sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ жилийг “Цөмөөхэй”-гүйгээр төсөөлшгүй гэдгийг бид мэднэ. Тайзан дээр будрах цасан дундуур үлгэрийн мэт цагаан өмсгөлтэй охид балет эргэх мөч, цөмөөхэйн баатруудын тулалдаан үзэгчдэд хүрэх мөч ойртсоор байна. Ингээд тус жүжгийн найруулагч, “Бостон балет” компанийн ерөнхий гоцлооч, "Монголын үндэсний балет" сургуулийг үүсгэн байгуулж, балетын хэрэглэлээр дэлхийд тэргүүлэгч Chacott брэндийг Монголдоо албан ёсоор оруулж ирсэн  МУГЖ Д.Алтанхуягтай жүжгийнх нь талаар ярилцлага өрнүүллээ. 
 
-“Цөмөөхэй” бүжгэн жүжгийг 12 дугаар сард уламжлал болгон тоглодог болоод тав дахь жилтэйгээ золгож байна. Энэ удаагийн онцлог нь юу вэ?
 
-Шинэ жилээр “Цөмөөхэй” амилдаг болохоор хүүхдүүдийн хувьд энэ сар хамгийн гоё байдаг болов уу гэж би хардаг. Мөн өнгөрсөн аравдугаар сард “Цөмөөхэй төсөл”-ийн хүрээнд бид уг бүжгэн жүжгээ Япон улсын Токио хотноо амжилттай тавьчихаад ирсэн. Монгол Улсад тоглогддог тайз, декораци бүрэн хэмжээгээр засагдсан нь их онцлогтой байсан. Энэ нь бид улс дотроо эргэлдэх бус гадагш алхах нэг том хөшүүрэг болсон гэж бодож байгаа. Дараа нь бид эх орондоо уламжлал ёсоор тоглох гэж байна. Мэдээж жил бүр, тавилт бүрт л ямар нэгэн шинэчлэл хийдэг. Тэр ч утгаараа энэ жилийн “Цөмөөхэй” гэрэлтүүлэг, тайз засалт, хувцаслалт гээд бүх л зүйлээрээ онцлогтой.
 
-“Цөмөөхэй”-г яагаад шинэчлэн найруулах хэрэгтэй гэж үзсэн бэ?
 
-Улс орон болгон энэхүү балетийг өөрсдийн нэршлээр нэрлэж тайзан дээр тавьдаг. Манайхан “Шелкунчик” буюу орос нэрээр нь тавьсан. Англид бол самар цөмөгч гэж нэрлэдэг. Түүнээс хойш бид бодсон л доо. Мэдээж монголоор шинэчлэн найруулж басхүү “Цөмөөхэй” нэрээр тавих нь зүйтэй. Тиймээс энэхүү балет эх оронд маань жинхэнэ утгаараа тайзанд амилна гэсэн үг. Ер нь бол хүмүүс хэд хэдэн нэршил оноогоод байдаг. Миний бодлоор монголд “Шелкунчик” бус “Цөмөөхэй” л байх учиртай.
 
-Балет олон зүйлийг нэгтгэсэн урлаг. Хүнд энгийн бөгөөд хэрэгтэй зүйлсийг өгч чаддаг. Тэгвэл “Цөмөөхэй”-гөөс багачууд юуг олж авах вэ?
 
-Мэдээж тийм. Гэхдээ үзэгчид аливаа урлагаас өөрт хэрэгтэй зүйлсийг л олж авдаг. Хүүхэд багачуул үлгэрийн ертөнцөөр аялахаас гадна сонгодог урлагийг ойлгох суурь энд тавигдаж байгаа. Мөн өөрсдөө балетчин болоод тус бүтээлд тоглохыг хүсдэг болно. Нэг ёсондоо балчир үрс маань мөрөөдөлтэй болж байна. Энэ л хамгийн чухал зүйл. Тиймээс жил бүр тоглож байх учиртай. Ер нь баруунд “Цөмөөхэй”-гүйгээр шинэ жилийг төсөөлшгүй.
 
-Өнгөрсөн жил “Цөмөөхэй”-д бүжиглэх хүүхдүүдийг бүртгэж, сонгон шалгаруулалт хийсэн. Энэ удаад яасан бол?
 
-Энэ жил ч мөн тэгсэн. Сонгон шалгаруулалтаа бүр эрт, өнгөрсөн аравдугаар сард зарласан. Маш олон хүүхдүүд хамрагдсан баяртай байгаа. Ер нь аливаа улс орны хөгжил дэвшлийг сонгодог урлагаас салгаж болохгүй, үүнийг ойлгодог хүмүүс олширч буйд хувьдаа сайшаалтай байдаг. Өнгөрсөн жил тайзан дээр 180 хүүхэд гарч байсан бол энэ жил 120 хүүхэд гарна.
 
-Хүүхдүүд өөрсдөө ер нь хэрхэн ханддаг вэ?
 
-Хүүхдүүд маань мэргэжлийн бүжигчидтэй тайзан дээр гарахаас гадна “би өөрөө юу хийж чадах вэ, би юуг хамгийн сайн хийдэг юм бэ” гэх асуултанд хариулах чадвартай болдог. Дээр нь “би энэ дүрийг бүтээчихлээ, хийж чадлаа” гэсэн урам зориг, өөртөө итгэх итгэлтэй болж байгаа. Энэ нь нийгэмд маш ач холбогдолтой бодитой ажил бөгөөд зөвхөн ганц бүжгэн жүжгийн ард ямар их зүйл бүтээгдэж буйг хүмүүс ойлгодог болно.
 
-Та сонгон шалгаруулалт хийхдээ хүүхдүүдэд ямар шаардлага тавьдаг вэ?
 
-Мэдээж янз бүр л дээ. Зарим нь бүжиглэж байсан хүүхдүүд байхад нь зарим нь огтоос хөдөлгөөний ямар нэг элемент заалгаагүй байдаг. Гэхдээ би багш нарыг маш сайн ажиллаж байгаа гэдэгт санал нэг явдаг. Яахав уян хатан хөдөлгөөн, ур чадвар гэхээсээ илүү бэлтгэлээ таслахгүй байхийг хүсдэг. Би хүүхдүүдэд шаардлага нэг их тавьдаггүй. Хүүхдүүдээс хатуу юм нэхэж болдоггүй. Харин ч амархан, хийж чадах зүйлсийг нь хийлгэдэг. Амархан зүйлсийг хооронд нь нийлүүлэх тусам асар том цогц зүйл бий болдог шүү дээ. Тэдний хүсэл мөрөөдөл, бэлтгэлдээ хэрхэн шамдаж буйг л би ажиглаж хардаг. Ирээдүйд сонгодог урлагийг цааш авч явах, алдартай балетчин болохыг хүсч буй нялхсад хатуу хандаж болохгүй.
 
 
-Та бусад хүмүүсийн адил бэлтгэл сургуулилт, зохион байгууллаганд нь огт ач холбогдол өгөхгүйгээр үзэгчдийн суудлаас “Цөмөөхэй” үзэхийг хүсдэг үү?
 
-Үздэг. Байнга биш ч гэсэн тоглолтоо бүтэн үздэг. Одоо жишээ нь нэг удаагийн тоглолтонд би бүжиглэх ч гэлээ, дараагийн өдөр нь өөр бүжигчин дүр бүтээдэг. Тийм болохоор үзэгчдийн суудалнаас тоглолтоо бүтэн үзчихдэг л дээ.
 
-Энэ сард та бусад саруудтай харьцуулбал илүү их ажилтай байдаг шиг санагдсан, тийм үү?
 
-Би ер нь өөрийнхөө зөв зүйтэй гэж бодсон болон нийгэмд тустай гэсэн ажлыг хойш тавилгүй шуудхан барьж аваад хийчихдэг зантай хүн. Тиймдээ ч сар бүрт л ажилтай байдаг ч гэлээ энэ сарынх илүү онцлогтой байдаг. Мөн “Цөмөөхэй” надад гадаадад бус эх орондоо ажиллах, энд байх боломжийг бүрдүүлж өгдөг. Магадгүй “Цөмөөхэй” монголд мэндлээгүй, тайзан даар тавигддаггүй байсан бол би харь оронд хөдөлмөрлөх байсан байж магадгүй. Гэхдээ тэгээгүй нь сайн хэрэг. Зул сарын баярын үеэр олон тоглолттой, завгүй байдгаараа онцлогтой доо.
 
Гэрэл зургийг  Н.Батбаяр
Эх сурвалж: Монцамэ агентлаг