sonin.mn
1990 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр “Улаан од” сонины нэгдсэн редакцад БХЯ-ны сайд Л.Моломжамц, ЗХЖШ-ын дарга Ш.Жадамба, Улс төрийн газрын дарга Л.Пүрэвдорж нар хүрэлцэн ирж, редакцын шуурхай зөвлөгөөн хийлээ. Армийн толгой гэгдэх энэ гурван дарга, энэ гурван генерал анги, байгууллагад зэрэг очиж байсан тохиолдол өмнө нь байгаагүй юм. Ардчиллын штаб цэргийн сонин хавиар эргэлдээд байна гэсэн мэдээлэл тэр үеийн дарга нарт “тэсрэх бөмбөг” тавьсан мэт сонсогдсон учраас тэр биз.
Нийгмийн тогтолцоог шүүмжилсэн, ардчилсан үзэл санааг дэмжсэн сэтгүүлчдийг буруутгасан халуухан яриа, хатуухан зэмлэлийн эцэст редакцад их өөрчлөлт гарлаа. Эрхлэгч Б.Чантуу тэргүүтэй ахмад сэтгүүлчдийг тэтгэвэрт гаргаж, Ц.Элбэгдорж, Ш.Чойжил нар Ардчилсан холбоо руу, сэтгүүлч Т.Ганди “Ардын эрх” сонин руу явж, хэсэг сэтгүүлчид цомхотгол нэрээр халагдсан даа. Яг тэр цагт нийгэм бүхэлдээ бужигнаанд автсан үе байлаа. Шинэ Үндсэн хуулийг ард нийтээр хэлэлцүүлж батлах, анхны ардчилсан сонгууль явуулах зэрэг тайван замаар нийгмийн тогтолцоог өөрчлөх улс төрийн чухал алхмууд хийгдэж байв. Үүний зэрэгцээ хэт хуучинсаг хатуу байр суурь, сэтгэлийн хөөрөлд автсан улс төрийн хийрхэл хоёр нийгмийг талцуулж байлаа. Нийгмийн хөгжлийн огцом эргэлтийн энэ үед хувьслын жам ёсыг зөв ухаарч, уян хатан, ухаалаг байр суурьтай байх нь сонины эрхлэгчийн хувьд тун чухал, ганц зөв зам байв. Эрхлэгчийн энэ баримтлалыг редакцын хамт олон зөв тусган авч, сэтгэл нийлэн ажилласан юм.
1990 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн дугаараас цэргийн сонин “Тусгаар тогтнол” нэрээр хэвлэгдэх болов. Сайд, дарга нарыг ирсний ердөө маргаашнаас нь шүү дээ. Сонины шинэ нэрийг хэн өгснийг би мэдэхгүй юм, асууж лавлалгүй хоцорчээ. Бодвол, улаан гэсэн нэрнээс татгалзсан байх. Бүх дэлхийг улаан туг биш цэнхэр туг нөмрөх цаг үе ирээд байхад аргагүй байсан биз. Цэргийн сонины түүхэнд ингэж нэр өөрчилсөн явдал нийтийн захиалгыг эрс багасгаж билээ. Тэр цагаас хойш 28 жил өнгөрсөн ч өнөөдөр “Улаан од” гэсэн нэрийг уншигчид үгүйлсээр л байдаг юм. Монголын сэтгүүл зүйд тухайлсан школыг бий болгож чадсан авьяаслаг сэтгүүлчид, редакцын түүхэн гавьяа нь “Улаан од” нэрээр үлдсэн юм.
Могойг гурав таславч гүрвэлийн дайтай гэдгийг “Тусгаар тогтнол” сонины үлдсэн хэдэн сэтгүүлчид үнэхээр харуулж чадсан юм шүү. Анхны чөлөөт сонинууд шил дараалан гарч, сэтгүүлчдийн чадал чансааг сорих боломжийг нээж байсан үе. Сурвалжлагч Л.Төрбаяр, Л.Зоригт, Ц.Баяраа, Г.Сумъяа, С.Баярмөнх, Б.Цэдэн, Д.Бямбаа нарын нийгмийг хамарсан дайчин нийтлэлүүд нэрээ сольсон сонины нэрийг нөхөн мандуулж байв. Ардчилсан хувьсгалын үр шимээр монголчууд үндэсний бахархал, түүх, уламжлалаа дээдлэх үзэл санаа өдөр өдрөөр сэргэсэн. Тоталитор нийгмийн үед ярихад хүртэл хориотой байсан үндэсний ёс заншил, уламжлал сэргэж, хүмүүс өмнөх үеэ эергээр харах боломж гарсан, түүнийг нь сэтгүүлчид түүчээлэн урам зориг өгч эхэлсэн дээ.
“Тусгаар тогтнол” сонины эрхлэгч, хурандаа А.Баярмагнайн санаачилгаар тус сонины редакцаас орон даяар хөдөлгөөн өрнүүлэн, Төрийн есөн хөлт Их цагаан сүлд, Бүх цэргийн Хар сүлдийг бүтээх адууны дэл сүүлийг шуудангаар цуглуулж чадсан нь өнөө Төрийн ордон, Батлан хамгаалах яаманд хүндэтгэлтэйгээр заларч байна. Феодалын тоглоом гэж ад үзэгдэж байсан монгол шагайн харвааг цэргийн сонины редакц хөхиүлэн дэмжиж, хотын аварга шалгаруулах тэмцээнийг хурандаа А.Баярмагнайн удирдлагаар зохион байгуулж, Монголын шагайн холбоог байгуулагдахад үнэтэй хувь нэмэр оруулсан билээ. Өөр нэг тэмцээнийг онцлон дурдах ёстой. Монголын сайхан хүүхэн тэмцээн олны анхаарлын төвд байсан тэр үед манай редакцынхан яриад Монголын сайхан залуу тэмцээн зохион байгуулахаар болсон юм. Сонины эдийн засгийн бололцоо тааруу байсан учраас тэмцээний шагналыг нэмэхийн тулд сурвалжлагч нар 100 төгрөг хандивлаж байсан гээд бодохоор хэн хүнгүй л хүчин зүтгэсэн байгаа биз. “Тусгаар тогтнол” сонины редакцаас зохион байгуулсан Монголын сайхан залуу шалгаруулах анхны тэмцээн МҮЭ-ийн Соёлын төв ордонд явагдаж, Эрдэнэт хотоос оролцсон 46 настай офицер түрүүлж байсан юм. Энэ тэмцээн нь өнөөгийн дэлхийн олон аваргуудыг төрүүлсэн “Мистер Монголия” тэмцээний анхных байсан юм шүү.
“Тусгаар тогтнол” сонинд нийтлэгдэж байсан нийгмийг хамарсан далайцтай нийтлэлүүдээс нэгийг л онцолъё. “Үнэн” сонинд сурвалжлагч, тухайн үедээ боловсролтой сэхээтнүүдийн нэгд тооцогдож явсан О.Цэрэндорж тоталитор нийгмийн алдаа завхралыг тодорхой баримтаар бичсэн гурван номынхоо эхийг Хятадын Элчин сайдын яамны хашаан дээгүүр шидсэн хэрэгт буруутгагдаж, 1979 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр баривчлагджээ. Гучаад оны хэлмэгдүүлэлтээс хойш оюуны бүтээлдээ буруутгагдан шоронд ял эдэлсэн хүн яруу найрагч Р.Чойном, сэтгүүлч О.Цэрэндорж хоёр юм. О.Цэрэндорж үнэний төлөө тэмцлээсээ ухралгүй, шоронд 50 гаруй хоног улс төрийн өлсгөлөн хүртэл зарлаж байжээ. Цаг үе нь хэт үзэл сурталчлагдсан нийгэм байсан болохоор алд биений тэмцэл адар ч хүрэхгүй талаар болсон байдаг. Бичсэн бүтээлээсээ болж ял шийтгэл эдэлж яваа ажил мэргэжил нэгт нөхөр байна гэж сонссон сурвалжлагч, хошууч Х.Шагдар эрэн сурвалжилж, уйгагүй нягталсны эцэст “Эзнээ ялласан 3 боть” гэсэн нийтлэл бичиж хэвлүүлсэн юм. Улсын Ерөнхий прокурор хөндүүр сэдвээр хатуухан бичсэн сэтгүүлчийг дуудаж уулзахад сурвалжлагч Х.Шагдар “Би үнэнийг л бичсэн” гэсэн товч бөгөөд ойлгомжтой хариулт өгчээ. Энэхүү уулзалтаас сар гаруйн дараа О.Цэрэндорж шоронгоос суллагдсан байдаг.
Нийгэм, цаг үеийн байдал, хэвлэн нийтлэх эрх чөлөө, хувийн болон чөлөөт хэвлэлүүдийн нэмэгдэл зэргээс үүдэн төвийн гэгдэж байсан зарим сонин, салбарын сонинуудын гаралт цөөрч, хаалгаа барих нь барьсан юм. Цэргийн сонин салбар руугаа түлхүүтэй анхаарч, цэргийн мэргэжлийн чиг хандлага руу аандаа орсон доо. Залуу сэтгүүлчид нийгмийн өөрчлөлт, ирээдүйн чиг хандлагын талаар асуудал дэвшүүлсэн нийтлэл чамгүй бичсэн. Тухайлбал, сэтгүүлч Ц.Баяраагийн бичсэн “НҮБ-ын цэнхэр дуулга монгол цэрэгт зохих уу” нийтлэл, миний бие тэр үеийн Гадаад явдлын яамны мэргэжилтэн Г.Баярхүүтэй ярилцсан “Монгол цэрэг Африкт хөл тавих уу” ярилцлага бүр 1992 онд хэвлэгдэж, зарим дарга нараас зэм хүртэж л байсан юм. Ийнхүү эрч хүчтэй ажиллаж байтал нэг хэрэг мандлаа. Л.Зоригт, Л.Төрбаяр, Ц.Баяраа, С.Баярмөнх нар “Халуун хөнжил” сонин гаргаж, нийгмийг шуугиулаад явчихлаа. Монголын сэтгүүл зүйд хамгийн дуулиантай сонин “Халуун хөнжил” байсан юм. Нэг буруу ойлголт яваад байдаг, тэднийг армиас хөөсөн гэж. Үнэндээ тэднийг хөөгөөгүй, тэд өөрсдийн саналаар халагдсан юм шүү. Манай редакцын байдал бүр хүндэрлээ, хоёрхон сурвалжлагч үлдсэн нь дэд хурандаа Д.Чойдогсүрэн ах бид хоёр. Цэргийн сонины хамгийн хүнд үеийг бид хоёр туулах ёстой байж дээ.
Зах зээлийн харилцааны шилжилт, картын барааны үед улс орон даяар бараа материалын хомсдолд орсны нэг нь сонины цаасны гачаал. Төрийн төв хэвлэл ч цаасны хомсдолоос үүдэн долоо хоног хэвлэгдээгүй тохиолдол бий. Гэрэл зургийг төмөрт буулгадаг технологи сааталд орж бүх сонинууд гэрэл зураггүй гарч байлаа. Цэргийн сонин долоо хоногт нэг дугаарыг ер таслаагүй дээ. Сониныг Улсын хэвлэх үйлдвэрт биш Цэргийн хэвлэх үйлдвэрт гар ажиллагаатай тигель машинаар хэвлэж дэвтэрлэгчид нугалж, шууданд өөрсдөө хүргэж өгдөг болов. Тэтгэвэрт гарах гэж байгаа Д.Чойдгоо ахаар яаж сонин зөөлгөх вэ, нийлэгч Т.Баянжаргал ах бид хоёр хэвлэгдсэн сонинг Төв шууданд хүргэж өгөх гэж троллейбус хэмээх унаагаар “таксидна” шүү дээ. Сонин хэвлэх цаасгүй боллоо, авхаалжтай сэргэлэнгээрээ эрхлэгч, хурандаа А.Баярмагнай цаас олжээ. Төмөр замын хэвлэх үйлдвэрт сонины цаас байгаа, би ярьчихсан, очоод аваад ир гэлээ. Тонн илүү жинтэй, рулонтой цаасыг Т.Баянжаргал ахтай хамт гудамжаар өнхрүүлсээр байгаад Цэргийн хэвлэхийн хашаанд оруулсан л юм даг. Өнхрүүлдэг энэ тээвэрлэлт таван удаа явагдсан шүү. Тэр цаасыг хөвүүлж зүсэхэд хоёр төө хүрэхтэй үгүйтэй эн гардаг. Жил шахмын дараа цаасгүй болоод сониныхоо макетыг богиносгон, эн болж гарсан үлдэгдэл цаасаар сониноо хэвлэдэг болов. Цэргийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн, хурандаа Ц.Даваасүрэн надтай таараад:
-Чамд огтор дээл байгаа юу гэлээ шүү. Тэр үед цэргүүд богинохон, өнгө нь арьсаараа нэхий дээл өмсдөг байсан юм.
-Би цэрэг биш офицер, надад тийм дээл байхгүй гэхэд хурандаа Ц.Даваасүрэн жоготой жуумалзаад:
-Чи сурвалжлагч биз дээ, нэг сонин гаргаад ир гэлээ. Би цүнхнээсээ сонины шинэ дугаар гаргаж өгөхөд:
-За, хар даа. Зах зээлийн оготор дээл гэдэг чинь энэ гэв. Цэргийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэд манай сониныг “оготор дээл” гэж нэрлэсэн байсан шүү. Цэргийн сонины сэтгүүлчдээс Л.Тойв, Д.Дэмчигсүрэн, Ц.Дагвасүрэн, Б.Товд, С.Уртнасан, Д.Мархаахүү, Т.Ганди, Х.Шагдар, А.Баярмагнай, Г.Сумъяа нарын 10 хүн докторын зэрэг хамгаалсан байдаг.
Сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга Х.Шагдар ажилдаа ирэх нь хомсдов, даргатайгаа барьцах ямар сэтгүүлч байх билээ, заримдаа би сонины макет ч хийдэг боллоо, сонинд ирсэн материалыг нягталж, найруулж хэвлэлтэд бэлтгэдэг ч боллоо. Тэгтэл нэг өдөр эрхлэгч, хурандаа А.Баярмагнай, за хүү минь, чи сурвалжлагч, нийлэгч, үсэг өрөгч, аж ахуйн гүйдэг нярав, сонин хүргэгч гээд олон ачаатай, одоо нэг ачаа нэмэгдсэн шүү, цаад Х.Шагдар чинь Хүрээлэн рүү шилжиж байгаа гэлээ. Эрдмийн зэрэг хамгаалах гэж зарим хүн насаараа зүтгэдэг бол Х.Шагдар дарга маань бичиг цаас, судалгааны асар их ажлыг өдөр, шөнөгүй нухсаар байгаад ердөө найман сарын дараа л түүхийн ухааны дэд докторын зэрэг хамгаалсан юм. “Улаан од”-ын школын үлдэгдлүүд ийм л адтай хүмүүс байсан даа. Тэрбээр удалгүй шинжлэх ухааны докторын зэрэг ч хамгаалсан.
1995 онд эрхлэгч, хурандаа А.Баярмагнай цэргийн тэтгэвэрт гарч, Х.Шагдар сонины эрхлэгчээр томилогдов. Санхүүгийн асуудал хүндрэлтэй байлаа. Манай сонины улирлын хэвлэлтийн зардлыг зарим анги, байгууллага гаргадаг болов. Улирлын мөнгө шилжүүлэх гэж би Цэргийн оёдлын үйлдвэрийн даргын өрөөний үүдний сандалд долоо хоног суусан л юм даг. Наачихсан юм шиг Найраа гэдэг хоч хүртэл гарсан шүү дээ. Бид хэдийн цалинг Цэргийн хэрэг бүртгэх албанаас олгоно, дүрэмт хувцсыг бас нэг газраас олгоно. Энэ цаг үед хэвлэлийн технологи шинэчлэгдэж, өнөөгийн хэвлэлийн суурь тавигдсан юм. Х.Шагдар эрхлэгч уйгагүй хөөцөлдсөний үр дүнд сонин машинтай боллоо, энэ бол тун чухал. Сурвалжлагч хэрэгцээтэй үед машинаар явна гэсэн үг. Сонины технологийг шинэчлэхэд Х.Шагдар эрхлэгч ихээхэн анхаарал хандуулж, компьютероор эхийг бэлтгэсэн анхны сониноо 1996 оны цэргийн баярын өмнө оператор Ш.Нацагдорж, Ш.Судар, А.Алтангэрэл нарын тусламжтай долоо хоног редакцаараа өдөр, шөнөгүй ажиллаж байж хэвлэлтэд шилжүүлж билээ. Эрдмийн ажлын шаардлага ч байсан биз, Х.Шагдар эрхлэгч цэргийн тэтгэвэрт гарч, сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга Б.Чинбат эрхлэгчээр томилогдсон юм. “Улаан од” сонины школын сүүлчийн мэргэжилтэн энэ хүн намуун зөөлнөөр редакцаа удирдаж, өөрөө үдэш оройгүй сууж, сонины эхийг улаан эрээн болгож, шинээр ажилд орсон залууст үлгэр дуурайлтай ажилласан билээ. Манай сонин хоёрхон сурвалжлагчтай хэдэн жилийг үдсэн ч сонины нийтлэлийн бодлого, уншигчдын таашаалд нийцсэн нийтлэлүүдийн чанар огтхон ч буураагүй юм. Тэр үед редакцыг сурвалжлагчаас нь олон үнэнч идэвхтэн бичигчид хүрээлж байсан билээ. Энэ нь “Улаан од”-ын школийн гавьяа байсан юм. Цэргийн сонины үнэнч найдвартай идэвхтэн бичигч хурандаа Ш.Эрдэнэбаяр, Я.Даваасамбуу, хошууч Ш.Эрдэнэ-Очир, Х.Монхор, ахмад Ю.Бат-Очир нарын нөхдөө дурсан санаж талархаж байна. Цэргийн сонин “Тусгаар тогтнол” нэртэйгээр 1990-1997 онд гарч байхад ажилласан маань залуухан сэтгүүлч намайг сонины түмэн ажилд зарагдан байж, чөдрийн ганцаас чөлөөлөгдөх хүртэл сонины бүхий л ажилд сургаад зогсохгүй, цэргийн сонины түүхэнд хамгийн хүндрэл бэрхшээлтэй он жилийн гэрч болгон үлдээсэн юм. “Тусгаар тогтнол” сонины оршин байсан он жилүүд санхүү, эдийн засгийн мэргэжилтэй боловсон хүчний, хэвлэлтийн технологийн хамгийн бэрхшээлтэй үе байсан бөгөөд цэргийн сонин графикт хугацаандаа нэг ч дугаар алгасалгүй гарч байсан Монголын цорын ганц хэвлэл байлаа. 1997 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн дугаараас цэргийн сонин “Соёмбо” нэртэйгээр хэвлэгдэн гарч, хэвлэлтийн технологи, санхүү бусад асуудлаа бие даан шийдвэрлэх болсон юм.
 
Цэргийн мэргэжлийн сэтгүүлч П.БАТНАЙРАМДАЛ
Эх сурвалж: Монцамэ агентлаг