sonin.mn
Манай улсад гэлтгүй дэлхий нийтэд хорт хавдраар өвчлөгсөдийн тоо жилээс жилд өсөн нэмэгддэг. Манай улсад өнгөрсөн онд 7000 гаруй хүн хавдартай гэж оношлогдсон гэх статистик бий. Эмчлүүлэгсэд эмнэлэгт дээд тал нь зургаа хонодог.Тодруулбал нэг хүнийг 10-14 хоногийн хугацаанд хэвтүүлэн эмчлэх гэхээр дараагийн өвчтөн хүлээх шаардлага гардаг учраас ийм нөхцөл үүсдэг байна. ХСҮТ-д жилдээ 100 мянга гаруй хүн үзүүлж, 11 мянган хүн эмчлүүлдгээс 51 хувь нь хөдөө орон нутгаас ирсэн өвчтөнүүд байдаг юм байна. Хорт хавдрын эмчилгээ нь энгийн мэс засал шиг тэр даруйд нь гэрт нь хариулдаггүй. Эмчилгээний хугацаа урт удаан, химийн эмчилгээ гэхэд 40-45 хоног үргэлжилдэг.
18 мянга гаруй хүн хорт хавдрын улмаас аймаг, дүүргийн хавдар судлаач эмчийн хяналтад эмчлүүлж байна. Гэтэл Улсын хэмжээнд ганцхан ХСҮТ л эдгээр өвчтөнүүдийг хүлээн авч үйлчилгээ үзүүлж буй. Хорт хавдраар өвчилсөн иргэдийн зарим нь хэдэн мянган км-ийг цаанаас итгэл өвөртөлсөөр нийслэлийг зорин ирдэг. Гэвч эмчилгээ хийлгэж байх хугацаандаа байрлах байрны асуудал нэн түрүүнд тулгамдаж хамаатан садан, нийтийн байр болон ХСҮТ-ийн ойр орчмын жижиг дэн буудлаар хоног төөрүүлдэг байна. 
“Хавдрын Үндэсний зөвлөл” байгууллагаас 2016, 2018 онд хийсэн судалгаагаар хавдартай орон нутгийн өвчтөнүүдийн 70 хувь нь хөрөнгө, санхүү байр орон сууцны бэрхшээлтэй тулгардаг тухайгаа дурджээ. Тиймээс “Хавдрын үндэсний зөвлөл” ТББ 100 гаруй байгууллага, хувь хүмүүсийн хандив, тусламжаар 10 сая орчим төгрөгийг цуглуулж, орон нутгаас ирсэн хавдартай өвчтөнүүдийг нийслэл хотод эмчилгээ хийлгэх хугацаанд тав тухтай байранд байрлуулах, тусламж дэмжлэг үзүүлэх “Дарь-Эхийн өргөө”  төвийг байгуулж, иж бүрэн тохижуулсан аж.
Тус төв нэг дор 30 гаруй өвчтөн, асран хамгаалагч нарыг түр байрлуулах боломжтой юм байна. “Дарь-Эхийн өргөө” төвийн өдрийн төлбөр нь 10-20 мянган төгрөг бөгөөд өвчтөнүүдийн байрлах өрөөнөөс гадна урлагийн сэтгэл заслын өрөө, гал тогоо, амралтын өрөө зэрэг нийт 14 өрөөтэй аж. Байрлах иргэд орон нутгийн эмнэлгийн байгууллагаас бичиг хийлгэн ирж, ХСҮТ-д хандсаны дараа тус төвөөр үйлчлүүлэх юм байна. Өвчтөнүүдийг 24 цагийн турш хүлээн авах бөгөөд ирэх долоо хоногоос албан ёсоор өвчтөнүүдийг хүлээн авч эхлэхээр болжээ.