sonin.mn
Цан хүүрэг татуулсан өвлийн өвөө, цасан охидынхоо хамт “Өнөр бүл” хүүхдийн төвийн хүүхэд багачуудын шинэ жилд хүрэлцэн ирлээ. Хийсэн бүтээсэн зүйл арвинтай тус төвийнхөн хүүхэд багачуудынхаа хамт ирж буй шинэ оноо баяр хөөр дүүрэн угтлаа. Тэдний баяр дээр баяр нэмж, уран бүтээлчид ая дуугаа өргөсөн. “Камертон” хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ, А сооl буюу хүүхдийн элч дуучин Б.Анхбаяр, “Улаан туг” бүжгийн хамтлаг залуу уран бүтээлчид бяцхан хүүхдүүддээ ая дуугаа өргөв. Тэдний салхийг хагалж дуучин Л.Ган-Эрдэнэ дуугаа дуулж, хүүхэд багачуудтай баясан хөгжилдлөө. Тэрбээр “Та нартайгаа дахин уулзаж байгаад баяртай байна. Нэгэн өдрийг хамт өнгөрүүлсэндээ баяртай байдаг.
Дараа жилийн шинэ жилийн цэнгүүнд илүү олон уран бүтээлчийг та бүхний баяр дээр авчирч хамтдаа баярлах болно. Ах нь энэ асуудлыг хариуцаж ажиллах болно” гэж хүүхэд багачуудад амлалаа. Түүний дараа “Улаан туг” хамтлагийн гишүүд хүүхдүүдтэй хамт дуулан бүжиглэв. “Улаан туг" хамтлагийн хувьд шинэ ондоо “Өнөр бүл бидний өргөө” дууг шинэчлэн дуулан, дүрсжүүлэх болсноо дуулгалаа. Тэд “Өнөр бүл” хүүхдийн төвтэй хамтран ажиллаад нэлээд хугацааг өнгөрүүлсэн байна. Баяр бүхэнд нь хамтдаа байдагт баярласан хүүхдүүд тэдний зургийг зурж, жаазанд хийж дурсгасан нь хамтлагийн гишүүдийн хувьд хамгийн үнэтэй бэлэг болсныг онцолсон юм. Өхөөрдөм бяцхан цасан охид бүжгээ бүжин авьяасаа үзүүлсний дараа “Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олон хамгийн шилдгүүдээ тодруулж, шагнал гардууллаа. Шилдгийн шилдгээр шалгарсан О.Зоригт хүү 48 дугаар сургуулийн 4г ангийн сурагч “Өнөр бүл” төвийнхөө төдийгүй сургуулийнхаа шилдэг сурагчаар тодорч, Гэр бүл залуучууд хөгжлийн газраас “Авьяас” алтан медалиар шагнуулж, энгэрээ мялаалгалаа. Тэрбээр “Шинэ жилийн баяр маш сайхан болж байна. Ирэх онд ээж минь эрүүл болж надтай хамт байгаасай гэж хүсч байна. Хүү нь илүү их хичээн суралцах болно” хэмээн бидэнтэй сэтгэгдлээ хуваалцсан юм. Ингээд авьяаслаг, спортлог, бүтээлч, тусч, оюунлаг шилдэг сурагчид тодорч өвлийн өвгөнөөс шинэ жилийн баярын бэлгээ гардан авлаа. Тэдэнтэй хамтран ажиллаж, тусалж дэмждэг байгууллагынхны хувьд бэлгийн сонголтдоо ч анхаардаг байна. Хүүхэд багачуудад амттан шимтэн өгөхөөс илүүтэй ирээдүй хойчид нь хэрэггэй мөнгөн хуримтлалыг бэлэг болгон өгдөг байна. Тухайлбал, энэ жилийн хувьд “JTL” компанийн хамт олон гурван хүүхдэд хуримтлалын данс нээж өгчээ. Тэднийг 18 нас хүртэл сар бүр 50 мянган төгрөг дансанд хуримтлал болгон оруулж байх юм. Энэ бол нэг удаагийн чихэр жимснээс илүү ач холбогдолтой сайхан бэлэг гэдгийг “Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олон онцолж байлаа. Бас нэгэн баярт үйл явдал энэ өдөр “Өнөр бүл” хүүхдийн төвийнхөнд тохиолоо. Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас тус төвийн ерөнхий захирал М.Өлзийчимэгт “Хүүхдийн төлөө” медаль гардууллаа. Шагнал нүдээ олно гэгч нь боллоо гэж хуран цугласан хамт олон нь хэлж байлаа. М.Өлзийчимэг бол үнэхээр хүүхдийн төлөө гэсэн чин сэтгэл зүрхтэй бүсгүй гэдгийг олон хүн хэлдэг. Тэр бол хэлсэн үгэндээ хариуцлагатай байж үйлдэл болгож чаддаг бүсгүй. Энэ бүсгүй “Өнөр бүл” төвийн ерөнхий захирлаар томилогдон ажилласнаас хойш ямар олон зүйл өөрчлөгдөн шинэчлэгдсэнийг сэтгүүлчид уншигч та бүхэнд олонтаа сурвалжлан хүргэж байсныг дурдах нь зүйн хэрэг юм. Түүнд ирэх онд хийж төлөвлөсөн олон зүйл бий. Түүнтэй уулзаж, баярын сэтгэгдлийг нь хуваалцлаа. Тэрбээр “Манай хүүхдүүд хөөрхөн байгаа биз. Хүүхдүүд баярлахаар бид ч гэсэн хамгаас их баярладаг. Бид хуучин оноо амжилт бүтээл дүүрэн өнгөрүүлж байна. Хамгийн том ажил маань биеллээ олж өөрсдийн гэсэн шүдний кабинеттай боллоо. “Жи Си Ар Монголиа” компанийн (GCR Mongolia) “Дүүрэн инээмсэглэл” төсөл, Шүд эрүү нүүрний төв зэрэг байгууллага нэгдэж бидэнд 70 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шүдний кабинет байгуулж өгсөнд талархаж байна. Одоо бид өөрсдийн хүүхдүүдийнхээс гадна бусад асрамж халамжийн төвийнхний шүдийг эмчлэхэд анхаарах болно.
Мэргэжлийн эмч долоо хоногт 2-3 удаа ирж ажиллана. Мөн бидэнтэй байнга хамтран ажиллаж тусалж дэмждэг “JTL” констракшны хамт олон ирэх онд сэтгэл зүйн кабинетийн өрөөг дэлхийн стандартад нийцүүлэн тохижуулж өгөхөөр болоод байгааг дуулгахад таатай байна. Номын сангийн шинэчлэлтийн ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.Бидэнд баяр бүхэн чухал байдаг. Хүүхдүүдээ бусдын л адил баяр хөөртэй явааг харахад хамгаас сайхан байдаг” хэмээв. Ерөнхий захирал М.Өлзийчимэг мөн архивын өрөөгөө шинэчлэн тохижуулснаа танилцуулаад амжлаа Ирэх онд тус төвийн сурагчил “Монгол ахуй" сэдвээр үзэсгэлэн гаргах ажилдаа оржээ. Үзэсгэлэнд дэлгэх бүтээлийг та бидний хог гэж хаядаг түүхий эдээр урлан бүтээхээрээ онцлогтой аж. Спорт заалаа давгүй сайхан чимэн, ширээ засч баярлаж суугаа “Өнөр бүл” хүүхдийн төвийн ажилтан, хамт олон хүүхдүүдээ баярлуулахын тулд шөнөжингөө л бужигнажээ. Гоёлын хувцсаа өмсөн баярлаж суугаа хүүхдүүдийн 2019 онд биелээсэй гэж хүсч буй хүсэл мөрөөдлийг нь хуваалцлаа. Хэн нэг нь ирэх онд илүү гоё шинэ жил хийх, гар утас барьж үзэх, ээж, аавтайгаа хамт амьдрах, хичээл номдоо шамдан суралцаж шилдгийн шилдэг хүүхдээр тодрох зэрэг олон хүсэл байна. Энэ дундаас нэгэн хүсэл сонин содон байлаа. Нэгэн сурагч “Зуслангийнхаа газрыг илүү гоё болгомоор байна. Зусланд гарах сайхан байдаг ч гаднаасаа жаахан онцгүй харагддаг юм” гэв. “Өнөр бүл” хүүхдийн төвийн сурагчид зуслангийнхаа газарт хамтдаа зуны сарыг зугаатай өнгөрүүлдэг байна. Тэнд л тэд цэцэрлэгийн бяцхан дүү нартайгаа хамтдаа байж цагийг хөгжилтэй өнгөрүүлдэг аж. Бяцхан хүүгийн хүсэл ирэх онд биелж, “Өнөр бүл” хүүхдийн төвийнхөн зуслангийн газраа шинэчлэн тохижуулж, зуны цагаа зугаа сайхан өнгөрүүлэхийг хүсэн ерөөж байна. Бид ч чадах чинээгээрээ тусална аа, хүүхдүүд ээ.
 
Г.Нямсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин