sonin.mn
Энэ удаагийн дугаартаа Монголын нэрт яруу найрагч О.Дашбалбар агсны охин, сэтгүүлч Д.Мөнгөндалайг урилаа. Түүнтэй бага нас, аавынх нь уран бүтээл, манай энхийг сахиулагчдын талаар хөөрөлдөв.
 
-Юуны өмнө ярилцлагын хойморт саатсан танд баярлалаа. Та Монголын нэрт яруу найрагч О.Дашбалбар агсны охин. Хамгийн түрүүнд цаглашгүй их найрагчийн гэр бүлд төрж өссөн таны бага насны дурсамжийг сонирхоё гэж бодлоо. Хэр эрх танхил охин байв?
 
-Айлын том охин шүү дээ. Бас өвөөгийнхөө ууган ач нь болохоор амины л хүүхэд байлаа. Бага нас бол дурсамжаар дүүрэн. Миний багад манайх Сүхбаатар аймгийн төвд байсан юм. Аав ОХУ-д оюутан, ээж ажилдаа явчихна. Өвөө, эмээтэй л өдрийг өнгөрөөнө. Хамаатны үе тэнгийн хүүхдүүд, өөрийн хоёр дүүтэйгээ голын захад л өдрийг өнгөрөөнө. Өвөө, эмээ хоёр маань их хатуу, сахилга баттай, ёс заншлаа дээдэлдэг хүмүүс. Эмээ загнахдаа хүртэл цэцэн мэргэн үг хэлдэг хүн байсан. Харин өвөө бол хаа нэгхэн дуугарахдаа их жинтэй үг хэлнэ. Эмээ минь надаар үлгэр, ном их уншуулна. Би чанга дуугаар эмээдээ уншиж өгнө. “Хараа муудсан болохоор миний охин уншаад өг” л гэнэ шүү дээ. Мэдээж өвөө, эмээ маань хайртай ач нь байсан ч хар багаас л ажил хөдөлмөрт сургасан. Өвөл, зуны амралтаар аав Оросоос ирэх үе хамгийн сайхан нь. Хоног тоолоод л нойргүй хононо доо. Аав ирэхдээ тэр үедээ их ховор гоё ганган зүйл авчирна. Ирэхээр нь энгэрээс нь зүүгдээд салахгүй. Уртаар санаа алдаад л их саначихсан байдаг байж дээ. Аавыг сургуулиа төгсч ирсний дараа, намайг найман настайд манайх хотод нүүж ирлээ. Монголын оюун санааны сор болсон хамаг л мундагчууд манайхаар ирнэ шүү дээ. Утга зохиолын хүрээнийхэн, урлагийнхан, улс төрчид, за тэгээд аавын шавь нар гээд хүний хөлд дараастай л айл байлаа. Бага насны дурсамж ярина гэвэл дуусашгүй их юм болно оо. Мөн ч их хайранд өссөн дөө. Заримдаа чанга хатуу ч байна. Монголчууд хайр нь дотроо хал нь гаднаа гэж ярьдаг. Үр хүүхдээ хайрлаж байгаа гээд үнсэж үлгээд, гоёж гоодоод, хүссэнийг нь авч өгөөд байхыг хэлэхгүй л дээ. Хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн, зэмлэхдээ зэмлэдэг, урам өгөх үедээ урамшуулах л ёстой болов уу. Жишээ нь манай аав буруу хэрэг хийвэл шийтгэдэг. Гэхдээ тэр шийтгэл нь бусдаас өөр байсан.
 
-Ямар гэж?
 
-Нэг их урт хүж бариулаад өөрийнхөө хийсэн хэргийг гэмштэл суулгана. Эсвэл гадаад хэл дээрх ном бариулаад суулгачихна. Наанаасаа нэг өгүүллэг, шүлэг орчуулаадах гэнэ. Нэг талаар шийтгээд байгаа боловч сургаж байгаа биз дээ. Тэгээд яах вэ, шийтгүүлсэн нөхөр чинь толь бичиг бариад баахан сууна даа. Төгс биш ч буруу зөрүү ойлгоод цаасанд буулгана.
 
-Өгөөжтэй шийтгэл байна. Та аавынхаа сор уран бүтээлүүдээ туурвиж “төрүүлэх” агшинг мартдаггүй байх?
 
-Олон сайхан уран бүтээл туурвиж байхад нь хамт байлаа. Гэргий хүүхдүүд нь хамгийн эхний уншигч, сонсогч байсан шүү.
Намрын шувууд эргэж хургасан
Наран хөндий эртний уулстай
Нялххан янзага нөмөрт нь хоргодсон
Намхан толгодууд элсэн манхантай гээд их гоё дууг нэрлэж болно. “Гэгээн наранд ойрхон өслөө би” гэж. Энэ дууг “Чингис хаан” хамтлагийн ахлагч, МУГЖ Д.Жаргалсайхан ах тэр хоёр нэг өдөр гэрт сууж байгаад бүтээсэн. Жагаа ахын ая, аавын шүлэг. Одоо Жагаа ах тэр дуугаа дуулсаар л байна. Тэр дууг бүтээх үед Жагаа ах манайд цэргийн хувцастай ирж билээ. Цэргээс дөнгөж ирээд байсан юм болов уу. Тэр дуу төрснөөс хойш нэлээд хэдэн жилийн дараа Жагаа ах гавьяатаа аваад манайд ирлээ. Аав маань ч гэсэн тэгэхэд төрийн шагнал авчихаад байсан үе. Тэгэхэд Жагаа ах “Балбар аа, нэг нь том яруу найрагч болох гээд нөгөө нь ая зохиогч, дуучин болох гээд дуу бүтээж суусан хоёр өнөөдөр гавьяат, төрийн шагналтан болчихоод сууж байна. Хүний амьдрал, хувь тавилан сонин шүү” гэж ирээд л ярьж байсныг мартдаггүй юм.
 
-Аавынхаа ямар шүлгийг хамгийн анх цээжилж байв? Уран бүтээлч хүний хувьд хамгийн их таалагддаг ямар шүлэг нь байдаг бол?
 
-Олон шүлэг байна даа. “Тэнгэр шиг бай” гэдэг шүлгийг аав маань дүү Д.Гангабаатарыг Энэтхэгт сурахаар явсан хойно түүнд зориулж бичсэн. Хожим шүлгийн дор зүүлт хийхдээ “Үр хүүхдүүдээ хэлэх үг” гэж тодотгосон байдаг. Нэг их баярлаж хөөрөх, нэг их гуниж гутрах өдөр хүн болгонд л ирдэг. Тэр үед энэ шүлгийг уншихад их сайхан болчихдог юм. Бидний амьдралдаа мөрдөх зарчмыг аав энэ шүлгээрээ хэлчихсэн юм шиг.
 
“Амьддаа бие биеэ хайрла” шүлгийг бурхны захиас мэт өгүүлэмжтэй, сургамжтай уран бүтээл гэж яруу найрагчид онцлон ярьдаг. Энэ шүлгийн тухайд?
 
-Их залуу багадаа бичсэн шүлэг нь. 19-тэйдээ бичсэн гэдэг. Гэхдээ хүмүүсийн дуртай шүлэг. Аавынхаа шарилын чулуун дээр энэ үгийг нь сийлсэн. Хүний амьдрал гэдэг хэлэхийн эцэсгүй, тааварлашгүй шүү дээ. Өнөөдөр нэгэнтэй муудаад салахад маргааш нь нарт хорвоогоос буцчихсан байх ч үе бий. Хэзээ үхэхээ мэдэхгүйгээс хойш энэ богинохон амьдралдаа бие биеэ хайрлаж байхыг сургасан гайхалтай шүлэг л дээ. Аавын энэ шүлгийг албан байгууллагууд их томоор хэвлээд хадчихсан байхыг нь харах сайхан. Бас хувь хүмүүс ч гэртээ томоос том хэвлээд тавьчихсан байдаг юм билээ. Өвөр Монголоор явж байхад сургууль, эмнэлгүүд нь үүдэндээ хадчихсан байна лээ. Дотно сайхан санагдсан.
 
-Аавынхаа үйл хэргийг алдаршуулах зорилгоор багагүй ажил өрнүүлдэг тухай сонсч байсан. Сан байгуулсан, төрсөн нутагт нь гэр музей байгуулсан, ном бичсэн гээд л?
 
-Үр хүүхэд гэдэг чинь эцэг эхийнхээ үргэлжлэл. Тэр сайхан уран бүтээлийг нь олонд хүргэж байх нь бидний үүрэг шүү дээ. Болж өгвөл чадлынхаа хэрээр номыг нь хэвлүүлж, уран бүтээлийг нь түгээж байя гэж боддог юм. “Дашбалбар сан” байгуулсан. Дүү Д.Гангабаатар сангаа тэргүүлдэг. Мөн аавын минь оюуны өмч дүүд өмчлөгддөг. Дүү бид хэд янз бүрийн л ажил зохион байгуулдаг. Шүлгийн уралдаан, “Миний мэдэх О.Дашбалбар” эссэ бичлэгийн уралдаан, яруу найргийн тэмцээн, ном хэвлүүлэх, нэрэмжит уралдаан тэмцээнүүд гээд л. Пушкины гоё шүлэг байдаг даа. “Хүний гараар бүтээгүй хөшөө дурсгалаа босгов, би” гэж. Яг үнэндээ зөвхөн Оросын ард түмэн биш дэлхий түүнийг уншиж, түүний хөшөө рүү очих хүмүүсийн цуваа тасраагүй. Аавын минь уран бүтээлийн гэрэлт хөшөө рүү ч гэсэн ирээдүй үеийнхний очих зам балрахгүй гэж боддог. Шинэ үеийн залуус, дүү нар тэр гайхалтай бүтээлүүдийг уншиж өсвөл бидний хувьд бахархал юм даа. Дунд сургуулийн сурах бичиг, хэлний чиглэлийн сургуулиудад аавын минь уран бүтээлийн талаар хичээлүүд бас ордог.
 
-Их найрагчийн хүүхдүүд бүгд залгамж халаа нь болж уран зохиол, сэтгүүл зүй болоод хуулийн чиглэлээр дагнан ажиллаж байна. Д.Гангабаатар багш гэхэд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн өмнөө барьдаг эрдэмтний нэг. Таны нэр ч бас сэтгүүл зүйд танигдсан авторын нэг...
 
-Таны хэлсэнчлэн Д.Гангабаатар дүү минь МУИС-ийн хуулийн багш, доктор, профессор. Гадны олон сургуульд сурч төгссөн, боловсролтой, даруухан залуу байдаг бол бага дүү Д.Дэжидмаа маань Японд суралцаж байна. Ээж минь Борхүүхэн гэж сайхан эмэгтэй бий. Одоо Элэг судлалын клиник төвд ажилладаг. Би сэтгүүлч болно гэж багаасаа хүсч байгаад л энэ мэргэжлийг сонгосон. Одоо “Өдрийн сонин”-д Улс төр, гадаад мэдээллийн албаны даргаар ажилладаг. Нийтлэлч хүн. Аав минь гайхалтай яруу найрагчаас гадна утга зохиолын олон төрлөөр бичиж, туурвисан байдаг. Тэрний дотор нийтлэлийн төрөл багтана. Монголын эрэн сурвалжлах сэтгүүл зүйд жин дарахаар томоохон нийтлэлүүдийг бичсэн гэж судлаачид, уран бүтээлчид үздэг. Тухайн үедээ аавын бичсэн нийтлэл Төв хороог хуралдуулж байсан гэсэн шүү.
 
-Та манай цэргийнхний талаар ямар ойлголттой явдаг вэ? Энэ салбарыг иргэдэд сурталчилж, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх үүрэг сэтгүүлч бидэнд оногддог шүү дээ…
 
-Миний нарийн мэдэх сэдэв биш байна. Ядаж бууны сумаа өөрсдөө үйлдвэрлэж болдоггүй юм болов уу гэж боддог шүү (инээв). Танд гэж хэлэхэд сэтгүүлч болсныхоо дараахан дарийн утаа үнэрлэж, дайны дараах байдалтай газар очсон түүхтэй. Манай улсын цэргийн алба хаагчид Ирак улсад үүрэг гүйцэтгэж байх үед нь ярилцлага авч, сурвалжилга хийж явлаа. “ТВ5”-ын Д.Болормаа бид хоёр явсан. Биднийг баазад очиход хэдхэн минутын өмнө миномёт харвасан гээд цэргүүд хэлтэрхийг нь хайж байсан шүү. Тэр үед монгол залуусаараа үнэхээр бахархсан. Хамгийн сайхан сэтгэгдэл үлдээсэн нь Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдаар бусад орныхон их бахархаж байсан явдал. Ёстой л амаа олохгүй магтана гэгчээр хамаг сайхан үгээ монгол залууст зориулан хэлж байсан. “Тэд нэг л онцгой” гээд толгой сэгсрэн хэлж байсан шүү. Буцаад Монгол руугаа явах болсон чинь би уйлчихсан. Баяртай гээд гараа даллаад үлдэхийг нь хараад л тэр шүү дээ. Энэ хэд маань эсэн мэнд ирээсэй л гэж бодогдсон. Цэргийн хувцас өмсчихөөд нэг их урт хумстай хуруугаар нулимсаа арчиж байгаа дүр зураг энхийг сахиулагчдын тухай баримтат кинонд үлдсэн байна лээ. Тэр айхтар халуунд, тэр айхтар хүнд хувцас, хэрэглэл өмсөөд Олон үндэстний цэргийн баазыг хамгаалж байсан залуусын хажууд хэдхэн хоног очоод ирэхдээ сум нэвтэрдэггүй хантаазаа ч өргөж дийлэхгүй өмсөх гэж зүдэрч, хувцасны хүндээс болоод их тээртэй санагдаж байснаа санахаар ичмээр шүү. “Мянга сонсохоор нэг үз” гэдэг дээ. Тийм газар очиж сурвалжилга хийсэн маань үнэхээр мартагддаггүй юм даа.
 
 
Дэслэгч Д.Болормаа
Эх сурвалж: "Соёмбо" сонин