бүтээлчид Улаан-Үдэд тоглолтоор очсон юм. Тоглолтын бүрэлдэхүүнд дуучин Г.Ариунбаатар багтсаныг сонсоод би жигтэйхэн баярласан. Тоглолтын дараа арын өрөөнд очин "Г.Ариунбаатар аа, чи манай театрт үлдээч" гэхэд "Би бодож үзье" хэмээн дахин татгалзсан юм. Тэрбээр манай театрын тайзыг  гэрэлтүүлж байх шиг санагдсан.
 
-Дуучин Г.Ариунбаатар таны урилгыг хэзээ хүлээж авсан бэ?
 
-Г.Ариунбаатар 2014 оны есдүгээр сард Монголоос залгаж "Би очиж байна шүү" гэж хэлсэн юм. Тэгээд Буриадын театрт ажилд орж, хамт сургуулилт хийж эхэлсэн. Г.Ариунбаатар мөн оныхоо арваннэгдүгээр сард Муслим Магомаевын уралдаанд амжилттай оролцсон. Тэмцээний  үеэр Елена Образцова тэргүүтэй алдартай дуучид "Та хаана ажилладаг вэ" хэмээн Г.Ариунбаатарыг сонирхож байлаа.  Энэхүү амжилтын дараа, бид П.Чайковскийн уралдаанд бэлтгэж эхэлсэн. Г.Ариунбаатар өмнө нь найрал хөгжимтэй хоршиж дуурийн ари дуулж үзээгүй, туршлагагүй дуучин байлаа. Бид "Тоска" дуурийн Скарпиогийн хэсгийг бэлдсэн. Тэрбээр П.Чайковскийн уралдаанд оролцохын өмнө сэтгэл зүйн бэлтгэлгүй байсан. "Би муу дуулдаг. Энэ том уралдаанд оролцохгүй" гэж нэг бус удаа хэлж билээ. Энэ нь Монголд Г.Ариунбаатарыг дуурийн дуучинд тэнцэхгүй байх. Гэхдээ Г.Ариунбаатар академик театрын гоцлол дуучинд байх эрдмийг асар богино хугацаанд эзэмшсэн. Би түүнийг удаа дараа ятгасны үр дүнд Москваг зорьсон юм. Тэрбээр П.Чайковскийн уралдаанд оролцож гайхалтай амжилт гаргасан. Уралдааны шүүгчид түүний нэгдүгээр шатад  дуулахыг сонсоод "Энэ залуу түрүүлэх нь тодорхой боллоо" гэхийг сонсоод Г.Ариунбаатараар бахархаж байлаа.
 
-Та ямар дуучидтай хамтран ажиллаж байна вэ. Ойрын төлөвлөгөөнөөсөө хуваалцана уу?
 
-Театртаа үргэлжлүүлэн ажиллана. Гэхдээ Г.Ариунбаатар, С.Батчимэг нарын гоцлол дуучинтайгаа дахин хамтарч ажиллахгүй болохоор сэтгэл гонсгор байна. "Тоска", "Бал маскарад" зэрэг томоохон дуурийг тэдэнгүйгээр төсөөлөхөд бэрх. Манай театрын урын сангийн 11 балетыг дэлхийн аль ч тайзнаас харах боломжтой. Харин Нью-Йорк, Лондон, Бээжингийн театраас ч олж сонсохгүй алтан гургалдайнуудаа бид үргээчихлээ. Михаил Пирогов  гоцлол дуучнаар үлдэхээр болсонд баяртай байгаа. Би Г.Ариунбаатарыг театртаа үлдээч гэж гуйсан. Манайхан түүнийг гомдоосон  тул "Буриадууд өөрсдөө дуулцгаа" гэсэн. Би түүний сэтгэлийг ойлгож байна. Г.Ариунбаатар Хятадын оркестртой хамтарсан тоглолт  тавихаар Бээжинд сургуулилтаа эхлүүлсэн. Тэрбээр Санкт-Петербург хотод энэ сард болох Оросын соёлын форумд оролцох төлөвлөгөөтэй байгаа. Санкт-Петербургийн Маринскийн театрын захиргаа Г.Ариунбаатартай гэрээ байгуулах хүсэлт тавьсан. Мөн Испанид ирэх жил томоохон концертод дуулна. Тиймээс Г.Ариунбаатар шахуу хөтөлбөртэй ажиллаж байгаа. Улаан-Үдэд бэлтгэл хийх боломжгүй учир бид Улаанбаатарт сургуулилтаа үргэлжлүүлэх байх. 
 
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин