sonin.mn
Өвлийн хүйтэн, зуны халуунд нойр хоолоо умартан байж ажилладаг хүмүүс бол малчид. Тэд хувийн өмчийнхөө төлөө борив бохис хийлгүй ажиллаж байгаа ч улсын эдийн засагт яалт ч үгүй нэмэр оруулдгийг нь үгүйсгэж боломгүй. Өнөөдөр манай улс 60 сая толгой малтай болж, махаа экспортлох, цаашлаад түүхий эдээ зах зээлийн эргэлтэд оруулах боломжтой байгаа нь тэдний гавьяа. Тиймээс төр, засгаас малчин ард иргэддээ томоохон, боломж нөхцөлийг бүрдүүлж өгсөн нь малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулсан явдал юм. Манай улс 330 мянга гаруй малчинтай. Энэ нь нийт хөдөлмөр эрхлэгчдийн 30 хувийг эзэлдэг гэсэн судалгаа бий. Иймд Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө малчдын тоо цөөрсөн, тэдний цаг наргүй хөдөлмөрийн хүнд нөхцөл зэргийг харгалзан малчдын тэтгэвэр тогтоолгох насыг таван жилээр наашлуулахаар тусган, хуулийн төсөл боловсруулж батлуулсан нь энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлээд байна. Өмнө нь 20-иос доошгүй жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн малчид эрэгтэй 60, эмэгтэй 55 насандаа өндөр насны тэтгэвэр тогтоолгож байлаа. Харин шинэ хуулийг хэрэгжүүлснээр улсад 20 жил ажилласан, үүнээс 15-аас доошгүй жилд нь мал маллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55, улсад 20 жил ажиллаж, үүнээс 12.6 жилээс доошгүй хугацаанд мал маллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 настайдаа өндөр настны тэтгэвэр тогтоолгох эрхтэй болов. Өөрөөр хэлбэл, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар малчид 50-55 настайдаа тэтгэвэрт гарах боломж бий болов. Ингэснээр энэ онд 13.5 мянган малчин тэтгэвэр тогтоолгох тооцоо гарсан. Үүний хүрээнд энэ онд Нийгмийн даатгалын сангийн 2018 оны тесвийн тухай хуульд 44.6 тэрбум суулгасан юм.
Малчид нийгмийн даатгалд хамрагдах нь бага, хугацаа харьцангуй богино байгаа нь амьжиргааны түвшин доогуур байх эрсдэлийг нэмэгдүүлж байдаг. Тиймээс малчны насыг таван жилээр наашлуулах хуулийг малчдын захиалгаар хийсэн гэж хэлж болно. Ийнхүү төр, засаг малчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр дөрвөн багц асуудлыг хуулийн өөрчлөлтөөр хийсний нэг нь малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулах алхам байлаа. Түүнчлэн иргэний малчнаар ажиллаж шимтгэл төлсөн нэг жилийг 1.6 жилээр тооцуулдаг болгосон нь малчдад олгосон бас нэг боломж юм. Мөн малчдын хөдөлмөрийн онцлогт нийцүүлэн төлбөл зохих шимтгэлээ сар, улирал, жилээр төлж болохоор хугацааг нь уян хатнаар зохицуулав. Ингэснээр малчид сар бүр нийгмийн даатгалын шимтгэлээ төлөх гэж хот суурин газар руу явах шаардлагагүй болж, нэг мөсөн улирал, жилээр нь төлөх боломжтой болсон. Бас нэг боломж нь нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөгүй иргэнд малчнаар ажилласан хугацааны шимтгэлээ нэг удаа нөхөн олгох боломж олгосон явдал. Энэ нь малчдаа дэмжих, тэдний ажлын хүнд нөхцөлийг тооцоолж, залуучуудын мал аж ахуй эрхлэх сонирхлыг нэмэгдүүлэхэд чухал алхам болов.
 
15-60 НАСНЫ ИРГЭД ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛЭЭ НЭГ УДАА НӨХӨН ТӨЛНӨ
 
Малчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд олгосон бас нэгэн боломж нь тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэх шийдвэр юм. Тодруулбал, манай улс Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуультай болов. 1995 оноос дээрх хууль хүчин төгөлдөр болсон өдөр буюу энэ оны нэгдүгээр сарын 1 хүртэлх хугацаанд малчнаар ажилласан болон хувиараа хөдөлмөр эрхэлж байсан 15-60 насны иргэд тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломж бүрдлээ. Иргэний сард нөхөн төлбөл зохих тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ нь тухайн үеийн Засгийн газар болон эрх бүхий этгээдээс батлан мөрдүүлсэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувьтай тэнцүү байхаар заасан.
Улсын хэмжээнд 1.1 сая хөдөлмөр эрхлэгч бий гэх судалгаа байдаг. Нийт ажиллагсдын 47 хувь буюу 300 гаруй мянган малчин, 240 мянга орчим нь хувиараа хөдөлмөр эрхлэгч байдаг байна. Гэтэл тэдний нийгмийн даатгалын шимтгэл төлөх явц маш муу бөгөөд малчдын ес, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 13 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг байсан бол төр засгаас дээрх боломжийг олгосноор энэ тоо эрс нэмэгдэж, малчин, хувиар хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн амьдралд нэмэр болсон гэж хэлж болно. Нийгмийн шилжилтийн эгзэгтэй цаг үед ажил, хөдөлмөрийн статус нь өөрчлөгдөж, эрхэлж байгаа ажлынхаа онцлогоос хамаарч тэтгэврийн даатгалын шимтгэлээ тасалдуулсан хүмүүст хуулийн хүрээнд ийн боломж олгосон юм. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид нь тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх хүсэлтээ өөрийн харьяа сум, дүүргийн нийгмийн даатгалын байгууллагад гаргах учиртай. Ерөнхий боловсролын болон их, дээд сургууль, Мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн төвийн өдрийн ангид суралцсан хугацаа малчнаар ажилласан жилд хамаарахгүй. Малчин болон хувиараа хөдөлмөр эрхлэгчийн өөр ажил эрхэлсэн хугацаа малчнаар ажилласан болон хувиараа хөдөлмөр эрхлэгч байсан хугацаанд мөн хамаарахгүй юм байна.
 
МАЛЫН ХУЛГАЙН ГЭМТ ХЭРЭГТ НОГДУУЛАХ ШИЙТГЭЛИЙГ ЧАНГАТГАВ
 
"Мал, хэл, хил гуравтайгаа байвал хэн баян Монгол баян". Үнэхээр ч малтайгаа байхад Монгол Улс газардахгүй, хүн ам өлсөхгүй. Харин малчдын амь, амьдрал болсон эрдэнэт мал руу "хүйтэн гараа" шургуулах нэгэн олширсоор. Тиймээс Монголын төр энэ төрлийн гэмт хэрэгт ногдуулах шийтгэлийг Эрүүгийн хуулиар чангатгаж өгсөн. Өмнө нь хэрэгжүүлж байсан хуульд малын хулгайг нийтлэг байдлаар хэрэглэдэг байсан бол шинээр баталсан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд мал хулгайлах гэсэн тусдаа зүйл ангийг бий болгосон юм. Үүнд, бусдын малыг хулгайлсан бол 240-720 цаг хүртэлх хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, зургаан сараас таван жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, мөн хугацаагаар хорих ял ногдуулах аж. Бусдын олон тооны малыг хулгайлсан бол 2-8 жил хорих ялаар шийтгэнэ. Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, зохион байгуулалтай гэмт бүлэг үйлдсэн бол 5-12 жилийн хорих ялаар шийтгэх юм байна. Ийнхүү малын хулгайн гэмт хэргийн ял, шийтгэлийг чангатгаснаар эрдэнэт малаа бусдад алдаж, хулгайн замаар  оруулахгүй байх, малчдын хөрөнгийг дураар авдаг байдлыг хязгаарлаж өгөв. Түүнчлэн малын хулгайгаас урьдчилан сэргийлэхийн тулд технологийн дэвшлийг ашиглан адуунд байршил тогтоогч GPS суулгаж эхлээд байна.
 
 
М.Энхцэцэг
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин