sonin.mn
Афганистан улсад явагдаж буй “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний VIII ээлжийн цэргийн хамгаалалтын ротын бие бүрэлдэхүүнд төрийн одон, медаль, салбарын шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо. Энэхүү ёслолд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, ЗХЖШ-ын АУГ-ын дарга, бригадын генерал Д.Ганзориг болон албаны бусад хүмүүс, цэргийн багийн бие бүрэлдэхүүний гэр бүлийн төлөөлөл оролцсон юм. 
Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн захирагчийн орлогч, ерөнхий инженер, дэд хурандаа А.Чинбат Цэргийн гавьяаны одонгоор, Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн цахилгаан холбооны инженер, хошууч Ө.Баярбадрах, 284 дүгээр ангийн жолооч-механик, ахлах ахлагч Ч.Батбаяр тэргүүтэй хүмүүс Цэргийн хүндэт медалиар, Цэргийн тагнуулын газрын ахлах мэргэжилтэн, ахмад Д.Нямхүү, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн авто, хуягт техникийн офицер, ахмад Б.Энхтүвшин нарын хүмүүс “Энхийн төлөө” медалиар тус тус шагнагдлаа.
Цэргийн багийн захирагч, дэд хурандаа Б.Пүрэвдорж “Манай цэргийн алба хаагчид нягт, нямбай үүрэг гүйцэтгэлт, сахилга бат, зохион байгуулалтаараа хамтран үүрэг гүйцэтгэсэн бусад орны цэргийн багийн удирдлагуудад удаа дараа үнэлэгдэж байсныг дурдахад таатай байна. Тухайлбал, Мармал баазын аюулгүй байдлыг 24 цагаар ханган ажиллаж байх хугацаандаа гурван ч удаа гар хийцийн тэсрэх бөмбөгийг илрүүлж, цаг алдалгүй аюулгүй болгосон” гэв.
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин