sonin.mn
МОСКВА. /Би-би-си/. Их Британийн 81 настай зураач Дэвид Хокнигийн “Зураачийн хөрөг” зураг өнгөрсөн пүрэв гарагт Нью-Йорк хотын “Christie's” дуудлага худалдааны газар 90,3 сая ам.доллараар зарагджээ. Ингэснээр зураач Хокни өнөө цагийн хамгийн үнэтэй зураач болсон байна.
Дуудлага худалдааны газар Хокнигийн зургийг 80 сая ам.доллараар үнэлжээ. Энэ нь Хокнигийн өмнөх дээд амжилтаас 3 дахин их аж. Өнгөрсөн 5 дугаар сард түүний “Номхон далайн эрэг ба Санта-Моника дахь засмал зам” бүтээл нь 28,5 сая ам.доллараар зарагдаж байжээ.
Өнөө цагт амьдарч буй зураачдын хамгийн үнэтэй бүтээлээр өмнө нь 63 настай америкийн зураач Жефф Кунсын “Агаарын бөмбөлгөөр хийсэн нохой” бүтээл тодорч байжээ. Тус бүтээл нь 2013 онд болсон “Christie's” дуудлага худалдаанд 58 сая ам.доллараар зарагдаж байсан аж. 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг