sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргыг хэлэлцэн томилох НИТХ-ын ээлжит бус VI хуралдаан 11.30 цагт 85 хувийн ирцтэй эхэллээ.
НИТХ-ын дарга С.Амарсайхан Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшээд байгаа тул хуралдааныг С.Амарсайханы тавьсан саналаар НИТХ-ын Тэргүүлэгч Б.Батнасан удирдаж байна. Б.Батнасан, “Бид өнөөдөр чухал шийдвэрийг хэлэлцэж буй тул нэгжийн тухай хууль болон хуралдааны дэгд заасан дэг жаягын дагуу, мөн УИХ-д жишээ болохуйцаар, үр дүн гарахаар хуралдья” гэдгийг сануулж байв.
 
 
Э.Бат-үүл: Өнөөдрийн хуралдаан хууль зөрчиж эхэллээ
 
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшүүлэх тухай асуудлыг НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Р.Дагва танилцуулсан юм. Тэрээр, Нийслэлийн МАН-ын Тэргүүлэгчид нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайханы нэрийг дэвшүүлж, МАН-ын Удирдах зөвлөл 100 хувийн саналаар дэмжсэн тогтоолыг уншсан юм. Үүнтэй холбогдуулан НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Үүл МАН-ын Удирдах зөвлөлийн тогтоолыг өөрөө удирдах ёсны байгууллага НИТХ-ын индэр дээр танилцуулж байгааг эсэргүүцэн, “Аль нэг намын Удирдах зөвлөл ИТХ-ын байгууллага биш. Та бүхэн Үндсэн хуулийн эсрэг, зарчимгүй хандан хууль зөрчиж байна. Намын байгууллага төрийг удирддаг байдлыг бид 1990 онд халсан. Та бүхэн бүлгийн асуудлаа бүлгийнхээ шугамаар л тавь” хэмээн шүүмжлэлтэй хандаж байв.
 
 
 
С.Мөнхчулуун: НИТХ-ын төлөөлөгчид олгогдсон эрхийн дагуу нэрээ дэвшүүлж байна
 
Хуралдааны үеэр танхимаас НИТХ-ын тэргүүлэгч гишүүн С.Мөнхчулуун хотын Засаг даргад өөрийн нэрээ дэвшүүлэв. Үүнтэй холбогдуулан МАН-ын бүлгийн дарга Р.Дагва 30 минутын завсарлага авах хүсэлт гаргасан юм. Ингэснээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг томилох, томуу, томуу төст өвчний тархалтын талаар мэдээллийг сонсох, хурлын зохион байгуулалт зэрэг асуудлыг хэлэлцэх хуралдаан түр завсарлаад байна.
 
 
Б.Болд
Гэрэл зургийг Т.Чимгээ
Эх сурвалж: Монцамэ агентлаг