Монгол Улсын Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэлбичгийн шинжлэх ухааны доктор, профессор Сэндэнжавын Дуламтай цагаан сарын бэлгэдэл, зан үйлийн талаар ярилцлаа. 
 
-Цагаан сарын баярыг хэдий үеэс эхлэн тэмдэглэсэн бэ?
 
-Mонголчууд цагаан сарыг эрт цагаас тэмдэглэн ёсолж ирсэн. Нэгэн үе цагаан сарыг намар хийдэг байснаа их эзэн Чингис хааны үеэс хаврын эхэн сард тэмдэглэх болсон. Түүхэн баримтаас үзвэл, 1207 оны улаагчин туулай жилийн эхний өдөр Чингис хаан өглөө эртлэн босч тэнгэр хангайдаа мөргөж, өвөг дээдэстээ тахил өргөн, Өүлэн эхдээ золгосон гэдэг. Ингээд сүү цагаан идээгээр голлуулан ёсолдог “Цагаан сар” -ын ёслол эхэлж, энэ нь явсаар төрт ёсны баяр болсон байна. 
Үндсэндээ энэ баяр нь Монголчуудын хувьд малын сүү шимээр голлон аж ахуйгаа эрхэлсэн тэр цагаас л эхлэлтэй гэж үздэг хүмүүс байдаг. Мөн хаврын улирлыг хамгийн хатуу улирал, газар ногооны шим, малын тарга хүч, хүний тамир тэнхээ буурсан хатуу цаг гэж үзэн хаврыг  “хар сар” гэж үздэг байж. Энэ хаврын хар сарыг цайлгах бэлгэдлийн утгаар цагаан сарын баярыг бий болгосон. Тийм болохоор цагаалга хүртэх, хэн хэдэн үе идээ засах зэргээс эхлээд бүгд  нарийн дэг журамтай байсан. Мэдээж хэрэг цагаалгаар голдуу шинэлж байгаа учраас “Цагаан сар” гэж нэрлэсэн. Цагаан сарыг зарим Монгол угсаатан цэгээ сар, сүүн сар, сагаалган (буриадууд) гэж нэрлэдэг.
 
-Битүүний өдрөөс өмнө хийх бэлтгэл ажил их байгаа. Эрт үеэсээ л ийм байсан болов уу? 
 
-Цагаан сарын шинийн нэгнээс өмнө цагаалж, золгохын урьдтай, битүүлэх ёсыг ёсолдог. Энэ нь билгийн улирлын арван хоёрдугаар сарын гучин буюу бага сарын бол хорин есөн гэсэн үг. Битүүлэхийн өмнөх өдрүүдэд битүүлэг, цагаалгын бэлтгэл төхөөрөг гэж их ажил бий. Хуучин цагт энэ бүхэн цөм өдөр судар, домог түүхтэй байсан. Олон монгол угсаатны уламжлал ёсоор билгийн улирлын арван хоёрдугаар сарын 23-нд галын бурхан тэнгэрт дэгдэж, Хан Хурмастад дунд тив хүмүүний ертөнцийн хэрэг учрыг айлтгадаг тул энэ өдөр Монголчууд гал голомтоо тахиж, Галын бурхныг баясган сайн сайхныг даллан ирүүлэх хувь ерөөл хүсэмжлэн залбирдаг гэдэг. Галын тахилга хийсэн цагаас дөтлөн ирж буй шинэ ондоо хуучин улирлын өр шир, өглөг авлагыг дамжуулахгүй байхыг туйлаас хичээж, бусдаас зээлсэн мөнгө зоос, эд мал байвал даруйхан эргүүлэн өгч, урьдын муруй мулгуу хоёроо завдан засахын тулд эв түнжин эвдэрсэн, ам мурийсан хэн хүнтэй зориуд сүү цагаан идээтэй очиж, уулзан учирч таатай сайхан үгийг ярилцан тамхилцгааж, муу мундар бүхнээ сэтгэлийн мухраас үлдэн хөөдөг домтой. 
 
 
-Ам мурийсан хүмүүс цагаан сараар золгохдоо эвлэрдэг, хар муу бүхнийг мартдаг гэж бодож байлаа?
 
-Монголчууд эртнээс шинийн нэгэнд золгохоосоо өмнө ам мурийсан, эв эвдэрсэн хүнтэйгээ эвлэрч, хар буруугаа арилгадаг байсан. Ингэхдээ хэн нэг нь буруугаа хүлээхийн учир биш, харилцан бие биесээ хүндлэн дээдлэхийг эрхэм болгодог, аль дүүмэд нь цагаан сэтгэлийн бэлгэдэл сүүтэй очдог байж.  Тэгээд “Тал эвдэрвэл тамын ёроолд, сал эвдэрвэл далайн ёроолд” гэдэг зүйр үгийн утгыг чандлан сахиж ёсыг үйлдээд,  асуудал цайрсан цагаас өнгөрснийг сөхдөггүй, өөдрөг сайхныг хэлэлцэн нөхөрлөдөг. 
 
-Та түрүүн хуучин цагт идээ ундаа бэлтгэх нь цөм өдөр судар, бэлгэдэлтэй байсан гэлээ. Энэ талаар тодруулж ярина уу? 
 
-Монголчууд цагаан сараар идээ ундаагаар дутахыг үгүйрч хоосрохын ёр гэж сэжиглэдэг. Өвлийн адаг сарын хорин тавнаас эхлэн битүүлэг, цагаалгын идээг гэр хотлоороо хамжин бэлтгэдэг. Бууз банш хийхдээ шинэ зоосон мөнгө, арц, давс, өрөм, торгоны өөдөс, бөөн өөх мэтийг дотор нь хийж гарч буй жилдээ хэн юугаар баян байхыг бэлгэднэ. Зоосон мөнгө таарсан хүний мөнгө, баялаг арвижна, арц таарсан хүн урт насалж жаргана, өрөм таарвал сүү сааль, идээ цагаа арвин байна, торгоны өөдөс таарвал эдлэх өмсөхөөр үл гачигдана, бөөн өөх таарвал хүнс тэжээлээр баян цатгалан болно хэмээн бэлгэдэн төлгөлнө. Хуучны ёсоор бол 29-28-ны хооронд идээний боов боорцгоо завдан хийдэг. Анхны боовыг хийхдээ могойн бие, толгой дүрсэлснээр хийж тосонд буцалгаад идээний хорыг гаргадаг ёс байжээ. Боовны өнгийг ихэд эрхэмлэж сайхан улаан шаргал өнгөтэй бол өлзий бэлгэтэй гэдэг. Монголын анхны Богд Жэбзүндамба хутагт Өндөр гэгээн шинийн нэгнээс эхлэн 14 хоногийн турш өөрийн гараар ул боовны хэв сийлэн урлаад, түүгээрээ шинийн 14-ний  ерөөлийн хурлын боовыг хэвлэсэн болохоор олон монгол угсаатан энэхүү идээгээр голлуулан сар шинийн идээ будаагаа засдаг болжээ. Хуш модоор, түмэн насан хээ сийлэн бүтээсэн ул боовны хэв Гандантэгчилэн хийдийн жасын хөмрөгт хадгалагдаж байгаа гэлцдэг.  
 
“Шинийн нэгний өглөө эртлэн боссон гэрийн эзэгтэй үдэш тотгон дээр тавьсан цас мөс, өргөст харгана зэргийг зүүн урд зүг рүү хаяж, өрхөөн татаж, аргал түлшээ оруулж явах зуураа тэнгэрийн хаяа, уул хангайн бараа, үүлний өнгө, хоттой хонь малынхаа хивж хэвтэж буй шинж бэлгээр гарч буй жилийн өнгө, өвс ногоо, салхи шуурга, хур чийг зэргийг шинжин таамагладаг”
 
Мөн цагаан сарын бэлтгэл хийхдээ сэтгэл санаагаа тэнүүн сайхан байлгаж, хөөр хөгжөөнтэйгээр идээ шүүсээ бэлтгэдэг байсан. Энэ бүхэн нь хуучин оныхоо алдаа эндүүг тэгшилж, шинэ ондоо сайн сайхан байхыг эрхэмлэсэн монгол хүний бэлгэч зан сэтгэлгээний илэрхийлэл, эрхэмлэн дагаж ирсэн ёс заншил юм. 
Ингээд 29-нд айл хотлоороо хот хороо, орон гэрээ цэмцийтэл цэвэрлэнэ. Хир буртгаар дамжин бузар булай халддаг, цэвэр ариунаар дамжин сайн сайхан юмс, өлзий хишиг бүхэн хуран чуулна гэдэг. Битүүний өдөр золгуутаар явах морьдоо барилж, эрчүүд уурганыхаа хуйв залгааг шинэчилж, эхнэр хүүхдүүд нь гоёлын дээл хувцсаа зүүнээс гаргаж, нялх балчир үрстээ шинэ баривч шидэж, нохдынхоо уяа хүзүүвчийг ч шинэтгэн сольдог. Эзэгтэй нар хуучин тогооны алчуур, бариул, угаалтуур сэлтээ хаяж, шинээр солино. Шинийн нэгний өглөө голомт ариулах аргал түлшээ бэлдэхдээ шил цармын илч нөөлөг ихтэй эр хөх аргал, эрүүл мөчир гишүүг түүдэг байсан нь хуучин оны бузар булай бүхнийг амжин зайлуулж, буртаггүй болгож буй бэлгэдлийн утгатай. Хуучин цагт бичиг соёлтой монгол айлууд үүднийхээ хоёр хажуу дагуулан өлзий бэлгэ төгөлдөр гүн утгатай хос уянга шүлгийг хаддаг байжээ.  
 
-Битүүний бэлтгэл ажилтай холбоотой шашны зан үйл бий юү?
 
-Цагаан сар гарахаас урьтаж айл болгон гэрийн эзний жил мэнгэнд тохируулсан хийморийн дарцгаа сэргээн шинэтгэдэг номтой. Энэ нь бурхны шашин дэлгэрсэнтэй холбоотой зан үйл юм. 
 
-Бэлгэдэлтэй холбоотой зан үйл гэвэл?
 
-Ер нь цагаан сарын битүүлэх, шинэлэх, золгох ёс нь бүгд бэлгэдэл зүйтэй холбоотой. Тухайлбал битүүний өдрийн орой гэрийнхээ баруун тотгоны дээр цагаан чулуу юм уу, цэвэр тунгалаг мөс цас гуравлан тавьж, зүүн тотгон дээрээ муу зүгийн ад чөтгөрийн хорлолыг хаан өргөст харгана тавьдаг. Тэгээд битүүлгийн идээ будаагаа базаагаад эхлээд гэртээ битүүрнэ. Ингэхдээ өтгөс бууралдаа олбог дэвсгэрээ дэвсэн, идээ ундааныхаа дээжийг зүүнээс баруун тийш дэслүүлэн өрж, галдаа өргөж, бурхандаа дээжилсний дараа гэрийн эзэнд цайныхаа дээжийг нар зөв эргүүлэгтэй аягалан барьдаг. Аав, ээж, ах дүү, хөвгүүд, бэргэд дараалан сууцгааж, цөм товч бүчээ бүрэн товчилж, малгайгаа өмсөж энэ ёсыг ёсолдог.   
 
-Битүүний орой хүртэх зоог ундаанд анхаарах зүйл бий юү?
 
-Битүүний өдөр зооглох зоог бас учиртай. Энэ нь эрүүг заагаагүй хонины битүү төөлэй юм уу өвчүү байдаг. Хэрэв өвчүү чанавал өвчүүг өөд харуулан дээр нь дал дөрвөн өндөр, хонтой шаант, залаатай богтос тавьдаг. Битүү төөлэй чанаваас аманд нь өвс ногоог төлөөлүүлэн сонгино сармис зуулгаж, гургалдайны түрүүтэй үзүүрийг хонины толгойн ард тавьж, гургалдайгаар нь нар зөв ороож, сэмжээр нь бүтээн, дал дөрвөн өндөр, хонтой шаант, залаатай богтосны аль нэгийг тавьж ёслон битүүлнэ. Битүүний орой хуучин оныг битүүлэн үдэх, шинэ оныг угтах бэлгэ дэмбэрлийн ёсоор битүү чанасан толгойн шөл, бууз банш зэргийн битүү хоол идэж “битүүртэл” хооллох нь ч бэлгэдлийн утгатай. Энэ өдөр нохойнхоо идүүрийг дүүргэж цадтал нь идүүлнэ. Битүүний гол идээнд хонины бүтэн махнаас гадна үхрийн өвчүү, шаант чөмөг ордог. Ийнхүү цадтал идэж уусны дараа шөнө дүл өнгөртөл тоглож нааддаг нь мөн л ёс болсон зүйл юм. Тоглоом наадмын дундаас шагай наадахыг эрхэм дээд, бахтай, бэлгэ дэмбэрэлтэй гэдэг. Гэхдээ нутаг бүрийн битүүлгийн ёс өөр өөр байдаг. 
 
-Хонины толгойг төөлэй гэдэг байх нь ээ?
 
-Амьд амьтан дээр толгой гэж ярьдаг. Идээ шүүсний хувьд төөлэй гэж хэлдэг ёстой.
 
-Шинийн нэгний өглөөний зан үйлийн талаар ярьж өгнө үү?
 
-Шинийн нэгний өглөө эртлэн боссон гэрийн эзэгтэй үдэш тотгон дээр тавьсан цас мөс, өргөст харгана зэргийг зүүн урд зүг рүү хаяж, өрхөөн татаж, аргал түлшээ оруулж явах зуураа тэнгэрийн хаяа, уул хангайн бараа, үүлний өнгө, хоттой хонь малынхаа хивж хэвтэж буй шинж бэлгээр гарч буй жилийн өнгө, өвс ногоо, салхи шуурга, хур чийг зэргийг шинжин таамагладаг. Гэрийн эзэн дээшилж хувцаслаад, хэн хүнтэй үг дуугаралгүй морио эмээллэж мордоод мөрөө гаргаад буцаж ирэхийн зууртаа бас л тэнгэр хангай, мал сүргээ ажина. Өглөөний улаан наран уулын оройд тусах цагаар гэрийн эзэн тэргүүлэн голдуу эрчүүд арц хүж, зул, цай, идээ, цанж олбогоо аваад ойр хавийн уул усны тэргүүн өндөр овоон дээр айл хотлоороо цугларч эсгий ширдгээ дэвсэн идээ будаагаа засаж, малгайгаа сөхөж, нударга эргүүлэн хормойгоо дэвсэн, идээ ундааныхаа дээжийг өргөн эзэн сүлд буюу төрийн сүлдэндээ мөргөн ёсолдог. Мөргөхдөө урагш, баруун урагш, баруун хойш, зүүн өмнөш дөрвөн зүгт мөргөдөг. Энэ нь сайн үйлийн цагаан зүгийн эзэд баруун этгээдэд байдаг, муу үйлийн хар зүгийн тэнгэр зүүн зүгт байдаг гэсэн домог зүйн сэтгэлгээний үр шим, алсын хаялга юм.  
 
-Золгохдоо анхаарах зүйлс бий юү? 
 
-Нар унинд тусах цагаар бүгд гоёлын хувцсаа өмсөж, айл хотлынхоо аль ахмад буурлын гэрт тавагтай идээ, домботой цайгаа барин цуглаж, хөвгүүд нь шинийн нэгний цагаан хадаг барьж, охид бэргэд нь цай барьж, өвгөд эмгэдийнхээ амрыг эрэн золгоно. Чингэхдээ гэр доторх улсын аль ивээл жилтэй хүнтэй эхлэн золгох учиртай. Золгохдоо малгайгаа төвшин өмсөж, товч бүсээ чангалж, нэн төв эрхэмсэг агаад баяр жавхлант, уужуу тайван байдлыг эрхэмлэнэ. Ахмад настантай золгохдоо “Та амар айлдаж (айлчилж) байна уу? Та амар байна уу?” гэж гарынхаа алгыг дэлгэн тохойноос нь дэмнэсхийн лавхан зөрүүлж золгодог. Энэ нь ахмад настанд бие, хэл, сэтгэл бүхнээрээ өргөн хүндэлж байгаагийн бэлгэдэл болдог. Ахмад настан нь алгаа дорогш хандуулж, залуус дүү нартаа нас буян, өлзий хишгээ харамгүй өгч байгаагийн шинж болгоно. Монголчууд 11, 13, 15 наснаас нь хүүхдэдээ ахмад хүний амар асуухыг заан сургадаг. Ахмад хүний амрыг асууж буй хүүхдийг хариу өхөөрдөн “Мэнд ээ, амар сайн уу”, “Эрдэмтэй хүн болоорой”, “Баатар болоорой” гэхчлэн ерөөгөөд хоёр хацрыг нь илбэн үнсэх юм уу, “магнайн баяр” болгож духан дээр нь зөөлөн үнэрлэн үнсдэг. Түүнээс биш хацар нүүрийнх нь хаа ч хамаагүй шүлсдэн үнгэлдэг ёсон үгүй. Ижил насныхан бие биеэ үнсдэггүй. 
 
-Сар шинийн баяраар ууц тавихад учир бий гэдэг. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
 
-Цагаан сарын шинийн нэгнээр айл бүр их бүхэл буюу их ёсны ууц тавих албагүй. Анхдугаар Богд Өндөр гэгээн бүтэн хонины махыг ууцаар нь, гэдэс дотрыг гургалдайгаар нь, толгой шийрийг төөлэйгээр нь, цээж махыг дал дөрвөн өндрөөр нь төлөөлүүлэн тавьж байхаар зарлиг буулгаж, өвөрмөц дэгийг дэглэсэн гэдэг. Монголын хишиг буяныг түгээн хүртээж буйг бэлгэдсэн Өндөр гэгээний хонины ууц тавьсан хөрөг зурмал бий. Мах шүүсэн зоогийг зум, их бүхэл, дунд бүхэл, бага бүхэл гэж дөрвөн зүйлээр тавьж болдог. Монголчууд идээ шүүсэнд хүрэх нарийн дэгтэй, зээ нь нагацынхаа дэргэд дал барьдаггүй, нагац нь зээгийнхээ дэргэд өвчүүнд гар хүрэх учиргүй гэхчилэн өвөг дээдсээс уламжилж ирсэн үйл олон ёс цаазтай. 
 
-Цагаан сараар бэлэг өгөх ёс хэдий үеэс эхэлсэн бэ. Бэлэг авч өгөлцөхөд учир бий юү?
 
-Наяас дээш, наймаас доош насныханд хувь хүртээнэ гэдэг ёс байсан. Эцэг эх нь үр хүүхдүүддээ, ах дүүс хоорондоо хувь өгч авалцдаг, ерөнхийдөө гар цайлгах гэсэн утгатай байсан зүйл. Цагаан сар учраас бүхнийг засаж, цайруулж байна аа гэсэн үг. Цагаан сарын өнгийн бэлгэдэл нь өөрөө цагаан юм. Хуучин бидний багад гурван ёотон ч бэлгэнд авдаг байлаа. Энэ нь тооны ч, өнгөний ч бэлгэдэлтэй таарч байж. Зайлшгүй бараан өнгийн бэлгэнд гурван цагаан ааруул, бяслаг гэх мэт дагуулж өгдөг. Ер нь хувь бэлгийн уламжлал нь их эртнийх юм. 1207 онд цагаан сарын шинээр Чингис хаан барс цагт дээшилж өндөр мандалд гараад “Миний харьяат 892 хот, балгадын сангаас шар алт, бөс торгомсог гаргаж 60 настанд нэгэн хувь, 70 настанд хоёр хувь, 80 настанд гурван хувь, 90 настанд дөрвөн хувь, 100 настанд таван хувийн хишиг хүртээ. 110 настанг надад бараалхуул, 120 настанг таяг тулуулж, 120-оос дээш настанг тэргээр залан ирж надад бараалхуулж хишиг өглөг хүртээ. 120-оос дээш настанд “Их өтгөс” гэсэн цол өргөнө гэж. Эндээс харахад цагаан сараар ахмад настныг ихэд хүндлэн залж, бэлэг сэлт өгдөг байжээ. 
 
-Манайхан залуус цагаан сарыг тэмдэглэхгүй байж болно гэж ярьдаг. Энэ зөв үү?
 
-Айл болсон л бол ёслох ёстой. Би жил бүр сар шинийн баяраар идээ ундаа бэлтгэх, шинэлэх ёсны талаар бичдэг, мэдээлэл өгдөг. Монголын төрт ёсны, бэлгэдэл, бахархал дүүрэн баяр учраас хүн бүр ёс заншлаа дээдэлж, хүндэтгэл журмыг сахин баярлавал өөдлөн дэвжих, өсөн дэгжихийн үүдийг нээдэг. Тийм учраас бид залуус дүү нар, үр хүүхдэдээ байнга зааж сургах ёстой юм шүү.   
 
-Танд баярлалаа. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
 
- Танай сонины уншичдад бас сар шинийн мэнд дэвшүүлж, энх сайхан жаргалантай, мөнх баяр баясгалантай явахын ерөөл өргөе!
 
 
Г.Пүрэвсүрэн
Эх сурвалж: "Ардчилал таймс" сонин