sonin.mn
Редакцын утсаар залгасан эмэгтэй “Сайн байна уу, танай сонинд хэвлэгдсэн ахмад дайчин Т.Бат-Очир гуайн материалыг өгч тус болооч” гэсэн хүсэлт хэлэв. Хаанаас хэн гэж хүн ярьж байгааг асуутал “Намуун гоё” цэцэрлэгийн эрхлэгч Эрдэнэчимэг. Манай нэг бүлэг Т.Бат-Очир гуайн нэрэмжит шүү дээ. Бүтээлийг нь ангидаа тавих гээд танайхтай холбогдож байна” гэсэн сонирхол татахуйц хариултыг өгсөн юм. Үүнтэй зэрэгцээд энэ намар ҮБХИС-ийн хамт олон нэгэн цэцэрлэгтэй хамтран өөрсдийн хүүхдүүдийг сургах нэг ангийг нээж байгаа тухай мэдээ гарч байсныг гэнэт санав. Сурвалжилга хийх санаа ч ингэж төрсөн юм. Офицеруудын ордны хажууханд шахам байрлах цэцэрлэгийг зорьж очиход тус хамт олон тун найрсгаар угтаж, хүүхдүүд сурсан дуу, бүжгээ үзүүлэхээр аль хэдийнээ зэхсэн байв. Мэдээж эхний зочилсон анги бол ахмад дайчин, чөлөөнд байгаа хурандаа Т.Бат-Очир гуайн нэрэмжит бага бүлэг. Үүдээр нь ороход “Цэргийн” гэх тодотгол нүднээ илт. Ханандаа байрлуулсан Т.Бат-Очир гуайн намтар, цэрэг хувцастай багачуудын зураг зэрэг нь “бид цэргийнх” гэдгээ илтгэх мэт. Бага бүлгийн багш Б.Отгонцэцэг, туслах багш Б.Насанжаргал нар хүүхдүүдтэйгээ бужигнасаар биднийг угтав. 1-3 хүртэлх насны 30 жаал энэ ангид суралцдаг бөгөөд аав, ээж нь ҮБХИС-ийн багш, сонсогч, ажилтан, албан хаагчид. Өөрөөр хэлбэл, цэргийнхний хүүхдүүд. Цэрэг хувцастай хүмүүс хараад их дотно санагдсан бололтой “Манай аавын малгай ийм”, “Би буутай”, “Аав маань аймар том буутай” гэж биднийг бүчих нь үнэхээр өхөөрдөм. Б.Отгонцэцэг багш “Хүүхдүүдийн маань аав, ээж бүгд цэргийнхэн болохоор оройтож тардаг. Цагтаа ирж хүүхдүүдээ авах нь ховор. Бид ч энэ байдлыг нь ойлгоод ажлын цаг дууссан ч хүлээгээд л байж байдаг юм. Ханиад томуу их байгаа болохоор ойрд хүүхдүүдийн маань зарим нь ирэхгүй байна. Нэг нь ханиадтай ирвэл бүгдэд нь халдварлачих гээд байх юм” гэж хэлснийг нь онцолмоор санагдлаа. Цэцэрлэгийн багшийн зовлон, жаргалын нэгээхэн хэсэг юм даа. Удалгүй багачуудын “өндөр өвөө” Т.Бат-Очир гуай биднийг ирсэн сураг дуулаад гэсээр ирэв. “Өвөө” гэж шулганалдах бяцхануудаа үнсэж, жаахан хүүхэд аятай тоглох нь хайр бялхам. Байнга шахуу эднийгээ эргэж ирдэг аж. Дараагийн ангид ороход ахлах бүлгийн багачууд
Эх орны эгэл цэрэг
Эх орны торгон цэрэг бид 
Дуу гаргаад баяртай алхана аа
гэж дуулсаар угтав. “Огт сонсоогүй дуу байх чинь” гэхэд багш М.Алтанцэцэг хүүхдүүддээ зориулж бүтээлгэсэн юм аа. Эд маань цэргийн дуу, бүжиг, шүлгэнд хачин дуртай. Хананд өлгөсөн цэргийн хувцастай хүмүүсийн зурганд хүртэл ёсолно гээч. Манай энэ хавь чинь тэр чигтээ л цэргийнхэн шүү дээ” гэв. Нээрээ л жагсаалын дуу шиг хэмнэлтэй цоглог хөгжмийн аянд гар хаялан алхах хүүхдүүд аргагүй л цэргийнхний удам гэдэг нь илт.
 
ААВЫГАА ДУРСАЖ, ЭЭЖИЙГЭЭ БАЯРЛУУЛАХ ГЭЖ ЭНЭ БҮЛГИЙГ НЭЭСЭН
 
“Намуун гоё” цэцэрлэгийн эрхлэгч Д.Эрдэнэчимэг:
 
Таны аавыг цэргийн хүн байсан гэж сая сонслоо?
 
-Тиймээ, миний аав хошууч Г.Должинсүрэн Зүүнбаянгийн цэргийн ангид эмнэлгийн албаны даргаар ажиллаж байгаад 1978 онд бурхан болсон юм. Ээж Р.Буянт маань ЦИС-д тогооч хийж байгаад тэтгэвэрт гарсан.
 
Тэгвэл Та ч цэргийн хүний амьдралыг сайн мэдэх юм байна?
 
-Тэгэлгүй яах вэ. Нэгдүгээр ангидаа Өвөрхангай, хоёрдугаар ангидаа Орхоны сангийн аж ахуй, за тэгээд Зүүнбаян гээд аавыгаа дагаад л нүүдэг байлаа. Цэргийн хүний ажилд цаг нар байх биш. Аавыг минь өнгөрөхөд БХЯ-наас Улаанхуарангийн 72 дугаар хотхонд байр өгч, бид хотод ирж байлаа. Одоо ч би энэ гал голомтондоо амьдарч байна.
 
Хувийн цэцэрлэгтээ 30 хүүхдийг үнэ төлбөргүй сурган хүмүүжүүлж байгаагийн учиг одоо л тайлагдаж байна...
 
-Аавыгаа дурсаж, ээжийгээ баярлуулах гэж энэ бүлгийг анх нээсэн юм. Ээж минь ЦИС-д ажиллаж байсан болохоор энэ хамт олны хүүхдүүдийг сургая гэж бодсон юм. Тус сургуулийн Ахмадын зөвлөлийн дарга, бэлтгэл хурандаа Р.Батдэлгэр болон удирдлагууд нь их баяртай хүлээж авсан. Манай цэцэрлэг 20 багш, ажилтан, 130 хүүхэдтэй.
 
Хүүхдүүд “Амрыг эрье” гэж мэндлээд л алхаж гишгэж байгаа нь хүртэл цаанаа л “цэрэг” гэсэн тодотголыг агуулж байх шиг санагдлаа...
 
-Хүүхдүүдээ эх оронч үзэл хүмүүжилтэй, эерэг бодол сэтгэлтэй, тусархаг хүн болж өсч хүмүүжээсэй гэж хүсдэг. Цэргийн дуу, жагсаал гээд цэргийн гэсэн бүхэнд хүүхдүүд маань их дуртай, элэгтэй байдаг. Цэрэг хувцастай хүн харахаараа л очоод ёсолно шүү дээ. Би БНХАУ-д 15 жил багшилсан. Хагас цэрэгжилтийн байдалтай л сургаж хүмүүжүүлдэг. Аав, ээж нь хүүхдээ өмөөрнө гэдэг ч юмуу тийм зүйл огт байхгүй. Ямарваа нэгэн юм боллоо гэхэд хүүхдийнхээ өмнөөс уучлалт гуйх жишээтэй. Суралцах зүйл их бий. Бяцхан шавь нар минь цэцэрлэгээ төгсөөд сургуульд орохоороо сургуулийнхаа шилдэг байж чаддаг нь бидэнд маш их урам өгдөг. Цаашдаа “Тэмүүжин-Өрлөг” шиг бага сургуультай болохоор зорьж байна. 
Ингэсгээд бидний яриа өндөрлөсөн юм. Ийм сэтгэл, бодолтой хүн олон байгаасай. Хувийн цэцэрлэгтээ бүхэл бүтэн анги нээх нь битгий хэл нэг хүүхэд ч үнэгүй сургах хүн ховордсон цагт баярлахаас өөр яах вэ. Мөрдэс нэгтнүүдийн маань ажлын онцлог, ачааллыг ойлгож, тусалж дэмжиж байгаа “Намуун гоё” цэцэрлэгийн хамт олонд баярлалаа. Зөв иргэнийг эх орондоо бэлтгэх хүсэл эрмэлзэл дүүрэн Та бүхэнд, ялангуяа офицерын охин Танд баярлалаа.
 
 
Хошууч Х.Ганзул, ахлагч Г.Бат-Эрдэнэ
Эх сурвалж: "Соёмбо" сонин