sonin.mn
СӨҮЛ. /TASS/. Өмнөд Солонгосын иргэдийн дийлэнх нь БНАСАУ-тай хийж буй харилцаа 2019 онд сайжирна гэдэгт итгэж найдаж байгааг радио, телевизийн KBS компаниас явуулсан санал асуулгын дүн харуулжээ.
Санал асуулгын дүнгээс үзвэл, түүнд оролцогчдын 60.3 хувь нь Сөүл болон Пхеньяны харилцаа улам сайжирна гэж үзэж байгаа бол 30.4 хувь нь хоёр орны харилцаа 2018 оны түвшинд хэвээр байна гэж мэдэгдсэн байна. Харин 9.3 хувь нь харилцаа муудна гэжээ.
Санал асуулгад оролцогчдын 49.7 хувь нь БНАСАУ-ыг түнш орны хувиар хүлээн зөвшөөрсөн бол 29.6 хувь нь Пхеньянтай хийж буй харилцаанд зай барьсан дээр гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Харин 10.6 хувь нь БНАСАУ-ыг “дайсагнагч орон” гэж нэрлэсэн байна. Сүүлийн хоёр хувилбарыг ихэвчлэн 60-аас дээш насны эрэгтэйчүүд дурджээ.
Түүнчлэн дайсагнасан үйл ажиллагаагаа зогсоох талаар хоёр орны хооронд өнгөрсөн оны есдүгээр сарын 19-нөөс эхлэн хүрсэн тохиролцоонууд цаашид Солонгосын хойгийн хурцадмал байдлыг намжаахад тусална гэж санал асуулгад оролцогчдын 70 хувь нь үзэж байна.
Санал асуулгад оролцогчдын 44.1 хувь нь 1950-1953 оны дайнд хуваагдсан гэр бүлүүдийг тогтмол уулзуулах асуудлыг Солонгос хоорондын харилцаанд хойш тавьж болохгүй зорилтуудын эхэнд оруулжээ. Үүний дараагаар төмөр зам, авто замуудыг холбох төслүүд, Кэсоны аж үйлдвэрийн цогцолборын үйл ажиллагааг сэргээх асуудал орсон байна.
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг