sonin.mn
Боловсролын салбарын ажилтнууд энэ хичээлийн жилийн эхэнд 14 хоног ажил хаялт зарласны эцэст Засгийн газартай хэлэлцээр байгуулж, цалингийн нэмэгдэл авахаар болсон. Гэвч өнөөдрийг хүртэл тохирсны дагуу нэмэгдлээ бүрэн авч чадахгүй байгаа талаар өчигдөр үйлдвэрчний эвлэлийнхэн мэдээлэл хийлээ. Энэ талаар Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбатаас тодруулав.
 
–Гурван талт хэлэлцээрээр асуудлыг шийдвэрлэсэн. Гэтэл дахин ажил хаях талаар ярьж байх юм?
 
-Багш, эрдэмтдийн олон жилийн тэмцлийн үр дүнд боловсролын салбарын ажилтнуудын цалинг 6-7 хувиар нэмэх хэлэлцээр байгуулж өнгөрсөн аравдугаар сарын 1-нээс олгох ёстой байсан. Гэвч өнөөдрийг хүртэл ажил хэрэг болохгүй байгаа бөгөөд он дамнаж шийдэхгүй гээд энэ асуудлыг орхих бололтой. Тэгэхээр шинэ он гарсны дараа дахин ажил хаялт зарлахыг үгүйсгэхгүй болчихлоо. Боловсролын яамнаас эх үүсвэрийг нь шийдсэн ч Сангийн яам шилжүүлэхгүй байна гэсэн тайлбарыг өгч байна. Тиймээс Ерөнхий сайдыг холбогдох яамдын сайдаа дуудаж уулзан тодорхой хариу өгөхийг шаардаж байна
 
–Боловсролын салбарын ажилтнуудын хэдэн хувь нь нэмэгдлээ авсан бэ?
 
-Надад ирсэн мэдээллээс харвал ганц ганц ч аймагт цалингийн нэмэгдлийг бүрэн олгоогүй байгаа юм. Шинжлэх ухааны ажилтнуудыг бол бүр ор тас орхичихсон. Тэдний цалингийн  нэмэгдлийг өнөө маргаашгүй яаралтай олгохыг шаардаж байна. Боловсролын салбарын ноён оргил гэж нэрлэгддэг  шинжлэх ухааны салбарыг гадуурхсанаас болж өнөөдөр олон мянган эрдэмтэн эх орондоо ажиллах хүсэлгүй болж байна. Ер нь Засгийн газартай  гэрээ хэлэлцээр хийхэд үнэхээр хүнд  болжээ. Үүний цаана  70-80 мянган хүний 10 тэрбум төгрөгийн асуудал яригдаж байгаа юм.
 
 
Б.Төгс
Эх сурвалж: Зууны мэдээ сонин