sonin.mn
Сонины уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
 
-Би 1946 онд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт төрсөн. Долоодугаар ангиа төгсөөд Багшийн сургуульд суралцаж, бага ангийн багшийн мэргэжил эзэмшсэн. 1966 оны 5 дугаар сард цэргийн албанд татагдаж, Улиастайн бригад буюу мотобуудлагын нэгдүгээр тусгай бригадын сургалтын төвд цэргийн анхан шатны болон ерөнхий бэлтгэлийн сургалтад хамрагдсан юм. Бид карантин “буухтай” зэрэг Богд уулын аманд шилжин байрлаж, тэрхүү уулын энгэрт зам барих ажлыг богино хугацаанд чадамгай гүйцэтгэж билээ. Энэ ажил дууссаны дараа биднийг Ардын Армийн ангиудад хуваарилсан. Энэ үед намайг бригадын штабын дарга, хурандаа Д.Бямбаа дуудаж, Цэргийн сургуульд суралцахыг санал болгосон. Би Багшийн сургуульд суралцаж байхдаа Нийслэлийн 18 дугаар сургуульд оройн сургалтаар 10 дугаар анги төгссөн учраас надад тийм санал ирж дарга, бид хоёрын сонголт зөв байсныг 50 гаруй жилийн хөдөлмөр гэрчилж байна.
 
Цэрэгт ирсэн 1966 он нөгөө алдарт үер болсон жил санагдах юм?
 
-Тийм ээ. Бид Ардын хувьсгалын 45 жилийн ойн парадад хөл тавьдаг өглөө их хэмжээний бороо орж, тэрхүү борооноор ус үсчүүлэн алхсан маань тод санагддаг юм. Бид ёслолын жагсаалын дараа төв цэнгэлдэх хүрээлэнд бөх үзэж байтал гэнэт үер бууж, бөхийн барилдаан завсарласан. Би даргаасаа чөлөө гуйж ээж, эхнэр хоёртоо очсон юм даг. Тэр үед манайх “Дунд голын хөвөө”-нд одоогийн XIX хорооллын үйлчилгээний төвийн ойролцоо гэрт амьдарч байлаа. Намайг очиход ээж, эхнэр хоёр маань сандарчихсан, гэрийн тооно өргөгдчихсөн байсан. Би ээжийгээ үүрээд, эхнэрээ хөтлөөд ус туулан гарч, айлд хоноглоод маргааш нь анги руугаа явж билээ. Тэр үед автобус, унаа гэж байх биш. Улиастай руу алхаж, говийн хүүхэд болохоор гол гаталж чадалгүй, хүн бараадаж гараад л чөлөөний хугацаанаас 10 минут хоцорч багагүй шийтгэл амсаж билээ.
 
Цэргийн сургуульд элссэн тухайд...?
 
-Намайг Д.Бямбаа хурандаатай уулзсаны дараа өдөр бүхээгтэй ногоон машин ирж, манай бригадаас техникум болон 10 дугаар анги төгссөн найман залууг авч явсан бөгөөд бид Цэргийн ерөнхий сургуульд суралцахаар ирж билээ. Би тус сургуулийн цэргийн холбооны ангид гурван жил суралцаж, дунд мэргэжил эзэмшсэн. Манай курсээс Н.Банзрагч, Д.Гүнчин, С.Буяндэлгэр бид дөрөв анх Ардын Армийн 124 дүгээр ангид салааны захирагчаар томилогдсон юм.
 
Таныг ЦНДС-ийн Дагдан гэх юм билээ...?
 
-Тийм шүү. Бид 1971 онд Цэргийн Ерөнхий сургуулийн холбооны курсийн даргаар томилогдсоноос хойш 40 гаруй жил энэхүү бүтээлч хамт олны дунд ажилласан байх юм. 1971-1975 онд холбооны техникч мэргэжлээр 23 офицерыг төгсгөснөөс гадна 1975-1979 онд цэргийн холбооны дээд мэргэжилтэй офицерыг анхлан бэлтгэхэд мөн л курсийн даргаар ажилласан. Цэргийн сургуульд “автын” Н.Нямдорж, “холбооны” Д.Жаргалсайхан бид гурав л тогтвортой найман жил курсийн даргын алба хашсан түүхтэй юм билээ. Би 1979 онд курсийнхэнтэйгээ хамт төгсч, цэргийн холбооны мэргэжлээр дээд боловсрол эзэмшиж, тухайн жил анхлан байгуулагдсан Сонсогчийн батальоны штабын даргаар дэвшин томилогдсон юм. Улмаар 1982-1985 онд Цэргийн холбооны кафедрын багш, кафедрын орлогч дарга, 1985-1990 онд ЦНДС-ийн Сургалтын хэлтсийн орлогч даргаар ажиллаж байгаад цэргийн алба хаасны тэтгэвэрт гарсан хүн дээ, би.
 
Түүнээс хойшх жилүүдэд төрөлх сургуульдаа тогтвортой ажилласныг тань би сайтар мэдэх юм. Тэр тухайд ярилцлагаа үргэлжүүлэх үү?
 
-Тэгье. Би цэргийн тэтгэвэрт гарсны дараагаар холбооны тэнхимийн хичээлийн туслах ажилтнаар 10 гаруй жил, мөн орон сууцны нярваар, Удирдлага, технологийн дээд сургууль, Аюулгүй байдлын сургуулийн гэрээт ажилтнаар өнөөг хүртэл ажилласан. Гол нь 2001 оноос хойших хугацаанд ҮБХИС-ийн Ахмадын зөвлөлийн даргын сонгуульт ажлыг амжилттай гүйцэтгэж байна.
 
Таныг “Цэргийн албаны Дагдан” хэмээн тодотгох юм билээ. Энэ тухайд...?
 
-Би кафедрын орлогч дарга, сургуулийн сургалтын хэлтсийн орлогч даргаар томилогдон ажилласан хугацаанд цэргийн албыг хэвшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, сахилга, дэг журмыг бэхжүүлэх асуудалд гол анхаарлаа хандуулж ирсэн. Миний удирдсан холбооны кафедр нь сургуулийн хэмжээнд тэргүүний жагсаалч болон соёлч хамт олноор хэд хэдэн удаа шалгарч байлаа. Мөн манай холбооны рот сургуулийн тэргүүний салбараар ч олон удаа шалгарсан нь бидний бахархал. Сүүлд 1980-аад оны сүүлчээр сургуулийн түвшинд цэргийн албыг удирдах болсон. Энэ үед Сургалтын хэлтсийн цэргийн албаны офицер, хошууч Д.Сономын хамтаар ихээхэн ажлыг амжуулсан санагдана. Тухайн үеийн сургуулийн захирал, удирдлага, багш нар, рот, курсийн захирагч нар, сонсогчид бидний ажлыг андахгүй бөгөөд энд тэнд таарах бүртээ тэр тухайд их л ярьдаг юм билээ. 
 
Шинэ жилийн баярын өдрүүд үргэлжилж байна. Та чинь олон жил “Өвлийн өвгөн” болсон байх аа?
 
-Тэгэлгүй яахав. Миний хувьд 1978 оноос хойш өдгөө 40 дэх жилдээ өвлийн өвгөний дүрд хувилжээ. Анх курсийн дарга байх үеэс өвлийн өвгөн болж, өнөөдөр ч энэхүү хүндтэй үүргийг гүйцэтгэсээр явна. Өнгөрсөн жил ҮБХИС-ийн хамт олон намайг “Ерөнхий сургуулийн хүндэт өвлийн өвгөн” цол хүртээсэнд ихэд бэлгэшээж байгаа. Чи санаж байгаа байх. Би 1989 онд ЦНДС-ийн жагсаалын талбайд зохион байгуулсан багш, оюутнуудын хамтарсан шинэ жилийн сүлд модны наадамд анх удаа морьтой орж ирсэн. Түүнээс хойш дахин хоёр жил түүдэг гал асааж, шинэ, хуучин хоёр он, цасан охидын хамт морьтой орж ирсэн нь манай улсад анхны шоуны нэг байсан гэж боддог. Дараа нь 1992, 1993 онд багш, ажилтан албан хаагчдын хүүхдүүдэд бэлэг тараах ажлыг 12 дугаар сарын 30, 31, нэгдүгээр сарын 1-ний өдрүүдэд гүйцэтгэж явлаа. Харин түүний дараа жилээс дадлагажиж хоёр өдөрт багтаадаг болж билээ.
 
Жилд хэчнээн баярт оролцож, бэлэг түгээж ирэв дээ?
 
-Ойролцоогоор арваас гуч орчим байгууллага, хамт олны шинэ жилийн баярын цэнгүүнд оролцож байсан. Өвгөн аавын хувьд хүүхэд баярлуулах нь чухал ажил. Ер нь байгууллага, хамт олон, хүүхдүүд өвлийн өвгөн ааваа ихэд санасан мэдрэмж төрөөд байдаг юм. Энэхүү буянтай ажлынхаа үр дүнд Соёлын тэргүүний ажилтан хэмээх цол, тэмдэг хүртсэндээ баяр хөөр дүүрэн явах болсон доо.
 
Ахмад дайчны хувьд өдрийг хэрхэн өнгөрүүлж байна вэ?
 
-Анхлан цэрэгт ирсэн жилээс эхлээд л биеийн тамирын дасгал, хөдөлгөөнийг ихэд чухалчилж ирсэн. Энэ нь өнөөдөр ч амьдралд биеллээ олж, залууст үлгэр дуурайл болж байгаа байх. Өглөө бүр зарим ахмадын хамтаар ҮБХИС-ийн хашаанд нэг цагийн багтаамжтай гүйлт, биеийн тамирын дасгал, хөдөлгөөнийг тогтмол хийснээр эрүүл чийрэг байх, урт наслах боломж дээшилсэн. Өдрийн цагаар Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны иргэний танхимд Хийн дасгалыг нэгээс хоёр цагийн багтаамжтайгаар тогтмол хийж байна. Саяхан манай хийн дасгалын клубын хамт олон Баянзүрх дүүргийн 28 хорооны дунд зохион байгуулсан Аэробек, хийн дасгалын тэмцээнд гуравдугаар байрт шалгарсан. Мөн хорооноос албан байгууллагуудын хооронд зарлаж, дүгнэдэг “Дуулъя, бүжиглэе” уралдааны үеэр долоо хоног бүрийн амралтын өдрүүдээр нийтийн цэнгээнт бүжигт хамрагдаж байгаа. Бусад чөлөөт цагаар ном, өдөр тутмын сонин уншина, зав тун бага шүү.
 
Ахмадын үг алт гэдэг дээ. Залууст хандаж хэлэх үгийн тухайд...?
 
-Залуучууддаа хөдөлмөр хий. Байнга ачаалалтай ажиллаж, амьдралаа өөд нь тат. Та өөрийгөө хөгжүүлж, амьдралаа өөрчилснөөр хойч үе болсон үр хүүхдүүд, ач, зээ нартаа үлгэр дуурайл үзүүлнэ. Залуус, багачуулыг хараад байхад компьютер, зурагт, гар утас байнга шагайж, хөдөлгөөний хомсдолд ихээр орсон ажиглагдах юм. Алба, хувийн машинд суухаас илүүтэйгээр хөдөлгөөн хийж, тогтмол алхах нь эрүүл мэндэд ач тустай. Өнөө цагт эх оронч үзэл хамгаас чухал. Тиймээс эх орноо сайн судлах, байгууллага, хамт олон, гэр бүлээрээ монгол эх орныхоо байгалийн үзэсгэлэнт газраар жил бүр зав гарган аялах зайлшгүй шаардлагатай. Манай ахмад үеийнхэн биднийг “уруудахад унтах, идэх” гэж сургасан байдаг. Үүнийг санаж явахад илүүдэхгүй болов уу.
 
Таны бахархал...?
 
-Мөрдэстэй албанд 40 гаруй жил зүтгэж, олон зуун шавьтай болсон бөгөөд тэднийхээ сайн сайхан бүхнийг сонсоод байнга л бахархаж явдаг. Би багш байхдаа ЦНДС-ийн төрөл мэргэжлийн ангиудад холбооны бэлтгэл хичээлийг зааж явсан. Олон арван алдар цуутай залуус төрсөнд ихэд баяртай явдаг юм.
 
Сүүлчийн асуултыг танд үлдээе.
 
-“Соёмбо” сониныхоо нийт уншигчдад шинэ жилийн баярын мэндчилгээг өргөн дэвшүүлье. Мөн ирэх жил 50 жилийн ойгоо тэмдэглэх Зэвсэгт хүчний 124 дүгээр ангийн үе үеийн удирдлага, бие бүрэлдэхүүнд ой угтсан ажилдаа өндөр амжилт олохын ерөөлийг айлтгая. 
 
Та бүхэндээ баярлалаа.
 
Хурандаа Б.ОТГОНБАЯР
Эх сурвалж: "Соёмбо" сонин