sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын агаарын бохирдол иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх гол асуудал болоод удаж байна. Тиймээс Засгийн газраас 2016 онд утааг эрчимтэй бууруулах шинжлэх ухааны үндэслэлтэй, хамгийн боломжит шийдлийг боловсруулахыг эрдэмтдэд даалгаж байсан. Энэ талаар ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэлээс дараах тодруулга авав.
 
-Утааг шинжлэх ухааны үндэслэлтэй бууруулах ямар арга зам байна гэж эрдэмтэд маань үзсэн бэ. Саналуудаа Засгийн газарт хүргүүлсэн үү?
 
-Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2016 онд захирамж гаргаж утааг бууруулах санал шийдэл боловсруулах ажлын хэсэг байгуулж БСШУС-ын сайд Ж.Батсуурь бид хоёрт хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Бид хугацаанд нь багтааж 2017 оны нэгдүгээр улирал буюу 4 дүгээр сарын 05-06-ны өдөр Ерөнхий сайдад эрдэмтдийн боловсруулсан санал саначилгыг биечлэн танилцуулахад, Ерөнхий сайд чухал санаа, тооцоо байна хэмээн талархан хүлээж авсан. Мөн УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Байгаль орчин, хөдөө аж ахуйн бодлогын байнгын хороо хамтран хуралдахад, би эрдэмтдийн багийн ажлын тайланг танилцуулсан. Тэгэхэд УИХ-ын гишүүд шинжлэх ухааны үндэстэй саналууд байна, Засгийн газарт чиглэл өгнө гээд мөн л ам сайтай байсан. Тэгээд УИХ-ын Байнгын хороодоос хамтарсан ажлын хэсэг гарсан. Ж.Эрдэнэбат сайд огцорсны дараа, У.Хүрэлсүх сайдын Засгийн газарт хоёр ч удаа чиглэл өгсөн. Түүний дагуу нийслэлд нэлээн ажил хийсэн юм.
 
-Тэгээд яг ямар ажлууд хийгдсэн бэ?
 
-Тухайлбал, анхны үйлчилгээний төв Чингэлтэй дүүрэгт ашиглалтад орсон. Энэ нь 200 орчим айлыг хамруулсан, нүүрс түлдэггүй, хэсэгчилсэн, төвлөрсөн халаалтаар үйлчилдэг газар юм. Утаагүй эрчим хүчээр хангах зориулалттай дэд бүтцийг хөгжүүлж байгаа нь сайн ажил болсон л доо. Ер нь утаагүй түлшний үйлдвэрлэлийг сэргээх талаар Засгийн газраас зоримог шийдвэрүүд гаргасан. Н.Алтанхуяг Ерөнхий сайдын үед утаагүй түлшний үйлдвэрлэлийг дэмжиж байхад жилийн дараа Багануурын нүүрсийг хямд үнээр зарж эхэлсэн. Тэгэхээр утааны эсрэг явж байсан арга хэмжээ бүгд унасан. Нэг тонн нь 80 мянган төгрөгийн үнэтэй нүүрс зарахад утаагүй түлш худалдаж авах айл өрх олдохоо больсон. Түүнээс болж утаагүй түлш үйлдвэрлэдэг 4 аж ахуйн нэгж үйлдвэр дампуурсан. Үндсэндээ хувийн хэвшлээ дампууруулаад, Улаанбаатарын утааг нэмсэн. Харин У.Хүрэлсүхийн Засгийн газар 2 зоримог шийдвэр гаргалаа. Энэ нь тавдугаар сарын 1-нээс түүхий нүүрс оруулж ирэхийг хориглосон. Нэгэнт түүхий нүүрс оруулахгүй юм чинь зөвхөн сайжруулсан нүүрс түлдэг болно гээд ирэх өвлийн улирал эхлэхэд 600 мянган тонн шахмал түлш нөөцлөх ажил явагдаж байна. Гуравдугаар цахилгаан станцын зуух ашиглаад дээр үеэс ярьж байсан шахмал түлшний үйлдвэр ашиглалтад орлоо. Ямар ч байсан ирэх өвлийн түлшийг нөөцлөх юм. Цаашид хувийн хэвшлийн шахмал түлшний үйлдвэрүүдийг хэрхэн дэмжих талаар тодорхой шийдэл гараагүй байна. Шахмал түлшний үйлдвэрлэлийг тэр чигт нь хувийн хэвшилд хариуцуулмаар байгаа юм.
 
-Таны бодлоор, утааг бууруулах шилдэг арга нь юу вэ?
 
-Ер нь гэр хороолол, амины орон сууц, Улаанбаатар хотын бүх байшин барилгыг дулаалах, дулааны алдагдлыг багасгахыг бодлогоор жигд, сайн хийхгүй байна. Дулааны алдагдлыг багасгаж чадах юм бол гэрийг цахилгаанаар халаана гэж бодвол манай эрдэмтдийн боловсруулсан материалыг ашиглаад дулаалсан гэрийг халаахад зарцуулах дулааны хэмжээ нь дулаан алдагдалтай гэрийг халаах энергийн хооронд хоёр дахин зөрөөтэй. Асар их эрчим хүч хэмнэнэ. Хэмнэсэн эрчим хүчээрээ олон айлыг цахилгаанаар дулаацуулж болно. Манай нийслэлийн орон сууцны барилгын дулаан алдагдлыг багасгах юм бол, дөрөвдүгээр цахилгаан станцын хүчин чадлыг нэмэхгүйгээр Улаанбаатарт эрчим хүч чөлөөлөгдөнө. Бид дулаалгын асуудлыг холбогдох түвшинд тавина. Иймээс энэ сарын дундуур орчны бохирдлыг бууруулахад ямар бодитой ажил хийх талаар эрдэмтдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлнэ.  Утааг бууруулах гол ажил бол дулаан алдагдлыг багасгах явдал юм. Дулаан алдагдлыг стандарт түвшинд бууруулж чадвал шатаадаг түлшний хэмжээ хоёр дахин буурна. Тэр хэмжээгээр утаа хоёр дахин буурна. Тиймээс эрдэмтдийн ажлын хэсгийн санал санаачилгууд төр засгийн бодлоготойгоо уялдаж байгаа. Хэлэлцүүлгээр бид зөвхөн онол биш, харин боловсруулсан саналууддаа төвлөрч ярилцана.
 
Ж.Болор
Эх сурвалж: Монцамэ агентлаг