sonin.mn
НЬЮ-ЙОРК. /TASS/. 2018 оны хамгийн өндөр орлоготой зохиолчдын жагсаалтыг Жеймс Паттерсон тэргүүлсэн тухай Forbes сэтгүүлийн цахим хуудсанд мэдээлжээ.
Тэрбээр 12 сарын хугацаанд 86 сая ам.долларын орлого олсон байна. NPD BookScan судалгааны албаны мэдээллээр, Паттерсоны ном дурдсан хугацаанд АНУ-д 4.8 сая ширхэг борлогджээ. Сүүлийн 20 жилд Паттерсон уг жагсаалтыг 10 дахь удаагаа тэргүүлж байгаа энэ юм.
Жагсаалтын хоёрдугаарт, Жоан Роулинг 54 сая ам.долларын ашиг орлогоороо бичигджээ. Өнгөрсөн онд зохиолч эмэгтэй 95 сая ам.долларын орлогоороо уг жагсаалтыг тэргүүлж байв. Энэ жил түүний ном АНУ-д 2.9 сая ширхэг борлогдсоноос гадна, зохиолч эмэгтэй номуудад нь гардаг шидэт ертөнцийг харуулсан цэцэрлэгт хүрээлэнгүүдээс орлого олсон байна.
Алдарт зохиолч Стивен Кинг жагсаалтын гуравдугаарт орсон бөгөөд тэрбээр 27 сая ам.долларын орлого олсон аж. Түүний бичсэн ном АНУ-д 2.7 сая ширхэг борлогдсон байна. Үүнээс гадна, Кинг романаас нь сэдэвлэн бүтээсэн “It” кино санхүүгийн хувьд ашиг орлоготой байжээ.
Америкийн зохиолч Жон Гришэм 21 сая ам.долларын орлогоороо дөрөвдүгээрт бичигдсэн бол тавдугаарт тус тус 18.5 сая ам.долларын орлоготой Дэн Браун, Жефф Кинни нар орсон байна. Тавдугаар байрын дараа шууд долдугаарт, “Гал ба уур хилэн: Трампын Цагаан ордон дотор” номоороо дуулиан шуугиан тарьсан Америкийн сэтгүүлч Майкл Вулф бичигджээ. Тэрбээр 13 сая ам.долларын орлого олсон байна.
Америкийн зохиолч Нора Робертс болон Даниэда Стил 12 сая ам.долларын ашиг олсноор наймдугаарт орсон бол Америкийн зохиолч Рик Риордан, Британийн зохиолч Эрик Леонард Жеймс нар 10.5 сая ам.долларын орлогоороо жагсаалтын аравдугаарт бичигджээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг