sonin.mn

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  67 дахь удаагийн “Miss Universe”тэмцээний финалын шалгаруулалт энэ сарын 16-ны өдөр Тайланд улсын Бангкок хотноо боллоо.Тус тэмцээнд анх удаа Монгол улсаа төлөөлөн мисс, загвар өмсөгч Д.Долгион оролцож байна. “Miss Universe” тэмцээний шилдэг үндэсний хувцастай миссийг өнөөдөр тодруулах шалгаруулалтад  94 улсын гоо бүсгүй оролцов. Тус тэмцээний шилдэг үндэсний хувцастай 4 улсын нэгээр манай улсын үндэсний хувцас багтсан сайхан мэдээ байна. Д.Долгионы үндэсний хувцсыг “Торго” салонд урлаж, Дундад зууны үеийн Монгол хатдын хувцас өмсгөлөөс санаа авч  нийт 100 мянга орчим чимэглэлийг гар аргаар  оёж,  уран дарханы нарийн хийцийг шингээжээ. Түүнчлэн нэрт яруу найрагч Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлгийн хэсгээс оруулж,  уул, ус, үүл, ургамал, олон мянган жилийн өмнөх монгол хадны зургийн  ан амьтныг чимэглэл болгон ашигласан нь олны анхаарлыг татсан байна. Өнгөний хувьд орчлон ертөнцийг гэрэлтүүлэгч нарны алтан шаргал өнгийг билэгджээ. 

 

Ж.Батсайхан

Эх сурвалж: Монцамэ агентлаг