sonin.mn
“Сити хаус” компанийн захирал Ц.Сумъяацэрэнтэй ярилцлаа
 
–ЖДҮХС-гийн зээлийн асуудал ид яригдаж байна. Таны хувьд энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
 
-Сүүлийн жилүүдэд жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлнэ хэмээн нэлээд ярьсан. Бас ч зарим талаараа дэвшилттэй зүйл бий. Үйлдвэрлэлээ хөгжүүлэхээр янз бүрийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээс гадна, санхүүжилтийн хямд өртөгтэй эх үүсвэрийг бий болгосон. Харамсалтай нь тухайн хөшүүрэг нь зорилтот бүлэгтээ хүрч чадаагүй учраас олон нийтийн дургүйг хүргэж байгаа юм. Үүнээс харвал, төр хувийн хэвшил болоод иргэдийнхээ төлөө хийсэн алхам нь зөв хэдий ч бодит байдал дээр зорьсон “бай”-гаа онохгүй байна. Энд л хамаг учиг, зангилаа байна гэж хардаг.
 
-“Бай”-гаа онохгүй байна гэдгээ тодруулж өгнө үү?
 
-Жи­шээлбэл, сал­ба­рын яамнаас үйлдвэржилтийг хөгжүүлэхээр 21:100 хөтөлбөрийг батлуулсан. Энэ сайн хэрэг. Мөн санхүүгийн эх үүсвэрийг нь гурван хувийн хүүтэйгээр олгох боломжийг бүрдүүлсэн. Энэ бүхэн тухайн төсөл, хөтөлбөрт тусгасан салбартаа хүрч чадвал маргах юм огт алга. Сүүлийн жилүүдэд хэрэгжсэн хөтөлбөрүүд ихэвчлэн жижиг, том хоёрт л хүрсэн юм болов уу гэж хардаг. Учир нь өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд 3-5 сая төгрөгийн зээлд хамрагдах боломжоо ашигладаг юм билээ. Нөгөөтэйгүүр томоохон аж ахуйн нэгжүүд нь ч хөнгөлөлттэй, хямд эх үүсвэртэй зээлд хамрагдах боломж бий. Адаглаад л ЖДҮХС-гаас гарсан зээлүүдийн дийлэнхийг “том”-чууд л авсан байна шүү дээ. Тэгэхээр энэ дунд өнөөх 10-аас дээш ажлын байр бий болгодог дунд шатны аж ахуйн нэгжүүд орхигдсон юм болов уу даа. Тиймээс л жижиг, дунд гэж нэр заачихаад үнэн хэрэгтээ “бай”-гаа оносонгүй гээд байгаа юм.
 
–Тэгвэл төр бизнесийг, үйлдвэрлэлийг хэрхэн дэмжих ёстой вэ?
 
-Татварын асуудлыг хүн бүр л хэлж байна. Түүнээс гадна дотооддоо үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнд хамгаалалт хэрэгтэй. Тухайлбал, тавилгыг дотооддоо хийж байгаа үед ижил төрлийн бүтээгдэхүүнд ногдох татвар, импортоор орж ирэх хэмжээг хязгаартай болгох ёстой. Яагаад гэвэл импортоор оруулж ирсэн бүтээгдэхүүний өртөгтэй дотоодод үйлдвэрлэсэн эцсийн бүтээгдэхүүн өрсөлдөх чадваргүй байна. Жишээлбэл, буйданг импортоор оруулж ирээд 400 мянган төгрөгөөр борлуулъя. Гэтэл үндэсний үйлдвэрлэгчдийн хийсэн буйдан 450 мянган төгрөгийн өртгөөр босно. Энэ тохиолдолд яах ч аргагүй үнийн хувьд өрсөлдөх чадвар дутаж байна. Харин чанарын тухайд ярих юм байхгүй. Нэг үеэ бодвол хэрэглэгчид өртгөөс илүү чанарт илүү анхаардаг болсон учраас үйлдвэрлэгчид чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьж байгаа.
 
–Үйлдэрлэгчид төрийн оролцоо хэрэгтэй эсвэл хэрэггүй гэх юм. Таныхаар төрийн оролцоо гэж юуг хэлэх вэ?
 
-Үйлдвэрлэгч болоод бизнесийнхэнд төрийн дэмжлэг хэрэгтэй. Гэхдээ төрийн хэт оролцоогоо бууруулж зах зээлийн зарчмаар ажиллах боломжийг бүрдүүлэх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, төрийн бодлогоор хамгаалж эдийн засагт үзүүлэх хувь нэмрийг нь өсгөхийн тулд дэмжих ёстой гэсэн үг. Зөвхөн төр харж хандсангүй гэдэг ойлголт хэт өрөөсгөл гэдгийг хэлмээр байна. Бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчид юү хүсч байгаагаа, үйлдвэрлэлд юу дутаж байгаа зэрэг өөрт тулгамдсан асуудлаа сайн ойлгуулах нь зүйтэй гэж боддог.
 
 
Д.Оюунчимэг
Эх сурвалж: Зууны мэдээ сонин