sonin.mn

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Сингапур Улсын Темасек сангийн санхүүжилтээр Сингапурын технологийн тэтгэлэгт хөтөлбөрөөс (Singapore Technologies Endowment Programme (STEP) жил бүр зохион байгуулдаг Азийн хүүхэд, залуучуудад зориулсан хамтарсан соёл, урлагийн "Sunburst Youth Camp-2018" арга хэмжээ амжилттай болов. Соёл, урлаг, илтгэх урлагийн олон тооны арга хэмжээгээр дамжуулан Азийн хүүхэд, залуусын хоорондын харилцааг дэмжих, тэдгээрийн бусад улсын талаарх мэдлэгийн дээшлүүлэх зорилго бүхий уг арга хэмжээнд АСЕАН-ны гишүүн улс, Япон, Монгол, Хятад болон Өмнөд Солонгосоос нийт 16-19 насны 130 төлөөлөл оролцож, энэ сарын 2-9-ний өдөр Сингапурын "Sunburst Youth Camp" зусланд 7 хоногийн турш байрлажээ. Улс бүрээс 8 сурагч, нэг багшийн бүрэлдэхүүнтэй баг оролцсоноос Монгол Улсыг төлөөлж “Хобби”, “Лагорифм”, Улаанбаатар дахь Англи сургуулийн 4 эрэгтэй, 4 эмэгтэй сурагч багшийн хамт оролцов. Улс бүрийн хүүхэд, залуус өөрийн улсын онцлогийн талаар илтгэл тавьж, багт хуваагдан тодорхой сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх, өөрийн улсын соёл, урлагийг танилцуулах зорилго бүхий урлагийн тоглолтын үзүүлбэр үзүүлж, улс бүрээс танилцуулга бүхий буланг бэлтгэжээ. Зохион байгуулагчид Монголын хүүхэд, залуусын англи хэлний түвшин, өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, илтгэх урлаг нь онц сайн байсныг онцолжээ. Тус хөтөлбөр хэрэгжих 21 жилийн хугацаанд нийт олон улсын 2700 гаруй сурагч энэ арга хэмжээнд оролцсон аж. 

 

Ж.Батсайхан

Эх сурвалж: Монцамэ агентлаг