sonin.mn
Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн офицерууд Зэвсэгт хүчин, анги, байгууллагаа сурталчлах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх ажлын хүрээнд “Сайн үйлсийн аян”-ыг зохион байгууллаа. Тэд Баянзүрх дүүргийн 22, 23, 24 дүгээр хорооны зам, талбайг хариуцсан тохижилт үйлчилгээний ажилчдад дэмжлэг үзүүлж, тодорхой хэсэг газар, зам, талбайн хог, цас мөсийг цэвэрлэн үйлчилгээний ажилчдад халуун аарц, давхар шүүлтүүртэй утааны маск зэргийг тараасан юм.
Энэ үеэр Баянзүрх дүүргийн “Нийтлэг үйлчилгээний газар-3” ТӨҮГ-ын ажилтан Х.Даваахүүгийн сэтгэгдлийг сонсоход “Би тус байгууллагад 3 дахь жилдээ ажиллаж байна. Өвлийн улиралд цас орохоор зам, талбайг цэвэрлэхэд хэцүү байдаг. Яг энэ үетэй давхцаж та бүхэн тусалсанд туйлаас баярлалаа. Цэргийн дүрэмт хувцсаа өмссөн залуус гудамж, талбайд ил задгай хог, шүлсээ хаяад явж байгаатай би таарч байгаагүй. Тиймээс бидний ажлыг хамгийн их хүндэлдэг хүмүүс цэргийнхэн та нар шүү” гэв.
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин