sonin.mn
Нийслэлд шинэ жилийн уур амьсгал хэдийнэ оржээ. Арванхоёрдугаар сар бүсгүйчүүдийн хувьд онцгой. Шинэ жилийн үдэшлэгтээ хүн бүрийн харцыг булаам, сайхан харагдахыг хүсэхгүй хэн байхав. Харин үдшийн хатан хаан болоход нүүр будалт хамгийн чухал. Тэгвэл энэ жил ямар будалт тренд болж буй тухай “GS” салоны нүүр хувиргагч Г.Солонготой ярилцлаа.  
 
-Make up хийдэг хүнтэй уулзана. Мэдээж өөрийгөө гоё будчихсан байгаа байх гэж бодож байлаа. Гэтэл та нүүрээ буддаггүй бололтой?
 
-Би арьсаа хамгаалах зорилгоор хөнгөн энгэсэг л тавьдаг. Түүнээс байнга өөрийгөө будаад эсвэл будуулаад байдаггүй. Өөрийгөө бус хүн будахад их сайхан санагддаг.
 
–Нүүр будалтыг бид шинэ жилээр хийлгэдэг гэсэн ойлголт ард хоцорчээ. Бүсгүйчүүд өдөр тутамдаа ч мэргэжлийн make up хийлгэдэг болж?
 
-Нүүрээ мэргэжлийн хүнээр будуулах нь нэг ёсны соёл юм. Нэг үеийг бодвол хүмүүс мэргэжлийн нүүр будалтын ач тус, давуу талыг мэддэг болжээ. Нүүр будах сонирхол бус урлаг болтлоо хөгжсөн. Бүсгүй хүн бурхны бүтээл гэж би боддог. Тиймээс үргэлж биеэ зөв авч явж, бусдад үлгэр дууриал үзүүлж, өөрөөсөө хайр түгээдэг байвал сайхан. Үүнд харагдах байдал их чухал. Аль ч албан байгууллагаар ороход цэвэрхэн хувцасласан, өөртөө тохируулаад нүүрээ будсан бүсгүйчүүд шууд нүдэнд тусдаг шүү дээ.
 
–Нүүр будна гэдэг таны хэлдгээр урлаг гэдэгтэй санал нэгдэж байна. Нүүрээ будуулахаар сэтгэл сэргэх шиг сайхан болдог шүү?
 
-Бүсгүй хүний эмэгтэйлэг чанар нь гоо сайхнаар илэрхийлэгддэг. Өглөө нүүрээ будаж, үсээ янзалж амжихгүй гарахад нэг л таагүй байдаг. Хүмүүс харж байгаа болов уу, үс арзайчихсан байна уу даа гээд л. Харин гоо сайханд ороод гарсан бүсгүй өөртөө илүү итгэлтэй. Хүмүүсийн харц түүн дээр тусахад хүртэл сайхан мэдрэмж төрдөг.
 
–Танай салон үйлчлүүлэгч ихтэй байна уу?
 
-Манай салон байгуулагдаад зургаан жил болж байна. Энэ хугацаанд хамгийн завүй байдаг нь арванхоёрдугаар сар. Энэ уламжлалын дагуу охид бүсгүйчүүдийг үдшийн хатан болгох, нэгэн үдшийг мартагдахааргүй өнгөрүүлэхэд нь туслах ажлаа хийж байна. Манайхаар өдөрт 100 гаруй бүсгүй мэргэжлийн будалт хийлгэдэг. Тэдний сэтгэл ханамж 100 хувь байдаг нь хамгийн сайхан.
 
–Энэ жил ямар будалт тренд болж байна?
 
-Бүсгүй хүний царайг тодруулж, төгс харагдуулдаг өнгө нь бор. Энэ жил боронзон бор өнгө давамгайлсан будалт эрэлттэй байна. Зовхи болон нүдний доогуур уусгалттай будсанаар нүд илүү том харагдах жишээтэй. Мөн уруулаа нүдний будалттай хослуулж, гялтганасан, шоколадан бор өнгийг сонгож байна.
 
–Нүүр будалтын аргаар нүүрний хэлбэрийг өөрчилж болдог уу?
 
-Нүүрний хэлбэр, онцлогоос шалтгаалаад будалтын аргаар харагдах байдлыг нь өөрчлөх олон арга бий. Манай бүсгүйчүүдийн хамгийн сайн мэддэг нь гэрэл сүүдэр тавих. Энэ нь бүсгүй хүний царайг “V” хэлбэртэй болгох будалт. Сүүдрийг шанааны хоёр талаас хацар дагуулж, духны хүнхэр хэсгээс гадагшаа уусгаж тавьдаг. Ингэснээр таны нүүрийг бөөрөнхий бус туранхай харагдуулахад тустай. Хацарны хоёр ясыг тодотгож, хамраа өндөрлөснөөр нүүр тань  зөв хэлбэртэй болж байна гэсэн үг.
 
–Манай бүсгүйчүүд мэргэжлийн будалтыг өөрсдөө хийгээд сурчихвал амар юм шиг ээ?
 
-Хүн будах, өөрийгөө будах эрс ялгаатай. Миний хувьд өөрөө өөрийгөө будахад яагаад ч юм сэтгэлд нэг л хүрдэггүй. Харин миний ур чадвараар тухайн үйлчлүүлэгч өөрчлөгдөхөд их сайхан санагддаг. Манай бүсгүйчүүд хэдхэн хоногийн дамжаанд суугаад мэргэжлийн нүүр хувиргагч болчихлоо гэж бодож болохгүй. Учир нь энэ ажил хүний гоо сайхан, эрүүл мэндтэй салшгүй холбоотой. Үнэхээр мэргэшихээр төлөвлөж байгаа бол эхлээд гоо сайхны бүтээгдэхүүний мэдлэгтэй байх ёстой. Зарим салон ямар арьсанд аль бүтээгдэхүүнийг хэрэглэх вэ гэдгээ мэдэхгүйгээс ямар ч хамаагүй, хямдхан бүтээгдэхүүн хэрэглэж байгаа нь ажиглагддаг. Нөгөө бүтээгдэхүүн нь тухайн хүнд таарахгүй, насаараа харшилтай болсон гашуун туршлага олныг харлаа.
 
–Өөртөө тохирсон гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрхэн сонгох вэ. Танай салон бүтээгдэхүүнээ хаанаас авдаг вэ?
 
-Эхлээд арьсаа зөв оношлуулахаас гадна харшлын шинжилгээ давхар өгөх хэрэгтэй. Учир нь тухайн бүтээгдэхүүний найрлагад үйлчлүүлэгчийн харшилдаг жимсний охь орсон байж болно. Манай компани бүтээгдэхүүнээ Герман, Солонгосоос оруулж ирдэг. Одоогоор эх орондоо ургамлын гаралтай тос гаргаж авахаар туршиж байна. Туршилт амжилттай болбол удахгүй брэнд бүтээгдэхүүнээ танилцуулна.
 
 
 
Ч.Гантулга
Эх сурвалж: Зууны мэдээ сонин