sonin.mn
 
 
Танин мэдэх арга, уран сайхны сэтгэхүй хоёрын холбоо хамаарлаас үүдэн бичигдсэн нэгэн гайхамшигт зохиол бол Айзек Азимовын “Хөмрөг”-ийн тухай түүхийг өгүүлэх гурамсан роман юм. Орост төрсөн Америкийн зохиолч Азейк Азимов асар бүтээлч хүн байсан бөгөөд 300 гаруй ном хэвлүүлсэн байдаг. Түүний “Хөмрөг”, “Хөмрөг ба Эзэнт гүрэн”, “Хоёр дахь хөмрөг” зохиолууд ихээхэн алдартай. Энэ бол сая гаруй гаригийг захирдаг, 12 мянганыг дамжин оршин тогтносон Галактикийн Эзэнт гүрэн нуран унана. Харин гайхалтай эрдэмтэн Хэри Селдон энэ бүхнийг урьдаас харж дараагийн эзэнт гүрний төлөвлөгөөг гаргаж Хөмрөгийг галактикийн төгсгөлд Терминус дээр байгуулдаг.
Ингэж л шинэ түүх эхэлдэг билээ. Үйл явдлууд маш онцгой, дэс дараалалтайгаар хөвөрнө. Учир нь бүхэл бүтэн мянга гаруй хуудас зохиол нойрмоглон байж бариад суухыг хэн ч хүсэхгүй нь тодорхой. Гэтэл уг бүтээлд нойрмоглуулчихаар үйл явдалтай хэсэг огтхон ч гардаггүй гэдэгт үл эргэлзнэм. Бүх цаг үеийн хамгийн гарамгай уран зөгнөлт бүтээлээр тодорч "Хьюго" шагналыг хүртсэн Азимовын эл гурамсан романд дайн тулаанаас илүүтэй харилцан яриа зонхилдог. Тиймдээ ч Азимов Хөмрөгийн эзэнт гүрэн үүсгэн байгуулсан түүхийг өгүүлсэн эл бүтээлдээ харь гариг, техник технологийн гайхалтай хүчин чадал, Галактикийн тухай өгүүлэхээс илүүтэйгээр хүний зан ааш, оюун санааны огцом өөрчлөлт, мөн чанар хийгээд уран сэтгэмжийн талаар шинжлэх ухааны үүднээс өгүүлсэн нь ихээхэн сонирхол татсан юм.
 
 
 
ТЕРМИНУСЫН ЭХЛЭЛ
 
 
 
Эзэнт гүрний нийслэл Трантор аюул заналд хэрхэн өртөж, нуран унахыг урьдаас таамаглаж мэдсэн Хэри Сэлдон хүн төрөлхтний зовлон зүдгүүрийг богиносгож дараагийн эзэн гүрнийг сүндэрлүүлэхээр шийднэ. Галактикийн нэвтэрхий толь бүтээх зорилгоор эрдэмтдийг сүүн замын төгсгөлд Терминус хэмээх үржил шим, эд баялаггүй газар дээр аваачдаг. Харин эрдэмтэд олон арван жилийн турш нэвтэрхий толь бүтээх ажилдаа л улайран зүтгэж байжээ. Гэтэл Сэлдоны төлөвлөгөө өөр байв. Үнэндээ нэвтрэхий толь бүтээнэ гэдэг халхавч байсан бөгөөд хамгийн гол нь тэдний нууц даалгавар Хөмрөгийг үүсгэн байгуулахад оршиж байжээ. Ирээдүйд тохиолдох хямрал, түүнийг даван гарах арга замуудыг Хэри Сэлдон урьдаас төлөвлөсөн бөгөөд түүний төлөвлөгөө огтхон ч алдаж байгаагүй юм. Гэвч тухайн хямралын үед үүнийг нь ойлгож, хэрэгжүүлэх зоригт удирдагчид хэрэгтэй. Тиймээс Азимов шинэ сонгодог дүрүүдийг романы туршид бий болгож байв. Терминус гаригт гадны нөлөө бүхий, галактикийн зах хязгаарын улс гүрнүүд дайсагнах болсон ч үүнийг Сэлвор Хардин, Хобер Маллов зэрэг эрс шийдэмгий хүчирхэг удирдагчид зөв шийдвэр, ухаалаг бодлого, амжилттай үйл ажиллагаа явуулсны хүчээр даван гардаг. Ерөнхийдөө хөмрөгийн эхний боть болох уг дэвтэрт Хэри Сэлдон, Сэлвор Хардин, Хобер Маллов болон шинэ гүрний түүх өгүүлэгдэнэ. Цаашид Терминус гариг дээр орших Хөмрөгийн иргэд өөрсдийгөө хүн төрөлхтний сүүлчийн найдвар гэдгийг мэдэж цэргийн эрх дархтнуудын өөдөөс цөмийн бяцхан нөөцтэй тулж зогсохоор болдог.
 
 
 
Аль ч цаг үед хүн төрөлхтний уран сайхны сэтгэхүйг зохиолын агуулга хийгээд хэлнээс холдуулж болохгүй мэт санагддаг. Азимов ч ялгаагүй. Урлаг ч мөн адил. Галактийн түүхийг танин мэдэх үйл явц нь үнэндээ Азимовын оюун сэтгэхүйг л танин мэдэх үйл билээ.
 
 
 
ЭРЛИЙЗ ХИЙГЭЭД ЭЗЭНТ ГҮРНИЙ ДАЙСАГНАЛ
 
 
 
Сүүлийн хоёр бүлэгт нэлээдгүй сунжирсан үйл явдлууд гарах ч уншчигдыг огтхон ч уйдаахгүй. Зохиолын хэл гэдэг өөрийн гэсэн амьтай. Психо-хисторичид хийгээд хөмрөгийн түүх ч гэсэн хэдэн зуун сая оддын орон зайд орших Галактикийн хэлээр л бичигдсэн.
Сэлдоны төлөвлөгөөнд байгаагүй Эрлийз гэх мутант галактикийг бүхэлд нь эрхшээлдээ оруулдаг. Хэзээ ч ялагдаж байгаагүй Хөмрөгийнхөн түүний өмнө бууж өгсөн. Ганц ч хариу цохилт өгч чадалгүйгээр. Энд детектив маягаар зохиомжилсон олон хурц үйл явдлууд өрнөх бөгөөд тэр бүгдийг нурших нь илүүц биз. Тиймээс яриагаа жаахан товчилсон дээр биз ээ. 
Эрлийзийн дайсагнал романы хоёр ч дэвтрийг эзэгнэн орших боловч эцэст нь хоёр дахь хөмрөг гарч ирнэ. Тэд хүмүүсийн оюун санаанд эрлийзийн адил нэвтэрч чадах бөгөөд галактикийг эрлийзийн савраас аварч Терминус дээр хөмрөг дахин шинээр мэндэлдэг. Гэвч Калганы удирдагч дахин хөмрөгт дайн зарлана. Гэвч эцэстээ ялагдана гэдгийг нь уншигчид хүртэл мэдэхээр болжээ. Зохиол бүхэлдээ төлөвлөгдсөн мэт бичигдсэн нь эндээс ажиглагддаг. Хамгийн гол нь хөмрөгийнхөнд ямарч эрх мэдэл байсангүй. Тэдний анх үүсгэн байгуулахад эрдэмтдийн дотор ямарч сэтгэл судлаач байгаагүйтэй адилхан эрх мэдэл байсангүй. Учир нь бүх зүйлийг хоёр дахь хөмрөгийнхөн зохицуулж байлаа. Галактик даяар үлгэр домог мэт яригдах уг хүмүүс хаана суурьшдаг үгүй хэн ч мэдэхгүй. Мэдсэн ганц хүн нь Эблин Мисс хэмээх эрдэмтэн бөгөөд хоёр дахь хөмрөгийнхөн өөрсдийнхөө хаана байгааг эрлийзэд мэдүүлэхгүй гэсэндээ Байта гэх эмэгтэйн оюун ухаанд нэвтэрч Миссийг буудуулж орхидог.
Ингээд хоёр дахь хөмрөгийг олох ажил эхлэвч эцэстээ тэр нь нэгдүгээр хөмрөг байдаг. Үнэхээр Мисс хоёр хөмрөг нэг дор оршдог хоёулаа эрлийзийн гарт орсон гэдгийг мэдээд гайхсан хэрэг үү. Гэвч зохиол их хачирхалтай төгсөнө. Хоёр дахь хөмрөгийнхнийг барьсан, хөмрөг хаана байгааг мэдсэн эрдэмтнийг ч цаанаас нь оюун ухааныг нь удирдаж байсан хэрэг. Үнэндээ оддын төгсгөл, сүүн замууд эзэнт гүрэнд л хүрдэн. Бүх зүйлсийн эхлэл ч тэнд л байдаг. Хоёр дахь хөмрөг Трантор дээр байсан хэрэг. Эблин Мисс дээр нь суучихаад буй мөртлөө эрж хайгаад байсандаа л цочирдсон хэрэг.
Энэ бүхэн зүгээр л нэг төсөөлөл, уран зөгнөл биш. Жинхэнэ мастеруудын хийх ажил гэдэгт би итгэлтэй байна. Хүмүүсийн зан ааш хэрхэн хувьсан өөрчлөгдөж байдгийг тод томруунаар дэлгэн үзүүлсэн зохиол бол яах аргагүй Хөмрөгийн гурамсан роман юм. Мөнхүү философи болон шинжлэх ухааны суурь сэтгэлгээн дээр тулгуурлан бүтээсэн. Хүн төрөлхтний эртний үзэл, философи тухайн цаг үед л бүрэлдэн тогтсон шиг санагдана. Ерөөс уран зөгнөлт зохиолууд эртний философитой хамт эхэлдэг билээ.
 
Б.Алтанхуяг
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг