sonin.mn
Хаалганы цаанаас эгшиглэх аялгуу нэг л дотно. Тэр аялгуу хөвөрсөөр бяцхан хүүгийн зүрхэнд эгшиглэдэг байв. Будаг нь халцарсан бор хаалгыг онгойлгож орохыг хүснэ. Гэвч ээжийнхээ “Чимээгүй аав нь ажилтай байна” гэсэн ганцхан үгэнд хүлэгддэг байжээ. Хаалганы цаанаас олон хөг эгшиглэсээр. Зарим нь инээд хөөртэй байхад хааяа нэг уйтгартай хөгжмүүд урсана. Хүү боддог байв. Аавынхаа өрөөнд орохсон, хийл хөгжмөөр нь тоглож, төгөлдөр хуурыг нь дарж үзмээр…
Хөгжмөөр хөглөгдөж өссөн болохоор түүнд хөгжимчин болохоос өөр сонголт байгаагүй юм билээ. Арга ч үгүй биз. Энэ хүн бол Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжимчин, удирдаач Чулууны Чинбат. Аавынхаа авьяасыг өвлөж төрсөн хүү өдгөө энэ цагийн сонгодог урлагийн тулгын гурван чулууны нэг гэлтэй. Түүнтэй уулзахаар Хөгжим бүжгийн консерваторийг зорилоо. Хананаас нь хүртэл хөгжим эгшиглэх энэ өргөөнд удирдаачийн амьдралын 40 жил өнгөрсөн ажээ. Ч.Чинбат ОХУ-д сургууль төгсч ирээд сургуульдаа багшаар томилогдож, захирлыг нь хүртэл хийж явсан сурган хүмүүжүүлэгч юм.  Өрөөнийнх нь хаалгыг зөөлөн тогшиход хөгжим эгшиглэх нь сонсогдов. Хоймортоо аавынхаа хөргийг залжээ. Ширээн дээр нь “Ж.Чулуун” гэсэн зузаан хавтастай ном харагдана. Энэ жил Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжимчин, удирдаач Ж.Чулууны мэндэлсний 90 жил, түүний Монголын сон­го­дог урлагийн ноён оргил болсон бүтээлийн нэг “Уран хас” балетын 45 жилийн ой тохиож байгаа юм. Хүү нь аавын­хаа намтар, уран бүтээлийг эмхт­гэн ном гаргалаа гэ­сээр биднийг угтсан юм.
 
ААВ УУЛ    
 
Ч.Чинбатын бахархал, омогшил нь аав Ж.Чулуун нь билээ. Балчир бай­хаасаа аавыгаа харж, үлгэр­лэн дуурайж, үйл хэрэг, уран бүтээлийг нь үргэлжлүүлэх хүслийг тэр өвөртөлсөн юм. Аав гэдэг үрийнхээ бүхэл бүтэн ертөнц, энгэрт нь суухад нөмөртэй уул байдаг билээ. Ж.Чулуун хэмээх аав уул Монголын хөгжмийн ертөнцийн ноён оргил байв. Алдарт “Уран хас”-аас эхлээд “Хийлийн гурван чуулга”, “Ардын хоёр дууны сэдэвт хувилбар” гээд хэзээ ч хуучирч, үнэ цэнээ алдахааргүй мөнхийн бүтээлүүд түүнийх юм. Бүтээл нь түүнийг одоо ч амьдруулсаар байна. УДБЭТ-ын уран бүтээлчид Ж.Чулууны 90 насны ой, “Уран хас” балетын 45 жилийн ойд зориулж хүндэтгэлийн тоглолт зохион байгуулсан. Тоглолтод дэлхийн дуучин Э.Амартүвшингээс эхлээд УДБЭТ-ын үе үеийн шилдэг уран бүтээлчид оролцож, Ч.Чинбатад талархал илэрхийлэхэд сэтгэл нь ихэд догдолжээ. Энэ үед аавтайгаа өнгөрүүлсэн хүүхэд насных нь гэгээн дурсамж нүднийх нь өмнүүр жирэлзээд өнгөрөх шиг болсон гэнэ. Тэрээр “Уран хас” балетын тухай “Энэ бүтээлийг аав минь бодит амьдралаас сэдэвлэж бичсэн гэдэг. Би зун найзуудтайгаа загасанд явах их дуртай. Энэ жил Хөвсгөлийн Галт сумаас завиар явсаар Их уул хүрсэн юм. Олон голын бэлчир хүрэх үед нутгийн хөгшин надад хандаж “Энэ уул чинь нөгөө далавч хийгээд ниссэн хүний цохио шүү дээ” гэж хэлсэн. Их жижигхэн цохио байдаг юм билээ” хэмээн дурслаа. Яг “Уран хас” төрөх үед Ч.Чинбат ОХУ-д оюутан байжээ. Аав нь гэрийн өмд, хар шаахайтай өрөөн дундуур холхиж, хөгжмийн хэсгээс тоглож, хүүтэйгээ ярилцдаг байсан гэнэ. Ж.Чулуун хэмээх эгшиглэнг бид уран бүтээлээр нь мэддэг. Харин энгийн үедээ ямар хүн байсан бол. Аав нь их гарын уртай байсан гэж хүү онцолсон юм. Ж.Чулууных баян, тансаг айл байсангүй. Гэрийг нь чимэх ганц хогшил нь аавынх нь хийл хөгжим, хуучин төгөлдөр хуур. 1950, 1960-аад оны үед орос зурагт моодонд орж байсан үе. Хөрөнгө чинээтэй айлууд хоймроо зурагт тавьж, дэлхийн соёлтой дөнгөж танилцаж байв. Ж.Чулууны хүүх­дүүд ч зурагттай айл руу хошуурна. Аав нь хүүх­дүүдээ баярлуулахаар шийдэж, зээлээр зурагт авчээ. Ийнхүү тэднийх монгол, орос гэсэн хоёр сувагтай анх танилцаж, нүд нээсэн түүхтэй. Сүүлд цалин болон Төрийн шагналын мөнгөө цуглуулж “Москвич” машин авчээ. Машиндаа гэр бүлээрээ суугаад Архангай руу хамаатных руугаа явна. Урд нь тодоос тод зурайх хар замаар давхиж явахдаа аав нь дуу аяланхан явдаг байсныг хүү нь одоо ч тодоос тод санадаг гэлээ.
 
Аав ээж хоёр минь
 
МОСКВАГИЙН ИХ ТЕАТРТ ТОГЛОСОН АЛТАН ҮЕ
 
Ч.Чинбатын ижий Багшийн сургуулийг төгссөн аж. Ж.Чулууны сэтгэлээс урссан бүхий л аялгууны хөг эгшиг нь гэргий нь ажээ. Нөхрөө ажилтай үед гэрийн бүх ажлыг зохицуулж, дөрвөн хүүхдээ өсгөх үүрэгт ажлаа хийнэ. Хэрэв гэргий нь байгаагүй бол тэр аялгуунууд эгшиг­лэхгүй байсан гэдэг. Харин хүү Ч.Чинбат нь мэдээ орсон цагаасаа л хөгжимчин болно гэсэн мөрөөдлийг тээжээ. Аав нь ч хорьсонгүй. Тиймээс 1958 онд Хөгжим бүжгийн дунд сургуулийн хийлийн ангид элсчээ. Харин зургадугаар ангид байхад нь хөгжмийн 10, бүжгийн 10 хүүхдийг сонгож ОХУ-д сургуульд явуулах болоход ан­гиасаа Ч.Чинбат сон­гогд­жээ. Ийнхүү 1964 онд тэрээр хүсэл мө­рөөд­лөө биелүүлэхээр Ленинградын Хөгжмийн бага сургуулийг зорьсон түүхтэй. Гэвч бүх зүйл амар байсангүй. Хүүд цаг агаар нь таарсангүй, жил болоод буцжээ. Харин 1968 Ч.Чинбат Арменийг зорьсон юм. Тэнд есөн жил сураад 1977 онд эх орондоо ирсэн байдаг. Тэднийг ирэхэд Хөгжим бүжгийн дунд сургуульд багшаар авах тушаал нь хэдийнэ гарчихсан байжээ. Тухайн үед Хөгжим бүжигт монгол багш нараас гадна ОХУ-ын мэргэжилтэн багш нар хичээл заадаг байв. Шинэхэн боловсон хүчнүүдийг тэдгээр багшид дагалдан багшаар өгчихөж. Энэ нь тухайн үеийн Соёлын яамны бодлого байсан аж. Багшилж эхэлсэн үеэс Ч.Чинбатын хувьд уран бүтээлийн түүх эхэлсэн юм. Хичээл заахаас гадна сургуулийнхаа хийлийн чуулгыг удирд­даг болжээ. Төрийн бүх арга хэмжээнд оролцож, Европын ор­нуудаар мон­гол соёлоо сур­тал­чилах эр­хэм үүргийг хүлээнэ. Ч.Чинбатын хамгийн ихээр омогшиж, бахархсан үе нь 1981 онд дэлхийн соёлын өдрүүдэд оролцож, Москвагийн их театрт тоглосон үе гэнэ. Зүгээр ч нэг тоглосонгүй. Аавтайгаа, ахтайгаа нэг тайзан дээр тогложээ. Аавынхаа мөнхийн бүтээл болох “Ардын хоёр дууны найруулга” гэсэн бүтээлийг эгшиглүүлсэн юм байна. Ж.Чулуун агсан хүүгийнхээ хамгийн том зөвлөгчөөс гадна шүүмжлэгч байсан аж. Хамтарч тоглохдоо хүү минь гомдчих болов уу гэж боддоггүй шууд л алдааг нь хэлчихдэг. Энэ нь ч хүүд нь хэдэн их сургууль төгссөн мэт арвин мэдлэг, туршлага болдог байжээ.
 
Ээж, эхнэр үр хүүхдүүдийн хамт
 
“БАДАРЧИН” БҮТЭЭЛИЙГ АМЖИЛТТАЙ АМИЛУУЛЖЭЭ
 
1986 онд Жамъяндагва гуай Ж.Чулуунд санал тавьснаар “Ардын хоёр дууны найруулга” хөгжим дахин Монголын тайзнаа эгшиглэсэн гэдэг. Аав, хүү хоёроос гадна гэр бүлийнх нь эрхэм гишүүн болох Жаамаа ах нь удирджээ. Одоо тэр үеэс зураг л үлдэж дээ хэмээн нийтлэлийн баатар маань ярьж байв. Монголын хөгжмийн ертөнцийн домог болсон аавтайгаа хамт зогсоод тоглоно гэдэг хүүгийнх нь хувьд их хариуцлага байсан гэнэ.  Ч.Чинбатын уран бүтээлүүд Улсын филармони, “Морин хуур” чуулга, УДБЭТ-тай салшгүй холбоотой. Бүх тоглолтод нь оролцож, хөгжимчнөөс эхлээд удирдаач хийж байжээ. Ч.Чинбат хийл хөгжмөөс гадна удирдаач юм. Хөгжимчин хүн зөвхөн хөгжмөө л эгшиглүүлэх үүрэгтэй бол удирдаач нэг дор тоглож буй 60-70 хүний гаргах аялгууг найруулж, зөв дарааллаар явуулах учиртай. Киногоор төсөөлвөл найруулагч нь юм. Ч.Чинбатын удирдаачийн анхны гараа нь ч аавтай нь холбоотой. Учир нь тэрээр анх удаа аавынхаа хөгжмийн бүтээлүүдийг дохижээ. Аавынхаа хүчинд шалгалтаа амжилттай өгч, 1989 онд удирдаачаар сурахаар Болгар улсыг зорьсон юм. Ч.Чинбат Болгарыг зорихдоо их том мөрөөдлийг тээжээ. Эргэж ирээд цөөхүүл найрал хөгжмийн удирдаач болно гэсэн зорилго түүнийг ээрч байв. Соёлын яамнаас ч сураад ирвэл хүссэн хөгжимчдийг нь өгнө гэж амлажээ. Харин 1991 онд түүнийг ирэхэд цаг үе ороо бусгаа угтав. Ардчиллын салхи сэвэлзэж, ихэнх урлагийн байгууллага үүдээ хаажээ. Ч.Чинбатыг Ардын дуу бүжгийн чуулгад уран сайхны удирдаачаар томилчихож. Энэ хугацаанд “Бадарчин” бүжгэн жүжгийг хамт олонтойгоо амжилттай тавьжээ. Чуулгад нэг жил ажиллаад Хөгжим бүжгийн дунд сургуульдаа эргэн иржээ. Ч.Чинбат 1996 онд сургуулийнхаа захирлаар томилогдсон юм. Сургуулийн түүхэн дэх хамгийн хүнд он жилүүдэд тэрээр захирлын албыг хашсан байдаг. Багш нарынхаа цалинг хэрхэн тавихаас эхлээд бэрхшээлтэй зүйл олон байж. Харин тэр үед сургуулиа орхиод ганзгын наймаанд яваагүй үнэнч үлдсэн багш нартаа хамгийн ихээр талархдаг гэсэн юм. Багш нараас гадна хэдэн мянгаараа тус сургуульд орохоор дугаарлаад зогсдог хүүхдүүд усанд хаясан чулуу шиг алга болжээ. Гэвч сургууль хаалгаа барьсангүй. Багш нар хоолгүй хоносон ч хичээлээ таслахгүй ирсний хүчинд соёл урлагийн гал унтралгүйгээр өнөөдөртэй золгосон түүхтэй. Тэрээр Хөгжим бүжгийн консерваторийн захирлаар 1999 оныг хүртэл ажилласан юм.
 
Чулуун, Намсрайжав, Лувсаншарав, Дамдинсүрэн
 
ОЮУТНЫ БАЙРАНД ГАЛ ГОЛОМТОО АСААВ
 
Ч.Чинбат удирдаачийн гэргий Нарантуяа төгөлдөр хуурч мэргэжилтэй. Тэд Арменд оюутан байхдаа танилцжээ. Оросын гудамжаар хөтлөлцөн гүйж, хайрын сайхныг ярилцаж байсан гэгээн үеэ одоо хүртэл нандигнадаг гэлээ. Хосууд анхны хүүхдээ Орост өлгийдөн авч, гал голомтоо асаажээ. Том хүү нь оюутны байранд төрж, монгол оюутнуудын гар дамжсаар хөлд орсон гэдэг. Тэд ээлжээр хүүхдийг нь харж, усанд оруулж, хооллосоор хүн болгосон юм. Зуныхаа амралтаар эх орондоо ирснээр Ч.Амарбаясгалан хүү эмээгийнхээ халамжинд иржээ. Ч.Чинбатынх гурван хүүтэй. Том хүү нь морин хуурч мэргэжилтэй юм байна. “Морин хуур” чуулгад ажиллаж байгаад одоо Тувад морин хуурын багшаар ажилладаг ажээ. Ч.Чинбат удирдаачаас “Урлагаас олж авсан хамгийн үнэт зүйл тань юу вэ” гэж асуухад “хүнлэг чанар” гэж хариулсан юм.
Урлаг хүнийг уярааж, зөөлрүүлдэг юм байна. Хүн байхын утга учрыг заадаг ажээ. Түүнийг үе үеийн уран бүтээлчид “Сонгодог Чинбат” гэж хүндэлдэг юм билээ. Ч.Чинбат удирдаач яахын аргагүй Ж.Чулуун хэмээх оршихуйгаас тасарсан хамгийн эгшиглэнтэй хөгжим юм гэсэн бодол тээсээр түүний өрөөнөөс гарсан юм.
 
Гэргийтэйгээ
 
Аав, хүү хоёртойгоо
 
 
Ч.Гантулга
Эх сурвалж: Зууны мэдээ сонин