Юань улсын их хийслэл Дайду-Хаанбалгасын үеийн түүхэнд холбогдох гүүр өнөөдөр Бээжин хотод гурав бий. Тэдгээрийг дурдвал, Тень-аньмэн талбайн ойр орших Зиншуйцяо гүүр, Хэнгэрэгт асрын өмнөхөн байх Галын сахиулсны сүмийн урд талд оршдог Түмэн амгалант гүүр, Бээжин хотын баруун өмнөд хэсэгт орших Марко Пологийн гүүр болой. Марко Пологийн гүүр нь энэ нэрээрээ гадаад ертөнцөд танигдсан байдаг бол хятадуудын дунд Лугоуцяо нэрээр алдаршсан байна. XIII зууны үеэс өнөөг хүртэл уламжлагдаж ирсэн цөөхөн газрын нэг бөгөөд хамгийн эртний гэгдсэн энэ гүүр нь Ромын хамба ламын элч төлөөлөгч болж Хубилай хааны ордонд хүрч ирээд хаан төрд олон жил алба хашин суусан гэх италийн жуулчин Марко Пологийн нэрээр нэрлэгдсэн нь учиртай. 
XIII зууны дунд үест Ромын хамба ламын элч болон Монголын их хаанд ирж золгоод хааны дэргэд 17 жил алба хашин суусан гэдэг Италийн алдарт жуулчин Марко Пологийн тэмдэглэлд энэ гүүрийн тухай гардаг билээ. Марко Поло тэмдэглэлдээ Дайду нийслэлийг өөрийнхөө үзсэн дэлхийд хосгүй гайхамшигтай сайхан хот гэж дуун алдсан байдаг бол бас энэ гүүрийг мөн тийм сайхан гүүр хэмээсэн байдаг. Цагаан, саарал хаш чулуугаар урласан энэ гүүр нь уран гоё хийцээрээ бас алдартай бөгөөд түүний хашлагын дээгүүр байх 140 баганын орой тус бүрт нийт 486 ширхэг арслан сийлээстэй байсан бол 1997 онд сэргээн засварлах үеэр тавыг нэмж 501 болгосон байна. Энэ мэтчилэн үеийн үед чулуун арсланг нь нэмсээр байдаг ч энэ олон арслан нь дүр хийцээрээ давтагддаггүй гэдэг. 
“Марко Пологийн аяллын тэмдэглэл”-д энэ тухай дурдсаныг иш татвал: “Дайду хотоос гараад арван бээр орчим алслахад ачаа бараа тээсэн олон олон худалдаачид урсаж, далайд хүрэх их устай нэгэн том гол таарсан агаад тэр голыг Пулисангин хэмээх аж. Тэр гол дээгүүр гарах гайхам сайхан чулуун гүүр бий. Энэ ертөнцөд түүн шиг сайхан гүүр өөр байхгүй биз ээ. Энэ гүүрийн урт нь гурван зуун алд, өргөн нь найман алд бөгөөд арван морьтон өлхөн зэрэгцэн явна. Гүүрийн хорин дөрвөн нуман гулдмайг хорин дөрвөн баганаар тулж, бүгдийг саарал өнгийн гантиг чулуугаар арлан маш бат бөх  хийжээ. Гүүр өөд өгсөх зам бага зэрэг нарийсч ирснээ гүүрэн дээр гарангуут гүүрийн зорчих нурууны хэмжээгээр өргөсөн тэлнэ. Гүүрийн хоёр талын хашлагыг хоорондоо бүтэн хагас алд зайтай, гантиг чулуун яст мэлхийн нуруун дээр тогтоож, гантиг арслангаар түшүүлэн тулж, орой дээр нь маш уран гоё хийцтэй арслангийн баримал дүрстэй багануудыг зэрэгцүүлэн босгож, баганын хоорондох зайг уран гоё хээ угалз сийлсэн гантиг хавтангаар холбож бэхэлсэн нь үнэнхүү гайхамшигтай уран тансаг болжээ. Гүүрнээс уруудах зам нь мөн гүүр өөд өгсөх замтайгаа адилхан хэмжээтэй байх юм.”Роналд Лэйтхэм “Марко Поло аялал” Орчуулсан О.Бүрэнжаргал, Улаанбаатар, 2012 он, 229-230-р тал. 
266 м урт, 15 м өргөн, 11 нуман тулгуур бүхий (арктай), 140 баганатай энэ гүүр нь эрт цагаас янагш хол ойрын аянчин жинчин цуварсан их хөлийн газар байж, өрнө, умар зүгийн жингийн цуваа үүгээр Бээжинд орж ирдэг байжээ. XII зууны үед үерийн усанд ихэд эвдэрсэн тус гүүрийг 1698 онд шинэчлэн засварлаж барьсан нь одоогийнхоо дүр төрхийг олж авчээ. Гэхдээ түүнийг сэргээн барихдаа урьдынх нь дүр төрх, хэмжээ дамжааг нь тусгасан нь мэдээж. 1192 онд баригдсан гэж түүхэнд тэмдэглэгдсэн энэ гүүрний хятад нэр нь Лугоуцяо бөгөөд хятад хүмүүс энэ нэрээр нь илүү сайн мэднэ. Учир нь 1937 онд япончууд энэ гүүрээр Бээжинд довтлон орж, эзлэн түрэмгийллээ эхэлсэн болохоор Хятадын шинэ үеийн түүхэнд энэ үйл явдалтай холбоотойгоор тэмдэглэгдэн үлджээ. Эрт цагт хайртай хосууд, амраг нөхдийн хэн нэг нь алс газарт одохоор болвол энд ирж хонон өнжиж, шөнийн сарыг хамтдаа бараалан, өглөө нь голын эргийн бургасаас тасдан авч хоёр хугалаад нэгийг нь алс газар одогч нь нандигнан авч явдаг байжээ. Ийм зан үйл хийсэн хүн заавал эргэж амраг хань, хайртай хосдоо ирдэг зөнтэй гэдэг. Ер нь намрын цагт энэ гүүрэн дээрээс үдэш шөнө сарыг бараалан тухлахад хамгийн тохиромжтой үзэмжтэй байдаг. 
Хятад хүмүүс арван тавны сар буюу тэргэл сарыг харж тольдох эртний уламжлалт зан үйлтэй бөгөөд энэ нь тэнгэр огторгуй, цаг улирлыг шинжих, од гаригсын явдлаар зурхайн тоо бодох, хүний заяа төөргийг зурах нарийн ухааны ажил үйлээс эхлээд эгэл энгийн ард иргэд бол тэргэл сарыг үзэж сэтгэл баясах, найраг шүлэг тэрлэн хэлэлцэх, уран үгийн уралдаан тэмцээн хийх, сарны туяан дор цай уун, сархад хүртэнгээ дууч эмсийн дуулж хуурдахыг сонирхон таалах зэрэг янз бүрийн зан үйл, ёс ёслол амжуулдаг байна. Гэтэл харин жилийн аль ч цаг үед, саран тэргэлших сар тутамд ингэж сарыг бараалж чаддаггүй ажээ. Энэ нь цаг агаарын байдалтай холбоотой бөгөөд жишээ нь өвөл хүйтэн, хавар хавсарга салхитай, зун бөгчим халуун байдаг тул даанч тохиромжгүй, гагцхүү намрын цагт, зуны бөгчим халуун өнгөрч намрын найртай улирал эхэлсэн тэр хэдэн сард тэргэл сарыг тольдох хамгийн таатай цаг мөч тохиодог байна. 
Нийтийн тооллын эхээр буюу 1 дүгээр зууны 98 онд Дундад Азийн эртний соёлт улс Парфийн хаан нангиадын Хан улсын эзэн хаанд анх удаа арслан бэлэглэн илгээсэн түүхтэй. Түүнээс хоёр жилийн дараа хуучны ном сударт юэжи хэмээдэг Дундад азийн Кушаны хаант улсаас нангиадын хаанд мөн амьд арслан бэлэглэжээ. Ингэж сая Хятад оронд арслан хэмээх энэ араатны хаан хүчирхэг амьтныг үзсэн байдаг. Түүнээс хойш арслангийн дүр төрх, сэдэв өгүүлэмж Хятад газар түгэн дэлгэрчээ. Кушан улс Хятадын түшмэг улс болохоос хол өмнө Хүннү гүрний харьяанд түшмэг улсын хувиар олон жил явж, албан татвар, онцгой бэлэг хэмээн өргөл барьц өргөн барьсаар ирсэн түүхтэй. Тэхлээр кушанчууд нангиадад арслан бэлэглэхээсээ өмнө хүннүчүүдэд бэлэглэж л байсан байж таарна аа. Дорно-өрнийг холбосон алдарт Торгоны их зам Хүннүчүүдийн мэдэлд байх үед Кушан улс Хүн гүрэнд татвар төлж, Торгон замын арилжаа худалдаанд оролцдог байсан бол хожим нь нангиадын Хан улс эрхшээх болсноос хойш аажмаар Хүннүгээс харилцаагаа таслан Хан улстай харилцах болж, хариуд нь Торгон замаар худалдаа арилжаа хийх боломжийг олж авсан байдаг.  
Энд бас Хубилай хааны мэргэн зөвлөх, Юань төрийн шадар сайд асан Лю Бинжун хэмээх хятад түшмэлийн гэрэлт хөшөө бий. Лю Бинжун бол өмнөх төр улс болох нүүдэлчин зүрчидүүдийн байгуулсан Алтан улсын төрд зүтгэж асан шадар сайд хүн агаад Чингис хаан Алтан улс дайлан мөхөөхөд лам болж сүмд эчсэн хүн юм. Харин номын багшийнхаа зөвлөснөөр гүн мэдлэг, мэргэн оюунаа шинээр мандсан Монголын төрд өргөн зүтгэх санаа шулуудаж, Хубилай хааны урилга заллагыг хүлээн авчээ. Тэрбээр Хубилай хаанд шадарлан зүтгэж ихийг бүтээсэн гавьяатай хүн байсан бөгөөд түүний хоёр гол гавьяат үйлсийг нь дурдахад, нэгдүгээрт тэрбээр Монголын их гүрэнд олгосон “Юань” хэмээх цолыг хайж олсон хүн юм. 
Шинээр мандсан төрд улсдаа алдар цол олгодог хятадын эртний уламжлалт  ёсон бий. Тэр ёсоор өмнө нь мандсан зүрчидийн төрд “Алтан” буюу хятадаар “Зин” хэмээх цол өргөсөн байдаг. Монголын их гүрний, хятад оронд тогтсон төрд тийнхүү мөнөөхөн Лю Бинжун гэгч эртний хятадын гүн ухааны их хөлгөн судар “Зурхайт ном”-оос үг сонгон авч “Юань” буюу монголчилбол эхлэл, тэргүүн, манлай гэсэн өргөн, гүн утга бүхий алдар цол өргөхийг их хаанд зөвлөн танилцуулж ёсоор болгосон байдаг. “Юань” хэмээх энэ үгийг эрдэмтэд янз бүрээр тайлбарладаг бөгөөд хамгийн сүүлд эрдэмтэн Д.Сумьяабаатар энэ үгэнд “хөх” гэсэн утга бий” гэж тайлбарласан билээ. Тэгэхлээр Юань улс хэмээх нэр нь “Хөх улс, Хөх Монгол улс” гэсэн утгатай болох ажээ. Дэлхийн томоохон гол мөрдийн хоёр нь хятадын нутагт бий Хуанхэ буюу Шар мөрөн. Нөгөөх нь Янзы буюу Чанзян. Шар мөрнийг монголчууд бас Хатан гол гэдэг нь эртний түүхэн үйл явдлаас үүдэлтэй бол Янзы буюу Чанзяныг монголоор Хөх мөрөн гэдэг нь аанай л энэ цаг үеийн угшил нэршилтэй холбоотой буюу шуудхан хэлэхэд “Монгол мөрөн” гэсэн нэр болой. Ер нь энэ юань хэмээх хятад үг, ханз үсгийн утга нь аливаа бүхний уг үндэс, язгуур гарваль, анхдагч, манлай, тэргүүн гэсэн маш өргөн, гүн ажээ.  
Лю Бинжун шадар сайдын хоёрдахь гавьяа бол их гүрний нийслэл Дайду-Хаанбалгасын ерөнхий архитектурыг удирдан гаргаж, их бүтээн байгуулалтыг гардан хэрэгжүүлсэнд оршдог. Чухам түүний гардан гүйцэтгэсэн хот төлөвлөлт, бүтээн байгуулалтын дүнд тэр үеийн Бээжин хот буюу Монголын их гүрний их нийслэл Дайду-Хаанбалгас нь дэлхийд хосгүй, агуу гайхамшигтай сайхан хот болон сүндэрлэсэн болой. Тэрбээр бас Юань улсын Дээд нийслэл буюу хятадаар Шанду хотын зураг төслийг гаргаж, барилга байгуулалтын ажлыг эрхлэн гүйцэтгэсэн юм. Өвөр Монголын Шилийн гол аймгийн нутагт оршиж асан энэ хотыг монголчууд Шанд Гийвэн балгас, өрнөдийнхөн Xanadu гэдэг байсан бөгөөд Монголын хаадын зуны зуслан орд байсан болой.  
 
 
 
 
 
 
 
 
 
 
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Я.Ганбаатар.