sonin.mn
Монголын өдөр тутмын сонинууд  өнгөрсөн есдүгээр сард хийсэн хоёр дахь форумаараа олон нийтийн анхаарлыг зүй ёсоор татаж байгаа нийгмийн хамгийн хөндүүр арван сэдвийг тодорхойлсон. Өдөр тутмын сонинуудын рекакци, сэтгүүлчид  хүүхэд хамгаалал, цахим орчин дахь хүүхэд хамгаалал, монголчуудын эрүүл мэнд, нийгэмд нүүрлэсэн хар тамхины эрсдэл, боловсролын тогтолцооны гажуудал зэрэг энэ цаг үед шийдвэр нэхсэн чухал сэдвүүдийг хөндөж, тоо баримт, гарц гаргалгаатай  илтгэл хэлэлцүүлсэн юм.
Дээрх  сэдвүүдийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нэг удаа хөндөөд орхих биш цаашид бүтэн жилийн турш олон нийт, шийдвэр гаргагчдын сонорт хүргэхээр санал нэгдсэний нэг нь Хүүхэд хамгааллын сэдэв байлаа.
Тийм ч учраас өдөр тутмын сонинууд өнгөрсөн ёсдүгээр сараас хойш хүүхэд хамгааллын асуудлыг тал бүрээс нь хөндөж, шийдвэр гаргагч, бодлого тодорхойлогчдоос оновчтой шийдэл, үр дүн нэхсээр байгаа билээ. Энэ удаа Цагдаагийн ерөнхий газар, Монголын өдөр тутмын сонинуудын холбоо хамтран хүүхэд хамгаалал, тэр дундаа цахим халдлагаас хүүхдийг хэрхэн хамгаалах талаарх хэлэлцүүлэг, редакцийн уулзалтыг “Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д зохион байгууллаа. Редакцийн уулзалтад хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг, дуу хоолойгоо хүргэдэг төрийн болон төрийн бус байгууллага, эцэг эхчүүдийн төлөөлөл оролцож олон талын мэдээллээ хуваалцаж, цаашид хүүхдийг хэрхэн хамгаалах талаарх гарц шийдэл ярилцав.
Цагдаагийн байгуул­лага, Харилцаа холбооны зохицуулах хороо, Нийслэлийн гэр бүл хүүхдийн хөгжлийн газар, ХЭҮК, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Фэйсбүүкийн “Алдарт эх” групп-ын төлөөлөл оролцсон хэлэлцүүлгийн үеэр хүүхдийг цахим орчноос хамгаалах  хамгийн үр дүнтэй арга бол эцэг, эхчүүд өөрсдөө эхэлж, үлгэрлэе. Бусдыг даган дуурайх биш өөрсдөө манлайллыг бий болгож цахим сүлжээнээс хэрэгтэй мэдээллээ авдаг болох зэргээр иргэдийн оролцоонд түшиглэсэн урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахад санал нэгдсэн юм.
Түүнчлэн гэмт хэргээс сэргийлэх нь зөвхөн цагдаагийн байгууллагын үүрэг биш олон нийтийн ухамсар, хариуцлагаас хамаарах учраас хамтарч байж эрүүл нийгэм, зөв хандлагыг бүтээнэ гэдгийг хууль хяналтынхан онцолж байлаа.
Мөн хүүхдийг цахим орчны аюул, гэмт хэргээс хамгаалахын тулд дэлхийн бусад улс ор­ны туршлагыг нэвт­рүүлж цахим сүлжээг зохицуул­сан хуультай болох, шүүлтүүрийн программыг хэрэглээнд нэвтрүүлэх зайлшгүй шаардлага байгаа юм.
Үүний тулд эцэг эхчүүдийн мэдлэгийг дээшлүүлэх, Харилцаа холбооны зохицуулах хорооноос хэрэглэгчийн шүүлтүүрийн программын төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж. Мөн хүүхдийн дугаарыг бүртгэлжүүлэх зайлшгүй шаардлагатай зэргээр хүүхдийг хэрхэн хамгаалах талаар зочдын байр суурийг хүргэе.
 
НЦГ-ын ХГХУСХ-ийн дарга, хурандаа Б.Батзориг: БАГА ЗАРДЛААР ХҮҮХЭД ХАМГААЛАХ АРГА БОЛ ЭМЗЭГ ЦЭГҮҮДЭД ЭЦЭГ ЭХЧҮҮД  ЭРГҮҮЛ ХИЙХ
 
-Цахим орчинг зөв болгоё аян бол хүүхэд хамгааллын талаар хэрэгжүүлж буй ажлуудын зөвхөн нэг хэсэг нь. Цагдаагийн байгууллага бусад төрийн байгууллагатай хамтарч эцэг эхчүүдийн үүрэг оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэх  шторк, зөвлөмж, сэрэмжлүүлэгийг хангалттай явуулж байна. Хүүхэд гэр бүлийн орчинд эцэг эх, сургуулийн орчинд багш, нийгмийн ажилтны хараа хяналтад байдаг. Харин энэ хоёрын хоорондох зайг аюулгүй болгох хэрэгтэй. Цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байгаа гэмт хэргийн дийлэнх гудамж талбайд үйлдэгдсэн байдаг. Сургуулиас гэр хүртэлх зайд хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс Хүүхэд хамгаалагч төслийг хэрэгжүүлж байна. Хүүхэд аюулд өртөж болзошгүй эмзэг цэгүүдэд яагаад эцэг эхчүүдийг эргүүлд гаргаж болохгүй гэж. Хөрөнгө мөнгө шаардахгүйгээр хамгийн бага зардлаар хүүхэд хамгаалах ажил бол сургууль, гэрийн хоорондох зам талбайд эцэг эх эргүүл хийж юм.  Ялангуяа, гэр хороололд нохойд хазуулах, гар утсаа дээрэмдүүлэх зэргээр  хүчирхийлэлд өртөж байна. Цагдаагийн байгууллагын эргүүлийн маршрут, чиглэл гэр хорооллын гудамж бүрт хүрэхгүй, гэр хорооллын гудамжууд бүрэн камержаагүй. Он дуустал хэрэгжүүлэх “Хүүхэд хамгаалагч” төсөл  үр дүнд хүрнэ гэж найдаж байгаа.
Дээхнэ үед эцэг эхчүүд “Ардын нөхөрлөлийн гишүүн” гэсэн тэмдэг зүүгээд эргүүлд явдаг байсан. Бид яагаад хуучин уламжлал, өмнө нь хийж хэрэгжүүлсэн сайн туршлагыг одоогийн нийгэмд илүү сайжруулж боловсронгуй, хяналттай болгон ашиглаж болохгүй гэж. Эцэг эхчүүдийн эргүүлийг цагдаагийн байгууллагын дэмжлэг, зааварчлагаараа явуулахад ахиц дэвшил гарна гэж харж байна.  ЕБС-иуд дээр очоод фэйсбүүктэй хүүхэд байна уу гэхээр бүгд гараа өргөдөг. Уг нь 14 нас хүрээгүй бол фэйсбүүк хэрэглэх боломжгүй. Гэтэл сурагчид насаа нэмж бүртгүүлээд дандаа хуурамч хаягтай байна. Цахим орчин дахь эмх замбараагүй, хяналтгүй, садар самуун үйлдэл хүүхдийн эрхийг зөрчиж байна. Тиймээс УИХ, Засгийн газраас эхлээд шат шатандаа анхаарч, төрийн болон ТББ-ууд уялдаа холбоотой ажиллах шаардлагатай. Тухайлбал, манай улсын хувьд цахим орчны аюулгүй байдлын хангах олон улсын конвенцид нэгдэж бусад улс орнуудтай мэдээ, мэдээллээ хуваалцдаг больё. Төр, засгийн хэмжээнд энэ чиглэл рүү анхаарч   тухайн конвенцид нь нэгдэх тодорхой шалгууруудыг хангах талаас нь ажиллая. Бусад улс оронд хүүхдийнх ухаалаг утсаны мэдээлэл эцэг, эхчүүдэд нь давхар очдог. Ийм хязгаарлалтыг хийж чадвал цахим орчны нөлөөллөөс хүүхдүүдийг хамгаалж чадна.
 
Фэйсбүүкийн “Алдарт эх” групп-ын төлөөлөл Л.Гантуяа: ЗӨВ БҮХНИЙ ЭХЛЭЛ НЬ ЭЭЖҮҮД ӨӨРСДӨӨ БАЙЯ
 
-Төрийн байгууллагууд хүүхэд хамгааллын чиглэлээр маш их ажил хийдэг юм байна. Гэтэл тэрийг нь яагаад эцэг, эхчүүд бид мэдэхгүй байна вэ. Тиймээс ажил нэмж хийхээс илүү хийснээ олон нийтэд хэрхэн хүргэх, иргэдийн оролцоог бий болгох вэ гэдэг чухал. Дүүрэг, хороо мэдээлэл дамжуулах оновчтой суваг болж чаддаггүй. Мэдээлэл авья гэж хичээдэг ч түвэгтэй. Тиймээс энэ мэт төрийн байгууллагуудын шийдвэрийг олон нийтэд хүргэх дүр үзүүлсэн байдлыг амьдралд ойртуулж, бодит хөрсөнд нь буулгасан цагт үр дүнтэй болно. Мэргэжлийн сонин сэтгүүл уншихаас гадна зурагт, цахим мэдээллийн хэрэгслээс голчлон мэдээлэл авч байна.
Миний төлөөлж ирсэн ээжүүдийн хамгийн идэвхитэй байдаг “Супер мом” группт 1-2 хүүхэдтэй 30 гаруй мянга,  “Алдарт эх” группт  4-10 хүүхэдтэй, 35-45 насны 4500 ээж мэдээллээ идэвхитэй солилцдог. Бидний зорилго бол нийгэмд зөв үлгэрлэл, зөв хандлагыг түгээх юм. Тиймээс зөв гэр бүл, зөв хүүхэд, зөв нийгэм гэсэн уриан дор нөлөөллийн ажлуудаа зохион байгуулдаг. Хоёр жилийн хугацаанд нийгэмд эерэг үлгэр дууриал, эерэг хандлагыг түгээх олон ажлыг санаачилж, амжилттай хэрэгжүүлсэн. Манай групп хандив тусламж, сургалт, хөгжил, ээжүүдийн нийгэмших зөв үлгэрлэлийг түгээх нийгмийн маркетингийн ажил зэрэг хэд хэдэн үндсэн чиглэлээр ээжүүддээ ажил хариуцуулж ажилладаг. Алдарт эх группт хөгжлийн бэрхшээлтэй буюу тусгай хэрэгцээтэй хүүхдүүдээ асардаг 40-өөд ээж бий. Эдгээр ээжүүд рүү чиглэсэн  маркетингийн ажил хийж, нийгмийн хандлагыг өөрчлөх гэж хичээдэг. Тэр дунд хүүхэд хамгааллын чиглэлээр эерэг зөв мэдээллийг олон нийтэд түгээх цогц сургалтын арга хэмжээнүүдийг ээжүүд болон өсвөр насны хүүхдэд хийх зэргээр цагдаагийн байгууллагатай ч юм уу хамтарч ажиллах боломжтой. Ээжүүдийн хувьд тулгамдаж байгаа асуудал нь өсвөр насны хүүхдүүд. Тэр дундаа эцэг эхтэйгээ ойлголцоход адармаатай, сэтгэл зүйн талын сургалт зайлшгүй шаардлагатай. Аливаа сургалтыг  дан ганц хүүхэд гэхээс илүү ээж хүүхэд хоёр хамтдаа байх нь илүү өгөөжтэй. Хүүхдэдээ хэрхэн нийгмийн харилцаанд оролцох, сургуулийн орчинд  өөрийгөө зөв удирдаж зөв бие хүн болж төлөвших зэргийг эцэг эхчүүд заах үүрэгтэй. Ганцхан багшид найдахгүйгээр хүүхдэдээ хяналт тавьж хариуцлагатай байх ёстой. Тэр дундаа цахим хэрэглээнд нь ч гэсэн хяналт тавихгүй бол +16 настай охид, хөвгүүд гэсэн нэртэй групп олон байна. Тэндээс янз бүрийн сөрөг мэдээлэл, бичлэг их үзэж байна. Анхнаас нь  хүүхдүүддээ цэгцтэй боловсрол өгч, зөв тийш нь залж, ямар хүнтэй нөхөрлөж байна гэдэгт нь хяналт тавихаас өөр аргагүй. Тиймээс ээжүүд маань зөв бүхний эхлэл нь өөрсдөө байхыг зорих хэрэгтэй. Бусдыг харж, нийгэм эрүүл болно гэж хүлээх хэрэггүй. Зөв үлгэрлэл, зөв хандлагыг бид өөрсдөө төлөвшүүлээд өгчихвөл магадгүй 10, 20 жилийн дараа тогтолцоо эрүүл болох юм болов уу.
 
Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын мэргэжилтэн Б.Мандах: НЭГ ХҮҮХДИЙГ 1000 ТӨГРӨГӨӨР Л ХАМГААЛЖ БАЙНА
 
-Хүүхдийн эрх, хөгжил, оролцоог хангах чиглэлээр олон  төрлийн ажил хийж байна. 2000 оны үеийг бодвол хүүхдийн байгууллага есөн дүүрэгт Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэстэй болсон. Хэлтэс болгонд хүүхдийн эрхийн хуульзүйн хороонд 20 гаруй мэргэжилтэн ажиллаж байна.
Хүүхдүүд эцэг, эхчүүдийн хариуцлагагүйгээс хараа хяналтгүй хүүхэд гэсэн нэртэй болсон. Үүнийг өөрчилж гудамжинд ажиллаж, амьдарч байгаа хүүхэд гэж нэрлэе гэж байгаа юм. Эцэг, эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд манай байгууллагаас “Би хариуцлагатай аав, ээж”, Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, Цахим орчны нөлөөнөөс урьдчилан сэргийлэх гээд хэд хэдэн аяныг зохион байгуулсан. Тэр дунд хүүхдийг цахим орчны нөлөөнөөс сэргийлэхийн тулд эцэг эхчүүдийн дунд цөөнгүй сургалт зохион байгуулж, цахимаас өөрийгөө болон үе тэнгийнхнээ хэрхэн хамгаалах талаар хүүхдийн зуслангууд дээр очиж сургалт хийлээ. 2017 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг хэлтэс, хорооны хамтарсан багаар дамжуулж бүтэн жил сурталчилсан.  Өөрөөр хэлбэл, хүчирхийлэл үйлдээд байгаа гэр бүлтэй давхар ажиллаж сэтгэлзүйн зөвлөгөө өгч байна. Хүүхэд хамгааллын чиглэлээр төрийн байгууллагаас гадна ТББ-ын оролцоо маш чухал.
Ирэх жилийн төсөвт хүүхэд хамгаалалд таван тэрбум төгрөгийг орон нутаг, нийслэлд  хуваарилсан. Үнэндээ хүүхдийн эрхийг хамгаалахад тав, арван тэрбум байсан ч хүрэлцэхгүй. 450 мянган хүүхэд гэж тооцвол нэг хүүхдийг 1000 төгрөгөөр л хамгаалж байна гэсэн үг. Хэдийгээр мөнгө чухал ч таван тэрбумаас хавь илүү хүүхдийн төлөө сэтгэл гарган ажиллаж байгаа хүмүүс бий. Бас нэг тулгамдсан асуудал МСҮТ-д насанд хүрээгүй хүүхдүүд сурдаг. Албан бус сургалтад явж байгаа хүүхдүүд ч бий. Энэ хүүхдүүд хүүхдийн эрх хамгааллын чиглэлийн олон ажлаас  орхигддог. Мөн Монголд амьдарч байгаа гадны иргэдийн хүүхдүүд монгол хүүхдүүдтэй адил үйл ажиллагаанд оролцож чаддаггүй. Тэдний эрх зөрчигдөж байгаа эсэхийг хэлж мэдэхгүй. Төрийн бодлогыг олон нийтэд хүргэхэд хэвлэл мэдээллийн байгууллага хамгийн чухал. Хүүхэдтэй холбоотой бас нэг чухал асуудал бол цахим халдлагаас гадна мансууруулах төрлийн бодис. 2018 онд зургаан дүүргийн 1000 хүүхдээс судалгаа авч Хуульзүй, дотоод хэргийн яамтай хамтраад ЕБС-ийн 300 нийгмийн ажилтан, халамж асрамжийн төвүүдийн нийгмийн ажилтан, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудыг оролцуулж сургалт явуулсан.
 
Харилцаа холбооны зохицуулах хорооны мэргэжилтэн Т.Батболд: ХҮҮХДИЙГ ЦАХИМ ХАЛДЛАГААС ХАМГААЛАХ НЭГ АРГА НЬ КОНТЕНТЫН ШҮҮЛТҮҮР
 
-Манай байгууллага хуулийн дагуу цахим орчин болон телевизэд хүүхдийн зөв зохистой хэрэглээг бий болгох сурталчилахад хяналт тавих үүрэгтэй. Энэ хүрээнд төрийн болон ТББ-уудтай хамтарч цөөнгүй ажил хийж байгаагийн нэг нь Цахим орчинг зөв болгоё аян юм. БСШУСЯ, Монгол шуудан компанитай хамтраад сурагчдын дундах клубуудыг идэвхжүүлэх, цахим орчны зөв зохистой хэрэглээг бий болгоход хүүхдүүдийн өөрсдийнх нь оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч байна. 2013 оноос садар самуун сурталчилсан зэргээр хууль тогтоомж зөрчсөн сайтуудын хандалтыг хязгаарлаад явж байгаа.  Цахим орчин дахь контент хэрэглэгчийн болон мэдээллийн хэрэгслийн хэлбэрээр үүсгэсэн гэсэн хоёр төрөл бий. Одоо бол хэрэглэгчийн үүсгэсэн фэйсбүүк, твиттер буюу нийгмийн сүлжээ хамгийн их асуудал дагуулж байна. Цахим орчин дахь гэмт хэрэг, нөгөө талаас хүүхдийн хүмүүжил төлөвшил ёс суртахуунд нөлөөлж байна. Цахим орчин буюу онлайн контентыг олон улсад үндсэн хоёр аргаар зохицуулдаг. Хууль эрхзүйн орчныг тодорхой болгож, технологийн шийдлийг нэвтрүүлж байна. Мөн шүүлтүүр дэх хандалтыг хязгаарлахаас гадна олон нийтийн ухамсар мэдлэгийг дээшлүүлж, хүүхдүүдэд мэдээллийг ялган таних сургалтыг үе шаттайгаар тогтмол зохион байгуулдаг.
Манай улсын хувьд цахим орчинд хүүхэд өөрийгөө хэрхэн хамгаалах, юуг цахим орчны гэмт хэрэг, нөлөөлөл гэж үзэх вэ гэдгийн илүү нарийвчлах шаардлагатай. Үүнээс гадна эцэг, эхчүүд, сургуулийн орчинд  цахим халдлагаас сэргийлэх технологийг ашиглах мэдлэг мэдээлэл хэрэгтэй. Хүүхдийг цахим халдлагаас хамгаалах нэг арга хэрэгсэл нь контентын шүүлтүүр.Контентыг шүүлтүүрдэх технологийн дөрвөн арга хэрэгсэл байдаг. Хэрэглэгч, интернэтийн үйлчилгээ эрхлэгч компани, дата төвүүд шүүлтүүрийн программ бий. Үүнээс гадна интернэтийг бүхэлд нь хянах арга хэрэгсэл бий. Олон улсад бүхэлд нь хянах аргыг гэмт хэргийн төрөл рүү нь түлхүү ашигладаг.
Хэрэглэгчийн шүүлтүүр программ гурван төрлийн боломж олгодог. Түлхүүр үгээр агуулгын хандалтыг, домэйн нэрээр шүүлтүүрдэхээс гадна интернэтэд орох цагийг хязгаарлаж болдог. Эцэг эхчүүд Англи хэл дээр нь татаад суулгаж ашиглаж болно. Манай байгууллагаас шүүлтүүрийн программыг гурван түвшинд орчуулж олон нийтэд үнэгүй тараахаар төлөвлөж байна. Технологийн арга хэрэгслийг үр дүнтэй нэвтрүүлэхийн тулд хууль эрхзүйн орчин тодорхой байх ёстой. Нөгөө талаас хувийн нууцтай холбоотой. Тухайлбал, хүүхдийн утасны дугаарыг бүртгэлжүүлье гэхээр хууль эрхзүйн гаргалгаа нэхдэг. Дутуу дулимаг байна.
 
ЦЕГ-ын ХГХУСТ-ийн дарга, хошууч Д.Будзаан: ТӨРИЙН БОДЛОГО АРХИВЫН БАРИМТ БОЛЖ ҮЛДЭХ БИШ ОЛОН НИЙТЭД ХҮРЭХ ЁСТОЙ
 
-Монголд хүүхэд гэмт хэрэг зөрчилд холбогдож хохирох нь жил ирэх тусам өсч байна. Сүүлийн таван жилийн хүүхэд хохирсон холбогдсон гэмт хэргийн нөхцөл байдалд судалгаа хийхэд эрүүгийн хуульд заасан 32 төрлийн гэмт хэргийг хүүхэд үйлдэж байна. Жилд 1000 гаруй хүүхэд гэмт хэрэгт шалгагдаж, 1500-2000 хүүхэд гэмт хэргийн хохирогч болж байна. Энэ бол маш өндөр тоо. Хуульд зааснаар хүүхэд эрүүл мэнд, боловсрол, гэр бүл, олон нийтийн арга хэмжээ, нийтийн цахим сүлжээ зэрэг таван төрлөөр хамгаалагдах эрхтэй ч эцэг эхчүүд хүүхдээ асран хамгаалах үүргээ хэрэгжүүлэхгүй байна.
Цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлсэн Unfriend аяны хүрээнд давхардсан тоогоор зургаан сая гаруй хүнд мэдээлэл хүрч, цахим сүлжээний цаана хүүхэд хохирсон олон гэмт хэргийг илрүүлж чадсан. Иргэдийн мэдээлэх байдал нэмэгдэж нэг алхам урагшилсан.
Хүүхдийг цахим орчны хохирогч болохоос өмнө урьдчилан сэргийлэхийн тулд зөв зохистой, аюулгүй хэрэглээг бий болгох, төлөвшүүлэх нь чухал. Тиймээс хамгийн гол нь цахим орчинд ухаалаг, соёлтой байхыг эцэг, эхчүүдээс эхэлж, үлгэрлэе. Бусдыг даган дуурайх биш өөрсдөө манлайллыг бий болгож цахим сүлжээнээс хэрэгтэй мэдээллээ авдаг болох зэргээр иргэдийн оролцоонд түшиглэсэн урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах нь үр дүнтэй. Гэмт хэргээс хамгаалах нь зөвхөн цагдаагийн байгууллагын үүрэг биш олон нийтийн ухамсар, хариуцлага чухал учраас хамтарч байж эрүүл нийгэм, зөв хандлагыг бүтээж чадна.
Бас нэг чухал зүйл бол төрийн байгууллагуудын хийж байгаа ажил 4-5 давхар байшиндаа архивын баримт болж үлдэхээс илүү олон нийтэд хүрэх ёстой. Үүний тулд хэвлэл мэдээллийн байгууллагуудын оролцоог өргөн хүрээнд ашиглаж, хамтарч ажиллах зайлшгүй шаардлага бий. Хурал, сургалтаас татгалзаж хөрсөн дээр буусан, олон нийтэд хүрч үр дүнгээ өгөх талаас нь ажиллах хэрэгтэй. Хүүхэд хамгааллын чиглэлээр Сэргийлэгч, зүүн азийн улс орнуудыг туршлагыг судалсны үндсэн дээр “Хүүхэд хамгаалагч” төслүүдээ ирэх онд улам өргөжүүлэхээр төлөвлөж байна.
600 гаруй мянган хүүхэд утасны дугаартай. Энэ дугааруудад очдог контентод шүүлтүүрийн программ тавья гэхээр оператор компаниуд утасны дугаар олгохдоо харилцагчийн мэдээллийг нууцлан хадгална гэсэн гэрээтэй. Мөн захидал харилцаа хувь хүний нууцад хамаардаг зэргээр хууль дүрэм журамд өөрчлөлт оруулах шаардлагатай. Шүүлтүүрийн программ тавьж хөгжүүлснээр хүүхдүүдэд очдог сөрөг контент үгүй болно. Эцэг эхчүүдийн сошиалын талаарх мэдлэг, мэдээлэл дутмаг байна. Эцэг эхчүүд гар утасныхаа түгжээг хүүхдээрээ тайлуулчихаад өөрсдөө +18 контент үзээд орхичихдог. Түүнийг нь хүүхэд нь нууцаар үзээд хүчиндэх гэмт хэрэг үйлдэж байгаа тохиолдол байна.
 
ХЭҮК-ын референт Э.Мөнхзул: ХҮҮХДИЙН ЭРХ ГЭЖ ЮУ ВЭ ГЭДГИЙГ ӨӨРӨӨС НЬ НЭМЭЛТ ХАЧИРГҮЙГЭЭР СОНСЪЁ
 
-ХЭҮК жил бүр УИХ-д тухайн жилийнхээ анхаа­рал татсан хүний эрхийн асуудлаар бүтэн жил судалгаа, шинжилгээ хийсэн илтгэл өргөн барьдаг. Хүүхдийн эрхийн асуудал түгээмэл хамгийн анхаарал татсан асуудал байдаг учраас жил болгоны илтгэлд судалгаа хийж хүүхдийн эрхийн асуудлыг хөнддөг. Тухайлбал, манай байгууллагаас хамгийн сүүлд хийж байгаа ажил бол хаа­на хэнд ч хүүхэд өөрөө гомдол гаргах эрхтэй байгаа талаар олон талын мэдээлэл, сурталчилгааны ажлыг өргөн хүрээтэй хийж байна. Жил бүрийн арванхоёрдугаар сарын 10-нд болдог  Хүний эрхийн түгээмэл тунхаглалын өдрийг угтаж олон ажил хийхээр төлөвлөсний дотор хүүхдийн эрх хамгааллын чиглэлээр ирэх онд хүүхдийг өөрийг нь мэдлэгжүүлье, чадваржуулъя гэсэн бод­лого барьж байна. Алслагдсан газруудад хүүхэд байтугай иргэд эрх, боломжуудаа  мэддэггүй. Мэдлэг, эрхийг нь ойлгуулчихвал өөрийгөө хамгаалж чадна. Хүүхдүүд ч мөн адил. Хүүхдүүд  5-10 насандаа эрхээ ойлгоод мэд­чих­вэл өөрийнхөө болоод бусдыг  хамгаал­даг, дуугарч, тэмцэж, шаардаж чаддаг, хариуц­лагатай иргэн болно. Тиймээс хамгийн гол нь ЕБС-д хүүхдийн эрхийг өөрт нь таниулж, сурталчлах нь чухал. Хүүхдийн эрх гэж юу вэ гэдгийг өөрөөс нь нэмэлт хачир­гүйгээр сонсъё. Хүний эрх гэдэг танд бай­гаа боломж. Үүнийг л  хүүхдэдээ  ойлгуулъя.
 
НЦГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Л.Амармөрөн: ИРГЭДТЭЙ ХАМТАРЧ ТАЙВАН ХОТЫГ БҮРДҮҮЛНЭ
 
-Сошиал медиа хөгжүүлэгчдийн холбоо, Аавуудын групп гээд цахим орчинд идэвхитэй байдаг группийн админуудтай  уулзаж цахим орчныг зөв болгох, хүүхэд хамгаалал, тэр дундаа сошиалаас хүүхдийг хамгаалахад аавууд хэрхэн оролцох талаар санал солилцсон. Сошиалд идэвхтэй 60-70 групп байдаг юм байна. Эерэг мэдээллийг олон нийтэд сайн хүргэх, олон нийтэд таниулах нь хамгийн чухал учраас зөв бодолтой, зөв залуусыг нэгтгэж залуусыг эерэг мэдээлэлд уриалах аяныг эхлүүлээд байна. Олны танил хүмүүс, нийгэмд дуу хоолойгоо хүргэж байгаа залуус цахимд үйлдэгдэж байгаа гэмт хэргээс өөрсдийгөө болоод хүүхдийг хэрхэн хамгаалах талаар дуу хоолойгоо хүргэж байна. Цаашид ч өргөн хүрээтэйгээр өргөжих  байх.
Цагдаагийн байгууллагаас хийж буй ажилд иргэдийн саналыг тусгах үүднээс гудамж талбайд самбар байрлуулж байна. Санал авах үнэ төлбөргүй тусгай утас ажиллуулах талаар Харилцаа холбооны зохицуулах хороонд хандсан. Хотын төв цэг болон хүмүүсийн хамгийн их зорчдог гудамж, зам талбайд Тайван хотыг таны оролцоотой гэсэн самбар байрлуулж иргэдээс мэдээлэл авна. Урьдчилан сэргийлэх ажлыг иргэн тантай хамтарч тайван хотыг бүрдүүлэх юм.Зөвхөн хүүхэд хамгаалал бус гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бүх мэдээллийг иргэдээс авна.
 
Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн нийгмийн ажилтан Ц.Баярмаа: ҮЛ ХАЙХРАХ ГЭДГИЙГ ХҮМҮҮС ЯДУУ БАЙДАЛТАЙ ХОЛБОЖ ОЙЛГОДОГ
 
-Хүчирхийллийн эсрэг үндэсний төв гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг хамгаалдаг. Хүүхдүүдийн аюулгүй байдлыг нь хамгаалж  байрлуулахдаа эхлээд хороо, захиргаанаасаа эсвэл иргэдээс, төрийн албан хаагчаас мэдээлэл авч хороонд нь холбож өгдөг. Аюулын зэргийн үнэлгээ хийж эрсдлийн түвшин дунд, өндөр гарсан хүүхдүүдийг хамгаалах байрандаа авч сэтгэл зүйн үйлчилгээ, нийгмийн ажлын болон боловсрол, эрүүл мэндийн цогц үйлчилгээ үзүүлэхээр зорьж ажилладаг.
Хотын баруун хэсэгт байрладаг манай төвд гэхэд энэ оны нэгдүгээр сарын 8-наас хойш 50 орчим хүүхэд үйлчлүүлж, хамгаалал хүссэн. Үүний 23 нь гэр бүлдээ буцаж очсон бол бусад нь гэртээ очих боломжгүй учраас асрамжийн газар, өөр байгууллага руу шилжсэн. Хүчирхийллийн хэлбэрээр нь харахад бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхэд арваад бий. Ихэнх нь үл хайхрах хүчирхийлэл, сэтгэл санаа, бие махбодийн хүчирхийлэлд өртсөн. Үл хайхрах гэдгийг хүмүүс ядуу байдалтай холбож ойлгодог. Гэтэл хүүхэд юугаар ч дутагдахгүй мөртлөө эцэг эхчүүд нь хангалттай анхаарал хандуулж чадахгүй байгаа юм.
 
Эцэг, эхчүүдийн төлөөлөл А.Амаржаргал: ТАНЫ ТҮГЭЭХ ГЭЖ БАЙГАА СӨРӨГ МЭДЭЭЛЛИЙГ ХҮҮХЭД ЧИНЬ ОЛЖ ХАРНА ГЭЖ БОЛГООМЖЛООРОЙ
 
-Цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэргээс хүүхдээ хэрхэн хамгаалах нь эцэг, эхийн үүрэг, хариуцлага ухамсар юм. Харин төрийн бодлогын хувьд хороо, дүүргийн хүүхад хамгааллын хамтарсан багийн орон тоог нэмэх хэрэгтэй. Ингэснээр хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдийн тоог  бодитой гаргах боломж бүрдэнэ. Эцэг эхчүүд олон нийтэд уриалахад сошиал орчинг өөрийн гэр, сошиал хэрэглэгчдийг гэр бүлийн гишүүнээ гэж бодоод үзээрэй. Гэртээ, ах дүү, үр хүүхдэдээ  хар бараан мэдээлэл ярихыг хүсэхгүй биздээ. Тиймээс та цахим орчинд байгаа хүн бүхнийг өөртөө хамааруулж ойлгох хэрэгтэй. Гэмт хэргийн шинжтэй, хар бараан мэдээллийг  түгээх гэж бүү яар. Миний хүү, миний дүү харчих вий гэж болгоомжилж байгаарай. Хэн нэгэнд гэмт хэрэг үйлдэх сэдэл өгөх мэдээлэл бүү тараагаасай гэж хүсч байна. Таны болон хүүхдийн тань эргэн тойронд байгаа бусдын хүүхэд ч танд хамаатай болсон үе. Учир нь гэртээ өсөн торниж буй бяцхан иргэнийг бэлтгэн хүмүүжүүлж байгаагаа үргэлж санах хэрэгтэй. Хүүхэд бүхэн эерэг, зөв хүмүүжилтэй байвал ирээдүйд санаа зовох зүйлгүй.
 
С.Уянга Р.Оюун
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин