sonin.mn
Нэг. Оршил болгох нь
XXl зуун айлчлан ирсэн 2000-аад оны эхээр Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид Олон улсын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож, өнөөдөр дэлхий дахинаа нэр алдраа дуурсгасан Зэвсэгт хүчин болсныг хэн эс мэдэх билээ. Энэ үйлсэд хүрэх зам мөрийг тэгшилж өгсөн хэвлэл нь тухайн үеийн “Улаан-Од”, “Тусгаар тогтнол”, өнөөдрийн “Соёмбо” сонин байсан гэдгийг онцлох нь зүйтэй. Эдгээр сонинуудад анхлан ямар сэдэв хөндөгдөж, нийтлэгдэж байсныг Батлан хамгаалахын төв архивт хадгалагдаж буй тус сонины шарласан хуудаснаас түүвэрлэн авснаа хуваалцъюу. Түүхэн ямар зам мөрийг туулан байж Монголын Зэвсэгт хүчин өнөөдрийн өндөрлөгт хүрэв гэдэг нь эндээс бага ч атугай харагдах биз ээ!
Хоёр. Өрнөн өгүүлэх нь
Өнөөдөр шиг мэдээллийн хэрэгсэл хүчтэй хөгжөөгүй байсан тэртээх он жилүүдэд Монгол Улсад гарч байсан өдөр тутмын цөөхөн хэдэн сонин, түүний дотор “Улаан-Од”, өнөөгийн “Соёмбо” сонин зөвхөн цэрэг арми, Зэвсэгт хүчин гэж хязгаарлагдахгүйгээр мэдээллийг өргөн хэмжээнд түгээж байжээ. Телевизийн ганцхан сувагтай, радиогийн ганцхан долгионтой байсан тэр цагт сонины мэдээлэл нь юунаас ч илүү үнэтэй байсан нь ойлгомжтой. Мэдээлсэн мэдээлэл нь өнөөдрийнх шиг хар, шардаа хүрсэн бус, чухамдаа чин үнэнийг өгүүлсэн бодит мэдээлэл байсан нь ямар нэг төөрөгдөлд орох үндэс байхгүй байжээ. Тэр л он жилүүдэд “Улаан-Од”, “Тусгаар тогтнол” сонин улс, нийгмийн чанартай олон арван асуудлыг хөндөн тавьж байсны нэг нь тус сонины сурвалжлагч Ц.Баяраагийн бичсэн “НҮБ-ын Монгол цэрэг” асуудал дэвшүүлсэн өгүүлэл юм. Эдүгээгээс 30 гаруй жилийн тэртээ өнөөдрийн Энхийг сахиулах ажиллагааг зөгнөн “Тусгаар тогтнол” сонины 1992 оны 2 дугаар сарын №4-т нийтлүүлсэн тэрхүү өгүүлэлд” ...Дэлхийн улс орнууд өөрсдийн тусгаар тогтнолоо баталгаажуулахын тулд ашигладаг олон арга хэрэгсэл байдаг. Тэр бүрийн дотроос манайд урьд өмнө ашиглагдаагүй нэг арга буюу НҮБ-ын Энх тайвныг дэмжин сахиулах хүчинд өөрийн цэрэгтэй болохыг хэлж ядаж буй нь энэ. Тэнд бид их цэрэг байлгаж дөнгөх ч үгүй. Үгүй дээ л гэхэд мотобуудлагын нэг рот, дээд тал нь батальон байхад хангалттай. Зардал мөнгийг НҮБ гэж нүсэр байгууллага даачих байх л даа. Өргөж тэтгүүлэх гэсэн юм биш ээ. Бусдыг нь ч даадаг байх. Дэлхийн бусад орнууд юм уу, Аюулгүйн зөвлөл манайхыг НҮБ-ын энх тайвныг дэмжин сахиулах хүчинд цэргээ оруулъя гэхэд нэг их саад тотгор тавиад байхгүй л болов уу!” гэжээ. Тэрбээр цааш нь НҮБ-ын энх тайвныг дэмжин сахиулах хүчний цэрэг байх нь ямар ашигтай байх тухайд хөндөхдөө “Хувь хүний тухайд, монголчуудад хамгийн их дутагддаг газар үзэж, оюун бодлоо тэлж, нүд тайлна. Доллараар цалинжчихна. Дээрээс нь улсаас харж үзэх нь баараггүй. Финляндад НҮБ-д алба хааж буй дайчиддаа Өрнөдийн хамгийн сүүлийн үеийн машиныг хөнгөлөлттэй үнээр олгодог юм байна. Эцэст нь хэлэхэд ёстой жинхэнэ хөлсний цэрэг болно доо! Хөлсний гэдэг үгнээс нэг их цэрвэх хэрэггүй. Хөлсний цэрэг боолын нийгэм үүссэн цагаас л бий болсон. Цаашдаа ч байх биз. Бид нэгэнт дэлхий нийтийн цэргийн хөгжлийн жишгийг дагаж, мэргэжлийн армийн суурийг тавьж байна. Мэргэжлийн армид хөлсний цэргийн үр хөврөл заавал байдаг. Мэргэжил болгон мэргэшиж байгаа үед бид хүссэн, хүсээгүй энэ зам дээр гарч ирж л таарна” гэжээ. Өнөөдрийн “Гэрээт цэрэг”-ийг ийнхүү төсөөлөн бичиж байсан бололтой. Мөн өнөөгийн цэрэг арми, Зэвсэгт хүчний тухай өгүүлэхдээ “Манай цэргийн хөгжил дэлхий нийтийн цэргийн хөгжилтэй хүйгээрээ холбогдоно. Одоо унаад буй армийн нэр хүнд олон улсын болон олон нийтийн дунд суга өсч, цэргийн албанаас “Ум хумгүй” зугатаж байгаа тэдгээр залуус эргээд хошуурцгаах болно. Вьетнамын дайны дараа Америкийн армийн нэр хүнд газарт унаж, гарах газаргүй мэт болжээ. Энэ үед Америк цэргээ НҮБ-ын цэнхэр дуулгатны далбаан дор олноор нь аваачиж зогсоосон нь их хэрэг болсон билээ. Тэд нэр хүндээ яаж аварснаас бидэнд авах ч юм бий, хаях ч юм бий” гэж бичжээ. Харин улс орны хувьд НҮБ-д цэргээ илгээснээр ямар ашиг авчрах тухайд “Тусгаар тогтнолоо баталгаажуулна. Монгол Улс гадаад бодлогын талаар бие даах болсныг дэлхий дахинд юу юунаас илүү харуулна. Түүнчлэн бүс нутгуудын хурц асуудлыг шийдвэрлэхэд урьд урьдаас илүү идэвхтэй оролцоно. НҮБ-ын энх тайвныг дэмжин сахиулах хүчинд Монгол оржээ гэж бодоход хамгийн түрүүнд санаанд тусч буй ашиг энэ. Бодох тусам энэ ашиг тал тал тийшээ газар авах янзтай. Тэгэхээр ингэсгээд цэглэчихье” гэж бичиж байсан нь сэтгүүлч хүн нийгмээсээ нэг алхам түрүүлж явдаг гэдгийн бодит баталгаа болж байна. Монголын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид НҮБ-ын мандаттай Олон улсын Энхийг сахиулах ажиллагаанд хэрхэн яаж оролцож болохыг цэргийн сэтгүүлч Ц.Баяраа 20 гаруй жилийн өмнө ийнхүү нүдэнд харагдтал бичиж байсан нь өнөөдөр нэгэнт бодит биеллээ олсны сацуу цэргийн сонин, цэргийн сэтгүүлчдийн үнэлж баршгүй гавьяат үйлсийн нэгээхэн жишээ болон түүхэнд үлджээ. Ер нь сэтгүүлч хүнд ямар нэг санаа авахуулчихвал, тэр нь заавал бүтээл болдгийн жишээг сэтгүүлч Ц.Баяраа судлаач Р.Болдын мөн сонины №2 дугаарт бичсэн “Батлан хамгаалах стратеги” өгүүллээс сэдэвлэсэн тухайгаа өгүүлсэн байна. Дипломатч, судлаач Р.Болдын тэрхүү өгүүлэлд “...Монголын цэргийн алба хаагчдыг НҮБ-ын зардлаар энх тайвныг сахиулах хүчний бүрэлдэхүүнд цөөн тоогоор ч болов оролцуулах санааг гадаадын зарим судлаач цухуйлгаж байсан нь судалбал зохих сэдэв мэт” гэсэн ганцхан өгүүлбэр л байна. Энэхүү ганц өгүүлбэр сэтгүүлчийн авьяасаар гал болон дүрэлзэж, хорин жилийн дараа Монголын Зэвсэгт хүчнийг Энхийг сахиулах үйлсэд даллан дуудсан түүхэн бичиглэл болсныг өнөөдөр хүлээн зөвшөөрөхгүй хэн байх билээ.
Тэгвэл мөн оны “Тусгаар тогтнол” сонины гуравдугаар сарын №6-д Батлан хамгаалахын сайд, дэслэгч генерал Ш.Жадамба “...Дэлхийн хөгжлийн хандлага, Монгол Улсыг хүрээлсэн цэрэг-улс төрийн орчны болон улс орны дотоодын гүнзгий өөрчлөлтүүд үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалалтын асуудалд туйлын өргөн хүрээтэй, цоо шинээр хандахад хүргэж байна. Энэ нь хуучны бүгдийг устган, бүхнийг цоо шинээр хийх туйлшрал бус харин сэтгэлгээний хүлээс, загварчлалаас түргэн ангижирч, шинийг мэдрэх, энэ үндсэн дээр ирээдүйгээ урьдчилан төсөөлж, өргөн зайд холч харах төрийн уян хатан бодлого явуулна гэсэн үг” хэмээн “Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, Батлан хамгаалах зарим асуудал” өгүүлэлдээ дурдсан нь энхийг сахиулах ажиллагааны салхи сэвээр орж ирэх анхны хөрс суурийг тавьжээ гэж болохоор байна.
Гурав. Төгсгөн өгүүлэх нь
Зэвсэгт хүчний “Соёмбо” сонины 1999 оны №21-д “Онол, практикийн суурь асуудлуудыг хөндлөө” гэсэн илтгэлүүд нийтлэгджээ. БХЯ-ны СУТГ-ын орлогч дарга, ЦШУ-ны доктор, хурандаа Б.Отгон-Уулын илтгэлд “...Цэргийн гадаад харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, бүс нутагт цэргийн итгэлцлийг бэхжүүлэх талаар шинэ шинэ алхмууд хийгдэж байна. Түүнчлэн НҮБ-ын энхийг сахиулах хүчний үйл ажиллагаанд оролцох нь Зэвсэгт хүчний гүйцэтгэх нэг үүрэг гэдгийг “Төрийн цэргийн бодлогын үндэс” баримт бичигт тодорхой заасан юм. Энэ чиглэлээр сүүлийн үед нэлээд алхмууд хийгдэж байна ...” гэсэн бол ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Р.Болд “Зөвхөн цэргийн шинжлэх ухааны хүрээнд шийдэхгүй” илтгэлдээ “...Энхийг сахиулах хүчний ажиллагаанд оролцох талаарх судалгааны ажил чухал ач холбогдолтой. Энэ ажиллагаанд манай төрөл мэргэжлийн бүх цэргээс төлөөлөл оролцох ёстой. Хилийн цэрэг энхийг сахиулах хүчний үйл ажиллагаанд оролцож болно. Бусад орны гүйцэтгэж буй ийм чиг үүргээс харахад дүрвэгсэдтэй ажиллах зэрэг хил хамгаалалтын зарим арга тактик нь хилчдийн ажил үүрэгтэй нэлээд ойролцоо юм. Энэ талаар Ерөнхийлөгчөөс чиг үүрэг өгөгдсөн. Ноднин Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн саналын дагуу Төв Азийн орнуудын энхийг сахиулах батальонд тодорхой хэмжээгээр орж, хичээл сургуульд оролцох талаар санал тавьж, анх удаа ажиглагчаа оролцуулсан. Төв Азийн орнуудын Батлан хамгаалах салбарын төлөөлөгчид уулзаад Монголыг ажиглагчаар оролцуулъя гэдэг дээр албан ёсны байр сууриа илэрхийлчихсэн байгаа. Ирэх жил Казахстанд болох Төв Азийн орнуудын энхийг сахиулах хүчний үйл ажиллагаанд салаа хэртэй хүч оролцуулахаар ярилцаж байна. Үүнд Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн төлөөлөгчид оролцох ёстой болов уу. Энэ бүгд тодорхой судалгааны ажил болж ЦИС-ийн төлөвлөгөөнд тусгагдан, практик арга хэмжээ нь өдийд өрнөж байх ёстой...” гэсэн асуудлыг дэвшүүлсэн байна. Үүнээс харахад судлаач Р.Болд Монголын Зэвсэгт хүчний цэрэг дайчдыг энхийг сахиулах үйл хэрэгт оролцуулахын төлөө үнэнхүү сэтгэлээс чармайж байсан нь тодорхой харагдаж байна. Үүний нь баталгаа болгож, энэхүү өгүүллийг бичигчийн Р.Болд дипломатчтай хийсэн “Соёмбо” сонины 2012 оны 5 дугаар сарын №20, 21 дугаарт “Ч.Пүрэвдорж генерал маань “Дахин надаар ийм юм битгий хийлгээрэй” гэж билээ” гэсэн ярилцлагаас иш татъя. “1980-1990-ээд оны заагт дэлхий дахиныг өөрчилсөн үйл явдлууд шил шилээ даран бий болсон билээ. Цөмийн дайнд ялагч байхгүй гэдгийг сөргөлдөгч талууд харилцан хүлээн зөвшөөрснөөр хүйтэн дайн зогссон. Ингээд сөргөлдөж байсан нийгэм, улс төр нэг тогтолцоонд шилжих үедээ орсон. Энэ шилжилт араасаа улс болон үндэстэн хоорондын, бүс нутаг, орон нутгийн чанартай олон дайн, зэвсэгт мөргөлдөөн, үймээнийг дагуулж байсан. Энэ үед НҮБ-ын үүрэг дэлхий даяар өсөн нэмэгдэж ирсэн. Ингээд “Дэлхийн улс орнууд, дэлхийд шинэ дэг журам тогтоох ёстой юм байна” гэсэн бодлого, саналыг дэвшүүлэн тавьж байсныг олон хүн санаж байгаа. Энэ нь Монгол Улсын гадаад, дотоод нөхцөл байдалд ихээхэн нөлөөлсөн. Энэ нөлөөллийн нэг нь Монгол Улсад арми байх уу, үгүй юу, ер нь Монгол Улс өөрийнхөө аюулгүй байдлыг НҮБ-ын цэргээр хамгаалуулах ёстой юм биш үү зэрэг олон ургалч бодлын хүрээнд хүмүүс үзэл бодлоо уралдуулж эхэлсэн л дээ. Тухайн үед Монгол Улсын гадаад нөхцөл байдал эрс өөрчлөгдсөн. Мөн дотоод нөхцөл байдал ч гэсэн үүнтэй адил эрс өөрчлөгдсөн. Ийнхүү үзэл бодлоо уралдуулах хүрээнд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид НҮБ-ын ЭСА-нд яагаад оролцож болдоггүй юм бэ гэсэн бодол санал олноороо гарч ирсэн. Тухайлбал, миний санаж буйгаар 1992 онд тухайн үеийн “Улаан-Од” сонин “Тусгаар тогтнол” нэртэй болсон. Тус сонины сурвалжлагч Ц.Баяраа, Л.Зоригт нар “Монголын цэргийн алба хаагч НҮБ-ын цэнхэр дуулгатны эгнээнд орж болох уу?” гэсэн асуудал дэвшүүлсэн өгүүллийг анх нийтлүүлж байсныг санаж байна. Яг үүнтэй залгуулаад НҮБ-д сууж байсан Монгол Улсын төлөөлөгч Л.Эрдэнэчулуун гуай “НҮБ-ын ЭСА-нд Монгол цэргийн алба хаагч оролцох ёстой” гэсэн мэдэгдлийг мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хийж байсан. Тухайн үед БХЯ-ны дэргэд ажиллаж байсан Стратегийн судалгааны хүрээлэнд зөвлөх судлаачаар ажиллаж байсан ЗХЖШ-ын дарга агсан, дэслэгч генерал Ч.Пүрэвдорж гуай болоод миний бие, манай хүрээлэнгийн дэд захирал, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр бид хэд сууж байгаад санал бодлоо солилцож байлаа. “Ер нь энэ асуудлыг судалгааны түвшинд авч хөндөж ярьвал яасан юм бэ?” гэсэн асуудал байсан. Ингээд Ч.Пүрэвдорж генералаас, энэ асуудлыг судалж, БХЯ-ны удирдлагад судалгааныхаа дүнг танилцуулахыг хүссэн юм.
Ч.Пүрэвдорж гуай маань ЭСА-нд Монголын цэргийн алба хаагчдыг оролцуулах асуудлаар судалгаа хийгээд дуусгасан л даа. Энэ судалгаан дээрээ үндэслээд 1994 онд “Стратеги судлал” сэтгүүлд “ЭСА-ны шинэ эрин ба Монголын оролцоо” гэсэн өгүүлэл нийтлүүлсэн юм. Ч.Пүрэвдорж генерал БХЯ-нд судалгааныхаа дүнг танилцуулж ирчихээд С.Баяр дарга бид хоёрт “Ахиж надаар ийм юм битгий хийлгээрэй. Энэ хүмүүс ойлгохгүй юм байна” гээд нэлээд гомдонгуйгаар нулимсаа дуслуулж байсан нь одоо ч нүдэнд харагдсаар байдаг юм. Тухайн үеийн нөхцөл байдал тийм л байсан. 1990-ээд оны сүүлчээр ҮАБЗ-ийн аюулгүй байдлын нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа өмнө нь хийсэн судалгаагаа ажил хэрэг болговол яасан юм бэ гэсэн бодол саналаа тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Багабанди гуайд танилцуулсан юм. 1998 онд шиг санагдаж байна, ийнхүү БХЯ, ЗХЖШ-т ЭСА-г хариуцсан нэгж, тасаг байгуулах чиглэл өгсөн. Үүний дагуу ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Дашзэвэг ЗХЖШ-ын бүрэлдэхүүнд анхны чиглэл хариуцсан нэгж, тасгийг байгуулсан. Чиглэл хариуцсан анхны офицероор эдүгээгийн бригадын генерал Д.Баярсайханыг ажиллаж байсныг санаж байна. Улмаар энэ чиглэлийн ахлагчаар хошууч генерал Г.Рагчаа томилогдож ажилласан. Түүнчлэн 1999 онд АНУ-ын Флорида мужид болсон ЭСА-ны сургалтад анхны гурван офицерыг явуулах чиглэл өгөгдлөө. Ингээд бага зэрэг туршлага хуримтлуулсны дараа 2000 онд Казахстанд болсон “Центр Азбат” нэртэй олон улсын хээрийн сургуульд манай анхны салаа цэрэг оролцож байсан юм. Энэ бүхний эцэст дэслэгч генерал Ц.Дашзэвэг гуай “Ер нь эрх зүйн үндсийг бүрдүүлэх, энэ үндсэн дээр цааш явах ёстой юм байна” гэсэн саналыг гаргасан. Ингэж л “Цэрэг, цагдаагийн алба хаагчийг ЭСА-нд оролцуулах тухай” хуулийн төслийг боловсруулах ажлыг ахалж ажиллаад УИХ-д Засгийн газраар дамжуулан өргөн барьсан юм. Ер нь үйл явцыг урагшлуулахад тухайн үеийн Ерөнхий сайдаар ажиллаж байсан Н.Энхбаяр тууштай дэмжиж, зоригтой алхмуудыг хийж байсан. Чухамдаа Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Н.Багабанди, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Энхбаяр нар уг саналыг тууштай дэмжсэний үндсэн дээр Монголын цэргийн алба хаагчдыг ЭСА-нд гадагш явуулах нь зүйтэй гэж үзэж, 2002 онд ЭСА-ны анхны ажиглагчид Африкийн Конго Улсыг зорьж байсан юм даа” гэсэн түүхэн баримтыг энд дурдахаас аргагүй.
Ингээд ГХЯ-ны БТЗГ-ын дарга, түүхийн шинжлэх ухааны доктор Ц.Батбаярын тавьсан нэгэн илтгэлд энхийг сахиулах үйл ажиллагааны талаар чамлахааргүй дурдсаныг хураангуйлан өгүүлье. Тухайлбал, НҮБ-тай Энхийг сахиулах үйл ажиллагааны талаар байгуулах санамж бичгийн төслийг ойрын үед Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлэнэ. Ингэснээр энэ оны 9 дүгээр сард НҮБ-ын чуулганы үеэр уг санамж бичгийг байгуулах боломжтой болов уу гэж бодож байна. Үүний үр дүнд бид НҮБ-ын регистрт орох боломжтой болно. Энэхүү регистрт орсноор НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд тухайн үед хүнээ оролцуулах эсэхийг өөрсдөө шийдэх бөгөөд гаргаж чадах хүн хүч, цэргийн ажиглагч, эмнэлгийн ажилчдын тоог өгч, байнгын бүртгэлд байх бололцоотой болно. Санамж бичгийг байгуулсны дараа энхийг сахиулах хүчний үйл ажиллагаанд оролцох явцад тохиолдож болох гэнэтийн осол эндэгдлийн талаар хоёр талаас хүлээх хариуцлагын тухай баримт бичиг үйлддэг. Цаашдаа энхийг сахиулах чиглэлээр зохион байгуулагдаж буй сургалт семинарт оролцох ажлыг нэлээд цэгцтэй болгох хэрэгтэй байна. Хүнээ сайтар сонгон явуулахаас гадна нэгэнт сургалт семинарт оролцоод ирсэн хүмүүсээ уг суралцсан зүйлд нь ойролцоо чиглэлээр ажиллуулах шаардлагатай юм...” гэсэн санааг дэвшүүлж байжээ. Энд нэг зүйлийг тодруулахад тусгай нэгж гэдэг нь ЗХЖШ-ын ЭДАХ-ийг хэлж байна. Анхны энэ нэгжийг удирдаж байсан хүн нь “Энхийг сахиулагчдын загалмайлсан эцэг” хэмээн хүндлэгдсэн Г.Рагчаа генерал байсныг дурьдюу!
 
 
Ц.Балдоржийн шагналт сэтгүүлч Гомбын БААТАРНУМ
Эх сурвалж: "Соёмбо" сонин