sonin.mn
“Соёмбо” сонин энэ дугаараас эхлэн Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчинд алба хааж байгаа бие бүрэлдэхүүний авьяаслаг хүүхэд, багачуудыг алдаршуулан, цуврал сурвалжилга нийтлэхээр боллоо. Энэ удаагийн салхийг хагалж, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн хими, биологоос хамгаалах салааны ахлагч, бүлгийн дарга, сургагч ахлагч С.Очгэрэлийн охин О.Нарангэрэлтэй ярилцлаа.
 
Бүжиглэх, телевизийн нэвтрүүлэг хөтлөх зэрэг олон талын авьяас, ур чадварыг эзэмшихээр хөдөлмөрлөж байгаа тань бахархууштай. Ялангуяа “Хос тарпиз”-ын төрлөөр хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ?
 
-Циркийн нэг төрөл гэж ойлгож болно. Тодруулбал, агаарын үзүүлбэр. Хоёр хүний хамтарсан үзүүлбэр учраас “Хос тарпиз” гэж нэрлэдэг. Ээжийн маань дүү уран нугаралтаар хичээллэдэг учраас намайг циркийн урлагт хөл тавихад нөлөөлсөн. Өнгөрсөн жилээс Хөгжим бүжгийн консерваторид элсэж, тус ондоо “Хос тарпиз”-ын төрлөөр хичээллэж эхэлсэн.
 
Бүжгийн урлагаар олон жил хичээллэж, чамгүй амжилт үзүүлсэн байх. Анх оролцсон тэмцээний мэдрэмжээсээ хуваалцана уу?
 
-Хүүхдийн бүжгийн “Шувуухай” их наадамд оролцож, тэргүүн байрт шалгарч байлаа. Анхны тэмцээндээ өндөр амжилт үзүүлсэн болохоор урамшиж, итгэл төрдөг юм билээ.
 
Тэмцээн, тоглолтын үр дүн тамирчны бие, сэтгэл зүйн байдлаас ихээхэн шалтгаалдаг шүү дээ, хувийн бэлтгэлээ хэрхэн хангадаг вэ?
 
-Хөдөлгөөн ихтэй спортын төрөл учраас бие халаалт хамгийн чухал. Дараа нь өөрийгөө зоригжуулах, урамшуулах зэргээр сэтгэл санаагаа тогтвортой, хэвийн байлгах ёстой.
 
Бэлтгэл, сургуулилтад хэр их цаг зарцуулдаг вэ?
 
-Долоо хоногийн таван өдөр, өглөөний 8-12 цаг хүртэл циркийн бэлтгэл ордог. Заримдаа орой 7-8 цагийн хооронд бүжгийн бэлтгэлээ хийнэ. Амралтын өдрийг ч бас бүжгийн бэлтгэлд зориулдаг.
 
Ачаалалтай хэдий ч өөртөө амрах цаг гаргадаг байлгүй дээ...
 
-Тэр цаг нь зөвхөн ням гаригт олддог юм. Бүтэн өдөр шүү дээ, өөрийгөө хөгжүүлэх, гэр орны ажилд туслахад хангалттай хугацаа шиг санагддаг.
 
Тамирчин хүнд санаанаас гардаггүй, сайн муугаар дурсагдах тэмцээн, уралдаан байдаг шүү дээ. Өөрийн тань хувьд...
 
-“TV-9” телевизийн “Гэгээн алсын одод” тэмцээнд бүжгийн төрлөөр оролцоод, шилдэг 25-д үлдсэн. Оролцогчдоосоо дүү, биеэр жижиг байсан учраас надаас илүү их хичээл, зүтгэл шаардсан. Гэхдээ шилдгүүдийн эгнээнд үлдэж, шилдэг гэдгээ мэдрэх урамтай сайхан байсан.
 
Урлаг, спортоос гадна олон нийтийг хамарсан, нийгмийн ажилд хэр идэвхтэй вэ? 
 
-Нэг зүйлийг нөгөөгөөр нурааж болохгүй гэж боддог. Цирк, бүжгээ, хичээл сургуулиа ч цалгардуулж болохгүй. Ангийн дарга болохоор олон нийтийн ажилд хамт олноо удирдан зохион байгуулж идэвхтэй оролцохыг хичээдэг.
 
Бүжгээс өөр төрлөөр уралдаан, тэмцээнд оролцож байв уу?
 
-2015 онд зохиогдсон Гимнастикийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 3 дугаар байр эзэлж, хүрэл медаль авсан.
 
Оролцсон бүх л уралдаан тэмцээнийг яриулмаар байгаа ч тийм боломж хомс. Харин “Гоо марал” бас “Алтан гадас”, “Алтан цом” тэмцээнүүд сонирхол татаж байна...
 
-БСШУСЯ-наас зохион байгуулдаг “Гоо марал” тэмцээнээс бүжгийн төрлөөр дөрвөн удаа цом авч байсан. “Алтан гадас” нь Монгол Улс, ОХУ, БНХАУ зэрэг орны төлөөллүүд оролцдог олон улсын фестиваль. Тус фестивальд тэргүүн байр эзэлж, Хөх хотод зохиогдсон “Алтан цом” бүжгийн тэмцээнээс хошой мөнгөн медаль хүртсэн зэргээр бусад уралдаан тэмцээнд ч тодорхой амжилт үзүүлсэн.
 
Циркийн багшаа дурдахгүй өнгөрөөж болохгүй байх даа?
 
-“Хос тарпиз”-ын багш маань Л.Энхзаяа гэдэг хүчирхэг эмэгтэй бий. Шавь нараа бүхий л талаараа байлдан дагуулдаг. Циркийн агаарын үзүүлбэрийг төгс эзэмшсэн, миний үлгэр, дуурайл авдаг хүн. Үг, үйлдлээрээ шавь нартаа аливааг ухамсарлуулахыг хичээнэ. Жишээлбэл, хүний амжилтыг их, бага гэдгээр нь бус тухайн тамирчинд гарсан өөрчлөлт болоод аливаад хандах сэтгэл, зүтгэлээр нь үнэлдэг байхыг бидэнд захиж хэлдэг шүү.
 
Танд мөрдлөг болгодог ишлэл үг байдаг уу?
 
-Циркийн багш маань “Циркчин хүнд сүүлчийн тоглолт гэж байдаггүй юм” гэж хэлдэг. Урлагийн хүний уран бүтээл дуусахгүй, цаг ямагт үргэлжилнэ гэсэн санаа байх л даа.
 
Аав, ээж хоёр нь цэргийн хүмүүс учраас танай гэр бүлийг тун чиг эмх цэгцтэй байх гэсэн бодол төрлөө. Ийм хүмүүжлээр өсч яваа хүнд циркийн урлагт хөл тавихад арай дөхөм байсан болов уу?
 
-Дэг журамтай байх, хүнээс үг сонсох, үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх зэргийг гэр бүлийн хүмүүжлээс олоод авчихсан байсан. Ер нь манайхан гэртээ их нямбай, цэвэр цэмцгэр, тус тусынхаа ажлыг цаг хугацаанд нь амжуулахыг эрмэлздэг.
 
Нэгэнт гэр бүлийн чинь талаар асуусных, аавынхаа тухайд...?
 
-Аавыг маань С.Очгэрэл гэдэг, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангид алба хаадаг. Мөн тус ангийн цахилгаан хөгжмийн “Жигүүр” хамтлагийн ахлагч, бөмбөрчин. Сьерра Леон улсад 2007, 2008 он, Афганистан улсад 2011, 2014 онд үүрэг гүйцэтгэж байсан.
 
Түүний хамгийн сайхан зан чанарыг нь юу гэж тодорхойлох вэ?
 
-Надтай илэн далангүй ярилцаж, ойлгохыг хичээдэг. Гэр бүлдээ, үр хүүхэддээ цаг зав зарцуулдаг сайн аав гэдгийг хэлэх нь зүйтэй. Сүүлийн үед мэргэжил сонголтын талаар надтай их нухацтай ярих болсон. Учир нь ирээдүйд намайг тодорхойлох гол хүчин зүйл учраас...
 
Ээжийнхээ тухайд…?
 
-Ээж Б.Уранчимэг ахлах дэслэгч цолтой, Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн Соёл хүмүүжлийн албаны даргаар ажилладаг. Өнгөрсөн жил Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэсэн. Ээж хүн үр хүүхдийнхээ хувьд бүхэл бүтэн ертөнц байдаг байх аа. Анхаарал халамжаар дутааж байгаагүй ээ. Аав, ээжийн аль аль нь.
 
Ер нь танайхан урлагийн тодотголтой хүмүүс юм...
 
-Товчхондоо бол тийм.
 
Циркийг нэг үгээр тодорхойлбол? 
 
-Циркийг хамгийн энгийнээр итгэл гэж тодорхойлж болно.Тухайлбал, миний хувьд өөрөөс гадна хамтрагчдаа итгэж байж л гүйцэтгэл сайтай үзүүлбэрийг үзүүлнэ. Хамтрагчийн маань хувьд бяртай, сунгалт бага зэрэг сул. Гэхдээ л дутуугаа нөхөж, дундуураа дүүргээд бид нэг хүн шиг бие биедээ уусчихдаг.
 
Шантрах үе гарвал...? 
 
-Тийм тохиолдол цөөнгүй бий. Эцсийн дүндээ дуртай зүйлээ хийнэ гэдэг чинь бүрмөсөн орхих шалтгаан биш. Шантрал бол түр зуурынх, харин цирк бол миний хувьд энэ насны мөрөөдөл гэж хэлж болно.
 
“Авьяаслаг монголчууд 2018” шоу нэвтрүүлгийн дэд байрт шалгарсан Паша, Дулмаа нарын агаарын үзүүлбэр “Хос тарпиз”-ын төрөл үү, өөрийн чинь хувьд үзүүлбэрүүдийг нь бусдаас илүү соргогоор мэдэрч, ажсан байх...
 
-Их хурц шийдэлтэй, асар их мэдрэмж, ур чадвар шаардсан, эрсдэл дагуулсан үзүүлбэрийг тэд үзүүлсэн. Үзүүлбэр, хөдөлгөөн бүрийг их анзаарч харахыг хичээсэн л дээ. Тэдний үзүүлбэрийг гайхалтай гэхээс өөр юу гэх вэ.
 
Энэ асуултыг танд үлдээе? 
 
-Бүх талаар тусалж, дэмждэг гэр бүлийнхэндээ талархаж байгаагаа илэрхийлье. Урлагт хөл тавихад аав, ээж хоёр их нөлөөлсөн. Одоо ч гэсэн ар талыг минь найдвартай хангаж байгаа, тэмцээн уралдаан бүрт л өөрсдөө орох гэж байгаа юм шиг ач холбогдол өгдөг шүү. “Хос тарпиз” болон бүжгийн төрлөөрөө эх орныхоо нэрийг дэлхийд цуурайлтуулна даа.
 
 
Ц.Энх-Оргил
Эх сурвалж: "Соёмбо" сонин