sonin.mn
“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leader ships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор УДЭТ-ын найруулагч, Соёлын тэргүүний ажилтан Ч.Түвшинг урилаа. 
 
ЖҮЖИГЧИН ЭХЛЭЭД ХҮН БАЙХ ЁСТОЙ
 
Театрын урлаг хөгжихөд боловсон хүчин хамгийн чухал. Жил бүр урлагийн сургуулиас мэргэжлийн жүжигчин гэсэн дипломтой олон хүүхэд төгсдөг. Тэдний ихэнх нь босго өндөртэй УДЭТ-т ажиллах хүсэлтэй. Бид тэднээс “сорчилж” авдаг. Учир нь сайн бүтээл хийхэд авьяастай, сэтгэлтэй жүжигчин чухал. Мөн үзэгчдийн мөнхийн эрэлт хэрэгцээ “Шинэ дүр төрх” бий болгох, мэргэжлийн урлагийн ууган байгууллагын хувьд үе үеийн уран бүтээлчид байгаа. Тэднээс суралцах гэсэн үндсэн зарчмын дагуу бид ажиллаж байна.
Залуу уран бүтээлчдээ бид залуу урлагийн төлөө гэх сэтгэл нь “амьд” байгаа дээр нь дэмжиж, урам өгөх ёстой. Жинхэнэ хийх ёстой, театрын урлагаар амьсгалах ёстой үед нь тохирсон дүрийг нь харамгүй өгөх  ёстой гэж боддог. Залуу нас хүний хамгийн эрчимтэй, шатаж явдаг цаг хугацаа. Тэд том мөрөөдөлтэй, түүнийгээ биелүүлэхийн тулд хичээх, чармайх хүслээр дүүрэн, шинийг эрэлхийлсэн байдаг. Тиймээс залуу жүжигчдээ би итгэлийг минь алдахгүй бадрангуй, тэсэрсэн дүрийг гаргаасай гэж хүсдэг. Би хэдийгээр 50 нас руу дөхөж байгаа ч өөрийгөө залуу байна гэж боддог юм. Хүн төрөлхтний оюуны их ертөнцөд 50 нас юу юм бэ. Замбуу тив үүссэн хэчнээн мянган жилийн дотор 50 гэдэг тоо юу ч биш. Хорвоотой танилцах хугацаа асар богино юм. Энэ үедээ бид сайхан бодол, сайн энергитэй ажлаа хийх ёстой. Үүнээс гадна бид жүжигчин шалгаруулж авахдаа тухайн хүний өөртөө хандаж буй хандлагыг нь их хардаг. Өөртөө хэдий чинээ хүндэтгэлтэй хандаж байна вэ гэж. Өөртөө хүндэтгэлтэй ханддаг хүн бусдад тэгж л хандана. Уран бүтээлд ч тэр л зангаараа байна. Учир нь жүжигчин эхлээд хүн байх ёстой юм. Жүжиг гэдэг хамт олны бүтээл. Бие биеэ хүндлэх, урамшуулах сэтгэлтэй байж энэ урлагт өөрийгөө сорих хэрэгтэй.
 
БИДНИЙ БҮТЭЭЛИЙГ ҮЗЭХ ҮЗЭЧДИЙГ БЭЛТГЭХ НЬ ЧУХАЛ
 
БЛИЦ
 
УДЭТ-ын найруулагч, Соёлын тэргүүний ажилтан Чимэддоржийн ТҮВШИН
СУИС-ийг “Найруулагч, жүжигчин” мэргэжлээр төгссөн
1986 оноос өнөөг хүртэл УДЭТ-д ажиллаж байна.
 
Түүний уран бүтээлээс заримыг дурдвал:
 
2003 он-Ф.Вебер  “Чиний эхнэр минийх, миний эхнэр минийх”
2007 он-Д.Энхболдбаатар  “Амьдрал чиний төлөө”
2008 он-Софокл “Эдип”
2010 он-В.Красногоров “Солиотой жүжиг”
2012 он-Д.Содномдорж “Норовын намтар”
2014 он- “Уучлаарай та дугаар андуурч”
2018 он- “Оддын өвчин” жүжиг
 
Театр 87 жилийн хугацаанд хүн төрөлхтний оюуны их өвөөс суралцахад ОХУ-ын нөлөө их байсан. Зөвхөн урлаг гэлтгүй, салбар бүрт бид энэ агуу гүрнээс үлгэрлэсэн. Үе үеийн жүжигчин, уран бүтээлчид “Орос школ”-оор төгслөө. Театр маань Оросын болон дэлхийн алдартай жүжгүүдийг 87 жилийн турш тавьсаар ирсэн. Бид дэлхийн утга зохиолтой мөр зэрэгцэн алхах нь зүй ёсны хэрэг. Нөгөө талаас үндэсний бүтээл ховордсон энэ үед орчуулгын бүтээл тавихаас өөр аргагүй. Хэдийгээр залуу зохиолч олон, тэд бичиж байгаа ч чанарын шаардлага хангасан нь тун ховор байна.  Зөвхөн зохиолчид гэхгүй орон даяар харахад сэтгэлгээний хувьсгал гарахгүй байна. Ардын хувьсгал, аж үйлдвэрийн хувьсгал, инновацийн хувьсгал гарсан. Харин сэтгэлгээний хувьсгал яагаад гарахгүй байна вэ. Бид аливааг өөр өнцгөөс харж, хорвоо ертөнцөд нэр алдраа цуурайтуулсан бүтээл хийж яагаад чадахгүй байна вэ. Үүнээс гадна бидэнд туульсын, том бүтээл олон бий. “Саран хөхөө”, “Хаан түүх”, “Тамгагүй төр”, “Тэнгэрийн хүү” гээд үндэсний хэмжээний том баялгаа хэрхэн гадны зах зээлд гаргах вэ гэдгийг дор бүртээ болох цаг болсон. Энэ бол урлаг шүүмжлэгч, судлаач нарын гол хийх ёстой ажил юм. Тэд эхлээд бидний бүтээлийг үзэх, үзэгчдийг бэлтгэх хэрэгтэй. Тус бүтээлийн тухай шүүмж, судалгаа, ном сэтгүүлийг гаргах шаардлагатай. Мөн монгол ахуй, ухамсарыг нь хадгалсан орчуулга хийх хэрэгтэй байна.  Жишээлбэл, гадаад хүмүүсийн хэзээ ч сонсоогүй үг хэллэг монгол жүжиг олон бий. Түүнийг хэрхэн ойлгуулах вэ. Тэгэхээр бид бүтээлээ гадагшаа гаргахын тулд эхлээд эрдмийн баг байгуулах ёстой. Үүнээс гадна урлаг хөгжихөд шүүмжлэл чухал үүрэгтэй. Даанч манайд тун цөөхөн юм. Дашдондов багш, Батсайхан багш гээд үе үед хэдэн сайхан хүмүүс байна. Гэвч залуу үеийнхэн ховор байгаад харамсдаг. Сүүлд СУИС-ийн Театр урлагийн факултьетийн дэргэд шүүмжлэгч бэлтгэж байгаа юм билээ. Би шүүмж, бүтээлийг нь уншсан. Тэр хүмүүс удахгүй ажилдаа орно байх гэж найдаж байна. Мөн шүүмжлэлээс гадна мэтгэлцдэг байвал театрын урлаг хөгжинө. Учир нь нэг хүн зөвхөн өөрт төрсөн сэтгэгдэл, мэдлэгийн хүрээнд шүүмжлэхэд учир дутагдалтай. Харин нөгөө талаас өөр өнцөг гарч ирээд ярилцах, мэтгэлцэх зарчмаар явбал илүү өгөөжтэй, эргээд эерэг үзүүлэлтийг театрт авчирна  гэж боддог.
 
ХӨНГӨН ХЭЛБЭР РҮҮ ХЭТЭРХИЙ ОРОХ ВИЙ ГЭЖ ЭМЭЭДЭГ
 
Бид жил бүр Урлагийн ажилтны холбоо, БСШУСЯ-тай хамтарч сонгодог жүжгийн уралдааныг  уламжлал болгон зохиодог. Ажиглаж байхад бүх аймаг уралдаанд оролцохыг эрмэлздэг болж. Бие биетэйгээ мэргэжлийн төвшинд өрсөлдөж, хурцлагдахыг хүсдэг болсон байна. Миний хувийн бодлоор манай уран бүтээлчид дуулалт, хошин төрөл рүү илүү хошуурч байна. Хөнгөн хэлбэр рүү хэтэрхий орох вий гэж би эмээдэг. Нэг бодлын тэднийг буруутгах бас хэцүү байна. Бидний төсөв ямар билээ. Нэг уралдаанд орохын тулд халаасаа сэгсэрчихэж болохгүй л дээ. Театрын хөгжлийг тодорхойлох дараагийн үе шат нь үйлдвэр анги буюу арын албаныхан. Манай их, дээд сургуулиуд жүжигчин, найруулагч гэсэн үндсэн мэргэжлээ л бэлтгээд байдаг. Харин жүжигчний хувцсыг урлах оёдолчин, сайхан харагдуулах нүүр хувиргагч, гэрэлтүүлэгч, тайз засагч гэсэн хүмүүсийг мартчихсан. Үнэндээ театрын арын албанд уран бүтээлчдийн ар гэрийнхэн л ажилладаг. Уран бүтээлчийн хүүхэд уран бүтээлч болох ёстой гэдэг ч юм уу. Театраар орж гарсаар энэ урлагт дурлачихсан, энэ ертөнцөөс гарч чада­хааргүй болчихсон хүмүүс бий. Мэргэжлийн хүмүүс авчраад ажиллуулъя гэхээр цалинг нь голоод явчихдаг. Тайз засагч гэдэг мэргэжил театрын хувьсал, хөгжилд их чухал үүрэгтэй. Уг нь хүний амь нас хариуцдаг, хортой нөхцөлд ажилладаг өндөр зэрэглэлийн мэргэжил юм. Харанхуйд ажиллана гэдэг асар том эрсдэл дагуулна. Нэг буруу хөдөлгөөн хийхэд л нэг хүний амь насыг хөнөөчихөж болно. Тиймээс өндөр мэдрэмж, ухаан шаарддаг. Гэтэл цалин нь 400 мянга ч хүрэхгүй юм. Магадгүй манай дээдсүүдийн нэг өдрийн хоолны мөнгө л байх. Урлагийнхан гэхээр яагаад ийм бага цалинтай байх ёстой юм бол. Дэлхийд бол эсрэгээрээ шүү дээ. Урлаг, уран сайхан, гоо зүй гэдэг хүний амьдралын салшгүй нэг хэсэг. Улс орон тусгаар тогтнолоо авч үлдэх тулгын гурван чулууны нэг нь соёл урлаг юм. Өнөөдөр манай салбар айлын хажуу өрөө хөлсөлсөн маягтай оршин тогтнож байна. Эсвэл хадмындаа олон жил амьдарсан хүргэн шиг. Гэртээ дураараа ч алхаж чадахгүй. Театрын хувьд тоног төхөөрөмжөө шинэчлэхээс эхлээд бидэнд тулгамдаж буй асуудал олон бий. Нэлээд хэдэн жилийн өмнө бид 500 сая төгрөгөөр багахан төхөөрөмж авсан ч энэ цагт дахиад л хуучирчихлаа. Мөн техник технологи хөгжи­хийн хэрээр театрын урлаг, гэрэл техник дагаад хөгжиж байна.Энэ хөгжлийг дагаад үзэгчид биднээс илүү бүтээл, тоног төхөөрөмжийн гайхамшгийг хүсээд байдаг. Бидэнд бие даасан бодлоготой яам хэрэгтэй. Саяхан нэг баяртай шийдвэр гарсан нь бид давсан орлогоо өөрсдөө зарцуулах эрхтэй болсон. Өмнө нь улсын санд ордог байсан юм. Энэ удаагийн “Оддын өвчин” жүжгийг бид давсан орлогоороо босгосон. Цаашдаа ч олон сайхан уран бүтээл хийх хүсэл, тэмүүлэл асч байна.
 
БИД БОХИР НИЙГЭМД АМЬДАРЧ БАЙНА
 
Орчин үеийн урла­гийн төрөл зүйлүүдийг мэргэжлийн урлагийнхан байтугай үзэгчид хүртэл мэддэг болчихсон. Үзэгчдийн урлагийн тухай мэдлэг, оюуны боловсрол дээшилж байна. Тиймээс театрт хандах, театрт ирэх тоо нэмэгдэж байна.  Энэ нь бидний уран бүтээлийн эрэлтийг ч нэмэгдүүлж байгаа юм. Драмын урлагт тайз их чухал. Тайз өөрөө жүжигчинтэй тоглож, найруулагчийн хүмүүст хүргэх гэсэн санааны нэг илэрхийлэл болдог. Тиймээс “Оддын өвчин” жүжгийн тайзыг зураачтайгаа ярилцсаны эцэст сэрэл, сэтгэмж, мэдрэмж талаас нь хөндөж бүтээсэн. Байгаа юмыг байгаагаар нь биш өөр өнцгөөс харуулах зорилт тавьсан. Өнөөдөр бид бохир нийгэмд амьдарч байна. Зурагтаар явж буй мэдээ нь хүртэл гэмт хэрэг, хүчирхийллийн сэдэвтэй. Хүн бүр түүнд нь дадал болчихсон. Энэ бол хүн өөрийн сэтгэлзүйн дархлаагаа алдахын дохио юм. Үүнийг бид урлагаар, хайраар, уучлалаар эмчлэх нь зүйтэй. “Оддын өвчин” жүжигт ч үүнийг хөнддөг. Оддын өвчин гэдэг нийгмийн өвчин болчихлоо. Бүгд “од”, лидер, цагаан гартнууд болох хүсэлтэй. Бид яагаад ийм болчихов оо. Бүгд л “эзэн” байхыг хүсэх юм. Тэгвэл хэн нь хар бор ажлаа хийх юм бэ. Хүмүүсийн энэ сэтгэхүйг өнөөдөр гэнэт хөшиг нээгээд ч юм уу, тариа тариад эмчилчихгүй. Урлагийнханд нэгдсэн бодлого хэрэгтэй. Олон жилийн хөдөлмөр, уран бүтээлийн үр дүнд л энэ байдал өөрчлөгдөнө. Бид өнөөдөр энэ онд тэдэн хүн машины авто осолд өртлөө, ажлын байранд хүн гэмтжээ, хүүхэд алга боллоо гэсэн статистик тоог цаг ямагт авдаг. Харин тэдэн хүн сэтгэлээрээ гэмтэж, тэдэн хүн оюунаараа гэмтэж гэсэн тоо баримт байдаггүй нь харамсалтай.
 
Ч.Гантулга
Эх сурвалж:  “Зууны мэдээ” сонин