КАИР. /BBC/. Египетийн нийслэл Каир хотоос холгүй орших Саккара бунхан дахь булшнуудаас 4000 гаруй жилийн өмнөх үед хамаарах муур болон цохын занданшуулсан шарилыг археологичид олж илрүүлсэн тухай телевизийн “BBC” суваг мэдээлэв.
Уг газарт өмнө нь эртний Египетийн нийслэл Мемфис хот 2000 жилийн турш оршин тогтнож байсан юм. Эртний египетчүүд муур болон өөр бусад зарим амьтдыг хойд насандаа ч онцгой байр суурь эзэлдэг хэмээн итгэдэг байжээ. Мөн булшнуудын нэгээс муур бурханг дүрсэлсэн хүрэл хөшөө олджээ.
“Цох нь шашны ач холбогдолтой бөгөөд уг шавжаар нарны бурхан “Ра”-г бэлгэддэг байсан юм” гэж Египетийн Эртний олдворын зөвлөлийн дарга Мостафа Вазири мэдээлжээ. Түүнчлэн цохын занданшуулсан шарил маш ховор байдгийг тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.
 
 
 
 
Хүмүүсийн цогцосыг хэвээр хадгалан үлдээхийн тулд занданшуулдаг байсан бол амьтдыг шашны өргөл барьц болгон занданшуулдаг байсан ажээ. Археологичид дахин өөр битүүмжилсэн хаалгыг илрүүлээд байгаа бөгөөд түүнийг ирэх долоо хоногт нээхээр төлөвлөж байгаа юм.
Шинээр олдсон булшнууд нь малтлага ажлын нэгээхэн хэсэг бөгөөд цаашид өөр олон эртний олдвор олдоно хэмээн таамаглаж байгаа ажээ. 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг